Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

  2020             4              28                                          2020/ДШМ/522

 

 

Б.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.ОчМ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Жаргал,

хохирогч Ж.Халиун, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мад холбогдох 2005000820222 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б-ийн М, 1987 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д нягтлан бодогчийн туслах ажилтай байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: .../;

            Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” гэх цэнгээний газарт иргэн Ж.Халиун руу шил шидсэний улмаас биед нь хамар ясны бяцарсан хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний буланд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Батхүүгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Маас 3.441.500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Халиунд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Хэрэг учрал 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цаг 37 минутад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Алмаз” шөнийн цэнгээний газар гарсан. Ц.Оргилболд, С.Батбаяр, Б.Золжаргал нарын мэдүүлэгт үйл явдлуудыг 2 өөр янзаар хэлсэн байгааг анхаарч үзнэ үү.

Гэрч Ц.Оргилболдын мэдүүлэгт “...тэгээд тухайн хоёр эмэгтэйг тус тусын ширээ рүү авч очоод байж байтал бүжгийн талбайгаас нэг эмэгтэйнх нь найз бололтой нэг эмэгтэй ирээд бид нарыг ширээн дээр суулгах гэж байсан эмэгтэйн араас нь үсдэх гэж оролдох үед би тэр эмэгтэйг кабин руу оруулаад байж байтал миний хажуугаар пивоны шил шидсэн. Тухайн үед шидсэн пивоны шил нь миний кабин руу оруулсан эмэгтэйн толгой дээр нь онож ойгоод, хажууд байсан эмэгтэйн нүүрэн тус газар болох 2 хөмсөгний гол хэсэгт нь оносон. ...эхлээд пивоны шил толгойг нь оносон эмэгтэйн толгойн зүүн орой хэсэгт бондойгоод хавдчихсан байсан. Харин пивоны шил ойгоод хөмсөгний голд нь оносон эмэгтэйн хамар нь хавдаад маш их цус гарч байсан. ...миний урд зогсож байсан 2 эмэгтэйн нэгнийх нь толгойг оноод ойгоод дараагийн эмэгтэйн нүүрэн дээр ононгуут би эргэж хараад “хэн шидчихвээ” гэхэд манай хамгаалагч Эрка “энэ эмэгтэй шидсэн” гээд эмэгтэйг зааж өгсөн. ...”

Гэрч С.Батбаярын мэдүүлэгт “...урт үстэй, хар бараан өнгийн цамцтай эмэгтэй ширээн дээрээс нэг юм аваад нөгөө муудалцаж байсан эмэгтэйн зүг рүү шидсэн. Удалгүй нөгөө муудалцаж байсан эмэгтэй нүүрээ дараад орилоод үүд рүү гүйгээд явсан. ...сүүлд нь манай хамгаалагч нар энэ асуудлын талаар ярилцаж байхад манай Бояка хамгаалагч ах харсан байх магадлалтай юм шиг байна лээ” гэх мэдүүлгүүдээс үзвэл энэ хэрэг явдлыг хөндлөнгөөс сайн харсан гэрч Бояка гэх хүнийг олж мэдүүлэг аваагүй байна. ...”

Гэрч Б.Золжаргалын мэдүүлэгт “Ундрах, Оюун-Эрдэнэ, Солонго, Саранзаяа нарын хамт бид “Алмаз” гэдэг бааранд орж ...сууж байсан кабин руугаа очиход манай дүү Халиунаагийн хамраас нь цус гарчихсан “цагдаа дуудаарай, туслаарай” гээд орилоод байж байсан. Би сандраад очиход Халиунаагийн хамраас маш их цус гараад хамар нь хавдчихсан байсан. Тэгтэл нөгөө бүжгийн талбай дээр муудалцаж Халиунаатай үсдэлцээд байсан эмэгтэй “хохь чинь, новш минь” гэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд над руу ширээн дээр байсан пивоны шил аваад шидсэн. Тухайн шидсэн пивоны шил нь миний толгойн зүүн хэсэгт оносон. ...” гэж нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг гэрчүүд 2 өөр янзаар гэрчилсэн байна. Гэтэл хэрэгт байгаа камерын бичлэг дээр пивоны шил авч шидсэн гэх үйлдэл нь харагдахгүй байгаа.

Хохирогч Ж.Халиуны мэдүүлэгт “...тухайн эмэгтэй намайг ширээн дээрээ очиход над руу хуруугаараа заагаад хэл амаар доромжлоод байх шиг байсан. Тэр үед нэг танихгүй залуу миний урд зогсчихсон намайг тайвшир, энэ эмэгтэй их согтуу байна гээд байсан. Миний урд байсан эрэгтэйн баруун талаар нь нөгөө эмэгтэйг харахад ширээн дээрээсээ пивоны шил аваад над руу шидэхэд пивоны шил нь миний урд талд зогсож байсан эрэгтэйн баруун талаар өнгөрөөд миний хамрыг оносон. Тэр даруй миний хамрын нүхнээс цус гоожоод эхэлсэн. ...би ширээн дээрээ ганцаараа ирсэн. Бүжгийн талбай дээрээс миний араас дагаж ирсэн залуу л байсан. Тэр залуу над руу харчихсан миний урд зогсож байсан.” гэжээ. Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...нэг залуугийн хажуугаар зөрөх шиг болсон чинь пивоны шил ирээд намайг цохьсон. Би доошоо болоод харсан чинь цус гарч байсан. М намайг шилээр цохихыг хамгаалагч болон манай найзууд харсан...” гэж өөрөөр мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлэгт хэрэгт гэрчээр асуугдсан Ц.Оргилболд, Г.Золжаргал нарын мэдүүлгээс илт зөрүүтэй, мөн хэрэг учирлын газарт очсон цагдаа нарыг гэрчээр асуугаагүй, хэргийн газарт үзлэг хийгээгүй, Мын үйлдэл нь “санаатай” үйлдэл байсан эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих бүх ажиллагааг хийгээгүй, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолд “санаатай хөнгөн гэмтэл учруулсан” гэж яллагдагчаар татаагүй. 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг Мад хэзээ, хэн танилцуулсан нь тодорхой биш байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “....мөрдөгчид даалгана” гэжээ. Мөрдөгч энэ ажиллагаанд оролцсон эсэх нь тодорхой биш, мөн “санаатай” гэж өөрчлөлт оруулсан байгаатай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч нь яллагдагч Б.Маас мэдүүлэг авах ёстой байжээ.

Эрүүгийн хэргийн оролцогч нарын мэдүүлэг илт зөрүүтэй, хэрэгт гэрчээр асуугдах ёстой хохирогч Халиунаатай хамт явсан Ундрах, Оюун-Эрдэнэ, Солонго, Саранзаяа нараас мэдүүлэг аваагүй. Хохирогчийг хэрхэн, хэн хохироосон нь эргэлзээтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадахгүй байгаа. 

Мөн шүүх хуралдаанд Б.Мыг өөрийгөө өмгөөлөх эрхээр хангаагүй, хавтаст хэргээс шинжлэн судлуулах зүйл байгаа эсэхийг шүүгдэгчээс тодруулаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй атал шүүгдэгчийн өмгөөлөгчөөс татгалзал байгаа эсэхийг хохирогчоос асуусан, мөн шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдснээ, сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй атал 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолд “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэж шүүх дүгнэлтдээ дурьджээ. Шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.М нь “гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлжээ. Б.Мад 480 цаг албадан ажил хийлгэх ял нь хүндэдсэн гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдал тодорхой ойлгомжтой зүйл алга. Хэрэгт авагдсан зөрүүтэй мэдүүлгүүдийг алийг нь үнэн зөв гэж тооцож байгаа, хэрэв үнэн зөв гэж үзэж байгаа бол бусад мэдүүлэг хэрхэн үгүйсгэгдэж байгаа шийтгэх тогтоолд тайлбарлаагүй байна. Хэргийн газар дээрх камерын бичлэг нь хар өнгийн урт үстэй ямар хүн байсныг олж тогтоолгох хэргийг үзсэн харсан гэрчүүд өөр өрөөр мэдүүлэг өгөөд байгаа тул мэдүүлгийн зөрүүг гаргах шаардлагатай байна. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна.

Мөн Б.Мын хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд яллах дүгнэлт үйлдэх үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуульд өөрчлөлт орж прокурор “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэж яллах дүгнэлтээ үйлдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой алдаа гэж үзэж байна. Мын зогсож байсан газраас шил шидэхэд Халиуныг цохих боломжтой гэдгээ мэдэх боломжтой байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд хамааралтай байгааг анхаарч үзнэ үү. Зайлшгүй дахин мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор яллах дүгнэлт танилцуулахдаа өглөө нь над руу утсаар ярьсан. Баянгол дүүрэг дээр очиход Приус-30 маркийн машин дотроос надад яллах дүгнэлт өгөөд гарын үсгээ зур гэсэн. Тэгээд би “би энэ хэргийг хийгээгүй шүү дээ. Ядаж яллах дүгнэлтийг уншиж танилцах боломж олгохгүй юм уу” гэхэд “гялс зур” гэж хэлээд анхан шатны шүүх рүү дагуулаад явсан. Надад яллах дүгнэлттэй танилцах хугацаа өгөөгүй. Иймд би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Би бага насны 3 хүүхэдтэй. Сургууль, цэцэрлэг амарчихсан байгаа учраас харах хүнгүй байгаа” гэв.

Хохирогч Ж.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2 үсдэлцээд л салсан. Хамгаалагч нар ирээд ширээ ширээнд нь суулгасан. Дараа нь Б.М над руу пивоны шил аваад шидсэн” гэв.

Хохирогч Ж.Халиуны өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах гомдолдоо хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, мэдүүлэг зөрүүтэй гэсэн байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч хэн өөр рүү нь шил шидсэн талаар тодорхой мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

            Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Б.Мын үйлдэл нотлогдон тогтоогдож байгаа. Мөн хавтас хэрэгт авагдсан камерын бичлэгээс Б.М яагаад итгэл үнэмшил аваад байгаа вэ гэхээр камерын бичлэг нэг л өнцгөөс харуулж байгаа буюу Б.М шилийг аваад шидэж байгаа үйлдэл нь камерын бичлэгээс гарчихаад байгаа учир харагдахгүй байгаа. Гэхдээ камерын бичлэгээс гадна уг зодооныг салгах гэж байсан хамгаалагч нарын мэдүүлгээр Б.М гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Мөн шүүгдэгчид яллах дүгнэлт танилцуулсан талаар дурдаж байна. Прокурорын хяналтын шатанд ирчихсэн хэрэг дээр прокурорын хяналтын уулзалтын өрөөнд дуудаж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр таны зүйл ангид өөрчлөлт ороогүй, санаатай гэдэг үг нэмэгдэж байгаа. Энэ нь таны эрх зүйн байдлыг дордуулаагүй гэдгийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан буюу яллах дүгнэлтийг гардуулсан. Хуульд зааснаас өөр ямар байдлаар гардуулах гээд байгаа юм бэ. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй танилцуулаад аваад явдаг. Гэтэл хүчинд автсан гэх зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Мын үйлдлийг тогтоосон. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхийн дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” гэх цэнгээний газарт иргэн Ж.Халиун руу шил шидсэний улмаас биед нь хамар ясны бяцарсан хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний буланд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Халиуны “...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би найзууд болох Ундрах, Саранзаяа, Оюун-Эрдэнэ, Солонго, Золжаргал нарын хамт “Алмаз” бааранд орж үйлчлүүлсэн. Бид нар бүжгийн талбай дээр очиж бүжиглэж байхад Золжаргал хөл алдаад унах гэж байхдаа бид нарын хажууд бүжиглэж байсан хоёр эмэгтэйн нэгнийх нь араас түшээд боссон бөгөөд тэр эмэгтэй эргэж хараад Золжаргалын цээж рүү нь гараараа хойш нь түлхээд “гичий минь” гэж хэлчихээд цааш эргээд харчихаар нь би араас нь очоод тэр эмэгтэйг нэг гараараа үсдэхэд тухайн баарны хамгаалагч нар бид хоёрыг салгасан. Хамгаалагч тэр эмэгтэйг өргөөд сууж байсан ширээ рүү нь аваачсан. Тэр үед танихгүй залуу миний урд зогсчихсон намайг “тайвшир найз, энэ эмэгтэй согтуу байна” гээд байсан. Би тэр урд зогсож байсан эрэгтэйн баруун талаар нь нөгөө эмэгтэйг харахад нөгөө эмэгтэй өөрийн сууж үйлчлүүлж байсан ширээн дээрээс пивоны шил аваад над руу шидэхэд шидсэн пивоны шил нь миний урд талд зогсож байсан эрэгтэйн баруун талаар өнгөрөөд миний хамрыг оносон. ...” /хх 10-11/,

гэрч Б.Золжаргалын “...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би найзууд болох Ундрах, Саранзаяа, Оюун-Эрдэнэ, Солонго нарын хамт “Алмаз” бааранд орж үйлчлүүлсэн. Бүжгийн талбай дээр Халиунаа, Оюун-Эрдэнэ бид гурав бүжиглэж байгаад миний хөл халтираад унах гэж байх үедээ хажуудаа бүжиглэж байсан эмэгтэйн бүсэлхийнээс нь түшээд босоход нөгөө эмэгтэй “чи яахаараа хүний биеэнд хүрдэг юм бэ” гээд миний нүүр рүү гараараа түлхээд газар унагаасан. Манай дүү Халиунаа нөгөө миний түшиж боссон эмэгтэйтэй хэл амаараа маргалдаж байгаад нэг мэдсэн чинь тэр хоёр нэгийгээ үсдээд эхэлсэн. Тэр үед хамгаалагч нар ирээд тэр хоёрыг салгаад ширээ ширээ рүү нь аваад явсан. Би Солонгоог дагуулаад нойл руу явсан бөгөөд нойлоос гараад сууж байсан кабин руугаа очиход манай дүү Халиунаагийн хамарнаас цус гарчихсан “цагдаа дуудаарай, туслаарай” гээд орилоод байж байсан. ...” /хх 28-29/,

гэрч А.Эрдэнэжаргалын “...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ажил дээрээ байж байхад манай заал зохион байгуулагч бүжгийн талбай дээр зодоон болоод байна гэхээр нь би бүжгийн талбай дээр очиход манай баарны хамгаалагч Оргилболд, Батбаяр хоёр зодоон салчихлаа, энэ хоёр зодолдоод байна гээд хоёр эмэгтэйг бариад зогсож байсан. Зодолдсон гэх хоёр эмэгтэй тус тусын ширээн дээрээ очиж суусан бөгөөд тэр хоёр зэргэлдээ ширээнд сууж үйлчлүүлж байсан юм байна лээ. Үснээсээ зулгаалгасан гэх эмэгтэй өөрийнхөө ширээн дээрээс пивоны шил аваад нөгөө хоёр эмэгтэй рүү шидэхэд манай хамгаалагч Ц.Оргилболдын баруун мөрөн дээгүүр даваад цаана нь байсан хүнийг оносон. ...” /хх 24-25/,

гэрч Ц.Оргилболдын “...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би бүжгийн талбай дээр очиход бүжгийн талбай дээр хоёр эмэгтэй хоорондоо үсдэлцээд манай хамгаалагч нар салгаж байсан. Би үсдэх гэж байсан эмэгтэйг кабин руу нь оруулаад байж байхад миний хажуугаар пивоны шил шидсэн. Тухайн шидсэн шил нь миний өргөж кабин руу оруулсан эмэгтэйн толгой дээр нь эхэлж оноод ойгоод хажууд байсан эмэгтэй нь нүүрэн тус газар нь хоёр хөмсөгний гол хэсэгт нь оносон. ...” /хх 27/,

гэрч С.Батбаярын “...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би бүжгийн талбай дээр очиход бүжгийн талбай дээр хоёр эмэгтэй хоорондоо үсдэлцээд байж байсан бөгөөд тэр хоёр эмэгтэйг салгаад тус тусын сууж байсан суудал руу нь аваачсан. Урт үстэй хар бараан өнгийн цамцтай эмэгтэй ширээн дээрээс нэг юм аваад нөгөө муудалцаж байсан эмэгтэйн зүг рүү шидсэн. Нөгөө муудалцаж байсан эмэгтэй нүүрээ дараад аймар орилоод үүд рүү гүйгээд явсан. Би араас нь очиход нөгөө эмэгтэйн хамар болон зүүн нүд хэсэг нь битүү хавдаад маш их цус гарч байсан. ...” /хх 26/ гэх мэдүүлгүүд,

Хохирогч Ж.Халиуны биед хамар ясны бяцарсан хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 860 дугаартай шинжээчийн дүгнэлт, сиди бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-41/, хохирлын баримтууд /хх 60-64/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Мын хохирогч Ж.Халиун руу шил шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

Хохирогч Б.Мын өмгөөлөгч Д.Жаргалын “...гэрч Ц.Оргилболд, С.Батбаяр, Б.Золжаргал нарын мэдүүлэгт үйл явдлуудыг хоёр өөр янзаар мэдүүлсэн. ...хохирогч Халиунтай хамт явсан Ундрах, Оюун-Эрдэнэ, Солонго, Саранзая нараас мэдүүлэг аваагүй. ...хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэргийн материалыг судлан үзэхэд, гэрч Ц.Оргилболд, гэрч С.Батбаяр, гэрч Б.Золжаргал нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байх бөгөөд хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон зүйлийг дахин тодруулахаар хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 860 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хохирогч Ж.Халиуны биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Мын шил шидсэний улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ