| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч, хохирогч С.И, Т.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт С-ийн И, Х овогт Т-ийн О нарт холбогдох эрүүгийн 2317001210116 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны 12 дугаар сарын 27-нд ** аймгийн *** суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** аймгийн *** сумын ******* үйлчлэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт **** аймгийн ******** сумын ............ дугаар баг, * ....... тоо****тод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Н.овогт С-ийн И /РД: ............/,
Монгол Улсын иргэн, 1** оны 06 дугаар сарын 04-нд *** аймгийн ** суманд төрсөн,*** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт *** аймгийн *** сумын ......... дугаар баг, *** ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х. овогт Т-ийн О /РД: ........./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэрт гудамжны эгнээнд байрлах худгийн гадна талд Т.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, газар унагах, гарын шууны хэсгээс нь хазах зэргээр зодож, биед нь зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Т.О нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэрт гудамжны эгнээнд байрлах худгийн гадна талд С.Итай үл ялих зүйлээр шалтаглан, маргалдан, өөрийг нь үсдсэн үйлдэлд дургуйцэн, улмаар түүний үснээс зулгаах, газар унагах, маажих зэргээр зодож биед нь дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын үзүүр, угалз, эрүү, цээж, зүүн мөр, бүсэлхий, баруун тохой, баруун, зүүн шуу, нуруу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.И, Т.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317001210116 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Цуг явж байсан хүүхдээс болж маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй. Тухайн үед санамсаргүй ийм алдаа хийсэн гэв.
Хамт явж байсан эгчийнхээ хүүхдээс болж маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед би Эийн хамт гэрээсээ гартал манай хүүхэд гэрт байгаагүй. Тэгээд хүүхдээ олох гээд явж байтал Эийн хүүхэд хүрч ирсэн. Тухайн үед би хүүхдээ асуух гээд айлд орсон. Манай хүүхэд орж ирээд таныг Э эгч дуудаж байна гэхээр нь гарч очсон. Тэгээд би Э эгчээс юу болсон талаар асуухад Л манай хүүхдийг зодоод явуулсан байсан. Э эгчийн хүүхэд нь Л эгчийн хүүхдийн гутлыг өмсөөд явж байсан юм шиг байна лээ. Тэгээд Л, И хоёр замд нь таараад гутлаа авъя гэж хэлсэн юм шиг байсан. Тэгээд Э эгч бид хоёр худаг руу очиж Л, И нартай уулзах гээд очтол худгийн хажууд сууж байсан. Э Л хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байтал И гэх хүн нь Э эгчийг чи гичий ингэж ярих болоогүй гэж хэлтэл Э эгч чи яахаараа намайг хэл амаар доромжилдог юм, чамд ямар ч хамаа байхгүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо хэрүүл хийгээд байхаар нь би холдуулах гээд очтол И гэх хүн намайг үсдсэн. Тэгээд би газарт унасан. Газар унаад би Иг тавихгүй болохоор нь би үснээс нь зулгаатал миний зүүн талын гарын шуу хэсгийг хазсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
4. Хохирогч С.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой ажлаа тараад 18 цагийн үед гэртээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын 1-4 тоот руу явж байтал гудамжинд Т.Лтай таараад бид хоёр Төгрөг дэлгүүрээс 2.5 литрийн Сэрүүн нэртэй шар айраг аваад хойшоо гараад худгийн урд суугаад хамт ууж байсан юм. Тэгтэл гудамжнаас 2 хүүхэд гараад явж байтал Л хөөе миний хүүхдийн гутлыг тайл гээд орилтол нөгөө хүүхэд би танайд очиж чадахгүй нь ээ гадаа харанхуй айгаад байна гэтэл Л босож очоод өмсөж явсан гутлыг нь авах гээд тухайн охиныг орилуулаад байхаар нь би очоод би боль гэтэл нэг гутлыг нь тайлахгүй өгөхгүй байна гэхээр нь би дараа бол гээд орхисон. Тэгтэл тухайн охин та нарыг би цагдаад өгнө янхан, архичин авгай нар минь гээд гүйгээд явчихсан. Тэгээд бид хоёр сууж байтал тухайн охины ээж Э, О нар ирээд Э Лтэй хэрүүл маргаан үүсгэж байгаад над руу хараад та яагаад манай хүүхдийг янхан гэж хэлдэг юм бэ гэхээр нь би тэгж хэлээгүй, танай хүүхэд чинь намайг хэлсэн гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгтэл О намайг үсдээд гараараа доош нь намайг газар унагасан. Тэгээд миний хүзүү хэсгийг гараараа маажаад байх шиг байсан. Тэгтэл миний хүү З хажуу талаас манай ээжийг яагаад байгаа юм бэ, муу лалрууд вэ гэж хэлтэл Э.Э чи яасан хүмүүжилгүй хүүхэд вэ гээд түлхээд унагаасан байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
5. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Төгрөг дэлгүүрийн хажуу талын сааданд сууж байтал манай охин Э.А нь өрөөсөн гутлаа барьчихсан хөл нүцгэн уйлаад хүрээд ирсэн. Юу болсон талаар асуутал Т.Л эгч нь манай охиныг харанхуй газар руу оруулаад хүүхдийн гутал өмссөн байна гээд гичий минь, янхан минь гэх мэтээр манай охиныг харааж загнаад уйлуулаад явуулсан байсан. Тэгэхээр нь би найз Отэй хамт Төгрөг дэлгүүрийн хойно худаг дээр очтол С.И, Т.О нар сууж байсан. Тэгэхээр нь Л эгчид хандаж яагаад жоохон хүүхэд харааж зүхээд уйлуулаад явуулчихдаг юм бэ, хөл нүцгэн хүртэл явуулсан байх юм гээд би уурлаад Л эгчийг заамдаж аваад хэрүүл маргаан үүсгэж байтал хажуу талаас И орж ирээд чи одоо яагаад байгаа гичий вэ, ямар дээрэлхүү янхан бэ гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг түлхсэн. Тэгэхээр нь би танд ямар ч хамаагүй, би энд хүнтэй юм ярьж байна гээд цааш түлхсэн. Тэгтэл намайг үсдэх гээд дайртал манай найз О салгах гэтэл Игийн хүү З орж ирээд яах гээд байгаа лалрууд вэ гээд бид хэд рүү орилтол О чи ямар хүмүүжилгүй хүүхэд вэ гэтэл И шууд үсдээд авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод салахгүй байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/,
6. Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
И бид хоёр Төгрөг нэртэй дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй шар айраг аваад хойшоо гараад худгийн урд сууж байтал гудамжнаас Эийн охин миний охины гутлыг өмсчихсөн явж байхаар нь би дуудаад чи яагаад миний охины гутлыг өмчихсөн байгаа юм бэ гэхэд би П гуйж өмссөн юм гэхээр нь миний охин болохгүй манай охин дараа нь гутлаа өмсөөд явж байхад хүний гутал өмссөн гэсэн ярина, тийм болохоор одоо гэрт очиж тайл гэтэл би харанхуй болчихсон болохоор айгаад байна гэхээр нь би очоод нэг гутлыг нь тайлаад автал босоод зугтаагаад явж байхдаа муу архичин авгай нар та нарыг цагдаад хэлнэ гэх мэтээр доромжлоод гүйгээд явсан. Тэгтэл удалгүй ээж Э, найз О нартай хамт ирээд та яагаад манай охиныг уйлуулаад явуулчихсан юм бэ, муу архичин, янхан гээд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгтэл И танай охины буруу бид хоёрыг хараагаад доромжлоод явсан гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан үүсээд байхаар нь би охиныхоо гутлыг аваад гэртээ очиж үлдээчихээд буцаад хүрээд иртэл И, О нар хоорондоо зодолчихсон хүзүү хэсгүүд улаан болчихсон маргалдаад зогсож байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/,
7. Гэрч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Миний охин О нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Манай охин хурц зантай, тэрнээс бол ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан үүсгээд хүнтэй зодоон цохион хийгээд байх хүүхэд биш. Нийгмийн идэвхи сайтай охин байгаа юм. Миний охин бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/,
8. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Манай охин зан ааш сайтай. Их тусч, бусадтай харилцаа маш сайн. Маш сайн ажилсаг. Нийгмийн идэвхи сайтай. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд боловсрол эзэмшсэн. 2 хүүхэдтэй. Одоо сургуульд үйлчлэгч ажилтай... гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,
9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Т.Оийн биед зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 229 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- С.Игийн биед дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын үзүүр, угалз, эрүү, цээж, зүүн мөр, бүсэлхий, баруун тохой, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун тохой, баруун, зүүн шуу, нуруу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-95 дугаар хуудас/,
12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ /хх-ийн 145-146 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч С.И, Т.О нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэрт гудамжны эгнээнд байрлах худгийн гадна талд Т.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, газар унагах, гарын шууны хэсгээс нь хазах зэргээр зодож, биед нь зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.О нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэрт гудамжны эгнээнд байрлах худгийн гадна талд С.Итай үл ялих зүйлээр шалтаглан, маргалдан, өөрийг нь үсдсэн үйлдэлд дургуйцэн, улмаар түүний үснээс зулгаах, газар унагах, маажих зэргээр зодож биед нь дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын үзүүр, угалз, эрүү, цээж, зүүн мөр, бүсэлхий, баруун тохой, баруун, зүүн шуу, нуруу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.И, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.И нь “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.О нь “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч С.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэрт гудамжны эгнээнд байрлах худгийн гадна талд хохирогч Т.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, газар унагах, гарын шууны хэсгээс нь хазах зэргээр зодож, биед нь зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.О нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэрт гудамжны эгнээнд байрлах худгийн гадна талд хохирогч С.Итай үл ялих зүйлээр шалтаглан, маргалдан, өөрийг нь үсдсэн үйлдэлд дургуйцэн, улмаар түүний үснээс зулгаах, газар унагах, маажих зэргээр зодож биед нь дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын үзүүр, угалз, эрүү, цээж, зүүн мөр, бүсэлхий, баруун тохой, баруун, зүүн шуу, нуруу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч С.И, Т.О нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч С.И нь хохирогч Т.Оийн зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.О нь хохирогч С.Игийн дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын үзүүр, угалз, эрүү, цээж, зүүн мөр, бүсэлхий, баруун тохой, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун тохой, баруун, зүүн шуу, нуруу баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч С.И, Т.О, Т.Л, Э.Э нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 228, 229 дугаартай дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.И, Т.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.И, Т.О нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч С.И, Т.О нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Т.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.И, Т.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч С.И, Т.О нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч С.И, Т.О нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч С.И, Т.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.И нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “миний сарын орлого 500 гаран мянган төгрөг байдаг. Энэ 600 000 төгрөгөөр торгох ялыг хамт зодоон хийсэн хүнтэй хувааж төлөх боломж байгаа юу. Надад энэ мөнгийг төлөх үнэхээр хэцүү байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.О нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би жирэмсэн байгаа. Сүмбэр сум руу орж эмнэлэгт биеэ үзүүлэх шаардлагатай байгаа. Намайг Сүмбэр сум руу явуулж байж болох уу” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч С.И, Т.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч С.И, Т.О нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин тэдний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч С.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Игийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, жирэмсэн зэргийг харгалзан 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг тус тус хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И, Т.О нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч С.И, Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт С-ийн Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Т-ийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иг 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг тус тус хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И, Т.О нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.И, Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И, Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ