Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г М холбогдох эрүүгийн 2317000000119 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-нд Д.. аймгийн Д..суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт Г.. аймгийн Ш.. сум,.. дугаар баг, ... .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Г М /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 11 дүгээр сарын 06-ны орой Г.. аймгийн Ш... сумын ...дүгээр баг,.. дугаар байрны ... тоот орон сууцанд Б.Оүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг заамдаж, нүүр толгой хэсэгт гараараа 3 удаа цохиж, биед нь тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 11 дүгээр сарын 06-ны орой Г... аймгийн Ш... сумын ... дүгээр баг, ...дугаар байрны ...тоот орон сууцанд хохирогч Б.Оүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг заамдаж, нүүр толгой хэсэгт гараараа 3 удаа цохиж, биед нь тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хохирогч Б.О“...Мын найзын гэр болох Г.. аймгийн Ш.. сумын ..-р баг, ... тоотод ортол Г.Мнь найз гэх нэг эмэгтэйтэй архи уучихсан сууж байсан. Би тэр эмэгтэйг танихгүй. Тэгээд бид гурав хамт ууцгаасан юм. Тэгтэл М нилээн халж ирээд над руу хандаж чи хүн муутай эр дээ гэх мэтээр агсам тавиад эхлэхээр нь би явлаа гээд үүдэн дээр очтол чи хаачих гээд байгаа пиздаа вэ гээд намайг заамдаж аваад миний нүд рүү гараараа хоёр удаа толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь шууд гараад явчихсан. Тэгээд гэртээ ортол манай эхнэр Нямхүү хараад нүд чинь хөхөрчихсөн байна эмнэлэгт үзүүл гэж хэлээд бид хоёр эмнэлэг орсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд суух хүсэлтгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.О-н “...гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.О эмнэлэгт амбулаториор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 11 дүгээр сарын 07, 10-ны өдрүүдэд нийт 105 000 төгрөгийн зардал гарсан байна. Тус 105 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Г.Н“...2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байтал орой 19 цагийн үед манай нөхөр Б.Онь гаднаас хоёр нүд нь хөхөрч хавдсан байдалтай орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуутал Мтой хамт архи ууж байтал над руу агсараад намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд дагуулаад эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Б.Э“...Дэлгүүр орж хүнсээ цуглуулаад явж байтал М таараад эгч танай гэрт ороод ганц нэг пиво ууя гэхээр нь би зөвшөөрөөд манай гэрт ороод 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. М дахиад 0.75 литрийн савлагаатай Эден нэртэй архи аваад ороод ирсэн. Бид хоёр нилээн уугаад сууж байтал гаднаас О орж ирээд бид гурав хамт уусан. Сууж байгаад би ариун цэврийн өрөө ороод гараад иртэл О, М хоёр муудчихсан зодолдоод зогсож байсан. Тэгэхээр нь би салгатал О нь гараад явчихсан. Удалгүй цагдаа нар орж ирээд Мыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Ш.Ч“...М нь Ш.. сумын гэр байранд эхнэр ... хүүхдийн хамт амьдардаг. М хувиараа мал нядалгааны газар буюу бойны газар ажилладаг. М нь зан байдлын хувьд дөлгөөхөн, төлөв даруу, уриалгахан, илүү дутуу зангүй, гүдүүгүй, тусархуу хүн байгаа юм. Хааяа нэг мал хийлгэхээр очиход түргэн шуурхай хийж өгдөг. Миний хувьд Мыг мундаг ажилтай хүн гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 284 дугаартай дүгнэлтэд:

- Б.Обиед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2023.11.06-нд үүсгэгдсэн байх боломжтой.

-  Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

шүүгдэгч Г.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Б.О, гэрч Б.Э.., Г.Н.. нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Мнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Оэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Харин шүүгдэгч Г.Мын зүгээс хохирогч Б.Од 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн байна.

Түүнчлэн хохирогч Б.Оэмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 105 000 /нэг зуун таван мянга / төгрөгийн зардал гарсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Г.Моос 105 000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Мын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Мнь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Г Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4. Шүүгдэгч Г.Мнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Г.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Од 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Моос 105 000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ