| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч, хохирогч Ш.Ч,
Шүүгдэгч, хохирогч Б.Э түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр /ҮД:0619/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ч, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э нарт холбогдох эрүүгийн 2317001250120 дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д аймгийн ** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ус хангамж, ус цэвэрлэгээний инженер мэргэжилтэй, “** ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ........... дугаар баг, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Ш-ийн Ч /РД:................/,
Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ***-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ** аймгийн *** сумын ......дугаар баг, .......... тоотод оршин суух,
урьд**оны 03 дугаар сарын 18-ны өдөр ***эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
** оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,
** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж тус тус шийтгүүлж байсан Ш. овогт Б-ын Э /РД:............../,
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг Найрамдал хотхоны 3 дугаар байрны 8-122 тоотод 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Б.Этэй “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж түнийг зодож эрүүл мэндэд нь дух хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг Найрамдал хотхоны 3 дугаар байрны 8 дугаар орцны гадаа 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Ш.Ч, С.Р нартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан иргэн Ш.Чын зүүн бугалганд, иргэн С.Ргийн нуруун тус газар тус тус хутгалж гүн шарх гэмтэл үүсгэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Хийморьсайн орцны хаалганы өмнө утсаар яриад зогсож байтал орцноос Э гарч ирээд Ргийн хойноос нь цохих шиг болсон, би тухайн үед сандал дээр сууж байгаад босоод иртэл Э Рг тонгойж байхад хажуугаар нь орж ирээд над руу дайрсан, тэр үед би өөрийнхөө зүүн мөр хэсэг рүү хартал миний зүүн гарын булчин хэсэгт хутга зоолттой байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-38 хуудас/
Хохирогч С.Р мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Ч миний өөдөөс харж сууж байгаад наадах чинь хутгатай байна шүү гэж хэлэхээр нь би өөрийгөө хутга бариагүй байхад юу яриад байгаа юм бол гэж бодоод байж байтал миний араас нуруу орчим 1 удаа цохих шиг болсон. Уг хүнийг миний ард зогсож байхад цааш нь аваад явсан. Тэгээд л би газар ойчсон, босох гэтэл хөдөлж чадахгүй байсан...гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 39-45 хуудас/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би гэртээ орж хувцсаа тайлаад нүүр гараа угаагаад том өрөөнийхөө буйдан дээр хэвтэж байтал хаалга онгойгоод 2 хүн ороод ирсэн. Ч ах гэрт орж ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би Ч ахаа та яагаад байгаа юм бэ гэж хэлтэл чи миний хүүхдийг зоддог хэн юм бэ гээд цохиод байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 хуудас/
Шүүгдэгч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...гэрт нь ороход буйдангийн урд талд буйдангаа түшээд сууж байсан. Би хүүхэд зоддог хэн бэ гэж хэлээд зүүн талын хацар хэсэгт нь баруун гараараа 3 удаа цохисон. Рг манай хүүхдийг дагуулаад ир гэж хэлээд гэрт оруулаад хүүхдээ авчруулсан. Манай хүүхэд орж ирэхээр нь энэ хүн мөн үү гэхэд мөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад нүүр хэсэгт нь алгадсан. Тэгэхэд Э цохь цохь гэж хэлээд суугаад байсан тэгтэл Р наад хүн чинь өдөөд байна шүү дээ гэхээр нь зүүн талын мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 хуудас/
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Ариун цэврийн өрөө ороод толинд хартал миний нүүр хэсэг шалбарсан цус болсон байсан. Нүүр гараа угааж, хувцсаа өмсөөд 2 хүүхдээ хадмынхаас авах гээд гарахдаа ирлүүлэх гээд гялгар уутаар ороосон 3 ширхэг хутгыг аваад гарах үед орцны үүдэнд Чинбаа ах нөгөө үл таних эрэгтэй 2 зогсож байсан. Та 2 намайг яагаад зодож байгаа юм бэ гэж хэлээд хутгаа гаргаж ирээд Рг эргэж харахаар нь айлгах гээд далайгаад хутгалсан. Тэгээд Ч над дээр ирэхээр нь зүүн гарын бугалга хэсэгт нь хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 190-191 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тэгэхээр нь би эргээд хартал Найрамдал хотхоны 3 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд нэг жижиг биетэй эрэгтэй хүн том биетэй эрэгтэй хүнийг хана руу шахчихсан хориглоод зогсож байсан бөгөөд тухайн өндөр хүн гартаа хутга барьчихсан харагдаж байсан. Түүний хажууд орцны үүдэнд сандал дээр нэг хүн сууж байсан, сандлын хажууд бас нэг хүн газар уначихсан байгаа харагдсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол сандалны хажууд хэвтэж байсан хүн зүүн мөр орчим шар, хар өнгө холилдсон иштэй нилээн том хутга зоогдсон байсан. Түүний хажууд сандал дээр сууж байсан ахын нуруу хэсэгт зүсэгдсэн, нуруу хэсгээр нь цус болчихсон сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/
Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №250 дугаартай дүгнэлтэнд:
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 86-87 хуудас/,
Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн №257 дугаартай дүгнэлтэнд:
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 93-94 хуудас/,
Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн №258 дугаартай дүгнэлтэнд:
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 99-101 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 хуудас/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16, 21-27/, шийтгэх тогтоолын хуулгууд /хх-ийн 216-250/, хохирогч М.Рд 6.500.000 төгрөгний хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ш.Ч, Б.Э, С.Р нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 250, 257, 258 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Ч, Б.Э нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Эийг мөн хуулиын тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүдэгч Ш.Чыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Эийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ш.Чыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаа нь шүүгдэгч Ш.Ч, Б.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд шүүгдэгч Ш.Чод Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ш.Ч, Б.Э нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Хохирогч М.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Э төлж барагдуулсан болно.
Харин хохирогч Ш.Ч, М.Р нарын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 125 000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Б.Эөөс 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан алтлаг шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан алтлаг шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, самбаанд шингээсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. овогт Б-ын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт заасан “ хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б. овогт Ш-ийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чыг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эөд оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд, Ш.Чод оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан алтлаг шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан алтлаг шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, самбаанд шингээсэн улаан өнгийн хүрэн өнгийн цус мэт зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эөөс 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Ш.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Ш.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ