Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар  2023/ШЦТ/454

 

 

 

 

2023     12          13                                          2023/ШЦТ/454

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч О.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000563 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “хх” ХХК-д өрлөгчин ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, М овогт О-ийн О- /рд: хх0000000/.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.О- нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Б.Ц-гийн гээгдүүлсэн түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч улмаар картыг Есөн-Эрдэнэ худалдааны төвд бэлэн мөнгөний пос машинд уншуулан 368,700 төгрөгийн худалдан авалтаар зарлагын гүйлгээ хийж бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч О.О- шүүх хуралдаанд: ...Дэлгүүр орж хүүхдэдээ ном авч өгчихөөд гарч ирсэн газар виза карт байсан. Авахгүй явах гэж байснаа авчихсан. Тэгээд хүнсээ цуглуулах гээд дэлгүүр орсон. Тэгээд картыг уншуулж хүнсний зүйл авсан. Ажил дээрээ ирээд ажлынхандаа хэлсэн болохгүй гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 11 дүгээр 06-ны өдөр 15 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах "Ххх" ББСБ-ын ажлын байран дээрээ байж байхад өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаартай дансны чиптэй хар өнгийн бизнесийн карт гадуур хүрэмний зүүн талын халаасанд байж байсан бөгөөд өөрийн 00-00 ОРО улсын дугаартай lexus НS250 маркийн тээврийн хэрэгслээ жолоодон ганцаараа Орхон аймгийн Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслахаас шүүгчийн захирамж гардан аваад цааш Баянцагаан багийн Өнөрхотхоны гадна талд очиж нөхөр Ө.А-тай уулзахад нөхөр маань машин жолоодохоор болж би машинаасаа бууж жолоочийн эсрэг талд суусан, тэгээд би ажил дээрээ буун хэсэг байж байхад 16 цаг 45 минутын орчимд нөхөр маань эргэж ирээд намайг авч бид хоёр Зэст багт байрлах 21 дүгээр цэцэрлэгт очиж хүүхдээ авчихаад Уурхайчин багийн Симба бичиг хэргийн дэлгүүр орж 17 цаг 19 минутад 14,000 төгрөгийн худалдан авалт хийхдээ интернэт банкаар гүйлгээ хийхэд миний мөнгө байж байсан. Тэгээд эргээд би ажил дээрээ хүргүүлж 18 цаг өнгөрөөж байгаад ажлаасаа тарахад нөхөр ирж аваад бид хоёр гэртээ харьсан. Тэгээд дахиж интернэт банк руугаа нэвтрэн ороогүй байж байгаад өнөөдөр буюу 2023.11.07-ны өдрийн өглөө 08 цаг 50 минутад ороход миний Хаан банкны 0000000 дугаартай данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 368,750 төгрөгийн зарлагын гүйлгээг виза картыг минь ашиглаж хийсэн байхаар нь халаасандаа виза карт байгаа эсэхийг шалгахад алга болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний банкны виза карт чиптэй учир ямар нэгэн нууц үг хийх шаардалагүйгээр пос машинд шууд уншуулж болдог. Банкны виза карт 1 хувь л байдаг, нууц үг нь "хххх", нууц үгийг нь мэдэх хүн байхгүй, өчигдөр банкны виза картаа хэн нэгэнд өгсөн үйлдэл байхгүй. Би 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа гарахдаа банкны виза карт халаасанд байгаа гэдгээ мэдэж байсан, ажлаасаа гараад яг хаана гээсэн гэдгээ мэдэхгүй байна. Өнөөдөр өглөө зарлага гарсан байхаар нь виза картаа байгаа эсэхийг шалгасан өчигдөр огт шалгаж үзээгүй. Миний Хаан банкны 0000000 дугаартай дансны орлого, зарлагын мессежний мэдээлэл нь ашигладаггүй унтраалттай байгаа 000000 дугаарт ирдэг юм, би одоо 000000000 дугаарыг ашиглаж байгаа. Миний бие хохирол болох 368,700 төгрөгийг миний Хаан банкны 0000000 дугаартай данс руу шилжүүлэн өгсөн тул гаргах санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 17х/,

 

-Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Таны харуулж байгаа хяналтын дүрс бичлэгт байх лангуу нь манай өндөг тахиа худалдан борлуулдаг Аз лагима ХХК-ийн лангуу байна. Манай голомт болон хаан банкны 2 пос машин хоёулаа банкны чиптэй виза картыг код ашиглахгүйгээр уншиж гүйлгээ хийдэг. Хүмүүс их үйлчлүүлсэн болохоор ямар хүн үйлчлүүлснийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

 

-О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өдрийн 17 цагийн өнгөрч байхад Орхон аймгийн Баян- Өндөр сум, Уурхайчин багт байрлах Симба бичиг хэргийн дэлгүүрээс гараад хүнсээ цуглуулах гээд Есөн-Эрдэнэ худалдааны төв рүү явах гэж байгаад Симба дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын тээврийн хэрэгслийн зам дээрээс Хаан банкны хар өнгөтэй "хххххххххххххххх" гэсэн бичигтэй виза картыг олж авсан. Тэгээд хүнсээ цуглуулах гээд Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Есөн-Эрдэнэ худалдааны төв ороод өөрт мөнгө байсан боловч гэнэт олсон виза картаар гүйлгээ хиймээр санагдаад 21,500 төгрөгөөр хуурай сүү цайны идээ авч уншуулахад худалдагч код асуухгүй шууд гүйлгээг хийхээр нь болох юм байна гэж бодоод цааш үргэлжлүүлэн 12,400 төгрөгөөр ундаа, контик, 38,000, 17,400, 49,000, 49,000, 42,000, 31,200 төгрөгөөр тус тус дан будаа гоймон хоол хүнсний зүйл худалдан авсан, тэгээд Ачит холдинг худалдааны төв орж 8,700 төгрөгөөр хиам, 17,400, 33,000 төгрөгөөр өндөг тус тус худалдан авч тус худалдааны төвөөс гарч Оргил худалдааны төвийн урд талд байрлах тамхины дэлгүүр орж ченж эссэ тамхи багцаар нь 34,500 төгрөгөөр, алтан навч тамхи 3,800 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд цааш явж 17 дугаар сургуулийн зүүн талд байдаг Мөрөн хүнсний дэлгүүр орж 7,500 төгрөгөөр шуудай мод аваад гарч яваад Цагаанчулуут багт байрлах Шар хүнсний дэлгүүрээс 3,300 төгрөгөөр кола ундаа худалдаж аваад Оюут багт байрлах Оргил худалдааны төвийн зүүн талд баригдаж байгаа "Пилатов" хотхоны барилгын ажил дээрээ ирж буруу зүйл хийсэн гэдгээ мэдэн дахиж гүйлгээ хийгээгүй. Мөнгө нь дууссан гэдгийг нь мэдээгүй. Би хохирогчийн хохирол болох 368,000 төгрөгийг шилжүүлж барагдуулсан. Би уг картыг олж авахдаа болон гүйлгээ хийх үедээ дандаа ганцаараа явж байсан. Намайг карт олсон гэдгийг хэн нэгэн мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х/,

 

-Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ачит худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-10х/,

 

-Хаан банкны Б.Ц-гийн эзэмшлийн 0000000 дугаартай дансны хуулга /хх-ийн 03-06х/,

 

-Шүүгдэгч О.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас /хх-ийн 44х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаарА-, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.О- нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Б.Ц-гийн гээсэн Хаан банкны виза картыг авч Есөн-Эрдэнэ худалдааны төвд бэлэн мөнгөний пос машинд уншуулан 368,700 төгрөгийн худалдан авалт хийсэн үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч О.О- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч О.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.О-ад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт О-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн О-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О- нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ