Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/455

 

 

2023     12          13                                           2023/ШЦТ/455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

Шүүгдэгч Н.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын З-д холбогдох эрүүгийн 2325000000518 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “ххх” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ын З- /РД:хх0000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.З- нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6 дугаар байрны 6 дугаар орцны 4 дүгээр давхарт хохирогч Б.Б-ийг “Б-г зодсон” гэх шалтгаанаар нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.З- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өөрийн найз Б-, П-, М-э, дүү Г- нарын хамтаар 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Уурхайчин багийн 3-6 дугаар байрны 0 дугаар орцны 0 тоот хаягтай өөрийн гэрийн хананы обой хуулж байхдаа П-. М-э, Б- бид дөрөв 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж байсан бөгөөд энэ үед Б- нэг найзыгаа дуудна гээд утсаар ярихаар нь би найзыгаа дуудаад яах юм бэ, гэсэн чинь бид хоёрын дунд бага зэргийн маргаан үүсэхэд Б- архины шил бариад намайг цохих гэхээр нь би Б-г нэг удаа алгадаад гэртээ харь гээд гэрээсээ хөөсөн чинь гарахгүй хүмүүс рүү чат бичээд нэг хүнтэй “зодуулчихлаа хүрээд ир” гэж дуудахад нөгөө хүн нь удахгуй байрны гадаа ирэхээр нь би Б-г гэрийнхээ үүдэнд буюу орцны 4 дүгээр давхарт гаргаж өгсөн чинь доороос зүс таних З- /Симба/, Н-, Ц-, Б- гэдэг дөрвөн залуучууд гарч ирээд симба гэж дууддаг З- нь надад хандаж "энэ муу бацаан юм уу" гээд миний хамар болон нүүр хэсэг рүү хоёр удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. Тэгээд гэртээ байгаа хүмүүсээ гаргаж ир гээд орцноос гарахгүй хаалга нүдээд байхаар нь би “за тэгвэл нэг нэгээрээ гараад зодолд” гэсэн чинь нэг юм орцноос гарахад Г-ын ээж аав ирж тааран цагдаа дуудах болсон чинь З-, Б- хоёр гүйгээд зугтаачихсан. Тэгсэн чинь гэрээс П- М-э, дүү Г- нар нь гарч ирэхээр нь юу болсон талаараа хэлсэн, дүү болон найзууд намайг зодуулж байх үед утга учиргүй зодоон болно гэж бодоод манай гэрээс гарч ирээгүй юм байна лээ...Миний зүс таних Симба гэж дууддаг З- гэдэг залуу хамар болон нүүр хэсэг рүү хоёр удаа цохиж гэмтэл учруулсан. Би болсон үйл явдлыг маш сайн санаж байна. З-ыг урьд өмнө мэддэг байсан болохоор шууд хараад танина. ...Гомдолгүй байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12, 14х/,

 

- Гэрч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би гэртээ ороод цонхоор гадагш хараад байж байсан чинь цагаан өнгөтэй приус маркийн тээврийн хэрэгслээс танихгүй дөрвөн эрэгтэй хүн бууж ирээд манай орц руу орж ирэхэд Б- хаалга нүдэж, онгойлго гэсэн чинь М-э битгий онгойлго, зодоон болно гээд нээж өгөөгүй. Зодоон болох гээд байх шиг байхаар нь би өөрийнхөө аав, ээж рүү утсаар залгаж зодоон болох гээд байх шиг байна, та хоёр Б.Б- ахын гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгтэл М-э ах хаалганы дурангаар орц руу хармагцаа Б.Б-ийг зодоод байх шиг байна, яахуу гэж асуухаар нь ээж, аавыг дуудсан байгаа гэсэн чинь Цагдаагийн байгууллагад дуудлага өгчих гэсний дагуу би цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цонхоор хараад байж байсан чинь нөгөө дөрвөн залуугийн хамтаар Б.Б- Б- хоёр орцноос гарч байх үед манай аав, ээж хоёр ирж таарахад М-э, П- ах бид гурав хамтдаа гарсан. Гараад ирсэн чинь Б.Б- ахын хамраас нь цус гарчихсан зодуулсан байдалтай байж байхаар нь юу болсон талаар асуухад "Симба" гэж дууддаг залуу миний хамар руу 2 удаа цохисон гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

 

- Гэрч Б.М-э мөрдөн шалгах ажиллагаанд: ...Бид гурав обой хуулаад зогсож байсан чинь гадаа болон орцон дотор хүмүүс маргалдах шиг болж байгаад хэн нь мэдэгдэхгүй хаалга цохиж онгойлго гэж орилохоор нь хаалганы жижиг дурангаар орц руу харсан чинь орцны гэрэл асаалттай хаалганы гадна талд болж буй үйл явдал маш сайн тод харагдаж байсан бөгөөд намайг яг харж байхад Б-тай нийлээд таван залуу байх шиг харагдсан, тэгээд Б.Б-ийг бусдаасаа өндөр биетэй залуу хананд шахаж байгаад нүүр хэсэг рүү нь цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг тоолоогүй. Би хаалга нээж өгөөгүй учир нь өөр зодоон болохоос сэргийлсэн юм. Тэгтэл удалгүй Б.Б- нь нөгөө залуучуудын хамт орцноос гарсан. Энэ үед Г- ээж, аавдаа хэлчихсэн Цагдаад дуудлага өгсөн байсан болохоор тагтан дээрээс харж байгаад ээж, аавыг нь болон цагдаа нарыг ирэхэд хамтдаа гэрээс нь гарч Б.Б-оос юу болсон талаар тодруулахад Симба гэж дууддаг З- гэдэг залуу намайг цохиж зодсон гэж хэлсэн. Б.Б-ийн хаалга голын хаалга бөгөөд орцны гэрэл асаалттай байсан болохоор болсон үйл явдал дурангаар маш тод харагдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай:

1.Б.Б-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28х/,

 

- Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн Хорихоос өөр төрлийн эдлэх ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн “ялтан Н.З- нь 3 жил буюу 1096 хоногийн хугацаанд ялыг эдлэх цахим бугуйвч зүүж хяналтыг эхлүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс тооцоход 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдал 136 хоног буюу 4 сар 14 хоногийн ялыг эдэлсэн 960 хоног буюу 2 жил 7 сар 17 хоногийн үлдэгдэлтэй..” гэх мэдэгдэх хуудас, /хх-ийн 49х/,

 

- Иргэн Г.Г-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан “Манай хамаатны ах Б.Б- нь бусдад зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1х/,

 

- Шүүгдэгч Н.З-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/,

 

-хохирогч Б.Б-ийн гаргаж өгсөн хохиролын баримт /хх-ийн 84-86х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.З-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.З- нь хохирогч Б.Б-ийн, нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.З- нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6 дугаар байрны 6 дугаар орцны 4 дүгээр давхарт хохирогч Б.Б-ийг “Б-г зодсон” гэх шалтгаанаар нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.З-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Б-ийн: “...Би өөрийн найз Б-, П-, М-э, дүү Г- нарын хамтаар 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Уурхайчин багийн 3-6 дугаар байрны 6 дугаар орцны 69 тоот хаягтай өөрийн гэрийн хананы обой хуулж байхдаа П-. М-э, Б- бид дөрөв 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж байсан бөгөөд энэ үед Б- нэг найзыгаа дуудна гээд утсаар ярихаар нь би найзыгаа дуудаад яах юм бэ, гэсэн чинь бид хоёрын дунд бага зэргийн маргаан үүсэхэд Б- архины шил бариад намайг цохих гэхээр нь би Б-г нэг удаа алгадаад гэртээ харь гээд гэрээсээ хөөсөн чинь гарахгүй хүмүүс рүү чат бичээд нэг хүнтэй “зодуулчихлаа хүрээд ир” гэж дуудахад нөгөө хүн нь удахгуй байрны гадаа ирэхээр нь би Б-г гэрийнхээ үүдэнд буюу орцны 4 дүгээр давхарт гаргаж өгсөн чинь доороос зүс таних З- /Симба/, Н-, Ц-, Б- гэдэг дөрвөн залуучууд гарч ирээд симба гэж дууддаг З- нь надад хандаж "энэ муу бацаан юм уу" гээд миний хамар болон нүүр хэсэг рүү хоёр удаа цохиж миний биед гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Г-ын “...Би гэртээ ороод цонхоор гадагш хараад байж байсан чинь цагаан өнгөтэй приус маркийн тээврийн хэрэгслээс танихгүй дөрвөн эрэгтэй хүн бууж ирээд манай орц руу орж ирэхэд Б- хаалга нүдэж, онгойлго гэсэн чинь М-э битгий онгойлго, зодоон болно гээд нээж өгөөгүй. Зодоон болох гээд байх шиг байхаар нь би өөрийнхөө аав, ээж рүү утсаар залгаж зодоон болох гээд байх шиг байна, та хоёр Б.Б- ахын гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгтэл М-э ах хаалганы дурангаар орц руу хармагцаа Б.Б-ийг зодоод байх шиг байна, яахуу гэж асуухаар нь ээж, аавыг дуудсан байгаа гэсэн чинь Цагдаагийн байгууллагад дуудлага өгчих гэсний дагуу би цагдаа руу залгаж дуудлага өгсөн...Б.Б- ахын хамраас нь цус гарчихсан зодуулсан байдалтай байж байхаар нь юу болсон талаар асуухад "Симба" гэж дууддаг залуу миний хамар руу 2 удаа цохисон гээд байсан...” гэсэн мэдүүлэг,  

Гэрч Б.М-ийн “...Бид гурав обой хуулаад зогсож байсан чинь гадаа болон орцон дотор хүмүүс маргалдах шиг болж байгаад хэн нь мэдэгдэхгүй хаалга цохиж онгойлго гэж орилохоор нь хаалганы жижиг дурангаар орц руу харсан чинь орцны гэрэл асаалттай хаалганы гадна талд болж буй үйл явдал маш сайн тод харагдаж байсан бөгөөд намайг яг харж байхад Б-тай нийлээд таван залуу байх шиг харагдсан, тэгээд Б.Б-ийг бусдаасаа өндөр биетэй залуу хананд шахаж байгаад нүүр хэсэг рүү нь цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг тоолоогүй...Б.Б-оос юу болсон талаар тодруулахад Симба гэж дууддаг З- гэдэг залуу намайг цохиж зодсон гэж хэлсэн. Б.Б-ийн хаалга голын хаалга бөгөөд орцны гэрэл асаалттай байсан болохоор болсон үйл явдал дурангаар маш тод харагдсан юм...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.З- нь хохирогч Б.Б-ийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 23 хоногийн ял дээр, 1,000,000 төгрөгийн торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялд дүйцүүлэн 66 хоногийг нэмж нэгтгэх, хорих ялаар солих... гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... ялуудыг тус тусад эдлүүлэх эсхүл торгох ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах  ял дээр нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Н.З-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ын Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 23 хоногийн ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Н.З- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын З-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ын Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 23 хоногийн ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З- нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ