Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар  2023/ШЦТ/457

 

 

 

 

 2023      12         14                                            2023/ШЦТ/457

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Хохирогч Б.Э-,

Шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Э-д холбогдох эрүүгийн 2325000000529 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 1, Булган аймгийн Бугат сум 0 дүгээр баг “хххххх” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн Э- /РД: хх00000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Б.Э-т “5 сая төгрөг зээлээд үнийн дүнд нь үхэр, хонины тарган мал өгнө” гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаартай дансаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 5,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Д.Э-гийн мэдүүлсэн:  “...Э- ахын хүүхэд болон манай хүүхэд 1 ангид суралцдаг байсан. Тэгээд би Э- ахад мал өгнө гээд мөнгө авчихсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...1,600,000 төгрөг өгсөн. Одоо 3,400,000 төгрөгийг төлөх юм. Нэхэж байгаа 4,000,000 төгрөгийг төлнө...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Э-ын мэдүүлсэн: “...Д.Э- хохирлыг төлж барагдуулбал барагдуулахаар хугацаа болчихсон. Би Э-д 3, 4 удаа хууртагдаж өвөлжөөний газар дээр нь очсон. Намайг очиход дараагийн бямба гарагт хүрээд ир гэж хэлдэг байсан. Хамгийн гол нь 3, 4 удаа 100,000 болон 200,000 төгрөгөөр том машин хөлсөлж очсон. Би иймэрхүү асуудал дээр маш их гомдсон. Хэрвээ өгч чадахааргүй болсон бол дараа жил авчих гэж хэлж болоогүй юм уу. Та “тэдийд хүрээд ир” гээд худал хэлсэн. Би 2, 3 удаа машин  хөлслөөд очсон. Сүүлдээ тухайн газар нь өөрийнх нь өвөлжөө ч биш болж таарсан. Хүний өвөлжөөний газар аваачсан байдаг. Үүнд нь гомдолтой байна. Энэ нөхөр хохирлыг барагдуулчихвал өөр ч юу байхав дээ. Хоёулаа шүүх, цагдаа гэхгүй дуусгачихъя гэж хэлчихээд өгөхгүй байгаа юм. Өгөх шинжгүй юм байна лээ. Надад 1,600,000 төгрөгийг өгсөн. Энэ хүн худлаа ярьж би машин хөлсөлж бинзен хийж 3 удаа өвөлжөөн дээр нь очсон. Иймд 4,000,000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

 

охирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хуучин танил Д.Э- гэх хүнтэй 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 54-р сургуулиас хүүгээ авах гэж байхдаа тааралдсан. Урд өмнө Д.Э- надад мянгат малчин гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгсэн тэр өдөр надад мал зарах гэсэн юм мөнгө байна уу? гэж асуусан. Нийт 5 сая төгрөг хэрэг болоод байна гэж байсан. Би хариуд нь яг одоо мөнгө алга гэхэд та мөнгө өгчих гэж гуйгаад байсан. Хариуд нь би 5 сая төгрөгт чинь таарсан тарган сайхан мал цагаан сараас өмнө өгнө гэж хэлсэн. Энэ хүн намайг урд өмнө нэг удаа үнэт эдлэлийг малаар сольсныг харж байсан. Тэр өдөр би мөнгөний боломжгүй байсан тул 1 сая төгрөгийг 0000000 дугаарын Э-гийн данс руу шилжүүлсэн. Дараагийн мөнгө 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 сая, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3 сая төгрөг тус тус шилжүүлсэн. Энэ мөнгөнүүдийн оронд надад зарах мал өгнө гэж хэлээд алга болсон. Би уулзах гээд 2021 онд Булган аймгийн Орхон голын урд байгаа дараа долоо хоногт ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би гурван удаа машин хөлсөлж очоод бүтээгүй. Анх очиход бол тэр өвөлжөөндөө байсан. Сүүлийн хоёр удаа явж очиход тэр өвөлжөөндөө байхгүй байсан. Өөр хүмүүс байсан болохоор Э-г асуухад хоёр гурван жилийн өмнө надад зарсан гэж хэлсэн. Намайг тэгээд зарсан өвөлжөөндөө ирээрэй гэж хэлээд өөрөө алга болчихсон байсан. Хамгийн сүүлд би Э-тэй 20 хоногийн өмнө Номин дэлгүүрийн үүдэнд таарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 11х/,

 

Хохирогч Б.Э-ын дахин өгсөн: “...Миний хохирлыг барагдуулаагүй байгаа...Миний сэтгэцэд учирсан зүйл байхгүй. Тиймээс тогтоолгох шаардлага байхгүй. Би 5 сая төгрөгийн хохирлоо авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

            -Гэрч Ж.Лхамсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Цагдаагийн газраас залгаж хэлэхээр нь мэдсэн ... Манай хүү Д.Э-д мал байхгүй. Хөгшин бид хоёрт байсан хэдэн цөөн малыг манай хүү Д. Э- болон хүүхдүүд бүгд зарж борлуулж хэрэглэж, эдлэх эрхтэй. Манайд хонь, ямаа, үхэр, адуу зэрэг байсан. Малгүй болоод гурав дөрвөн жил болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23х/,

 

            -Шүүгдэгч Д.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа би хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ухамсарлаж байгаа тул дахин ийм гэмт хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

 

            - Хохирогч Б.Э-аас Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 03х/,

 

- Д.Э-гийн эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 57 минутад 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 57 минутад 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 58 минутад 3,000,000 төгрөг тус тус шилжигдэн орлогын гүйлгээ хийгдсэн байна...” гэсэн тэмдэглэл, тус дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-13х/,

 

- Хохирогч Б.Э-ын эзэмшлийн Хаан банкны 5094300123 тоот данснаас Д.Э-д мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 44-46х/,

 

-Малын А дансны лавлагаа /хх-ийн 48х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.Э- нь хохирогч Б.Э-т мал өгнө гэж 5 сая төгрөгийг хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаартай дансаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт болсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Э-гийн үйлдлийн улмаас Б.Э-т 5,000,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Э-ын “...Би хуучин танил Д.Э- гэх хүнтэй 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 54-р сургуулиас хүүгээ авах гэж байхдаа тааралдсан. Урд өмнө Д.Э- надад мянгат малчин гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгсэн тэр өдөр надад мал зарах гэсэн юм мөнгө байна уу? гэж асуусан. Нийт 5 сая төгрөг хэрэг болоод байна гэж байсан. Би хариуд нь яг одоо мөнгө алга гэхэд та мөнгө өгчих гэж гуйгаад байсан. Хариуд нь би 5 сая төгрөгт чинь таарсан тарган сайхан мал цагаан сараас өмнө өгнө гэж хэлсэн. Энэ хүн намайг урд өмнө нэг удаа үнэт эдлэлийг малаар сольсныг харж байсан. Тэр өдөр би мөнгөний боломжгүй байсан тул 1 сая төгрөгийг 0000000 дугаарын Э-гийн данс руу шилжүүлсэн. Дараагийн мөнгө 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 сая, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3 сая төгрөг тус тус шилжүүлсэн. Энэ мөнгөнүүдийн оронд надад зарах мал өгнө гэж хэлээд алга болсон. Би уулзах гээд 2021 онд Булган аймгийн Орхон голын урд байгаа дараа долоо хоногт ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би гурван удаа машин хөлсөлж очоод бүтээгүй. Анх очиход бол тэр өвөлжөөндөө байсан. Сүүлийн хоёр удаа явж очиход тэр өвөлжөөндөө байхгүй байсан. Өөр хүмүүс байсан болохоор Э-г асуухад хоёр гурван жилийн өмнө надад зарсан гэж хэлсэн. Намайг тэгээд зарсан өвөлжөөндөө ирээрэй гэж хэлээд өөрөө алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.Лхамсүрэнгийн “...Цагдаагийн газраас залгаж хэлэхээр нь мэдсэн. ...Манай хүү Д.Э-д мал байхгүй…Манайд хонь, ямаа, үхэр, адуу зэрэг байсан. Малгүй болоод гурав дөрвөн жил болж байна...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Э-аас орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,

шүүгдэгч Д.Э-гийн эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тус дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Э-ын эзэмшлийн Хаан банкны 5094300123 тоот данснаас Д.Э-д мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, Малын А дансны лавлагаа хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Д.Э- нь Б.Э-аас тарган мал өгнө” гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаартай дансаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Э-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, хохирогчийг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

2. Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Э- нь хохирогч Б.Э-т 4,000,000 төгрөгийг төлнө гэсэн тул шүүгдэгч Д.Э-гээс 4,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.Э- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирол төлөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Э-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас:...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч болон хохирогч нар “Ялын талаар хэлэх зүйлгүй” гэв.    

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, түүний хувийн байдал, Булган аймгийн Бугат суманд айлын мал маллаж амьдардаг зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар  Орхон аймгийн Баян-Өндөр сум болон Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Д.Э- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж   эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Э-г нэг жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сум болон Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Э-гээс 4,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух С овогт Б-ийн Э-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРМАНДАХ