| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0181/З |
| Дугаар | 221/МА2026/0391 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0391
С.Э-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэгч: С.Э
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0399 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0181/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0399 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн Н.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “...Маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй. Нэхэмжлэгч нь эзэмшил газраа орон сууцаар солихоор 2015 онд ГХДТ-Г/186 дугаартай гэрээ байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцсон. Ийм нөхцөлд газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглах боломж бодитоор хязгаарлагдсан, энэ нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар үүссэн. Гэтэл хариуцагч уг нөхцөлийг үл харгалзан "газраа ашиглаагүй" гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан "бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх" зарчмыг зөрчсөн болно.
2.2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарласан. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40.1.6-г тайлбарлахдаа “газрыг ашиглаагүй нь дангаараа хангалттай" гэж дүгнэсэн. Гэтэл уг заалт нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй" гэсэн нөхцөлийг хамтад нь шаарддаг. Гэтэл дахин төлөвлөлтийн гэрээ (Хавтаст хэрэг 1-ийн 227-228), хотын бодлого, төлөвлөлт зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан болох боломжтой байхад шүүх үүнийг огт үнэлээгүй. Иймд анхан шатны шүүх хуулийн агуулгыг бүрэн бус хэрэглэсэн ноцтой алдаа гаргасан.
2.3. Нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн. Хэрэгт дахин төлөвлөлтөд хамрагдсан баримт, төсөл хэрэгжилтийн нөхцөл байгаа хэдий ч шүүх зөвхөн “гурван талт гэрээ байхгүй" гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан. Гэтэл бодит байдал дахин төлөвлөлтийн процесс эхэлсэн, иргэн сайн дураар оролцсон, газрыг ашиглах нөхцөл хязгаарлагдсан. Энэ нөхцөл байдлыг шүүх “хүндэтгэн үзэх шалтгаан"-ы хүрээнд үнэлээгүй. Иймд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэх зарчим зөрчигдсөн.
2.4. Сонсох ажиллагааг бодитоор хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д зааснаар эрх нь хөндөгдөх этгээдэд шууд болон бодит боломж олгох ёстой. Гэтэл нэхэмжлэгчид биечлэн мэдэгдсэн баримт байхгүй, зөвхөн цахим хуудаст нийтэлсэн гэж үзсэн. Цахим мэдэгдэл нь тодорхой этгээдэд хаягласан биш, иргэн хүлээн авах, мэдэх баталгаагүй. Иймд сонсох ажиллагааг бодитоор хэрэгжүүлээгүйг шүүх зөвшөөрсөн нь буруу.
2.5. Захиргааны акт нь бодит нөхцөлд газраа ашиглах боломжгүй нөхцөлийг захиргаа өөрөө бий болгосон атал иргэнийг буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус актын шинжийг агуулж байна.
2.6. Нэхэмжлэлийн шаардлагыг өргөн хүрээнд үнэлээгүй. Дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолд шүүх нэхэмжлэлийн зорилгыг бүхэлд нь үнэлэх ёстой гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн эрх сэргээх зорилгыг үнэлээгүй, шаардлагыг хэт явцуу хүрээнд дүгнэсэн зэрэг нь Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг дутуу үнэлсэн, процессын зөрчлийг үл харгалзсан хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна.
Иймд Анхан шатны шүүхийн 2026.04.27-ны өдрийн №128/ШШ2026/0399 шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/1009 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын талаар:
1.Нэхэмжлэгч С.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Н.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Тухайлбал: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гарснаас хойш Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн орон сууцны бодлогын газар, төсөл хэрэгжүүлэгч “Ж г” ХХК, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан үйл баримтууд нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудад дурдагдсан байна.
4. Тодруулбал: Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосноос хойш холбогдох захиргааны байгууллагууд болон шүүхэд дараах өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг гаргаж байсан байна.
4.1 Өмгөөлөгч М.Х-гаар төлөөлүүлэн Нийслэлийн Засаг даргад 2023 онд,
4.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны А/1009 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон 19 иргэний хамт 2023 оны 4 сард гаргасныг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3867 дугаар захирамжаар тус тусдаа нэхэмжлэл гарга гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан,
4.3 Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан,
4.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан бие даан нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4524 дугаар захирамжаар мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан,
4.5 Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан,
4.6 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн газрыг эзэмшиж байсан нэхэмжлэгч С.Э-ы аав Н.С нас барсан,
4.7 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт 611-11 төвөөр дамжуулан гомдол гаргасан,
4.8 Дээрх захиргааны байгууллагуудын хариу албан бичиг холбогдох баримтуудыг хавсарган нэр бүхий 21 иргэний хамт 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан,
4.9 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5343 дугаартай захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, мөн хувийн эрх зүйн гэрээнээс үүдэлтэй /Ж г ХХК-д холбогдох шаардлагыг/ захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн,
4.10 Шүүгчийн захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан /Д.Н/ Нийслэлийн орон сууцны бодлогын газар болон Нийслэлийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэр бүхий 21 иргэний хамт гомдол гаргасан,
4.11 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр А/1009 захирамжийн хавсралтад нэр нь байхгүй үндэслэлээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй хариу хүргүүлсэн,
4.12 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 3/1387 албан бичгээр гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэсэн хариу хүргүүлсэн,
4.13 Дээрх хариу шүүгчийн бүрдүүлбэр хангуулахаар сүүлд буцаасан захирамжийн дагуу татгалзсан үндэслэлийг арилгаж дахин 2025 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 6282 дугаар захирамжаар нэхэмжлэгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх, нэхэмжлэгч тухайн асуудлаар маргаан таслах зөвлөлд хандсан нь тодорхойгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож буцаасан,
4.14 Шүүгчийн захирамжийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандсан хугацаанд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаанд бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй үндэслэлээр 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн 6673 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан,
4.15 Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6851 тоот албан бичгээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй гэх хариу хүргүүлсэн,
4.16 Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн хариуг аваад дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 7620 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 02- ны өдрийн 8237 дугаартай захирамжаар “өмнө нь шүүхэд хандаж байсан, нэхэмжлэгч нар тус тусдаа газар эзэмшиж байсан, тус бүр зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөр өөр, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа нь дахин ирсэн нэхэмжлэл гэж үзэхээр байх тул" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан,
4.17 Дээр дурдсан нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар газар эзэмших эрхээ сэргээлгэхээр холбогдох захиргааны байгууллагууд болон шүүхээр тасралтгүй гомдол нэхэмжлэл гаргаж явсаар хамгийн сүүлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н зүгээс дээрх захирамжид заасны дагуу тусдаа нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлд шүүхээс захиргааны хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
5. Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтуудтай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт түүний хариу, шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг хэзээ хэрхэн /шүүгчийн захирамжууд/ шийдвэрлэсэн талаарх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулаагүй байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэх болон хэтрүүлээгүй эсэхийг тогтооход ач холбогдолтойгоос гадна хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын холбогдох хэсгийг шүүх хэрэглэх боломжтой эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой юм.
6. Өөрөөр хэлбэл 30 дугаар тогтоолын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 8-д “…нэхэмжлэгч нь захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг хүчингүй болгох боломжтой, энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан агуулгад хамаарахгүй…” гэж тайлбарласан байх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэхээр байна.
7. Тухайлбал нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 11 дүгээр сард гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” 8237 дугаартай захирамжийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч хэзээ, хэрхэн хүлээн авсан болон хүлээж аваад хэдий хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.
8. Иймд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 дугаартай захирамж илт хууль бус байсан эсэх, нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашигласан эсэх, нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар нь төмөр замын хамгаалалтын зурваст хамаарах эсэх, "Ж г" ХХК-ийн гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0399 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР