Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/474

 

 

 

2023     12         20                                            2023/ШЦТ/474

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н-э,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч Т.Т-а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000655 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 00 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Т-ын Т-а /рд: хх00000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т-а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвийн гадна талд хохирогч Н.Э-ыг муухай харлаа гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж газарт унахад нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд “дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Т.Т-а мэдүүлсэн: ...Тухайн үед тамхи авах гээд Төгөлийн гадаа  очсон тэр ах ирээд муухай  харж  байгаад шүлсээ хаяахаар нь би цохисон. Ийм л зүйл болсон...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Н.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнийн барагцаагаар 02 цагийн үед Төгөл худалдааны төвийн гадна такси барих гээд ганцаараа хэсэг зогссон. Тэгтэл нэг цагаан өнгийн суудлын машин ирж зогссон бөгөөд би таксинд явж байгаа юм болов уу гэж бодоод очоод цонхоор нь харсан. Тэгтэл жолооч залуу нь “яагаад муухай хараад байна аа” гэхээр нь би юм дуугараагүй. Мөн жолоочийн хажууд нэг залуу сууж явсан. Тэгтэл арын хаалга нь онгойж нэг залуу бууж ирээд “яахаараа чи муухай хараад байгаа юм бэ” гээд миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиход би газар унасан. Тэгээд би газраас босох гэтэл тэр залуу миний нүүр лүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгтэл миний ам, хамараас цус гарсан бөгөөд тэнд явсан 2 залуу намайг салгасан. Тэр 2 залуугийн нэг нь цагдаа дуудсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн бөгөөд бид нар бүгдээрээ цагдаагийн газар дээр ирсэн. Би хэнийг ч цохиж зодоогүй намайг тэр залуу л ганцаараа зодсон. Тухайн үед би халамцуу явсан гэхдээ ухаантай байсан. Тэгээд гэртээ очиход миний хүзүүнд байсан 925-ын сорьцтой чигчий хурууны дайны өргөн зузаантай Турк мөнгөн гинж маань байхгүй байсан. Намайг зодох үед л тасарч унасан байх. Тэрнээс надаас дээрэмдэж булааж аваагүй. Тухайн гинжийг одоогоос 20 гаруй жилийн өмнө манай эхнэр Анхтуяа нь надад 147,000 төгрөгөөр авч өгч байсан бөгөөд одоо бараг 400-500 мянган төгрөг гэж байгаа байх. Одоо миний уруул язарч, нэг шүд маань хөдөлсөн байна. Шанаа маань хөндүүр байна. Би тухайн намайг зодсон залууг танихгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Т.Т-а нь миний эмчилгээний зардалд 900,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 13х/,

 

-Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад хуурай ах Т-а, Т- нарын хамт Төгөл худалдааны төвийн гадаа очсон. Тухайн үед манай эгч Н-ийн цагаан өнгийн Кроун машиныг Т- ах эрүүлээрээ жолоодож явсан. Т-а ах халамцуу, би эрүүл байсан. Төгөлийн гадаа очиход нэг ах бид нар луу муухай хараад доош шүлсээ хаясан. Тэгтэл Т- ах “яагаад муухай хараад байгаа юм бэ” гэхэд яадаг юм бэ гэсэн. Тэгтэл машины ард сууж явсан Т-а ах буугаад “чи яагаад муухай хардаг юм бэ” гээд тэр ахтай зодолдсон. Т-а ахаас өөр тэр ахтай зодолдсон хүн байхгүй. Тэр ахын хамарнаас цус гарч байсан, Т-а ах гайгүй байсан. Тухайн үед Т-а ах саарал бэлтгэлийн өмд, цагаан пүүз, хүрэн өнгийн цамцтай байсан. Би саарал цамц, ногоон өмд, шар гуталтай, Т- ахыг ямар хувцастай байсныг санахгүй байна. Би тэр хоёрын зодооныг салгасан. Тэр ахад гинж байсан эсэхийг анзаараагүй, мөн гинж нь тасарсан эсэхийг анзаараагүй. Бид нар гинжийг нь аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

         - Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний өмнө мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан 2023 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнийн барагцаагаар 01 цаг өнгөрч байхад би хуурай дүү Д-, найз Т- нарын хамт цагаан өнгийн Кроун маркийн машинтай Төгөлийн гадаа очсон. Тамхи авах гэж очсон бөгөөд нэг шагийн эгчээс тамхи авсан. Тэгтэл нэг ах ирээд бид нар луу хараад зогсоод байсан, жолоо барьж явсан Т- нь тэр ахад юундаа муухай хараад байгаа юм бэ" гэтэл тэр ах яаж харсан ч яадаг юм, пязда минь гэж хэлсэн. Тэр ах тэгээд машин руу шүлсээ хаяхаар нь би "яаж байгаа юм бэ" гээд машинаас буусан. Тэгээд тэр ах бид 2 заамдалцаж би түүнийг гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Д-, Т- нар нь дундуур орж салгасан, тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэр ах бид хоёрын хооронд л асуудал болсон. Би тухайн үед саарал өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр ноосон цамц, цагаан пүүзтэй явсан, Т- нь хар ногоон куртик, хар өмд, хар гуталтай явсан, Д- нь саарал Өнгийн цамцтай явсан. Би тухайн үед машины арын суудалд, Д- нь урд жолоочийн хажуу талд сууж явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр байна. Тэр ахад гинж байсан эсэхийг мэдээгүй, гинж нь тасарсан эсэхийг ч мэдээгүй. Би тэр хүнээс гинжийг нь аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48х/,

           

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1018 дугаартай:

1.Н.Э-ын биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23х/,

 

- Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7х/,

 

-Шүүгдэгч Т.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.Т-а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвийн гадна талд хохирогч Н.Э-ыг муухай харлаа гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, газарт унахад нүүрэн тус газар өшиглөж “дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Т.Т-а нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт Т-ах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Т.Т-а нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди билчэгийг хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Т-ад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Т-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Т-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-а нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Т-а нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ