| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/03079/И |
| Дугаар | 181/ШШ2020/02755 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/02755
| 2020 11 06 | 181/ШШ2020/02755 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
3.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэнгийн даргалж, шүүгч Г.Энхтуяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/00428 тоот шийдвэрээр иргэн Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох иргэний хэрэгт үнэлгээний шинжээчээр томилогдож, үнэлгээний дүгнэлтийг тэргүүлэх үнэлгээчин Д.Ганхуяг, мэргэжлийн үнэлгээчин Г.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй гаргаж, шинжээчийн дүгнэлтийг, тусгай зөвшөөрөл бусад хавсралт болон шинжээчийн хөлсний нэхэмжлэхийн хамт 2016 оны 11дүгээр сарын 22-нд тус шүүхэд албан тоотоор хүргүүлсэн байна.
Албан тоотод шинжээчийн ажлын хөлсийг шийдвэртээ тусгаж өгөхийг хүсээд нэхэмжлэхийг хавсаргасан байсан. Тус компанийн албан тоот, шинжээчийн дүгнэлт, шинжээч томилсон шүүхийн тогтоолын хуулбарыг хавсаргав.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, 2017оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2065 тоот шийдвэрээр Нямсүрэнгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Энэхүү хэргийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг.... зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч шинжээч үнэлгээг хийхдээ Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоол, Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2011 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан барилгын нэгжийн үнэлгээг харгалзан хийсэн тухайгаа дүгнэлтдээ дурдсанаас гадна дээрх баримталсан тогтоол, тушаалыг хууль тогтоомжийн цахим нэгдсэн санд байршуулаагүй явдал дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй болно гэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Хянавал гэсэн хэсэгт Дабль дөрөөт ХХК-ийн үнэлгээчний тайлан 2015 оны байдлаар павильон, лангуу, хөргөгчийг 17,810,333 төгрөгөөр үнэлсэн бол Л ХХК-ийн үнэлгээгээр 2016 оны байдлаар зах зээлийн үнэ цэнийг 20,937,238 төгрөгөөр тогтоосон ба хэргийг 2017 онд шийдвэрлэж буй тул 2016 оны үнэлгээг илүү бодиттой гэж дүгнэнэ гээд манай компанийн хийсэн үнэлгээг бодитой гэж дүгнэсэн байна.
Хяналтын шатны шүүх анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Анхан шатны шүүхийн шүүгчид шийдвэрээ гаргахдаа шинжээчийн хөлсний талаар манай явуулсан нэхэмжлэх, хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53-р зүйлийн 53.1.1, 118-р зүйлийн 118.5. дахь заалтын дагуу шинжээчийн хөлсийг шүүгчийн захирамжлах буюу шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах ёстой байсан боловч орхигдуулсан байна.
Бид 20 гаруй жил шүүхэд шинжээч хийсэн практикт үргэлж шүүхийн шийдвэрт тусгадаг байсан. Бид ч ингэнэ гэж үзээд нэхэмжлэхээ өгсөн. Шүүхийн туслахаас тухайн үед асуухад шийдвэрт туссан л гэж байсан, шүүхийн шийдвэрт тусаад л гарчихсан байх гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очих байх гэж бид итгэж хүлээсээр өдий хүрсэн ба шүүхийн шийдвэрт тусаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад шилжсэнийг мэдээд шинжээчийн хөлсөө нэхэмжилж байна.
Нэгэнт хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэрүүдээс үзвэл нэхэмжлэгч иргэн З.Нямсүрэнгийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн засаг даргын бурууг тогтоосон байгаа тул бид шүүхийн процессын зардал болох шинжээчийн хөлсийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэнгийн даргалж, шүүгч Г.Энхтуяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32016/00428 тоот тогтоолын 2.3.-аар Иргэн З.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох иргэний хэрэгт үнэлгээний шинжээчээр ажилласны хөлсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53-р зүйлийн 53.1.1, 118-р зүйлийн 118.5. дахь заалт болон дээр дурдсан шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн үед гаргасан нэхэмжлэхийн дагуу 3,300,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж Л ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэрэгтэй танилцаж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.
Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоол, Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2011 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан барилгын нэгжийн үнэлгээг харгалзан хийсэн тухайгаа дүгнэлтэндээ дурьдсанаас гадна дээрх баримтын тогтоол, тушаалыг хууль тогтоомжийн цахим нэгдсэн санд байршуулаагүй байсан. Шүүхийн шийдвэрт шинжээчийн хөлсийг тусгаагүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Анхан шатны шүүхийн шүүгч Захирамжиндаа тусгааагүй орхигдуулсан гэж бичсэн байна. Гурван шатны шүүх хурал болсон. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзвэл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа тусгах ёстой байсан.
Шүүх нэг шийдсэн асуудлаар дахиж хэлэлцэхгүйгээр хуульд тусгасан байдаг тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдуулан 3.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн тогтоолоор З.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох иргэний хэрэгт шинжээчээр хөрөнгө үнэлгээний Л ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Цагаан шувуут нэртэй хүнсний павилон, шилэн лангуу, хөргөгчийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр томилсон байна./хх-ийн 7, 8-р хуудас/
Иргэн З.Нийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох гэм хорын хохиролд 20.331.430 төгрөг гаргуулах тухай хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02065 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэхдээ Л ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж Сүхбаатар дүүргийн засаг даргаас 20.178.116 төгрөгийг гаргуулж З.Нямсүрэнд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153.314 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./хх-ийн 10-13-р хуудас/
Дээрх шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5., 53 дугаар зүйлийн 53.1.1.-д заасны дагуу шинжээчийн ажлын хөлсийг тусгаагүй охигдуулсан байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02065 дугаартай дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2104 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00142 дугаартай тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ./хх-ийн 14-22-р хуудас/
Дээрх бүхнээс үзэхэд Л ХХХ нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн тогтоолын дагуу З.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох иргэний хэрэгт дүгнэлт гаргахаар, хөлсөөр ажиллах үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2., 360 дугаар зүйлийн 360.1.-т тус тус зааснаар хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох бөгөөд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Л ХХК нь шүүхийн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Цагаан шувуут нэртэй хүнсний павилон, шилэн лангуу, хөргөгчийн зах зээлийн үнэлгээг 3.300.000 төгрөгийн ажлын хөлстэйгээр хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул буруутай этгээд болох Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар /Сүхбаатар дүүргийн засаг дарга/ хөлс төлөх үүрэгтэй. /хх-ийн 5-22, 42-р хуудас/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар /Сүхбаатар дүүргийн засаг дарга/ -аас ажлын хөлс болох 3.300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгох үндэстэй.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх З.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн хөлсийг орхигдуулсан шийдвэрлэсэнд нэхэмжлэгч /шинжээч/ Лэнд ХХК буруугүй.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуулд нэхэмжлэлийн нэг хувийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгч түүнд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4., 72.2., 76.2., 77.8., 100.3., 100.4., 119.4.-119.6. дахь хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан өгч энэ тухай баримт дээр Д.Орхонтуул гарын үсэг зуржээ. /хх-ийн 25, 26-р хуудас /
Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуулд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./хх-ийн 41-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас 3.300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО