Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

  2020             4              28                                          2020/ДШМ/523

 

 

Н.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Ч.Түмэн-Өлзий,                           

шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч А.Зүмбэрэл,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1867 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Тд холбогдох 1806070922319 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ын Т, 1960 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантекникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалт гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны .... дугаар нийтийн байрны ... тоотод оршин суудаг, /РД:......./,

Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

 

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-26 дугаар нийтийн байрны 5 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай иргэн Б.Ууганчимэгийн хөлслөн амьдарч буй өрөөнд нэвтэрч Ай фоун 6-Эс загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 294.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баатуд овгийн Норовын Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Тг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Тгээс 294.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ууганчимэгт олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч А.Зүмбэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Т нь сэтгэцийн хувьд тогтворгүй, өөрийн үйлдэл, холбогдлыг хянах чадваргүй бөгөөд сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт бүртгэлтэй байхаас гадна хохирол 294.000 төгрөгийн төлбөрөө төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Н.Тд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэв.

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Тд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоолгоогүй талаар дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох”, 2.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж тус тус хуульчилсан учраас энэ гэмт хэрэгт уг ажиллагаа хийгдээгүй. Мөн өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг тэнсэж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйл 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу Н.Тгийн үйлдэл нь хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа тул тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-26 дугаар нийтийн байрны 5 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай иргэн Б.Ууганчимэгийн хөлслөн амьдарч буй өрөөнд нэвтэрч Ай фоун 6-Эс загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 294.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ууганчимэгийн “Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хөлсөлдөг нийтийн байр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2-26 дугаар байранд жижүүрийн өрөөнд ороод хэсэг байж байгаад буцаад өөрийн өрөө болох 5 тоотод ороход миний Ай фоун 6-Эс загварын гар утас алдагдсан байсан. Тухайн байрны хяналтын камерыг шүүж үзэхэд 7 номерын өрөөг хөлсөлдөг өвөө шагайж хараад миний утсыг аваад гарсан бичлэг хадгалагдаж үлдсэн байсан. ...” /хх 22/,

шүүгдэгч Н.Тгийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд нийтийн байр түрээслэн амьдардаг байхдаа тус байрны нэг айлын хаалгыг түлхэж үзэхэд хаалга нь онгорхой байсан бөгөөд үүд хэсэгт нь байсан ширээн дээр утас харагдсан, тэгэхээр нь тус утсыг аваад гарсан. Авсан гар утсыг нэг хүнд 8000 төгрөгөөр зарж мөнгөөр нь хоол авч идсэн юм. ...” /хх 76/ гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 29-30/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх 130/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Н.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Н.Тгийн хохирогч Б.Ууганчимэгийн хөлслөн амьдарч буй өрөөнд нэвтэрч Ай фоун 6-Эс загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Н.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн “...Н.Т нь сэтгэцийн хувьд тогтворгүй, өөрийн үйлдэл, холбогдлыг хянах чадваргүй бөгөөд сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт бүртгэлтэй бөгөөд хохирлоо төлсөн тул оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Хэрэг хариуцах чадваргүй байдал нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон асуудлыг багтаасан ойлголт юм. Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан эсэх нь дээрх хоёр ойлголтын алинд хамаарагдаж байгааг тогтоох нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн өөр өөр үр дагавар үүсэх нөхцөл байдлыг бий болгоно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Н.Т нь сэтгэцийн өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэлтэй эсэх талаар болон сэтгэцийн өвчний учир хэрэг хариуцах чадваргүй буюу ял эдлэх боломжгүй гэсэн үндэслэл бүхий бичгийн баримтууд хэрэгт цуглараагүй байна. Н.Т нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанаас өмнө буюу 2019 оны 3 дугаар сарын 6-наас 19-ний өдрийг хүртэл хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд дэмийрэл бүхий үгүйлэх хам шинж буюу F10.4 гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн баримт хэрэгт авагджээ.

Харин шүүгдэгч Н.Тгийн энэхүү дэмийрэл бүхий үгүйлэх хам шинж буюу F10.4 гэсэн онош нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/152, А/366 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт болох “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д хамаарагдахгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Гэвч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Тгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 295000 төгрөгийг төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1867 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Тг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй" гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Н.Тг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн.гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ