Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/475

 

 

 

2023      12          20                                         2023/ШЦТ/475

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө- овогт Ж-гийн Б-ид холбогдох эрүүгийн 2325000000558 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ө- овогт Ж-гийн Б- /рд:хх00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б- нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Г.Н-ыг гараараа цохиж эрүүл мэндэд нь “дух, баруун бугалга, шуу, шилбэ, зүүн бугалга, шуу, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай  хүн бие муутай  тэгээд хэд хоног дарааллаад архи уугаад байхаар нь яагаад ингэж архи уугаад байгаа юм бэ? чи уугаад байх юм бол би бас ууя гээд хамт уусан. Манай  хүн бас түргэн ууртай намайг цохих гээд байхаар нь гарыг нь бариад байсан тэгэхэд гар нь хөхөрсөн байх, өмнө нь 9 сард нэг удаа маргалдаад нэг удаа түлхсэн тэгэхэд хамар нь гэмтсэн, би цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний  буруу. Эмчилгээ хийлгэж байхдаа архи уугаад байхаар нь уурласан...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Г.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн машинаар дотрын тасагт хүргэгдэн очсон. Тухайн тасгийн эмч надад үзлэг хийхэд миний биед үүссэн хөхрөлтүүдийг хараад шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн эмнэлэгт очихоос өмнө манай нөхөр бид 2 гэртээ 3 шил архи хувааж уусан. Би нэлээн согтчихоод орон дээрээ хэвтэж байтал нөхөр миний хажуугаар хэвтэхдээ миний цээжин дээр гараа тавиад амьсгал боогдох гээд байхаар нь гараа авчих гэтэл нөхөр маань намайг чи яасан хажиг юм бэ гэж хэлээд хэвлий хэсэг дээр тохойлдож босоод миний баруун, зүүн гарын бугалга, шуу руу гараараа хэд хэдэн удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би орноосоо босоод нөхөр рүүгээ уурлаж хашхирсан. Би угийн бие муутай учраас хамраас их хэмжээний цус гараад толгой эргээд эхлэхээр нь шууд түргэн дуудсан. Тухайн үед бол айхтар зодоон болоогүй...Би Б-тай 24 жил хамт амьдарч байна...Манай нөхөр намайг өмнө 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр согтуурсан үедээ намайг хэл амаар доромжлон би цагдаа дуудаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 953 дугаартай:

1.Г.Н-ын биед дух, баруун бугалга, шуу, шилбэ, зүүн бугалга, шуу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13х/,

 

- Шүүгдэгч Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б-ид гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Н-ыг гараараа цохиж эрүүл мэндэд нь “дух, баруун бугалга, шуу, шилбэ, зүүн бугалга, шуу, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг  гаргасан.

Шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б- нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Н-ыг гараараа цохиж “дух, баруун бугалга, шуу, шилбэ, зүүн бугалга, шуу, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч Г.Н-ын “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн машинаар дотрын тасагт хүргэгдэн очсон. Тухайн тасгийн эмч надад үзлэг хийхэд миний биед үүссэн хөхрөлтүүдийг хараад шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн эмнэлэгт очихоос өмнө манай нөхөр бид 2 гэртээ 3 шил архи хувааж уусан. Би нэлээн согтчихоод орон дээрээ хэвтэж байтал нөхөр миний хажуугаар хэвтэхдээ миний цээжин дээр гараа тавиад амьсгал боогдох гээд байхаар нь гараа авчих гэтэл нөхөр маань намайг чи яасан хажиг юм бэ гэж хэлээд хэвлий хэсэг дээр тохойлдож босоод миний баруун, зүүн гарын бугалга, шуу руу гараараа хэд хэдэн удаа гараа атгаж байгаад цохисон...” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 953 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Г.Н- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илрэхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ид найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчээс “...Эхнэр маань байнгын эмчилгээтэй байдаг, эмчилгээний зардал их гардаг учир торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө- овогт Ж-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-гийн Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ