Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2302000000205 дугаартай, 3 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машины оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь Хахууль өгөх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр болон 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ах Т.Идэрмөнхийн овог, нэр, регистрийн дугаар бүхий өөрийн зурагтай хуурамч гадаад паспортыг гаргуулахын тулд Б.Санчир, О.Энхцолмон нараар дамжуулан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.Оюунгэрэлд 2 удаагийн үйлдлээр тус бүр 500,000 төгрөг буюу нийт 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт нь: 

- Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол” (1 дэх хавтаст хэргийн 5-6 дахь тал),

- Баримт бичиг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 12-32 дахь тал),

- Гэрч Х.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 78-80 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал),

- Гэрч О.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал),

- Гэрч О.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал),

- Гэрч Т.Идэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал),

- Гэрч А.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-103 дахь тал),

- Яллагдагч ***ын Хаан банкны 5074190408 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 92-150  дахь тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 227 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 195 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч ***ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг нийгмийн аюулын шинж ихтэй гэмт хэрэг ба шүүгдэгч *** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, хуульд заасан нөхцөл шаардлагууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

3. Бусад асуудлаар:

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд тооцож, эдлэх ялаас 15 таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор торгох ялыг эдэлсэнд тооцож, 2,985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,985,000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэхээр тогтоож,  

- урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7  дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 15 таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор торгох ялыг эдэлсэнд тооцож хасаж, 2,985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,985,000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ***т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН