Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

  2024        01         17                                  2024/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч А.Дэлгэрмөнх /томилолтоор/,

шүүгдэгч Н.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Год холбогдох эрүүгийн 2311000001744 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Гнь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн .......................... тоотод оршин суух хохирогч Б.Пийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, түүний эзэмшлийн 2 ширхэг мөнгөн аяга, "Casio" гэсэн бичигтэй бор өнгийн оосортой бугуйн цаг, "Iphone 6" маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Пид нийт 429.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн 2311000001744 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Пийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр маань 13 цагийн орчимд явсан араас нь 14 цагийн үед би охины хамт гэрээсээ гарсан. Би гадуур ажилтай явж байгаад 18 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн .......................... тоотод гэртээ ирэхэд хаалганд завсар гарсан байсан. Ороод хартал цоожийг хөшөөд хаалга эвдэлсэн байсан ба шууд 102 дугаар луу яриад дуудлага өгсөн. Цагдаа нар явсны дараа гэрт байсан эд зүйлсээ шалгаж үзэхэд том өрөөний шилэн хаалгатай сервант дотор даавуун уутанд байсан 2 мөнгөн аяга алга болсон байсан. Манай дунд талын жижиг өрөөнд байсан авдар болон шилэн хаалгатай шүүгээг онгойлгож үзсэн байсан. Тэдгээрт хүн авчихмаар зүйл байгаагүй. 5-ын хэмжээтэй 2 мөнгөн аяга байсан 10-аад жилийн өмнө авч байсан үнийг санахгүй байна. Эдэлгээний явцад үүссэн содон шинж тэмдэг байгаа талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан стандарт мөнгөн аяга байсан. Одоо үеийн ханшаар бол 1 аяга нь 300.000 төгрөг орчим байгаа тийм болохоор би 2 аягаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Надад манай гэрт орж хулгай хийсэн гэхээр хүн санаанд орж ирэхгүй байна. 2 мөнгөн аяга нийлээд 600.000 төгрөг, эвдэлсэн хаалгыг засуулах боломжгүй гагнаасаараа салаад, төмөр нь мурийсан болохоор шинэ хаалга авах шаардлагатай болсон шинэ хаалга одоогийн ханшаар 1.000.000-1.400.000 төгрөг гэж байсан. Тэгэхээр нийт 2.000.000 орчим төгрөгийн хохирол үнэлүүлэхгүй тухайн явдлаас хойш шинэ хаалга худалдаж авсан бөгөөд хуучин хаалга нь муудсан байсан учир солих бодолтой байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 18/,

шүүгдэгч Н.Гын мэдүүлэг /хх-ийн 37/,

шүүгдэгч Н.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/,

Ял шалгасан хуудас /хх-ийн 49-50/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Н.Год холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 47-15 тоотод оршин суух хохирогч Б.Пийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, түүний эзэмшлийн 2 ширхэг мөнгөн аяга, "Casio" гэсэн бичигтэй бор өнгийн оосортой бугуйн цаг, "Iphone 6" маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Пид нийт 429.994 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Б.Пийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр маань 13 цагийн орчимд явсан араас нь 14 цагийн үед би охины хамт гэрээсээ гарсан. Би гадуур ажилтай явж байгаад 18 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн .......................... тоотод гэртээ ирэхэд хаалганд завсар гарсан байсан. Ороод хартал цоожийг хөшөөд хаалга эвдэлсэн байсан ба шууд 102 дугаар луу яриад дуудлага өгсөн. Цагдаа нар явсны дараа гэрт байсан эд зүйлсээ шалгаж үзэхэд том өрөөний шилэн хаалгатай сервант дотор даавуун уутанд байсан 2 мөнгөн аяга алга болсон байсан. Манай дунд талын жижиг өрөөнд байсан авдар болон шилэн хаалгатай шүүгээг онгойлгож үзсэн байсан. Тэдгээрт хүн авчихмаар зүйл байгаагүй. 5-ын хэмжээтэй 2 мөнгөн аяга байсан 10-аад жилийн өмнө авч байсан үнийг санахгүй байна. Эдэлгээний явцад үүссэн содон шинж тэмдэг байгаа талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан стандарт мөнгөн аяга байсан. Одоо үеийн ханшаар бол 1 аяга нь 300.000 төгрөг орчим байгаа тийм болохоор би 2 аягаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Надад манай гэрт орж хулгай хийсэн гэхээр хүн санаанд орж ирэхгүй байна. 2 мөнгөн аяга нийлээд 600.000 төгрөг, эвдэлсэн хаалгыг засуулах боломжгүй гагнаасаараа салаад, төмөр нь муруйсан болохоор шинэ хаалга авах шаардлагатай болсон шинэ хаалга одоогийн ханшаар 1.000.000-1.400.000 төгрөг гэж байсан. Тэгэхээр нийт 2.000.000 орчим төгрөгийн хохирол үнэлүүлэхгүй тухайн явдлаас хойш шинэ хаалга худалдаж авсан бөгөөд хуучин хаалга нь муудсан байсан учир солих бодолтой байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 18/,

шүүгдэгч Н.Гын мэдүүлэг /хх-ийн 37/,

шүүгдэгч Н.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/,

Ял шалгасан хуудас /хх-ийн 49-50/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Г нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны хаалгуудыг тогшиж үзэх зэргээр оршин суугчдын эзэнгүй байгаа байдлыг судалж тооцоолон хүнгүй байсан 15 тоот орон сууцыг сонгон авч төмөр хаалганы цоожийг төмрөөр хөшин онгойлгож гэрт байсан эд зүйл болох гар утас, бугуйн цаг, мөнгөн аяга зэргийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Пид 429,994 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Пийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, iphone 6 загварын гар утас, Casio загварын бугуйн цаг зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 429,994 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-27/ байх бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчид дээрх эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-24/ тус тус тогтоогдсон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн 6 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Год 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Гыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хадгалсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.УУГАНБААТАР