| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
хохирогч Л.Г, иргэний нэхэмжлэгч А.Г, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхгэрэл,
шүүгдэгч Э.А, иргэний хариуцагч Т.Х, тэдгээрийн өмгөөлөгч П.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х б овогт Э-ын Ад холбогдох 2317000950106 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Г аймгийн Сүмбэр суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Г аймгийн С сумын .. дүгээр баг, ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х б овогт Э-ын А /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.А нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчим Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын 498/161 дэх километр шонгийн дэргэд 86-68 ... улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө”, 10.6-д “Жолооч баруун гар буюу зүүн тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухай чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Жын жолоодож явсан 70-10 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж зорчигч урд чагтан холбоосны бүрэн урагдал, зүүн өвдөгний дотор гадар шөрмөсний урагдал, тойгны доорх өөхөн эслэгийн урагдал, зүүн дунд чөмөг, шаант ясны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, нуруу зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 9-10 цагийн үед Улаанбаатар хот явж байгаад замдаа нэг юм мартсанаа санаад ярилцаад буцаж авах гэж 2 минут орчмын дараа хөдөлсөн. Тухайн үед толинд хараагүй. Эргээд дарахад хажуунаас машин орж ирсэн. Тэгээд л ийм юм болсон. Гэмт хэргийн зүйчлэлтэй маргах зүйл байхгүй. Миний буруутай үйлдлээс болоод хохирогчийг хохироосондоо маш их харамсаж байна, хохирлыг барагдуулна гэв.
2. Хохирогч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2 удаагийн хагалгаанд ороход маш хүнд хэлбэртэй байсан. Сүүлд урд шагтан холбоосын хагалгаанд орсон. Эдийн засгийн боломжгүйгээс эмчилгээ тодорхой хэмжээгээр хугацаа алдсан. Хагалгаанаас ирээд 10-аад хонож байна. Одоогийн байдлаар өрөөсөн хөл дээрээ муу таягтай бэхэлгээтэй явж байна. Зүүн хөл дээд хэсгээрээ битүү хавантай, бага зэргийн хагалгааны цүлхэн үүссэн байгаа. Миний хувьд 2 хүүхэдтэйгээ амьдардаг, амьдралын боломж бололцоогоороо энгийн л амьдралтай, тийм ч баян биш хүн. Хүүхдийн сургалтын төлбөр, банкны зээл гээд надад эдийн засгийн болоод эрүүл мэндийн маш их хохирол учирсан. Өнөөдрийн хувьд би үнэхээр их гомдолтой байна. 2023 оны 08 дугаар сарын 06-наас хойш 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ямар ч ажил хийх чадваргүй байгаа. Миний нэхэмжлэлийг хурдан барагдуулж өгөөсэй гэж хүсч байна. Цаашдаа ямар үр дагавар гарч, эмчилгээ хийлгэхээ сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Ямар ч байсан зардал мөнгө, эм тариа, замын унаа, түлшний зардлыг бүгдийг нь баримттайгаар тамга тэмдэгтэй бүрдүүлж өгсөн. Ажилдаа орох хугацаа болсон учраас ээлжийн амралтаа яах ч аргагүй авсан. Одоо шарлага, физик эмчилгээ хийлгэж байгаа. Сүүлийн хагалгаанд орсноос хойш 1 сарын хугацаанд эдгэрэх боломжтой гэсэн. А нь надад 3 сая төгрөг өгсөн. Сэтгэл санааны хувьд нэг ч удаа дэмжлэг үзүүлээгүй. Өвчтэй байх хугацаандаа лист бичүүлсэн. Зарим сар нь листгүй байгаа. Яагаад гэхээр хагалгаанд орох хугацаанд лист бичиж өгдөг юм байна лээ. Улаанбаатар хот руу нийт 5 удаа ирж буцсан. Эрдэнэтэд ирээд өдөрт 2-3 удаа эмнэлэг рүү боолт, эмчилгээгээ хийлгэхээр явдаг гэв.
3. Иргэний нэхэмжлэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар орох гэж байгаад манай машин осолд орсон. Шинжээчийн дүгнэлтэд ороогүй гэмтэл, эвдрэл их гарсан. Миний хохирлыг хурдан барагдуулж өгөөч гэж хүсч байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс гадна дүгнэлт дээр ороогүй ABC аппарат, рүлийн аппарат, радиатор тус тус эвдэрсэн, кабин сэнсэрсэн байна. Говьсүмбэрээс машинаа ачуулсан 760 000 төгрөг, журмын хашааны 50 000, галт тэрэгний зардал 21 100 төгрөг, нийт баримтаар 10 875 000 төгрөг болж байгаа гэв.
4. Иргэний хариуцагч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 86-68 ... Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө гэв.
5. Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд явсан. Машиныг Ж жолоодоод урд хажуу суудалд М, зүүн талын арын суудалд миний бие, миний хажууд Гтар сууж явсан. Говьсүмбэр аймгийн төвөөс гараад хатуу хучлагатай Замын-Үүд чиглэлийн замаар явж байтал бидний урдаас нэг тээврийн хэрэгсэл ирж явснаа гэнэт машины урдуур орж ирээд мөргөсөн. Би машинаас буугаад гишгэх үед миний зүүн талын хөл гишгэж болохгүй өвдөг хэсгээрээ хөндүүрлэсэн. Би түргэний машинаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж хөлийн зураг авахуулсан. Манай машин тийм ч хурдтай явж байгаагүй, би хэдэн километр хурдтай явж байгааг хараагүй. Архи согтууруулах ундааны зүйл бид нар хэрэглээгүй. Миний зүүн талын өвдөгний чагтан холбоос урагдсан, өвдөгний дотор гадар шөрмөс урагдсан, нуруу одоо болтол өвдөж байгаа, баруун талын хөлний гадна хэсэгтээ зулгарч шалбарсан байсан. Миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас би Гэмтэл согогийн үндэсний төвд 11 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд Орхон аймагт ирсэнээс хойш байнга суга таягтай эмчилгээ хийлгэж байна. Эмч нарын зөвлөгөөнөөр сарын дараа дурангийн хагалгаанд орох заалттай байгаа. Би аваарт орох үед арын суудалд утсаа оролдоод явж байсан болохоор нөгөө машиныг хаанаас ирээд мөргөсөн талаар мэдэхгүй, хамт явсан хүмүүс эсрэг урсгалаас ирээд мөргөсөн гэж ярьсан санаад мэдүүлсэн. Түүний дараа Гтар, Ж нараас асуутал тухайн автомашин замын хажууд хойшоо хараад зогсож байгаад шууд дараад буцаж эргэх үед мөргөсөн гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-22 хуудас/,
6. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр найзуудтайгаа хоёр машинтай 10 цагийн орчим Улаанбаатар хот орохоор замд гарсан. Би 70-10 ...улсын дугаартай Нarrier маркийн машинд жолоочийн эсрэг талын урд суудалд, найз Ж жолоо барьж, арын суудалд Г, Г хоёр сууж явсан. Баянтал сумын 16 дугаар зөрлөг өнгөрөөд Их оорцог гэх газар 161/498 км шонгийн орчим Сай маркийн 86-68 улсын дугаартай цагаан өнгийн машин замын хөвөөнөөс буцаж эргэх гэж байгаад урдуур орж мөргүүлж зам тээврийн осол болсон. Тухайн үед би унтаж явсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэнэт хүчтэй мөргөж их дуу чимээ гараад суудлын бүс хүчтэй татагдсан. Машинаас буухад машины урд хэсэгт нэлээн эвдэрсэн замын гол голд, урд зүг рүү нөгөө цагаан машин мөн эвдэрсэн доторх эмэгтэй эрэгтэй 2 хэрэлдэж байсан. Арын суудалд сууж явсан Ггийн өвдөг нь хөхөрч няцарсан бололтой байхаар машинаас бууж хэвтүүлсэн. Ж тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зам болон зорчих хэсэг хуурай, эвдрэлгүй, цаг агаар цэлмэг байсан. Би 8 сартай жирэмсэн байсан ба гэдэсний доод хэсэгт бага зэрэг хөхөрсөн. Суудлын бүс татагдаад цээж хэсэгт хөндүүр байгаа. Тухайн Нarrier маркийн тээврийн хэрэгсэл манай нөхөр Ганбатын нэр дээр байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/,
7. Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 06-ны өглөө Говьсүмбэр аймгаас 70-10 .. улсын дугаартай автомашиныг би жолоодоод хажууд М, арын суудалд Гтар, Г нар сууж явсан. М нь жирэмсэн учир би машиныг барьж явсан. Би Говьсүмбэр аймгаас гарснаас хойш 80 км цагийн хурдтай явсан бөгөөд 1 даваа даваад гараад иртэл замын зүүн талд цагаан өнгийн автомашин зогсож байсан. Би тухайн машинд ойртоод хурдаа хасаад гэрлээ анивчуулж дохио өгсөн. Гэтэл тухайн машин ямар нэгэн дохио өгөлгүй зогсож байснаа гэнэт ертөнцийн зүгээр баруун тийш буюу зүүн гар тал руугаа дараад зам дээр хөндлөн орж ирээд мөргөлдсөн. Миний баруун хөл хөхөрч зөөлөн эд няцарсан, ямар нэгэн хугарал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/,
8. Гэрч Д.Гтар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 06-ны өглөө Говьсүмбэр аймгаас өглөө 9 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу Нarrier маркийн машинтай хөдөлсөн. Би машин хөдлөөд унтаад өгсөн. Машин тас гээд дуугарах чимээнээр сэртэл машины дэр гарсан байсан. Улаан өнгийн футболктой залуу жолоодож явсан бололтой бид нартай уулзаад би юу ч харсангүй эргэчихлээ гэсэн. Манай машинд сууж явсан хүмүүсээс Ггийн өвдөг, нуруу нь гэмтэлтэй гээд эмнэлгийн машинаар Улаанбаатар хот аваад явсан. Бусад хүмүүс нь ил харагдах хугарал шарх харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/,
9. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А машин бариад Х хажууд нь суугаад би ард нь суугаад Чойроос гараад л би унтаад өгсөн. Тэгээд тас гэх чимээнээр сэртэл машин зогссон байсан бөгөөд машинаас буугаад ирэхэд саарал өнгийн машинтай мөргөлдөөд урагшаа хараад зогссон байсан. Мөргөлдсөн саарал өнгийн машин нь замын баруун талд хойшоо харсан байдалтай зогсож байсан бөгөөд жолооч нь хаалгаа нээсэн яаж яваад байгаа юм бэ гээд хашхираад байсан. Машинаас хүмүүс буугаад ирсэн бөгөөд нэг эмэгтэй хүний өвдөг нь хавдсан байсан. Х А рүү чи чинь ар талаа хардаггүй юм уу гээд уурлаад байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/,
10. Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 06-ны өглөө Улаанбаатар хот руу 86-68 ... улсын дугаартай цагаан өнгийн Sai маркийн машинтай А машин бариад би хажууд нь суугаад А арын суудалд суугаад хөтөлсөн. Говьсүмбэр аймгаас гараад Баянтал сум өнгөрөөд явж байгаад хаалганы цоож янзлуулах чипийг мартсанаа санаад замын хажуу руу зогссон. Тэгээд яараагүй учир буцаж Чойр ороод чипээ аваад явсан нь дээр гэж А бид 2 ярилцаад машинтайгаа зам дээр буцаж эргээд замын гол хэсэгт явж байхад урд талаас саарал өнгийн автомашин ирээд хамар хэсгээрээ мөргөөд манай машин урагшаа хараад зогссон. Жолооч бололтой эмэгтэй хүн яаж яваад байгаа юм бэ гээд хашхираад байсан. Би Ад чи чинь толиндоо хараагүй юм уу гээд загнатал уг нь харах шиг болсон, юм харагдаагүй дээ гэсэн. Нэг эмэгтэйгийнх нь өвдөг хавдсан байдалтай бууж ирсэн. Манай машинд байсан хүмүүст ямар нэгэн гэмтэл учраагүй. А согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. 86-68 ... улсын дугаартай Сай маркийн машин нь миний нэр дээр байдаг. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/,
11. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 770 дугаартай дүгнэлтэнд: Л.Ггийн биед урд чагтан холбоосны бүрэн урагдал, зүүн өвдөгний дотор гадар шөрмөсний урагдал, тойгны доорхи өөхөн эслэгийн урагдал, зүүн дунд чөмөг, шаант ясны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, нуруу, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид алдагдуулах эсэх эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Э.Батбаяр гэжээ. /х.х-ийн 41-43 хуудас/,
12. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтэнд: Т.Х-н биед баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.08.06-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 48 хуудас/,
13. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаартай дүгнэлтэнд: Б.Ад гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 53 хуудас/,
14. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтэнд: Э.Ад гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 58 хуудас/,
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9954 дугаартай дүгнэлтэнд: Д.Гтарын биед гэмтэл тогтоогдсонгүй.
гаргасан: Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэжээ. /х.х-ийн 62-63 хуудас/,
16. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 685 дугаартай дүгнэлтэнд: Б.Жын биед хоёр хөлийн шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цээжинд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ч.Буянзаяа гэжээ. /х.х-ийн 68-69 хуудас/,
17. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаартай дүгнэлтэнд: М.Мийн биед хэвлийн зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хэвлийн зүүн доод хэсэгт үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ч.Буянзаяа гэжээ. /х.х-ийн 74-75 хуудас/,
18. Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10/2023 дугаартай дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд “Т.Harrier” маркийн 7010 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна. Toyota sai маркийн 8668 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.АМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.2 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. 10.6 Жолооч баруун гар буюу зүүн тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухай чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол замын тухайн хэсэгт замын тээврийн осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /х.х-ийн 91 хуудас/,
19. “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1074 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1068 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /х.х-ийн 80-81, 84-85 хуудас/,
20. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүх /х.х-ийн 3, 5-13, 121-127, 110-120 хуудас/,
21. Жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 98,105, 128 хуудас/,
22. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 106 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Ань 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын 498/161 дэх километр шонгийн орчимд 86-68 ... улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө”, 10.6-д “Жолооч баруун гар буюу зүүн тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухай чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 70-10 ... улсын дугаартай Toyota Harreir маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган зорчигч Л.Ггийн бие махбодид урд чагтан холбоосны бүрэн урагдал, зүүн өвдөгний дотор гадар шөрмөсний урагдал, тойгны доорх өөхөн эслэгийн урагдал, зүүн дунд чөмөг, шаант ясны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, нуруу зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Э.А гийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Ань автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Г, гэрч М.М, Б.Ж, Д.Гтар, Б.А, Т.Хнарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 770 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10/2023 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Э.Ань гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба өмгөөлөгч П.Наранхүү, А.Энхгэрэл нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Э.Ань тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг,
өмгөөлөгч А.Энхгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Улсын яллагчаас ялын шүүмж, эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт бол хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үлдэгдэл хохирлыг төлөх тодорхой хугацаа зааж, үүрэг хүлээлгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж өгөөч гэсэн саналыг,
өмгөөлөгч П.Наранхүү эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Прокурор шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэсэн боловч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн зүйлд зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох гэсэн 3 санкцтай байна. Прокурор хөнгөрүүлэх боломж байна гэсэн мөртөө аль хүнд ялыг нь сонгосонд шүүмжлэлтэй хандаж байна. Би аль болох хөнгөн тохиромжтой ялыг оногдуулах боломжтой гэж харсан. Зорчих эрх хязгаарлах ял шийтгэл нь шүүгдэгч Э.Агийн ажил байдалтай зохихгүй. Учир нь шүүгдэгч Э.Ань галт тэрэгний машинист, байнга Улаанбаатар-Замын-Үүд-Сайншанд-Улаанбаатар явж ажлаа хийдэг. Шүүхээс миний үйлчлүүлэгчид торгох ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэж хүсч байна гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүдэгч Э.Аг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ажил эрхлэлтийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ялаар шийтгэж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч А.Гын тээврийн хэрэгсэлд 10 044 000 төгрөгийн хохирол учирсан байна.
- Хохирогч Л.Г нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн хооронд гарсан эмчилгээний зардалд 5 834 380 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд гарсан унааны зардал 441 300 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гарсан эмчилгээний зардалд 496 182 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд гарсан унааны зардал 272 550 төгрөг, Капитрон банкны зээлийн 2023.08-12 дугаар сарын төлөлт 4 550 497 төгрөг, дээрх хугацааны дутуу авсан цалингийн зөрүү 13 964 515 төгрөг, нийт 25 559 424 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн “гуравдугаар” зэрэглэл тогтоосон учир сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус нэхэмжилжээ.
Хохирогч Л.Г хохирлын баримтуудыг нэмж бодохдоо тооцооны алдаа гаргасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүхээс түүний шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэж хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Эмчилгээ болон шатахууны зардал 7 241 107 төгрөг,
таксины төлбөр нийт 502 700 төгрөг /Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы агуулга хэсэг дээр такси гэсэн тэмдэглэлтэй гүйлгээг хангаж тооцов/, нийт 7 743 807 төгрөгөөс шүүгдэгч Э.Агийн хохиролд төлсөн 6 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 1 743 807 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч А.Г нь тээврийн хэрэгслийн хохирол 10 044 000 төгрөг, ачилтын зардалд 760 000 төгрөг, галт тэрэгний зардал 21 100 төгрөг, журмын хашааны төлбөр 50 000 төгрөг, нийт 10 875 100 төгрөгийг нэхэмжилсэн нь “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1068 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, мөнгөн шилжүүлгийн баримт, цахим тасалбараар нотлогдож байх тул 10 875 100 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг үндэслэж иргэний хариуцагч Т.Хс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Капитрон банкны зээлийн төлөлт 4 550 497 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Учир нь хохирогч Л.Г тухайн зээлийг 2022.11.25-ны өдөр хувийн хэрэгцээндээ зориулж авсан тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй байна.
Мөн Хохирогч Л.Ггийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. Учир нь: ажилгүй байсан хугацааны цалин тогтоохдоо Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоох боломжгүй ба тухайн хугацаагд авсан цалин хөлстэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт гэх баримтаар гуравдугаар зэрэглэл гэж тогтоосныг үндэслэж сэтгэцэд учирсан хор уршгийн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч А.Г, өмгөөлөгч А.Энхгэрэл нараас тээврийн хэрэгслээ засварын газраар засварлуулахад 4 төрлийн гэмтэл нэмж тогтоогдсоныг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурдуулах хүсэлт гаргасныг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1068 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар иргэний нэхэмжлэгч А.Г тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 10 044 000 төгрөг гэж тогтоосон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тайлан эс зөвшөөрсөн, эвдэрлийн талаар маргаж дахин дүгнэлт гаргуулаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Э.Ань цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х б овогт Э-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Ань цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар иргэний хариуцагч Т.Хс 1 743 807 /нэг сая долоон зуун дөчин гурван мянга найман зуун долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гд, 10 875 100 /арван сая найман зуун далан таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Гад тус тус олгож, хохирогч Л.Ггийн хохирлоос банкны зээлийн төлөлт 4 550 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогч Л.Г нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА