Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Я.Ж, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Я Жд холбогдох эрүүгийн 2317000000115 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Я Ж /РД:/, Д аймгийн С суманд 19.. оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, .....” ХХК-нд зуухны машинч ажилтай, ам бүл 1, Г аймгийн Ш сумын ... дугаар баг, С.. ... тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Я.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г аймгийн Ш сумын .. дугаар баг, С-ийн .. дүгээр гудамжны .. тоот хашаан дотор Б.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн гуянд цагаан, саарал өнгийн төмөр материалтай хутгаар хутгалж, биед нь зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч Я.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ажлаасаа буугаад Б-ийд очиход Б, Б, П нар архи ууж байсан. Тэнд архи ууж байгаад намайг нэг архинд явуулахаар нь авч ирээд ууж байгаад Бтэй гэртээс гараад би нэг хутга сугалсан. Тухайн үед 2 шил архи Б, Б, П нарын хамт уусан. Яагаад хутгалсан талаараа сайн мэдэхгүй байгаа. Айлгах санаатай л байсан. Хохирол 400 000 төгрөг төлсөн. Бид хоёрт таарамжгүй харилцаа байхгүй, өвөр түрийндээ орж унтдаг хүмүүс. Би гараад бие засаад ирэхэд Б цус алдаад гэхээр нь үзэхэд хутгалсан байсан. Би хутга гаргаж ирсэн талаараа санахгүй байгаа тасарчихсан байсан. Тухайн бид нар бүгд согтсон байсан, харамсаж байна гэв.

2. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Жтай найз нөхдийн харилцаатай байсан. Би эмнэлэгт хэвтсэн эм тарианы мөнгийг авах гээд ирсэн. 400 000 төгрөг өгсөн. НӨАТ-ын баримт хэрэгтэй гэдгийг нь мэдэхгүй энд авч ирээгүй. Үлдсэн нь 500 000 билүү 800 000 төгрөгийг өгөх байгаа. Заримыг нь мартчихсан байна. Жы ярьж байгаагаас зарим нь зөв, зарим нь худлаа. Бид 2 шил архи уусан. Ж гэрт орж ирээд зүүн талын сандал дээр сууж байгаад намайг гаръя гээд гэрээс гараад буцаад гэртээ орох гэтэл миний цавь руу хутгалчихсан. Би цус алдаад байсан. Сүүлд нь би Ж намайг хутгалчихлаа л гэсэн. Ээж дүү нараасаа эм, тариа, нийгмийн даатгалын мөнгө авсан. Эмнэлэгт 6 тусал хийлгээд 10 гаран хоносон. Би тогтсон ажилгүй, хөдөө айл амьтанд ажил хийж өөрийгөө болгоод явдаг гэв.

3. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.Бд эмнэлэгт амбулатороор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 548 000 төгрөгийн зардал гарсан байна. Тус 548 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 хуудас/

4. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Өглөө 09 цагийн үед гаднаас О 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи авч ирснийг бид нар уугаад сууж байтал Ж ажлаа тараад явж байна гээд ороод ирсэн. 1 шил архинд Жыг явуулаад бид хэд дахиад архи уугаад сууж байтал Б, Ж хоёр тэврэлдээд байхаар нь би та хоёр чинь цэнхэр юм уу гэж тоглоом хийтэл бид 2 авгай, нөхөр байхгүй юу гэж инээлдсэн. Б, О бид 3 юм яриад сууж байхад Б, Ж 2 гараад явсан. Удалгүй гаднаас Б зүүн гуя хэсгээс нь цус гарчихсан ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад Ж намайг хутгалчихлаа гэсэн. Тэр 2 юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Б, Жыг цохисон асуудал байхгүй. Цагдаа нар ирээд хутга хаана байгааг асуухад Ж цагаан өнгийн эвхдэг хутга гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48, 50-51 хуудас/

5. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэрт байсан 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг аваад 09 цагийн үед найз Бгэрт очтол Б, Б, Б нар байсан. Бид 4 архиа хуваагаад ууж байтал Ж ирсэн. Тэгээд ахиад 1 шил архи бид 5 уусан. Б Ж 2 зүүн орон дээр юм ярьж сууж байгаад гараад явсан. Удалгүй Б зүүн талын гуя хэсгээс цус гарсан орж ирсэн. Юу болсон талаар асуухад Ж хутгалчихлаа гэсэн. Тэр 2 гадаа маргалдсан байх, Б Жг цохисон зүйл байхгүй. Цагдаа нар ирээд хутга хаана байгааг асуухад Ж цагаан өнгийн эвхдэг хутга гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53-54, 56-57 хуудас/  

6. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Б, Б бид 3 хамт хоносон. Өглөө 09 цагийн үед гаднаас О 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи аваад орж ирээд бид нар хамт уусан. Тэгээд дахиад 1 шил архи уусан. Б, Ж 2 гараад явсан. Удалгүй Бзүүн талын гуя хэсгээс цус гарчихсан ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад Ж хутгалчихлаа гэсэн. Цусыг нь тогтоож байтал цагдаа, эмнэлэг ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 65-66, 68-69 хуудас/ 

7. Гэрч Б.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Жыг 2017 оноос хойш мэднэ. Ж ах зан байдлын хувьд дуугүй, төлөв даруу, тохитой, томоотой, олон таван үггүй, тусч, шударга, хичээнгүй зантай, ажилсаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71 хуудас/ 

8. Гэрч Х.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Жыг таньдаг болоод 2 жил болж байна. .. галчаар ажилладаг. Зан байдлын хувьд таарах болгонд инээж явдаг, тусархуу, олон таван үггүй, эхлүүлсэн ажлаа заавал хийж дуусгадаг, илүү дутуу зангүй хүн шиг санагддаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 73 хуудас/ 

9. Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар дүгнэлтэнд: “Ббиед зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Э.Баасанжав гэжээ. /х.х-ийн 77-78 хуудас/

10. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 1, 4-6, 8-23 хуудас/

11. Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /х.х-ийн 41 хуудас/

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 107-121 хуудас/ зэрэг болно.

Шүүийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Я.Ж нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Сэвхүүлийн 1 дүгээр гудамжны 18 тоот хашаанд Б.Бзүүн гуянд хутгалж бие махбодид нь зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Д.Б, Д.О, Х.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 265 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Я.Жд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Я.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглсэнээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Я.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал: Шүүгдэгч Я.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Я.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Шүүгдэгч Я.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөөч гэж хүсч байна гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Я.Жд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Я.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл 548 000 төгрөг, хохирогчид учруулсан хохиролд 400 000 төгрөгийн тус тус төлж барагдуулсан болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг харгалзан шүүгдэгч Я.Жыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч Б.Б шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 926 000 төгрөгөөс шүүгдэгч Я.Ж нь 400 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 526 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болохоо илэрхийлжээ.

Хохирогч Б.Б нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт гаргаагүй учир шийдвэрлэх боломжгүй байна.  

Гэхдээ Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Б.Б нь хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй учир нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Я.Жаас жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Ж нь хохирогч Б.Бд эмчилгээний зардалд 400 000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Ж нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 7.5 см, бариул хэсэг 10 см, төмөр иштэй хутгыг, бор ногоон өнгийн өмдийг тус тус устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Я Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Жыг 800 000 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Жд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Я.Ж нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч Б.Бд гэм хорын хохиролд 400 000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 7.5 см, бариул хэсэг 10 см, төмөр иштэй хутгыг, бор ногоон өнгийн өмдийг тус тус устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА