| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2020/0620/З |
| Дугаар | 221/МА2026/0429 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0429
“Н д” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “А э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч “Н д” ХХК-ийн төлөөлөгч,
Нэхэмжлэгч: “Н д” ХХК /РД:5461669/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайд
Гуравдагч этгээд: “А э” ХХК /РД:6903126/
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0201 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2020/0620/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0201 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч "Н д" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/***дугаар тушаалын “Н д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Гуравдагч этгээд “А э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч "Н д" ХХК-ийн нэг шаардлага болох гуравдагч этгээд "А э" ХХК-д газар олгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс өмнө дээрх сайдын А/***дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0945 дугаар шийдвэр, захиргаан хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0169 дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхээс дээрх шаардлагыг хүлээн аваагүй. Хэдийгээр дээрх шүүхийн шийдвэр, магадлал шинээр илэрсэн нөхцөлөөр хүчингүй болсон ч нэхэмжлэгчийн гуравдагч этгээдийн газрыг хүчингүй болгуулах шаардлагад дүгнэлт өгөөгүй, зөвхөн хувьцаа гэдэг үгийг хувь ашиг гэж буруу орчуулсан гэсэн үндэслэлээр хүчингүй болсон.
Тухайн үед анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгсөн үндэслэлийг анхан шатны шүүх өөрчилж буюу нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газрыг цуцалсан сайдын 2020 оны А/***дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч ТХГНтХ-ийг зөрчсөн гэж дүгнэж, сайдын газрыг дуусгавар болгосон шийдвэр хууль ёсны гэж дүгнэсэн атлаа Нэхэмжлэгчид 2022 онд олгосон газрыг мөн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Гэвч Нэхэмжлэгчийн газрыг дуусгавар болгосон сайдын 2020 оны тушаал хууль зүйн үндэслэлтэй болохыг нэгэнт шүүх тогтоосон бол сайдаас өөрийн эрх хэмжээний хүрээнд гуравдагч этгээдэд газар олгосон тушаалыг мөн хүчингүй болгох нь үндэслэлгүй болно. Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзээгүй бол шүүхээс гуравдагч этгээдэд олгосон газрыг хүчингүй болгож байгаа нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд шүүх халдсан үндэслэлгүй дүгнэлт гэж Тохиолдолд гуравдагч этгээдэд олгосон шийдвэр мөн хүчингүй болох боломжтой. үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гуравдагч этгээдэд олгосон шийдвэр мөн хүчингүй болох боломжтой.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буюу түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн атлаа бусдад эерэг буюу хариуцагчийн 2022 оны А/***дугаар тушаалыг хуульд нийцсэн эсэх талаар мөн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хоёр үндэслэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, маргаан бүхий захиргааны акт хууль ёсны биш бол нэхэмжлэл үндэслэлтэй буюу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх урьдчилсан нөхцөл болдог. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол Зөрчигдөөгүй гэж шүүх үзсэн тохиолдолд захиргааны байгууллагыг шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар шүүх дүгнэж, захиргааны байгууллагын алдааг засах, обьектив дүгнэлт өгч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, улмаар гуравдагч этгээдэд олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Ийнхүү шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй болохыг дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж захиргааны байгууллагын бусдад газар олгосон шийдвэрт дүгнэлт өгч, улмаар хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан зорилттой нийцээгүй болно.
Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн А/***дугаар тушаалаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн, нэхэмжлэгч “Н д" ХХК-ийг дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж барилга, байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн” гэж үзэж анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Харин гуравдагч этгээд "А э” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу газрыг авсан. “А э” ХХК-ийн хувьд Аялал жуулчлалын бааз байгуулах төслөө гаргаж, уг төсөл нь байшин буудал, үйлчилгээний төв, сагсны талбай, тоглоомын талбай, авто зогсоол, усан оргилуур, цөөрөм, спорт зугаалгын талбай, сүүдрэвч, нийт талбайн 30 хувьд мод тарих төлөвлөгөөтэй 120-150 хүнийг хүлээн авах хүчин чадалтай аялал жуулчлалын бааз байгуулах зөвшөөрөлтэй газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 17.3-д заасан зориулалтын дагуу авсан. Дээрх газрыг гуравдагч этгээдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу авч, зохих зардал гаргаж, эзэмшиж байгаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5. Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл гэж заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалт байхгүй тул хүчингүй болгосон газрыг бусдад олгохыг тус хуулиар хориглоогүй болно. Гэтэл нарийвчилсан хууль болох Тусгай (хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг Газрын тухай хуульд заасан зохицуулалттай нийцүүлэн дүгнэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зохицуулалтыг тусгай хамгаалалттай газар нутгийн буюу сайдад хориглоогүй зохицуулалтыг дүгнэж, улмаар гуравдагч этгээдийн газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0201 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгч “Н д” ХХК-ийн төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо:
3.1. “...Монгол улсын иргэн Ч.Б миний бие нь хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй "Н д" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.02.27-ны өдрийн 128/ШШ2026/0201 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/***дугаар тушаалын “Н д" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсэг болон тус шийдэлтэй холбоотой хийсэн шүүхийн дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэгд. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, 34.4...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг тус тус зөрчсөний улмаас захиргааны хууль бус үйл ажиллагааг илт үндэслэлгүйгээр зөвтгөсөн тухайд,
Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаар "Н д" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл маргаан бүхий актад дурдсан үндэслэлээр тогтоогдоогүй.
1.1. Манай компани нь Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2011.10.05-ны өдрийн А-338 дугаар тушаалаар олгогдсон эрх болон Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2011.12.12-ны өдөр олгосон 2011/75 дугаартай "Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ"-ний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших, Богд Хан Уулын Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газрын 16 га талбайг Аялал жуулчлал зорилгоор ашиглах эрхийг авсан. /1хх13- 14/, Улмаар 2012.01.12-ны өдөр 2011/75 дугаартай "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ"-г Хан-Уул дүүрэг, Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нартай байгуулж /1хх57-61/, 2013.12.16-ны өдрийн 208 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /1хх19-20/ хийлгэж, 2017.01.02-ны өдрийн 108/2014 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ /1хх21/-г эрх бүхий байгууллагаас олгогдсоны дагуу газрыг хуульд заасан зориулалт, нөхцлийн дагуу ашиглаж эхэлсэн. Мөн Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Б андийн 2018.01.23-ны өдрийн "Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт" /1хх64/-ээр аливаа хууль болон журам зөрчөөгүй болох нь тогтоогдсон. Тодруулбал, 2018.01.23-ны өдрийн "Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт"-ээр дараах нөхцөл байдлуудын талаар үнэлэлт, дүгнэлт хийсэн байдаг. Үүнд,
| № | Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгасан заалт | Хэрэгжилт |
| 1. | Аялал жуулчлалын зориулалтаар | Газар дээрээ 7 блок зочид буудлын граж болон 3 давхар хүртэлх барилгын ажил хийгдсэн. Оффисын зориулалттай шоон барилга баригдсан. Хамгаалалтын хашаа баригдсан. |
| 2. | Цахилгаан төвлөрсөн төвийн дулаан цахилгаанаар цэвэр усны хангамж, гүний худаг | Цахилгаан, холбоо, сүлжээ, техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, архитектур төлөвлөгөөний даалгавар, зураг төслөө Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар болон Яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан |
| Газар ашиглах гурвалсан гэрээгээр хүлээсэн үүрэг | ||
| 1 . | Зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах | Төслийн үндсэн үйл ажиллагаа эхлээгүй. |
| 2 . | Газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх | Хан-Уул дүүргийн газрын албаны мэдээлснээр газрын төлбөрийн тооцоогүй байна. |
| 3. | Байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хамгаалалтын захиргаанаас өгсөн үрэг, даалгаврыг биелүүлж ажиллана | Байгалийн унаган төрхийг хадгалах, Богд Хан уулын хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхтэй оролцсон байна. |
Дээрх тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтаар "Н д" ХХК нь ашиглах эрх бүхий газраа холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас олгосон зөвшөөрөл, үнэлгээ, дүгнэлтийн дагуу аливаа зөрчилгүйгээр ашиглаж байсан.
1.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.06.29-ний өдрийн А/***дугаартай "Газрын ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011.10.05-ны өдрийн А- 338 дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын аманд "Н д" ХХК-д 16 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг (і). хууль бусаар 2013.11.22-ны өдөр компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай "Э и и м" ХХК-д шилжүүлснийг Нийслэлийн Прокурорын Газрын Прокурорын 2020.06.22-ны өдрийн 1/35 дугаар Мэдэгдлийн дагуу зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм гормыг зөрчин газар ухаж барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр дуусгавар болгосон гэх үндэслэлийг зааж, дараах хуулиудыг баримталсан. Үүнд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Хязгаарлалтын бүсийн дэглэм Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр 7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах үйл ажиллагаа явуулж болно гэж, 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах, 27 дугаар зүйл Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 33 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2. Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно 36 дугаар зүйл. Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах 1. Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана. 39 дүгээр зүйл. Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа 1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах; 2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах, 40 дүгээр зүйл. Газар ашиглах зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох, газрыг чөлөөлөх 1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэж, Газрын тухай хуулийн 39.1. Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан; 39.1.3.эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан; 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; 39.1.5.газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн. Газрын тухай хуулийн 35.1.4. газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх; 38.1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн хуулийн зохицуулалтуудыг баримталсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын дээрх тушаалаас үзвэл, "Н д" ХХК-ийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэж заасны дагуу дуусгавар болсон гэж үзэхээр байдаг. Гэтэл тушаалд дурдсан үндэслэлийн аль нь ч Газрын тухай хуулийн 39.1. Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан; 39.1.3.эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан; 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; 39.1.5.газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн гэсэн үндэслэлд хамаарахгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгч нь газраа ашиглахдаа дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж барилга байшин бариагүй бөгөөд хууль бусаар гадаадын иргэн, хуулийн этгээдэд ашиглуулсан талаар хэрэгжсэн, биелэсэн, бодит байдалд нийцсэн баримт хэрэгт огт авагдаагүй.
1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2020.06.29-ний өдрийн А/***дугаартай “Газрын ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалыг гаргахдаа, нэхэмжлэгч буюу эрх нь зөрчигдсөн этгээдийн оролцоог шийдвэр гаргах үйл ажиллагаандаа баримтлаагүй. Харин Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2020.06.29-ний өдрийн 1/35 дугаартай “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай" мэдэгдлийг үндэслэдэг ба тухайн Мэдэгдэлд ".."Н д" ХХК нь 2011 онд Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд хамаарах Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглана хэмээн 16 га талбайн зөвшөөрөл авч, улмаар 2013.11.22-ны өдөр аж ахуйн нэгжийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай "Э и и м" ХХК руу шилжүүлж, газрыг зориулалтын бусаар ашиглан, эх үүсвэр нь тодорхойгүй, санхүүжилтээр орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт... мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гээд"... "Газар ашиглах эрх бүхий аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн охин компани болгосон, өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол барихаар барилгын ажлыг эхлүүлэн барилгын суурь цутгаж 1,2 дугаар давхрын өрлөгийн ажлыг хийсэн гэх үндэслэл зааж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 5, 9, 11.7, 33.1, 33.2., Газрын тухай хуулийн 35.1.4. 38.1 дах хэсэгт заасныг зөрчсөн нь газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болж байна гээд хүчингүйд тооцогдсон Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримталсан байдаг.
1.4. Гэтэл маргаан бүхий захиргааны актын шууд үндэслэл болсон дээрх Прокурорын мэдэгдэлд дурдсан нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагааraap тогтоогдоогүй талаар Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2022.09.26-ны өдрийн 226 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоол /1хх145-148/-д дурдагдсан. Тодруулбал, 226 дугаартай тогтоолд: - "Н д" ХХК нь 2011 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд хан уулын дархан цаазат газрын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт "Аялал жуулчлалын цогцолбор" барих төсөл бичин Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, газар ашиглах зөвшөөрөл гаргуулан авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж тус газарт орон сууцны барилга байгууламж барьж, залилан мэхэлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгахад гээд "Н д" ХХК-д эрх бүхий байгууллагаас тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл өгч, улмаар компанийн зүгээс зөвшөөрлийн дагуу барилга барих, газар ашиглах зэрэг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогджээ...хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Энэхүү шийдвэртээ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014.05.07-ны өдрийн 1082014 дугаартай "Н д" ХХК, “Г” ХХК-д барилгын ажлыг эхлүүлэх, зөвшөөрлийн хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2011.12.12-ны өдрийн 201175 дугаартай "Н д" ХХК-д улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020.11.02-ны өдрийн 164373 дугаартай "Н д" ХХК нь Хан-Уул дүүргийн газрын төлбөрийн орлогын 2603007902 тоот дансанд 2012 оноос 2020 он хүртэлх газрын төлбөр төлсөн байгаа боловч гэрээний бүртгэл байхгүй байна гэх баримт, гэрч Н.Ггийн “Манай байгууллагаас бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасанчлан иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгодог боловч Хот байгуулалт хөгжлийн газрын Улсын их хурлаар батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар Тусгай хамгаалалттай газар нутагт барилга байгууламж барихаар төлөвлөсөн байдаг. Энэ төлөвлөгөөтэй уялдуулаад тусгай хамгаалалттай газар нутагт ашиглахаар хоосон барилга барих А даалгаврын зөвшөөрөл иргэн, аж ахуйн нэгжүүд нь авч барилга барьдаг юм. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд нь зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавихгүй, харин тухайн дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын хамгаалалтын газар хяналт тавьж ажиллах ёстой байдаг. Засаг дарга болон Богдхан уулын хамгаалалтын захиргааны газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд нь газраа зориулалтын бусаар ашиглаж байна гэж санал хүсэлт ирүүлэх юм бол манай байгууллага нь тухайн асуудлыг хуулийн хүрээнд шийдэж, газар ашиглах эрхийг цуцлах эсэхийг шийдвэрлэнэ” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-гийн “...Би 2013 онд анх Дай Чинхайтай гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийж барилга бариад ашигнаасаа хэдэн төгрөг өгөхөөр тохиролцсон байсан боловч одоог хүртэл барилга барихгүй байгаа тул иргэний шүүхээр явж гэрээ цуцлуулна гэж бодож байгаа" гэх мэдүүлэг, гэрч Ч.М-ын "... Газар ашиглагч нь “Н д" ХХК бөгөөд уг ашиглалтын газарт барилга барих болон холбогдох тусгай зөвшөөрөл шаардлагатай бичиг баримтыг хөөцөлдөж бүрдүүлэх, ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. 2013-2014 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөг батлуулж, түүний дагуу Аркон ХХК-аар барилгын зургийг гүйцэтгүүлж, холбогдох байгууллагаар батлуулж, барилгын хөгжлийн төвийн экспертизээр зургуудыг батлуулж, магадлалын Ерөнхий дүгнэлт гаргасны дагуу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авч ажил эхэлсэн юм" гэх мэдүүлэг, гэрч Ц.О-ын "Н д" ХХК-ийн хувьд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хийсэн гурвалсан гэрээний дагуу төлбөрөө төлсөн байгаа юм" гэх мэдүүлэг бүхий нотлох баримтуудыг цуглуулж, үнэлснээр "Н д” ХХК-д эрх бүхий байгууллагаас тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл өгч, улмаар компанийн зүгээс зөвшөөрлийн дагуу барилга барих, газар ашиглах зэрэг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогджээ...хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэснээр хэргийг хаасан.
Иймд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2020.06.22-ны өдрийн 1/35 дугаартай "Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай" мэдэгдэлд дурдсан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Дээр дурдсан үйл баримт, нотлох баримтыг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг үндэслэж, ...хамтран ажиллах гэрээний дагуу "аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх авсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх газраараа хөрөнгө оруулалт хийж, компанийн 24 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэх замаар төслийн 79 хувийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон байх тул "дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн" гэж үзэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ, маргаан бүхий актын үндэслэлээс хальж, тухайн актад үндэслээгүй үйл баримт, нотлох баримтыг дурдсан нь үндэслэл бүхий болоогүй. Үүний улмаас хуулийг буруу тайлбарласан.
1.5. Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.13-т “Мөн нийтэд илэрхий барилгажсан, ойр орчмын газрууд барилга барьсан гэх агуулгаар тайлбарлах боловч “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” ойлголт нь бусдын хууль бус үйл ажиллагаатай харьцуулах ойлголт биш, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн горим дэглэм зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.” гэж тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:" гээд 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон... байх" зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс манай компанийн ашиглах эрх бүхий газрын ойр орчмын бүс бүхэлдээ барилгажсан байгаа талаарх тайлбарыг хэлэхдээ бусдын хууль бус үйлдэлтэй барьцаагүй. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/***дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:" гээд 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, ... байх” зарчимд нийцэхгүй байгаа талаар тайлбарласан. Тодруулбал, тухайн барилгажсан суурьшлын бүсийн аль нэг газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор тухайн суурьшлын бүсийн байгаль орчин хэрхэн, яаж сэргэх нь тодорхойгүй буюу уг шийдвэр бодит нөхцөлд нийцэхгүй юм. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дархан цаазат газрын дэглэм зөрчсөн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн талаар нэг ч баримт авагдаагүй.
Шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "... Дархан цаазат газрыг 5 жил хүртэл ашиглах хугацаагаар эрх олгосон. Мэдээж барилгаа барихын тулд газрыг ухна. Гэтэл дархан цаазат газрыг ухаж болохгүй гэж хуульд заасан. Нэхэмжлэгч тал сургууль цэцэрлэг, цэцэрлэг, орон сууцны хороолол барих төсөл боловсруулаад батлуулчихсан байна. Танай байгууллага үүнийг мэдэж байсан байх. Гэтэл одоо нэхэмжлэгч тал тухайн барилга орон сууцаа бариад дуусчихсан байхад гуравдагч этгээдэд тухайн газрыг олгосонд гомдоод байна. Танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ? гэж тодруулахад. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: холбогдуулаад ажлын хэсэг байгуулагдаад саналаа аваад явж байгаа." гэж Энэ асуудалтай хариулсан. Үүнээс үзвэл төрийн холбогдох байгууллага уг суурьшлын бүсэд үүссэн асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж ойлгогдож байна. Тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс үүсээд байгаа асуудлыг аль нэг газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгосноор шийдвэрлэх боломжгүй гэдэг нь нийтэд илэрхий бөгөөд энэ талаар төрийн байгууллагын зохих нэгдсэн бодлого, шийдвэр хэрэгтэй байгаа атал шүүх маргааныг шийдвэрлэхдээ энэ бүгдийг нэгтгэн дүгнэлгүй "хууль шүүхийн өмнө эрх тэгш байх" ойлголт нь бусдын хууль бус үйл ажиллагаатай харьцуулах ойлголт биш гэдэг тайлбар өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон.
Хоёрт. Шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдсон нотлох баримтыг илтэд буруу үнэлж, тайлбарласан тухайд,
2.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.24-ний өдрийн 221/ШТ2025/0572 дугаартай ""Н д" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хянасан тухай" тогтоолоор "....шат шатны шүүхээс ийнхүү дүгнэх үндэслэл болсон Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээний Хятад хэл дээрх эх хувийн 4.2-т төслийн цэвэр ашгийн 21 хувьтай тэнцэх ногдол ашгийг хүртэх... энэхүү төсөлд А тал 21 хувийг эзэмшинэ, Б тал 79 хувийг эзэмшинэ гэж тусгагдсан байсныг Хятад хэл дээрх хувь, ашиг гэсэн үгийг Монгол хэлэнд хөрвүүлэхдээ “хувьцаа” гэдэг орчуулгын алдаа гаргасны нотлох баримт болгож 202 дугаар нотариатчийн гэрээнд үнэн зөвийг гэрчилсэн баталгааны тэмдэг бүхий Хятад хэл дээрх гэрээний хувийн мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Алфа төвийн 15 тоотод байрлах “М т” ХХК-ийн орчуулагчийн орчуулсан уг гэрээний Монгол хэл дээрх хувийн хамт ирүүлсэн байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасны дагуу "шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн гэдэгт хамааруулан үзэх боломжтой. Учир нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд алдаатай гэрээний холбогдох заалтыг үнэлсэн нь дээрх байдлаар тогтоогдох бөгөөд тухайлбал нэхэмжлэгч "Н д" ХХК- ийг хувьцаагаа бусдад эзэмшүүлэх байдлаар хуулиар хориглосон этгээдэд газраа дамжуулан ашиглуулсан гэсэн байх тул өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй гэрээний орчуулгад талууд "хувьцаа”-г бус харин "хувь” эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байгаа нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй дүгнэгдэх ёстой нөхцөл байдал юм" гэсэн атал шүүх тухайн баримтыг үнэлээгүй, хэрэгт авагдсан Монгол хэл дээрх хувийг дахин үнэлсэн нь нотлох баримтын зөрүүг арилгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
2.2. Түүнчлэн, шийдвэрийн үндэслэл болгоод буй Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээгээр төсөлд хамтран ажилласны үр дүнд гарах ашгийг хуваарилах талаар дурдсан ба энэхүү гэрээ нь захиргааны актын үндэслэл биш болохыг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг газраа гадаадын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлсэн, ашиглуулсан үйлдлээ 2013.11.22-ны өдөр компанийн хувьцааг шилжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн охин компани болгосон гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ гэж заасныг зөрчсөн.
Гуравт. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын талаар үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй тухайд, энэхүү гомдлын 1.1.-д дурдсанаар төрийн байгууллага нь манай компанийг барилга барихыг зөвшөөрч, Архитектур төлөвлөлтийн даалгавар /1xx19-20/ хийлгэж, 2017.01.02-ны өдрийн 108/2014 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ /1хх21/-г олгосон атлаа зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм гормыг зөрчин газар ухаж барилга байшин барьсан гэх үндэслэл зааж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:" гээд 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасныг зөрчсөн.
Тодруулбал, "Н д” ХХК нь өөрийн газар дээр Аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл боловсруулж 2013.12.16-ны өдөр 208 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан. Уг төслийг хэрэгжүүлэхдээ 2017.12.20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар төсөлтэй холбоотой Байгаль орчны Ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгүүлсэн², 2018.01.23- ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнүүлсэн³ гэх мэт төслийн явцдаа төрийн зохих байгууллагатай байнгын холбоотой байсан. Төрийн байгууллагын зүгээс манай компанийн барилга байгууламжийг ямар нэг хууль тогтоомж зөрчиж байна гэж огт мэдэгдэж байгаагүй. Тийм учраас манай компани барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлж 2012-2020 оны хооронд зөвхөн газрын төлбөрт 964,885,400 төгрөг, барилгын ажлын хөрөнгө оруулалтад 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Гэтэл гэнэт буюу 2020.06.22-ны өдрийн 1/35 тоот прокурорын мэдэгдлийг үндэслэж хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг ноцтойгоор зөрчсөн явдал болсон. Анхан шатны шүүх манай маргаанд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хамаарахгүй талаар огт дүгнэлт өгөөгүй, энэ зарчмыг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна.
Дөрөвт. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/***дугаар тушаал нь хуульд нийцээгүй тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь өөрийн шийдвэр гаргах үйл ажиллагааг эхлүүлэхдээ Нийслэлийн Прокурорын газрын мэдэгдлийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасныг зөрчсөн.
Мөн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 22, 23, 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох, тайлбар гаргах оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Ийнхүү захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндсөн этгээдийн оролцоог хангаагүй нь улмаас маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасныг мөн Тусгай хамгаалалттай Газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болно гэж заасныг мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан; 39.1.3. эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан; 39.1.4. газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; 39.1.5.газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. "хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг гэж, 3.1.5. "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг; мөн Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн хэлцэлтэй холбоотой зохицуулалтад нийцээгүй, хуульд үндэслээгүй шийдвэр болсон.
Тодруулбал, анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/***дугаар тушаалыг Захиргааны актын зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэж байгаа эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй.
Тав. Шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан тухайд, шүүх маргааныг шийдвэрлэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай "Э и и м ” ХХК нь маргаан бүхий газрыг аливаа хэлбэрээр ашиглах, газар дээр тодорхой чиглэлийн үйл ажиллагаа явуулах зорилготой эсхүл "Н д" ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд хөрөнгө оруулж ашиг хүртэх зорилготой эсэх үйл баримтыг тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй. "Э и и м” ХХК нь "Н д" ХХК-ийн хувьцааг эзэмшиж улмаар "Н д" ХХК-ийн газрыг өөрийн үйл ажиллагаанд зориулан ашигласан тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Харин газрыг өөрийн компанийн үйл ажиллагаанд зориулан ашиглах бус тус газрын хууль ёсны ашиглагчийн боловсруулсан, хэрэгжүүлэх гэж буй барилгын төсөлд хөрөнгө оруулах нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хориглогдоогүй харилцаа юм. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:” гээд 5.1.2-д “хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах" гэж заасан. Хөрөнгө оруулалтын тухай энэхүү зохицуулалтын дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцааг эзэмших, худалдан авах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой байна. “Э и и м” ХХК нь хөрөнгө оруулалтын энэ боломжийн хүрээнд “Н д" ХХК-ийн хувьцааг худалдан авч тухайн компанийн хэрэгжүүлэх барилгын төслийг хамтран хэрэгжүүлж ашиг орлого олох зорилготой байсан. Ийм зорилго, тохиролцоотой байсан гэдэг нь “Н д” ХХК болон "Элегант интернешнл инвестмент” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013.06.28-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулж Хамтран ажиллах гэрээ”-ний заалтууд буюу Аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрхэн хэрэгжүүлэх, талууд ямар үүрэгтэй оролцох, төслийн ашиг орлогыг хэрхэн хуваарилах, гэрээний хэрэгжилтийг хэрхэн хянах зэрэг харилцааг зохицуулснаас харагдана. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт өгөөгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу "А э" ХХК-д хууль бусаар газар олгосон актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт сэргээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Дээр дурдсан үндэслэлээр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй гэж заасны дагуу шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “Н д” ХХК-иас шүүхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын / хуучин нэрээр/ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/***дугаар тушаалаар “ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/338 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын аманд “Н д” ХХК-д 16 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э и и м” ХХК-д шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаар мэдэгдлийн дагуу зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж барилга, байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн тул дуусгавар болгосугай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
3. Анхан шатны шүүхээс “... дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэхэд дээрх хамтран ажиллах гэрээний дагуу аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх авсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх газраараа хөрөнгө оруулалт хийж, компанийн 24 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэх замаар төслийн 79 хувийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон байх тул дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэж үзэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна ... нэхэмжлэгчээс 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Н д” ХХК болон “Г” ХХК, “Э и и м” ХХК-иудын хооронд байгуулсан “Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ”-ний 4.2-т заасан хувь болон хувьцаа гэх ойлголт зөрүүтэй орчуулагдсан хэмээн маргах боловч хэрэгт нэхэмжлэгчээс анх гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан гэрээ нь орчуулга бус, тус гэрээний монгол хэл дээрх эх хувь байна, ... энэхүү гэрээг хятад монгол хэл дээр үйлдсэн ба нэгэн адил хүчинтэй, ... энэхүү гэрээний эх хувь нь нэг хэл дээр 4 хувь, талууд тус бүр 2 хувийг хадгалах ба нэгэн адил хуулийн хүчинтэй гэж зааснаас үзэхэд энэхүү гэрээний зүйл, заалт монгол хэлээр бичигдсэн хувиараа мөн адил хүчинтэй, өөрөөр хэлбэл орчуулгаас шалтгаалсан гэрээний агуулгын зөрүү үүссэн гэх тайлбар үндэслэлгүй, ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “ Хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах “ гэж заасан нь маргаан бүхий акт гарах тухайн үед өөрчлөлт ороогүй байсан бөгөөд хэрэгт авагдсан 2013 онд батлагдсан аялал жуулчлалын цогцолбор болон орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө эскиз зураг, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт төмөр бетон карказан бүтээцтэй 6-7 давхар 24 блок орон сууцны болон үйлчилгээний барилга төлөвлөсөн, мөн барилгуудын суурийг харуулсан үзлэгийн тэмдэглэл, фото зураг гэх баримтуудаас үзэхэд хуульд заасан түр отоглох аяллын зориулалттай барилга гэж үзэхээргүй төдийгүй, уг хуулийн зорилго болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулах харилцааны хувьд ч хүн түр, эсхүл байнга амьдрах зориулалтаас хамааруулж зориулалтын дагуу ашигласан эсэхийг тодорхойлох боломжгүй, аялагч 2-3 сар түр түрээсэлж байгаад явах зориулалттай гэх агуулгаар тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй ... мөн нийтэд илэрхий барилгажсан, ойр орчмын газрууд барилга барьсан гэх агуулгаар тайлбарлах боловч хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ойлголт нь бусдын хууль бус үйл ажиллагаатай харьцуулах ойлголт биш, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн горим дэглэм зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй ...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргаан бүхий А/***дугаар актын үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж дүгнэхээр байна.
4. Тухайлбал, хариуцагч байгууллагаас 2020 оны А/***дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шаардлагатай шалгах ажиллагаа хийгээгүй 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулаагүй, харин Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаар мэдэгдлийг үндэслэж А/***дугаартай тушаалыг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5. Тодруулбал, хариуцагч нь А/***тушаал гарах үндэслэл болсон 1/ Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын аманд “Н д” ХХК-д 16 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э и и м” ХХК-д шилжүүлсэн эсэх, 2/ Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаар мэдэгдлийн дагуу шийдвэр гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шаардлагатай ажиллагаа хийж, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж барилга, байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн эсэхийг нарийвчлан шалгаж тогтоосны эцэст шийдвэр гаргах байтал дээрх Захиргааны ерөнхий хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлагатай шалгах ажиллагаа болон нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг огт хийгээгүй, зөвхөн прокурорын мэдэгдэлд үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.
6. Хариуцагчийн А/***дугаар тушаал гарах болсон үндэслэлүүдийн тухайд:
6.1 Хариуцагчаас “...Арцатын аманд “Н д” ХХК-д 16 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э и и м” ХХК-д шилжүүлсэн ... гэх үндэслэлийн тухайд Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Н д” ХХК-ийн нийт хувьцааны 76 хувийг тус компанийн захирал Ч.Б, 24 хувийг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол Улсад үүсгэн байгуулагдсан дотоодын хуулийн этгээд болох “Элегант инернэшнл инвестмент монголиа” ХХК эзэмшиж байх бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ гэж зааснаар “Н д” ХХК нь гадаадын хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн аль нь ч биш байх бөгөөд Монгол Улсын хуулийн этгээд байна.
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар “Н д” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь тус компанийн захирал Ч.Б байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, лавлагаагаар гадаадын хөрөнгө оруулалттай “Э и и м” ХХК-д 25 болон түүнээс дээш хувийн хувьцааг шилжүүлээгүй, мөн тус компанид газар ашиглах эрхээ шилжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь анх 100 хувийн хувьцааг Ч.Б эзэмшиж байсан бол 2013 онд 16 га газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зорилгоор хөрөнгө оруулалтын баталгаа болгож 24 хувийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээд болох “Э и и м” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд газар ашиглах эрхээ уг компанид шилжүүлээгүй, захиргааны хэрэгт газар ашиглах эрхийг бусдад шилжүүлсэн талаар ямар нэг шийдвэр, гэрээ гэх мэт нотлох баримт байхгүй байна. Анхан шатны шүүхээс “Н д” ХХК-ийн хувьцааны хувь хэмжээ, эзэмшлийн талаар болон бусдад газар ашиглах эрхээ шилжүүлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.
6.2 Хариуцагчаас “...Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаар мэдэгдлийн дагуу ... газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэлийн тухайд Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ” гэж зааснаар прокурорын мэдэгдэл нь гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэлбэрийн талаар мэдэгдэл бичиж захиргааны байгууллагад хүргүүлэх, захиргааны байгууллага мэдэгдлийг хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж холбогдох шийдвэрийг гаргах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч компанид 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 226 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага прокурорын мэдэгдлийн дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлсний дараа холбогдох шийдвэрийг гаргах учиртай байтал мэдэгдэл гарсан өдрөөс хойш 7 хоногийн дараа дээрх ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь А/***дугаар тушаалыг гаргахдаа тушаалд дурдсан газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй зөвхөн прокурорын мэдэгдлийг үндэслэн маргаан бүхий тушаалыг гаргасан гэж дүгнэхээр байна.
6.3 Хариуцагчаас ... хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд газраа ашиглуулсан ... гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч компанийн зүгээс “Г” ХХК-тай хамтран “Э и и м” ХХК-тай “Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ “-г 2013 онд байгуулжээ. Уг гэрээний ДӨРӨВ-ын 2-т “А, Б талууд харилцан тохиролцсоны дагуу А тал нь барилга байгууламж барих газраар хөрөнгө оруулалт хийн хувьцаа эзэмших харьцлаар энэхүү төслийн цэвэр ашгийн 21 хувьтай тэнцэх хувьцааг эзэмшихээс гадна бусад нөхөн олголтын эрх эдлэхгүй. Б тал газраас бусад барилга байгууламжийн угсралтын бүхий л ажилд 100 хувь хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах харьцаа холбоо үүсгэн энэхүү төслийг хэрэгжүүлнэ.
6.3.1 Хамтын ажиллагааны төсөлд А тал 21 хувь ба Б тал 79 хувийн хувьцааг тус тус эзэмшинэ” гэх гэрээний заалтын хувьд Хятад хэл дээрх албан ёсны нотариатаар батлуулсан гэрээг үндэслээгүй Монгол хэл дээрх гэрээ нь албан ёсны хятад хэл дээрх гэрээнээс өөрөөр буюу хувь ашиг гэсэн үгийг хувьцаа гэж бичигдсэн үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянаад хүчингүй болгосон байх бөгөөд уг гэрээг хятад хэлнээс монгол хэл рүү "М т" ХХК-иас албан ёсны орчуулга хийсэн байна.
6.3.2 Үүнээс үзэхэд хувь ашиг болон хувьцаа ноогдол ашиг нь хууль зүйн үр дагаврын хувьд хоорондоо ялгаатай ойлголтууд бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс хөрөнгө оруулалт босгох зорилгоор бусадтай хамтран ажиллах иргэний эрх зүйн хамтран ажиллах гэрээ байгуулж төслөө хэрэгжүүлсний үр дүнд хүртэх цэвэр ашиг орлогоос нэхэмжлэгч компани 21 хувийн ашиг хүртэхээр, хамтран ажиллах гэрээ байгуулсан “Э и и м” ХХК 79 хувийн ашиг хүртэхээр барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж ойлгогдож байх бөгөөд уг гэрээний ДӨРӨВ-ын 2 дахь заалтын зорилго нь гэрээний дагуу талууд төслөө хэрэгжүүлсний үр дүнд олох цэвэр ашгийг хэрхэн хуваарилах талаар зохицуулсан байх тул уг гэрээний заалтаар нэхэмжлэгч нь хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд газраа дамжуулан ашиглуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
6.3.4 Энэ талаар анхан шатны шүүхээс дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх газраараа хөрөнгө оруулалт хийж компанийн 24 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэх замаар төслийн 79 хувийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон байх тул дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэж үзэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.
6.3.5 Тухайлбал Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ гэх заалтыг буруу ойлгож хэрэглэсэн, нэхэмжлэгчээс компанийн хувьцааны 79 хувийн хувьцааг “Э и и м” ХХК-д шилжүүлсэн гэх дүгнэлтийг хийж, уг хуулийн заалттай холбогдуулан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
6.3.6 Мөн шүүхээс улсын бүртгэлийн байгууллагаас хамгийн сүүлд авсан лавлагаагаар “Н д” ХХК-ийн хувьцааны 76 хувийн хувьцааг тус компанийн захирал Ч.Б, 24 хувийн хувьцааг “Э и и м” ХХК тус тус эзэмшсэн хэвээр байх бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьцааны хувь хэмжээнд анх 2013 онд өөрчлөлт орсноос хойш дахин өөрчлөлт ороогүй хэвээрээ байх тул нэхэмжлэгч компанийн зүгээс хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд газраа ашиглуулсан, нэхэмжлэгч компанийн хувьцааны 79 хувийн хувьцааг бусдад шилжүүлсэн гэх үндэслэлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
6.3.7 Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэх заалт нь газар ашиглах эрхтэй этгээд бусдад газраа дамжуулан ашиглуулахыг хориглосон заалт бөгөөд нэхэмжлэгч “Н д” ХХК нь нийт хувьцааны 24 хувийг “Э и и м” ХХК шилжүүлсэн болон тус компанитай хамтран ажиллах гэрээний дагуу төслөөс олох цэвэр ашгаас нэхэмжлэгч компани 21 хувийн ашиг, хамтран ажиллах гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч компани 79 хувийн ашиг хүртэхээр хийгдсэн гэрээ зэрэг нь бусдад газраа дамжуулан ашиглуулахтай ямар нэг хамааралгүй бөгөөд уг үйл баримтыг үндэслэн бусдад ашиглаж байгаа газраа дамжуулан ашиглуулсан гэж үзэх боломжгүй юм.
6.4 Хариуцагчаас “...дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж барилга, байшин барьсан...” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч компанийн зүгээс 2013 онд хөрөнгө босгох зорилгоор “Э и и м” ХХК-д компанийн хувьцааны 24 хувийн хувьцааг эзэмшүүлж, өөрийн эзэмшлийн аялал жуулчлалын зориулалттай 16 га газарт аялал жуулчлалын цогцолбор барих зорилгоор “ Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ”-г “Э и и м” ХХК-тай байгуулж, төслийн ажлыг эхлүүлсэн байх бөгөөд 2013 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулан авсан байна. Уг төлөвлөлтийн даалгаврын хүснэгт-2-т “Г” ХХК болон “Н д” ХХК-ийн Аялал жуулчлалын цогцолбор барилга, хүснэгт-3-д жуулчдад зориулсан янз бүрийн хэмжээтэй 50 блок амрах байр, 1 блок хүүхдийн цэцэрлэг, 1 блок зочид буудал, 6 блок жуулчдад зориулсан худалдаа үйлчилгээний зориулалттай барилгуудыг барихаар төлөвлөж архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдаж, 2017 онд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан байна. Барилгын ажил эхлүүлснээс хойш 2018 онд Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дүгнүүлсэн гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд дээрх үйл баримтуудыг Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “ Хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
6.4.1 Учир нь барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэрэгт тусгаснаар дээрх барилгууд нь аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар жуулчид тодорхой хугацаагаар түр буудаллах амрах байр, зочид буудал, худалдаа үйлчилгээний барилга нэртэйгээр тусгагдсан байх бөгөөд уг барилгууд нь бүрэн баригдаж дуусаагүй байхад ирээдүйд нийтийн орон сууцны зориулалттай барилга баригдана гэж таамаглаж зориулалтын бусаар газар ашигласан гэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
6.5 Хариуцагчаас тушаалдаа “...зориулалт бусаар олгосон...” гэх үндэслэлийн тухайд агуулгын хувьд ойлгомжгүй байх бөгөөд зориулалтын бусаар олгосон гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд 48.3-т эерэг үйлчлэл бүхий /газар ашиглах эрх олгосон/ захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч компанид газар ашиглуулах эрхийг 2010 онд олгосон нь дээрх хуулийн зохицуулалтаар хүчингүй болгох хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.
7. Марган бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын садын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаар тушаалын тухайд :
7.1 Анхан шатны шүүхээс маргаан бүхий А/***дугаар тушаалын актын биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд маргаан бүхий актын талаар анхан шатны шүүхэд маргаантай байх үед хариуцагч байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаар захирамжаар “А э” ХХК-д маргаан бүхий газартай давхцуулан 31640 мкв газрыг олгожээ.
7.2 Анхан шатны шүүхээс “... хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “ ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр заавал биелүүлэх” гээд 12.1.4-т “шүүгчийн захирамж”, 12.2-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасныг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг” зэргийг биелүүлж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж тус тус заасныг зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/***тушаалаар “А э” ХХК-д газар ашиглуулах эрхийг олгосон .... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж газрын харилцаанд төрийн захиргааны байгууллага баримтлах зарчмыг тодорхойлсон бөгөөд хариуцагч “Н д” ХХК-ийг холбогдох хуулиудыг зөрчсөн гэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон атлаа гуравдагч этгээд “А э” ХХК-д тухайн захиргааны акт маргаантай хугацаанд шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлсэн байх үед дээрх холбогдох хуулиудыг зөрчиж газар ашиглуулах эрх олгосон нь газрын хувьд нэг байршилд байх хоёр өөр компанид хууль хэрэглэхдээ тэгш хандаагүй болон нэхэмжлэгчээс хууль зөрчиж гуравдагч этгээдэд газар олгосон гэж маргаж байгаа энэхүү тохиолдолд шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэх үндэслэлээр зөвтгөн тайлбарлаж хэвээр үлдээх үндэслэлгүй гэж үзлээ ... шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн захирамжийг биелүүлэхгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын үйлдлийг зөвтгөх боломжгүй, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтохгүй, шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байх үндэслэлийн нэг болж байгааг мөн харгалзан үзлээ .. гэж тус тус дүгнэсэн нь маргаан бүхий акттай холбоотой маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 -т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0201 дугаар шийдвэрийг хэсэгчлэн өөрчилж шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтыг “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж гэснийг “ бүхэлд нь хангаж” гэж , Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг “ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаар тушаал, 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн А/***дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР