Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 66

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

иргэдийн төлөөлөгч Ж.Цэцэгмаа,

хохирогч Ц.Даваасүрэн,

шүүгдэгч Ц.Болдбаатар, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД:  1703/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Сож овогт Цэрэнжавын Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031564 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буян-Ухаагийн 25-85Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сож овогт Цэрэнжавын Болдбаатар /РД: ЙГ76110118/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25-85 тоотод иргэн Ц.Даваасүрэнг шалтгаангүйгээр зүүн далан тус газар нь хутгалж хүнд гэмтэл танхайн сэдэлтээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ц.Даваасүрэн: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны оройн 20 цагийн үед би эхнэр, хүүхдийн хамт мах идэхээр Болдбаатарын гэрт очсон. Болдбаатарын гэрт очихдоо нэг савтай пиво авч очоод түүнийгээ уусан. Гэтэл гаднаас Болдбаатар орж ирсэн. Тэгэхээр нь эхнэр хүүхдээ аваад Болдбаатарын гэрээс гараад харихаар явж байтал Болдбаатарын эхнэр Тунгаа эгч орилоод уйлж байгаа дуу гарахаар нь гэрт буцаж ороход Тунгаа эгч орон дээрээ суучихсан уйлж байсан. Юу болсон талаар асуухад Болдбаатар намайг үгийн зөрүүгүй хутгалсан. Би Болдбаатарыг цохьсон гэдгээ санахгүй байна. Одоо миний зүүн гарын хөдөлгөөн муу, байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа, би хохиролд 770.000 төгрөг авсан. Ажилгүй байсан орлогоо нэхэмжилж байна. Миний үлдэгдэл хохирол мөнгийг барагдуулчихвал гомдол саналгүй... гэв.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 22-23 цагийн үед би ажлаасаа тараад гэртээ ирэхэд Даваасүрэн эхнэртэйгээ хамт манай гэрт ирсэн архи уугаад сууж байгаад надтай мэнд мэдээд зөрөөд манай гэрээс гараад явсан. Тэгээд 20-30 минутын дараа Даваасүрэн буцаж гэрт орж ирээд намайг цохьсон. Би тухайн үед эхнэртээ уурлачихсан байсан болохоор тэр уурандаа Даваасүрэнг хутгалчихсан байсан... гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Ц.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд буюу манай үеэл эгч Тунгаагийн гэрт нь би эхнэр Пүрэвсүрэнгийн хамт очиж мах чанаж идсэн. Эхнэр бид хоёр дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай 1 сав пиво авсан байснаа Тунгаа эгчтэй гурвуулаа хувааж уусан. ...22 цагийн үед эхнэр бид хоёр явах гэж байтал Тунгаа эгчийн нөхөр болох Болдбаатар гаднаас орж ирсэн. Эхнэр бид хоёр зөрөөд харих гээд гартал гэр дотор хэрүүл маргаан болж Тунгаа эгч орилоод эхэлсэн, би гэр лүү нь буцаад ортол Тунгаа эгч гэрийнхээ баруун талын орон дээр хувцсаа өмсөөд уйлаад сууж байсан. Болдбаатар зүүн талд ширээний хажууд тавагтай чанасан мах хутгаар огтолж идээд сууж байсан. Би Болдбаатарт чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Болдбаатар яасан юм гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй мах идэж байсан хутгаараа миний зүүн талын далны доод хэсэгт 1 удаа хутгалсан. ...Намайг ямар нэг шалтгаангүй хутгалсан. Бид хоёрын хооронд маргаан ерөөсөө болоогүй. ...Би Болдбаатарыг цохиж зодоогүй, би огт гар хүрээгүй. ...Болдбаатар хутгаа бариад босож ирээд намайг хутгалсан. Би зуухны урд талд зогсож байсан, Болдбаатар луу ойртоогүй. ...Би эмчилгээнд 837,000 төгрөг зарцуулсан. Эмчилгээний зардлаас гадна би өдөртөө нүүрс зарж хоолны мөнгөө олдог. Нүүрс зараад өдөртөө 25,000-30,000 төгрөгийн орлого олдог. Би одоо хүртэл нүүрсээ зарж чадахгүй байна, оёдолтой учраас хүнд юм өргөж болохгүй, мөн гадаа даарч болохгүй учраас уг орлогоо 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 96 хоногоор бодоод нийт 2,880,000 төгрөг болж байна. Ингээд эмчилгээний зардалтай нийлээд 3,717,000 төгрөг болж байна. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Эмчилгээний зардал 837,000 төгрөгийн төлбөрөөс бэлнээр 530,000 төгрөг өгсөн, мөн адууны өрөөл мах өгснийг 150,000 төгрөг гэж бодоход эмчилгээний зардлаас 680,000 төгрөг өгсөн гэсэн үг. Үлдэгдэл 157,000 төгрөг, дээр нь нүүрс зараад олох ашгийн 2,880,000 төгрөгийг нэмээд одоо 3,037,000 төгрөгийг нэхэмжилж байна... /хх-ийн 24-25, 27-28/ гэсэн,

 

Гэрч П.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...нөхөр болон хүүтэйгээ хамт Тунгаагийн гэрт очсон. ...Нөхөр бид хоёр дэлгүүрээс том литрийн пиво 1 савыг аваад очсон. Пивоо гурвуулаа хувааж уугаад дуусгасан чинь Тунгаа би пиво уух дургүй хатуу юм ууя гээд манай нөхрийг 0.5 литрийн Ерөөл архинд өөрөө мөнгийг нь өгөөд явуулсан. Манай нөхөр архи авчраад бид гурав хувааж уусан. 22 цагийн үед нөхөр бид хоёр гэртээ харья гээд хувцсаа өмсөөд гарах гэж байтал Болдбаатар гаднаас ороод ирсэн. Манай нөхөр Болдбаатартай мэндэлсэн чинь Болдбаатар дургүй байдалтай сайн гэж хэлж байсан. Болдбаатар надтай ч мэндлээгүй. Тэгээд бид гурав гэрээс нь шууд гараад автобусны буудал дээр очоод зогсож байтал манай нөхөр Даваасүрэн энэ Болдбаатар арай жирэмсэн Тунгаа эгчийг зодож байж магадгүй, та хоёр гэртээ харьж бай, би очоод хараад ирье гээд яваад өгсөн. ...Би Болдбаатарыг эхнэр Тунгааг зоддогийг мэддэг учраас янз бүрийн зүйл болчих байх гэж бодоод нөхрийнхөө араас явсан. Хүү бид хоёр хашааных нь хаалгаар дөнгөж ортол Тунгаагийн уйлж байгаа дуу сонсогдож байсан. Яг гэрийнх нь хаалганы үүдэнд би иртэл манай нөхөр Даваасүрэн хаалга онгойлгоод өөдөөс намайг хутгалчихлаа гээд гарч ирээд газарт сөхрөөд уначихсан. Би сандраад цагдаа түргэн дуудсан. ...Болдбаатар, Даваасүрэн хоёр хоорондоо маргалдаагүй... /хх-ийн 29-31/ гэсэн,

 

Гэрч Б.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн орчим Даваасүрэн эхнэр хүүхэдтэйгээ хамт манай гэрт ирсэн. Тэр хоёр ирэхдээ Сэнгүр нэртэй том савтай пиво авчраад бид гурав хувааж уусан. Би Даваасүрэнд мөнгө өгөөд архинд явуулсан. 500 граммтай Ерөөл архи авчраад бид гурав хувааж уугаад сууж байтал манай нөхөр гэртээ ороод ирсэн. Манай нөхөр намайг яах гэж архи уугаад байгаа юм бэ гэж загнасан. Даваасүрэн эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа гараад явсан. Удалгүй 30 орчим минутын дараа Даваасүрэн ганцаараа гэрт орж ирээд яагаад миний эгчийг загнаад байгаа юм бэ гээд манай нөхөртэй барьцалдаж аваад гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр гэрт орж ирээд Даваасүрэнгээс цус гараад байна, Даваасүрэнг оруул гэж хэлсэн. Би яасан юм бэ гэтэл манай нөхөр би Даваасүрэнг хутгалчихлаа гэж хэлсэн. Би тасарчихсан байсан учраас болсон зүйлүүд орж гараад байна. Би гэрээс гараад Даваасүрэнг хартал 00-н хажууд газарт сууж байсан. ...Урт саарал өнгийн иштэй хутгаар хутгалсан. Хутга савтай махан дотор байсан. Хэзээ хутгалсныг би мэдэхгүй, санахгүй байна. ...Би нэлээн согтуу байсан болохоор Даваасүрэнг буцаад ганцаараа орж ирэхэд савтай мах хаана байсныг санахгүй байна. Би яаж хутгалсныг нь мэдэхгүй. ...Даваасүрэн гэрээс гарахдаа намайг Болдбаатар хутгалчихлаа гээд л гарсан, тэгэхээр Болдбаатар гэрт Даваасүрэнг хутгалсан байх... /хх-ийн 32-34, 37-38/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Очирбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өглөө 11 цагийн үед манай хойд аав Болдбаатарын ажлын хүн ирээд том савтай пиво хувааж уугаад хамт ажилдаа явсан. Манай гэрт орой 17 цагийн үед Даваасүрэн ах эхнэр, хүүхэдтэйгээ хамт ирсэн. Даваасүрэн ах ирэхдээ том савтай пиво авчирсныг манай ээж, Даваасүрэн ахын эхнэр, Даваасүрэн ах гурав хувааж уусан. Тэгээд ууж дуусаад Даваасүрэн ах дэлгүүр яваад 1 шил архи авчраад бас гурвуулаа хувааж уусан. Архи ууж дуусаж байхад манай хойд аав Болдбаатар гэрт орж ирсэн. Хойд аав Даваасүрэн ахыг яв гэж хэлээд Даваасүрэн ах эхнэр хүүхдээ аваад гэрээс гарсан. Хойд аав ээжийг архи уулаа гэж загнаад хойд аав, ээж хоёр хоорондоо маргалдсан. Ээж аа гээд чанга орилоод байсан чинь Даваасүрэн ах гаднаас ганцаараа ороод ирсэн. Энэ үед хойд аав ширээний хажууд явган суугаад мах хутгаар зүсээр идээд сууж байсан. Даваасүрэн ах орж ирээд та манай эгчийг яагаад зодоод байгаа юм бэ гэтэл аав хутгаа бариад Даваасүрэн ах руу дайрах үед би шууд хараад айгаад хөнжил дотроо толгойгоо шургуулсан. Тэр үед ээж Болдбаатар Даваасүрэнг хутгалчихлаа гэж хэлж байсан. Би хөнжилнөөсөө толгойгоо гаргаад хартал Даваасүрэн ах гэрийн гадаа 00-ын хажууд сууж байсан. Хойд аав бурханы хажууд зогсож байсан. ...Манай хойд аав ажлаасаа гэртээ орж ирээд Даваасүрэн ахыг эхнэр хүүхэдтэйгээ яв гэж хэлээд чи намайг дээрэлхээд байна уу гэж байсан. Өөр маргалдаагүй. ...Манай хойд аав гэртээ эрүүл орж ирсэн. Хойд аав архи уудаггүй, харин ээж байнга архи уудаг, мөнгөгүй болчихвол хоолны махыг зараад архи авч уудаг. Хойд аав ээжийг архи уулаа гэж загнадаг. Ээж одоо жирэмсэн байж бас архи уугаад байдаг... /хх-ийн 40-41/ гэсэн,

 

Шинжээч Б.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт Даваасүрэнг очиж үзсэн. Үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Гэмтэл нь 1 удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... /хх-ийн 61/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 22 цаг өнгөрөөгөөд гэртээ орж иртэл Тунгалагийн хамаатан Даваасүрэн эхнэр хүүхэдтэйгээ манай гэрт ирсэн согтуу сууцгааж байсан. Тэд нартай мэндэлсэн, зөрөөд хүүхдээ аваад гарсан. Тэр гурвыг гарсны дараа Тунгалаг чи манайхныг тоосонгүй гээд орилж хашгираад уйлаад байсан. 20 гаруй минутын дараа Даваасүрэн ганцаараа орж ирээд юу ч хэлэлгүй намайг шууд цохиод авсан. Намайг цохих үед би гартаа савтай мах барьсан байсан учраас махаа газарт унагаасан, махан дээр байсан хутгыг би гартаа барьсан байсан. Тэгээд цохилтонд нь Даваасүрэн рүү хутгыг дүрчихсэн байсан. Би гэхдээ тухайн үедээ хутгалсан гэдгээ мэдээгүй. 20-30 минутын дараа гартал Даваасүрэн 00-ын хажууд хувцсаа тайлаад сууж байсан. Би хүзүүний ороолт гаргаж боож өгсөн. Удалгүй түргэн, цагдаа ирсэн. ...Би хутгалчихна гэж ёстой бодоогүй. Бид хоёр хоорондоо маргаагүй. ...Миний зүүн хацар луу гараараа 1 удаа цохьсон. Надад гэмтэл учраагүй... /хх-ийн 80-81,83-84/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13, 19/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/,

- Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21/,


            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10491 тоот дүгнэлтэд ...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн гэх бүх хувцаснууд болон хутган дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна... /хх-ийн 48/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16142 тоот дүгнэлтэд ...Даваасүрэнгийн биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хурагдалт, шарх орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй... /хх-ийн 60/ гэсэн,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 56 тоот дүгнэлтэд ...Дүгнэлт 1, 2. Ц.Болдбаатар нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Ц.Болдбаатар нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц.Болдбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

5. Ц.Болдбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Ц.Болдбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй... /хх-ийн 66/ гэсэн дүгнэлтүүд,

 

-Шүүгдэгч Ц.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88, 91/,

- Шүүгдэгч Ц.Болдбаатарын хувийн байдалтай холбоотой гэрч А.Цолмонбаатар /хх-ийн 42-43/, Ц.Ганбат /хх-ийн 44-46/ нарын мэдүүлгүүд,

- Тодорхойлолт /хх-ийн 96, 97/,

- Хохирогч Ц.Даваасүрэнгийн өвчний түүх /хх-ийн 100-113/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 115/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25-85 тоотод иргэн Ц.Даваасүрэнг шалтгаангүйгээр зүүн далан тус газар нь хутгалж танхайн сэдэлтээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Ц.Болдбаатар, гэрч П.Пүрэвсүрэн, Б.Тунгалаг, насанд хүргээгүй гэрч Б.Очирбат нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10491, 16142 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...Ц.Даваасүрэн ганцаараа орж ирээд юу ч хэлэлгүй намайг шууд цохиод авсан. ...Махан дээр байсан хутгыг би гартаа барьсан байсан. Тэгээд цохилтонд нь Даваасүрэн рүү хутгыг дүрчихсэн байсан... гэж мэдүүлэх боловч шүүгдэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба түүний ингэж мэдүүлсэн нь:

хохирогч Ц.Даваасүрэнгийн ...Болдбаатар зүүн талд ширээний хажууд тавагтай чанасан мах хутгаар огтолж идээд сууж байсан. Би Болдбаатарт чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Болдбаатар яасан юм бэ гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй мах идэж байсан хутгаараа миний зүүн талын далны доод хэсэгт 1 удаа хутгалсан. ...Намайг ямар нэг шалтгаангүй хутгалсан... /хх-ийн 24-25/ гэсэн,

насанд хүрээгүй гэрч Б.Очирбатын ...Даваасүрэн ах орж ирээд та манай эгчийг яагаад зодоод байгаа юм бэ гэтэл аав хутгаа бариад Даваасүрэн ах руу дайрах үед би шууд хараад айгаад хөнжил дотроо толгойгоо шургуулсан. Тэр үед ээж Даваасүрэнг Болдбаатар хутгалчихлаа гэж хэлж байсан... /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны №16142 тоот дүгнэлтээр ...Ц.Даваасүрэнгийн биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хурагдалт, шарх орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд ауюлтай хүнд гэмтэл хохирогчид учиржээ.

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь хохирогч Ц.Даваасүрэнг гэрт нь орж ирээд ...чи яагаад байгаа юм бэ... гэж хэлэхэд нь  ...яасан юм бэ... гэж хэлээд түүнийг мах идэж байсан хутгаараа зүүн даланд нь хутгалсан тухай үйл баримт байх ба тэдгээрийн хооронд ямар нэгэн маргаан үүсээгүй, шүүгдэгч Ц.Болдбаатарын үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, ямар нэгэн шалтгаангүй байх тул түүнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Болдбаатарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Даваасүрэн ...Эмчилгээнд 837,000 төгрөгийн зардал гарсан. ...Би нүүрс зараад өдөртөө 25,000-30,000 төгрөгийн орлого олдог. Би одоо хүртэл нүүрсээ зарж чадахгүй байна, оёдолтой учраас хүнд юм өргөж болохгүй, мөн гадаа даарч болохгүй учраас уг орлогоо 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 96 хоногоор бодоод нийт 2,880,000 төгрөг болж байна.  ...Эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд 770,000 төгрөг авсан, эмчилгээний зардлын үлдэгдэл 67,000 төгрөг, дээр нь нүүрс зараад олох ашгийн 2,880,000 төгрөгийг нэмээд одоо 2,947,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж мэдүүлэх боловч хавтас хэрэгт эмчилгээний зардалтай холбоотой 114,500 төгрөгийн баримт авагдсан /хх-ийн 115/ ба нүүрс зарж борлуулдаг талаар нотлох баримт авагдаагүй байх тул хохирогчид эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал төлөгдсөн байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримт болон нүүрс зараад олох байсан орлоготой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ц.Болдбаатар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 3 хоног хойшлуулашгүйгээр баривчлагдсан /хх-ийн 71/, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт Баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно. гэж заасны дагуу цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгөтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комистт даалгав.

Эрүүгийн 201626031564 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сож овогт Цэрэнжавын Болдбаатарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэнжавын Болдбаатарыг 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болдбаатарт 6 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болдбаатарын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Хохирогч Ц.Болдбаатар цаашид гарах болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгөтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

 

7. Эрүүгийн 201626031564 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ц.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Болдбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

ШҮҮГЧИД                                                                 С.БАЗАРХАНД

                                                                                    С.ОЛЗОД