Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 01481

 

Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00976 дугаар шийдвэртэй, Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Т ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 302 481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц нь Хан-Уул дүүргийн Т-д аж ахуйн няравын ажилд томилогдон ажиллаж байхад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 302 481 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01908 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2436 дугаар магадлалын дагуу Ш.Ц-г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар аж ахуйн няравын ажилд томилж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 5 443 650 төгрөгийг шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Шүүх: Хөдөлмөрийн тухай  хуулийн 128 дугаар  зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан  хариуцагч Хан-Уул дүүргийн Т ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 3 119 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, илүү нэхэмжилсэн 183 145 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 000 төрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Т ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 64 859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгож шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: Манай байгууллага нь иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж Ш.Ц-г үүрэгт ажилд нь томилж, шийдвэрт тусгагдсан 5 443 650 төгрөгийг олгосон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 09081 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2436 дугаар магадлалд тусгагдаагүй 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх цалин 3 119 145 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэгийг талыг барьсан шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Иймд анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Хан-Уул дүүргийн “Т” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 302 481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1908 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Ц-г Хан-Уул дүүргийн “Т” ОНӨААТҮГ-ын аж ахуйн няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин тэнцэх олговорт 5 443 650 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2436 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. /хх 5-11/

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.     

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчийг ажилд авсан өдөр хүртэл хугацаа нь ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

Анхан шатны шүүх  нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш түүнийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр аж ахуйн няраваар томилсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 302 481 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилтны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхийг хөндөхгүй болно.

Иймд шүүх хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэж, хөдөлмөрийн тухай хуульд заасан зохих зохицуулалтыг зөв хэрэглэж, ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцачийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 

Шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “ажилгүй байсан хугацааны цалин” гэж буруу бичсэн, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00976 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заатлтыг ”Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн “Т” ОНӨААТҮГ -аас  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 119 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 183 145 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА