Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар  2023/ШЦТ/385

 

 

 

 

 

 

 

 

 

2023         11             03                                 2023/ШЦТ/385

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М.Э зочид буудалд хохирогч М.Хтай эрэгтэй хүнийг урдаа сөхрүүлж суулгаад гутлаа өмсүүллээ гэж маргалдан хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, цээжинд дэвсэж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, зүүн хацар, нуруу, зүүн шилбэ, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн зодооныг таслан зогсоох үйлдэл хийсэн хохирогч Э.Э-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Хтай маргалдан хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, цээжинд дэвсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч Э.Э-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   Хохирогч Э.Э-ийн "...Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө найз М.Х дээр өөрийнхөө найз Уянгаагийн хамтаар очиж уулзсан. Тэр үед манай найз М.Х нь өөрөөсөө гадна О, Н гэх нэртэй хүмүүстэй тээврийн хэрэгсэл дотроо пиво уугаад сууж байсан. Би тэр үед найзынхаа  тээврийн хэрэгслийг жолоодох гэж очсон... Тэр үед Н нь гэртээ бууж үлдсэн. Тэгээд бид хэд Дэнжийн Дуурга гэх дэлгүүрээс дахин пиво аваад мөн дэнжийн урд талын овоотой уулан дээр гарч ууж байгаад 17 цагийн үед бөөндөө Горд руу орж ирээд М.Э гэх буудлын 414 тоот өрөөнд орсон. Тэгээд би энэ хэдийг орхиод ажилдаа яваад 20 цагийн үед М.Х гэх найзынхаа машины түлхүүрийг өгөх гэж эргэж очсон. Тухайн буудалд намайг очиход Уянга, М.Х, Д энэ 3 уусан байж байсан. Тэгээд ороод удаагүй байтал М.Х, О хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. М.Х нь тэр залуугийн нүүр хэсэг рүү нь алгадсан... Тэгтэл гэнэт хоорондоо зодолдож манай найзыг тэр залуу үсдэж унагаагаад нүүр рүү нь цохиод орон дээр унагаагаад байхаар нь би салгах гэж тухайн залуугийн нуруу хэсгээр нь хойноос нь тэврээд татсан. Тэгтэл миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Миний хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,

... Б.Бын зүгээс миний эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг өгсөн. Миний зүгээс одоо гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй... /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Хохирогч М.Хгийн ...Би Б.Бын зүүн талын хацар дээр нь нэг удаа алгадсан. Тэгтэл Б.Б намайг түлхээд үснээс барьж аваад баруун гараараа нүүр рүү 3-4 удаа цохисон. Би түүнд цохиулаад хоёр орны дундуур унах үед Энхсолонго Б.Бын араас нь татсан чинь Б.Б Э.Э-ын нүүр рүү цохисон. Эргэж хараад Б.Б миний нүүр рүү 2 удаа цохиод, цээжинд нэг удаа дэвссэн. Энэ үед Уянгаа Энхсолонгын хамрыг хугалчихсан байна шүү дээ гээд нөгөө хэд бужигнаад эхэлсэн. Намайг босч чадахгүй хэвтэж байхад Д босч ирээд намайг салгаад орон дээр суулгасан. Энэ үед Б.Б дахин миний зүүн талын шанаа руу цохисон. Би гадарт унасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

...Миний сэтгэцэд ямар нэгэн эмгэг, хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Б.Б надаас уучлалт гуйсан учир түүнд одоо гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Бийн "...Би Б.Быг явуулахгүй гээд цамцнаас нь бариад зууралдахад Б.Б өөрөө цамцаа тайлаад хаячихсан. Хэн Б.Бын биед гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Гэхдээ надтай буудалд хамт хоноход Б.Бын нуруу хэсэг нь зулгарсан байсан. Би түүнээс нуруугаа яасан юм бэ гэж асуухад Б.Б нь ажил дээрээ юм хийж байгаад юманд авчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Гэрч А.У ...Бааранд байхад М.Х гутлаа тайлаад бүжиглээд байсан. Баарнаас гарах цаг болоод гарах үед М.Х миний гутлыг өмсүүлээд өг гэсэн чинь Д түүний гутлыг өмсүүлж өгөх гээд тонгойх үед Б.Б гэж залуу хүүхнүүдийг ингэж давраахгүй шүү гээд Дгийн өмсүүлэх гэж байсан гутлыг нь өшиглөсөн. Гэтэл Д за, за гээд тэр өрөөнөөс гарсан. Араас нь Б.Б гарсан. Энэ үед М.Х Б.Бын араас нь гутлаа шидчихээд араас нь юм яриад байсан... Э.Э бид хоёрыг буудлын өрөө рүү ороход Б.Б, М.Х хоёр хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад гэнэт М.Х орон дээр унаад Б.Б түүнийг үсдэж аваад цохиод эхэлсэн. Э.Э хажуугаас ирээд Б.Быг салгах үед Б.Б Энхсолонгын нүүр рүү цохисон чинь хамраас нь цус гарсан. Хамраа дарж жорлонгийн өрөө рүү орсон. Б.Б М.Х руу дайраад намайг салгах гээд дундуур нь орох үед Б.Б, М.Хгийн эрүүний зүүн тал руу цохиод М.Х газарт унасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,  

Гэрч Б.БатДгийн ...Нэг ухаан орсон чинь хүмүүс хэрэлдээд муудалцаад байхаар нь өндийсөн... Уянгатай хамт явж байсан нэг хүүхний хамраас нь цус гарчихсан, мөн Уянгатай хамт явж байсан залуу хэрүүл маргаан хийгээд нөгөө эмэгтэйчүүд рүүгээ дайрч байхаар нь би босоод юу болоод байгаа юм бэ гээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Б.Бын сэжигтнээр мэдүүлсэн ...Буудлын өрөөнд ороод М.Х бид хоёр маргалдаж байгаад М.Х миний нүүр рүү алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн чинь орон дээр унасан. Тэгэхээр нь би М.Хгийн нүүр рүү нь гараараа цохисон... Энхсолонго найзыгаа өмөөрөөд над руу дайрахаар нь би түүнийг цохисон юм. Би энэ хоёр хүний нүүр рүү нь цохисон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 778 дугаартай “ 1. Э.Э-ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 777 дугаартай “ 1. М.Хгийн биед баруун нүдний зовхи, зүүн хацар, нуруу, зүүн шилбэ, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Э.Э, М.Х нар нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх шүүгдэгч Б.Быг “үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР