| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0397/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/399 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/399
2023 11 15 2023/ШЦТ/399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,
Улсын яллагч Т.Төгөлдөр,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э караоке” баарны гадна хохирогч М.Мг “... чи ямар ганцаараа үйлчлүүлж байгаа биш, битгий хэрүүл маргаан хийгээд бай” гэж хэлсний төлөө марааш үүсгэж, улмаар хохирогчтой маргалдан, ноцолдож газарт унаган эрүүл мэндэд нь зуун бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Мтай үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Мгийн "...Хажуу талын ширээн дээр үйлчлүүлж байсан гурван залуугийн нэг нь бид нарын хажууд баарны зөөгч охинтой хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд чи ганцаараа үйлчлүүлж байгаа биш шүү дээ, жоохон аятайхан, соёлтой байгаач гэж хэлсэн чинь нөгөө залуу чамд хамаагүй гэж хэлээд бид хоёр улмаар маргалдсан... Хэрүүл хийгээд байсан залуутай хамт нэг ширээн дээр сууж байсан намхан нуруутай, махлаг залуу босч ирээд найзыгаа өмөөрөөд бид нартай маргалдах шинжтэй болсон. Тэгж байгаад нөгөө хоёр залуу баарнаас хамт гаръя гэхээр нь бид гурав баарнаас хамт гарсан. Баарны үүдэнд анх хэрүүл хийгээд байсан залуу Пүүжээ ахын найзтай барилцаж аваад салсан. Энэ үед намхан махлан залуу намайг мөн бариад авсан. Хажуу талаас Пүүжээ ах бид хоёрыг салгасан. Гэтэл анх хэрүүл хийгээд байсан залуу бид хоёр барилцаж аваад ноцолдсон. Ноцолдож байгаад газарт унаад босоод ирсэн чинь миний зүүн гарын тохой эвгүй, өвдөөд хөдөлгөж чадахгүй болсон байсан. Тухайн үед бааранд үйлчлүүлж байсан нэг эмэгтэй чиний тохой мултарсан байна. Би цэргийн ангид эмчээр ажилладаг юм гээд миний мултарсан тохойг татаж, хэвэнд нь оруулж өгсөн... Одоо гар зүгээр болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,
Гэрч О.-ын "...Анх маргаан хийсэн залуу М.Мг барьж аваад газарт унагаасан. Гэтэл М.М миний гар хугарчихлаа гээд ёолоод орилоод байсан... М.М босч ирээд зүүн талын гараа унжуулаад гар хугарчихлаа гээд байсан. Энэ үед тухайн бааранд үйлчлүүлж байсан цэргийн ангийн эмч гэх нэг хүүхэн М.Мгийн гарыг үзээд тохойн үеэрээ мултарсан байна гээд тохойг нь оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,
Гэрч Э.Э-ийн “...Зөөгч охиныг өмөөрч байсан залуу зүүн гараа унжуулаад хана түшээд зогсож байсан. Тэгэхээр нь яасан бэ гэж асуусан чинь миний гар хугарчихлаа гэж хэлсэн... Тэр залуугийн зүүн гар тохойн үеэр мултарсан байсан учир гараа мултлуулсан залуугийн найзаар нь цээжээр нь тэврүүлж байгаад мултарсан гарыг нь татсан таг гэх дуу гараад мултарсан үед нь орчихшиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
Гэрч Б.Э-ын “...Ц.Б босч ирээд шууд л бөөлжсөн. Тэгтэл хажуу талын ширээний хүмүүс юм хэлээд маргалдсан...Баарнаас гарч ирээд намхан нуруутай залуу миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би бариад авсан. Тэгж байхад надтай хамт явж байсан хүмүүс намайг салгасан. Тэгээд бүгдээрээ үг хэлээ ололцохгүй, наашаа цаашаа болоод хамт байсан хүмүүс салгаад л бужигнаад байсан. Тэр үед л М.М гэх цагдаад гомдол гаргасан залуу гар хугарчихлаа гээд зүүн талын гараа унжуулаад явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Ц.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тэгшээ ахын хийж өгсөн архийг уусан чинь бөөлжис хүрээд гэнэт ширээний хажууд шалан дээр бөөлжсөн. Энэ үед баарны зөөгж эмэгтэй ирээд бөөлжсөө цэвэрлээч гэж намайг загнахаар нь би өөрөө цэвэрлэж өгнө гээд ярьж байсан чинь Тэгшээ ахын ширээний хажуу талын ширээн дээр сууж байсан хүмүүсийн нэг нь буюу хохирогч надад хандан “залуу уусан, идсэн зүйлээ шингээж чадахгүй бөөлжөөд ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд ямар хамаатай юм гээд маргалдсан... Тэгж байгаад хохирогч бид хоёр барилцаад авсан. Тэгтэл хохирогч миний хөлийг авах гэхээр нь би дээрээс нь дараад унасан чинь гар хугарчихлаа гээд орилоод босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 827 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Бгийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.М нь ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР