Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/403

 

 

2023         11               17                                 2023/ШЦТ/403

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Пунсалдулам,    

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Э-д холбогдох эрүүгийн 2325002****** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Э,

 

Холбогдсон  хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь:

- 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг **-***тоотод хохирогч Л.Лийн эзэмшлийн Самсунг А-23 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн  хохирол учруулсан,

- 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 22 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Цах” маркетын B1 давхрын гэр ахуйн худалдааны хэсгээс насанд хүрээгүй хохирогч М.А-нэзэмшлийн Huwia honor 9х маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

- үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг 37 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Цах” маркетын B1 давхрын хүнсний ногоо худалдааны хэсгээс хохирогч Э.Б-ийнэзэмшлийн Самсунг С10 5жи маркийн гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Э.Тын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг хөтөл 19-47 тоот монгол гэрт хаалгаар нь нэвтэрч орны хажууд сандал дээр байсан хохирогч Б.Бийн Самсунг С-22 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эг “бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “үргэлжилсэн үйлдлээр болон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Э “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө, архинаас боллоо, нас нилээн явлаа, ингээд зогсч байгаадаа ичиж байна, 70 гарсан настай хөгшин ээж минь намайг гарч ирэхэд яагаа ч билээ, мэдэхгүй байна, хүн шиг ажил хийж амьдармаар байна, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Би хүний утсыг завшсан, хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Хохирогч Б.Бийн утсыг гэрийн гаднаас босгоны тэндээс аваад виза карт, утасны гэрийг орны урд сандал дээр тавьчихсан юм” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Улсын яллагч Т.Төгөлдөр: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “Б.Э нь хулгай хийснээ хүлээн зөвшөөрдөг, хүний утсыг завшснаа мөн хүлээн зөвшөөрдөг. Харин хохирогч Б.Бийн утсыг гэрийн гаднаас авсан гэж ярьж тайлбарладаг, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж оролцоно” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 5-10 дугаар тал/,

Хохирогч Б.Бийн: “...12 цагийн үед хажуу айл руугаа ороод Б.Э гэх эрэгтэйгээс чи шөнө намайг унтаж байхад гэр дотроо гар утас авч явсан уу, миний утас хаана байна гэхэд би таныг шөнө гэртээ ганцаараа унтаж байхад чинь Samsung S22 маркийн гар утсыг чинь аваад хүнд зарчихсан гэж хэлсэн... Би Samsung S22 маркийн гар утсыг 2022 онд 1,700,000 төгрөг худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-ОРХ/7350 дугаартай “...Samsung S22 загварын гар утас 1,350,000 төгрөг...”  гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 30-33 дугаар тал/,

Б.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тэгшбаярын хашаанд ганцаараа ороход монгол гэрийн хаалга онгорхой, гадна үүдний доод босгоны хажууд хар өнгийн гар утас хэвтэж байсан. Гар утсыг барьж үзэхэд ар талд нь 2 ширхэг виза карттай байхаар нь сугалж аваад монгол гэрт ороход 2-3 хүн унтаж байсан. Гэрийн зүүн талын орны урд талд сандал дээр 2 ширхэг виза картыг үлдээж, гар утсыг авчихсан... Хүлэг хүнсний захын урд талд төв зам дагуу машинтай ногоо зарж байсан танихгүй эмэгтэй хүнд 80,000 төгрөгөөр зарж, зах дээр архи уусан...2023 оны 06 дугаар сарын дундуур гэрт Л ах ирж архи ууж байгаад явахдаа гар утсаа үлдээчихсэн байсан. Би уг гар утсыг нь аваад Л ахад хүргэж өгөх гэж явж байх замдаа зараад мөнгөөр нь архи уучихсан. 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Цах маркет”-ын В1 давхраас 2 удаа 2 ширхэг гар утас хулгайлсан. Дээрх 3 үйлдэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

 Хохирогч Л.Лийн: “...2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед Яргуйт багт эхнэрийн төрсөн ах болох Туваандоржийн гэрт очоод тэндээ архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Тэгээд оройхон 19 цагийн үед сэрсэн чинь Самсунг А-23 загварын гар утас байхгүй байхаар нь Туваадорж ах болон эхнэр Бямбаа нараас асуухад манай хүү Эрка аваад гарсан гэж хэлсэн. Буцааж өгөх болов уу гэж хүлээгээд өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа Орхон молл худалдааны төвөөс 1,200,000 төгрөгний лизингээр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 141 дүгээр тал/,

“...Би алдсан гар утсаа эргүүлж авсан. Б.Э нь миний гар утсыг зарсан газраа ээж Ж.Бямбаад хэлж, тэд нар буцаж худалдаж аваад авч ирж өгсөн... Миний сэтгэл санаанд ямар нэг хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 144 дүгээр тал/, 

            - Гэрч Ж.Б-ын “...Л нь манайхаас явахдаа өөрийнхөө гар утсыг үлдээчихсэн байсан. Хүү Б.Э орой 21-22 цагийн үед согтуу орж ирээд унтсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөө Б.Э сэрээд Л ах гар утсаа үлдээчихсэн байна, гар утсыг нь хүргэж өгчихөөд Л ахаар нэг шил архи авахуулж уучихаад ирнэ гэж хэлээд гэрээс гарсан. Тэр өдрөө Б.Э нь Лид гар утсыг нь өгөхгүйгээр гордод очоод өөр хүнд зараад мөнгөөр нь архи уусан талаар маргааш нь Б.Э надад хэлсэн... Би Лийг гар утсыг Б.Эгээс худалдаж авсан гэх хүнтэй уулзаж байгаад 180,000 төгрөгөөр гар утсыг нь эргүүлэн авч, Лид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 149 дүгээр тал/,

- Гэрч Ч.С-гийн “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Эг гэртээ согтуу хэвтэж байхаар нь очиж уулзахад нөхрийн маань устыг хүнд зараад архи уучихсан байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Сүүлд Б.Э нь нөхөр Лийн гар утсыг зарсан хүнээ ээж Бямбад зааж өгөхөд Бямбаа эгч тэр хүнээс худалдаж аваад буцааж нөхөр Лид өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 151 дүгээр тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-ОРХ/6940 дугаартай “...Samsung А33 загварын гар утас 450,000 төгрөг...”  гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 154-157 дугаар тал/,

- Цах маркет худалдааны төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 193-194 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй хохирогч М.А-н“...2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цах маркет худалдааны төвийн В1 давхарт гэр ахуйн бараа авах гэж байгаад лангууны хажууд нойлын цаас дээр өөрийн эзэмшлийн Huawei honor 9x маркийн гар утсаа тавьж юм авах хойгуур миний гар утсыг хүн хулгайлж авч явсан байсан. Тэгээд би Цах маркетын хяналтын камерийг шүүж үзсэн чинь цагаан өнгийн фудволктой, цагаан өнгийн шорттой эрэгтэй хүн миний гар утсыг авч явж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн... Huawei honor 9x маркийн гар утсыг 1,550,000 төгрөгөөр худалдаж авч байсан...гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 350,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 199 дүгээр тал/,

- Иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн “...гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 350,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 205 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-ОРХ/7042 дугаартай “...Huawei honor 9x загварын гар утас 350,000 төгрөг...”  гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 210-213 дугаар тал/,

- Цах гэж дээр нь бичсэн саарал өнгийн дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

- Хохирогч Э.Б-лын “...2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг өнгөрч байхад ганцаараа Цах маркетын В1 давхарт байх лангуугаар үйлчлүүлсэн юм. Тэгэхдээ би өөрийн Самсунг S10 5G загварын гар утсыг ногооны лангуун дээр тавьсан юм. Ингээд би ногоогоо авчихаад гар утсанд байсан виза картаа авч тооцоогоо хийх гэтэл миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд би тус төвийн хяналтын камерийг шүүхэд саарал хувцастай нэг залуу миний гар утсыг аваад явж байсан юм... Гар утсаа хоёр жилийн өмнө Солонгосоос 1,600,000 төгрөгөөр авч байсан... ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 18 дугаар тал/,

“...Би буруутай этгээдээс үнэлгээгээр тогтоогдсон 600,000 төгрөг мөн үнэлгээний хөлс 20,000 төгрөг нийт 620,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-ОРХ/7167 дугаартай “...Самсунг S10 5G загварын гар утас 600,000 төгрөг...”  гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 27-30 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг **-***тоотод байдаг айлд хохирогч Л.Л Самсунг А-23 загварын гар утсаа үлдээсэн, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 22 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Цах” маркетын B1 давхрын гэр ахуйн худалдааны хэсгээс насанд хүрээгүй хохирогч М.А-н Huwia honor 9х маркийн гар утсаа алдсан, 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг 37 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Цах” маркетын B1 давхрын хүнсний ногоо худалдааны хэсгээс хохирогч Э.Б-ийн Самсунг С10 5жи маркийн гар утас, Хаан банкны виза картаа алдсан, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө хохирогч Б.Б Самсунг С-22 маркийн гар утсаа алдсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

Хохирогч Л.Лийн үлдээсэн утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж авч завшсан, хохирогч М.А-н, Э.Б-ийн, Б.Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Лийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй хохирогч М.А-нгар утсыг, 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Э.Б-ийнгар утас, Хаан банкны виза картыг, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө хохирогч Б.Бийн гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-ОРХ/7350 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Лийн мэдүүлэг, гэрч Ж.Б-ын мэдүүлэг, гэрч Ч.С-ийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-ОРХ/6940 дугаартай дүгнэлт, Цах маркет худалдааны төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч М.А-нмэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-ОРХ/7042 дугаартай дүгнэлт, Цах гэж дээр нь бичсэн саарал өнгийн дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Баяржаргалын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-ОРХ/7167 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, уг үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй, гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байх бөгөөд ийнхүү нэвтэрч үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг улам нэмэгдүүлж байна гэж үздэг.

Тиймээс шүүгдэгч Б.Эгийн хохирогч Б.Бийн гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдлийг “Тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.  

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эгийн “эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэх гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хэд хэдэн удаагийн үйлдлээр авсан буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Эгийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулах гэмт хэрэгт нь багтаан гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

Иймд шүүх шүүгдэгч Б.Эг “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Мөн шүүгдэгч Б.Э нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын эд хөрөнгө өөрийнх нь эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэнийг мэдсээр байж, завших сэдэлт төрж,  хувьдаа захиран зарцуулсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Эгийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бт 1,350,000 төгрөгний, насанд хүрээгүй хохирогч М.А-нд 350,000 төгрөгний, Л.Лид 450.000 төгрөгний, Э.Б-ийнд 600,000 төгрөгийн хохирол  тус тус учруулсан байх ба шүүгдэгч Б.Э нь хохирогч Л.Лийн утсыг биетээр буцаан өгсөн тул түүнд төлөх төлбөргүй, бусад хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1,350,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бт, 350,000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.А-нд, 600,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Б-ийнд тус тус олгох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулан ялыг нэмж нэгтгэн цагдан хоригдсон 82 хоногийг ялд оруулан тооцож, биеэр эдлэх ялыг 4 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар тогтоох...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг, нийт 3 жил дотор ял шийтгэж өгнө үү ” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

шүүгдэгч Б.Э нь “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Э нь “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн мөн “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт шинж, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүниы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Эгийн цагдан хоригдсон 82 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр болон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э-д хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн урьдчилан цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгээс 2,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Б-ийнд 600,000 төгрөгийг, хохирогч Б.Бт 1,350,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч М.А-нд 350,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шүүгдэгч шүүгдэгч Б.Э нь хохирогч Л.Лид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОРХОНТАМИР