Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 01480

 

     С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00959 дүгээр шийдвэртэй, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох

  Түрээсийн гэрээний үүрэгт 16 267 947 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 16066-11/3 тоотод байрлах өөрийн өмчлөлийн 300 м.кв талбайг 3 сарын хугацаатай түрээслүүлж, нэг сарын 5 200 000 төгрөгөөр тооцож, уг төлбөрийн 200 000 төгрөгийг бартераар хийхээр тохиролцсон. Түрээслүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд түрээслэгч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байхад ус, цахилгаанаар хангаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор бүрэн хангаж ирсэн. Түрээслэгч Т ХХК түрээсийн гэрээний 2.2-т “...хэрэглээний халуун хүйтэн ус, цахилгаан тоолуураар...түрээслэгч хариуцна", 2.4-д “...түрээслэгч түрээсийн төлбөрийг өмнөх сарын 15-нд тогтмол төлөх ба эхний сарын төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 15 төлж, 2017 оныг дуустал түрээсийн төлбөр 5 200 000 төгрөгөөр төлөх бөгөөд үүний 200 000 төгрөг нь хоолны бартераар төлөх” гэж заасныг зөрчиж, түрээсийн төлбөр, ашиглалтын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд 2017 оны 05, 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөр 13 800 967 төгрөг, усны төлбөр 1 204 000 төгрөг, цахилгааны төлбөр 1 262 980 төгрөг, нийт 16 267 947 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т ХХК-ийн хувьд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “С“ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан талаар маргахгүй бөгөөд гэрээний хугацаанд нэхэмжлэгч талаас 2017 оны 06 дугаар сард удаа дараа гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсний дагуу бид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон. Бидний хувьд түрээслэн ажиллах хугацаанд барьцаа 7 000 000 төгрөгийг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгч засан сайжруулалт тохижилтын ажлыг өөрийн зардлаар хийсэн боловч бидний хүссэн хэмжээнд ажиллах нөхцөл бололцоогүй байсан тул түрээслүүлэгч талд түрээсийн төлбөрийг буруулж 2 500 000 төгрөгөөр тооцож, барьцаа хөрөнгөөс суутгах тухай саналыг хүргүүлснээр С ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай гэрээ цуцлах мэдэгдэлд манай саналыг хүлээн авсан болохоо дурдсан. Тодруулбал “...сүүлийн 5, 6 сарын төлөгдөөгүй түрээсийг барьцаанаас үлдсэн 5 000 00 төгрөгөөс сарын 2 500 000 төгрөгөөр тооцож өөрийн чинь саналыг бодолцож суутгасныг ойлгох болов уу” гэж мэдэгдсэнээр бидний хооронд ямар нэгэн тооцооны үлдэгдэлгүй болсон. Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байх тул цаашид талуудын хооронд үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч тал үзэж байна.

  Нэхэмжлэлд дурдсан 4,5,6 дугаар сарын усны төлбөр 1 204 000 төгрөг, 4,5,6 дугаар сарын цахилгааны төлбөр нийт 1 262 980 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нь ор үндэсгүй зүйл бөгөөд хариуцагч тал түрээсийн хугацаанд бүрэн төлж байсан болно. Мөн ус болон цахилгааны төлбөрийн тухай баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талд төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 16 267 947 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 239 290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан үйл баримт болон төлбөр тооцооны үлдэгдлийн талаар буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл тайлбар нь хууль зүйн үндэслэл муутай байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 22, 30-ны өдрийн мэдэгдлээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, барьцаа 7 000 000 төгрөгөөс түрээсийн төлбөр, ус цахилгааны төлбөрийг суутгаж, үүргийг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн байтал шүүх уг үйл баримт, түүнтэй холбоотой хэрэгт авагдсан баримтанд буруу дүгнэлт хийж, гэрээ цуцлах хуульд заасан журмыг баримтлаагүй учраас гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн байна.

    Нэхэмжлэгч тал барьцаа 7 000 000 төгрөгийг суутгаж авсан болохоо шүүх хуралдааны явцад үгүйсгээгүй, мөн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ цуцлах мэдэгдэлд хариуцагчийн саналыг хүлээн авсан болохоо дурдаж "сүүлийн 5, 6 сарын төлөгдөөгүй түрээсийг барьцаанаас үлдсэн 5 саяас сарын 2 500 000 төгрөгөөр тооцож өөрийн чинь саналыг бодолцож суутгасныг ойлгох болов уу" гэснээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д заасны дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан болохоо илэрхийлсэн байтал шүүх үүрэг дуусгавар болоогүй гэж дүгнэсэн. Үүнээс гадна, барьцааны 7 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд оруулж тооцуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэн үүргийн гүйцэтгэлд оруулж тооцоогүй зэрэг анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16 267 947 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

       Хариуцагч Т ХХК нэхэмжлэгч С ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 16066-11/3 тоот хаягт байрлах барилгын 2 дугаар давхрын 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 3 жилийн хугацаатай Монгол хоол, рестораны зориулалтаар ашиглахаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг 2017 оныг дуустал 01 сард 5 200 000 төгрөгөөр, үүнээс 200 000 төгрөгийг хоолны бартераар, 2018 оноос 01 сард 7 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцжээ.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөрийн тооцоо, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгч, авсан, түрээслэгч нь 1 сарын түрээстэй тэнцэх хэмжээний 7 000 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн талаар маргаагүй. Харин түрээслэгч урьдчилсан төлсөн 7 000 000 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцно гэж, түрээслүүлэгч нь гэрээнд зааснаар урьдчилан төлсөн 7 000 000 төгрөгийг түрээслэгчид буцаан олгохгүй гэж маргажээ.

   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

      Түрээслэгч буюу хариуцагч Т ХХК  2017 оны 5, 6, 7 дугаар сарын түрээсийн болон ус, цахилгааны төлбөрийг төлөх гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болсон ба түрээслүүлэгч гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах талаар түрээслэгчид дээрх хугацаанаас хойш 3 удаа /2017 оны 06 дугаар сарын 22, 30-ны өдөр, 07 дугаар сарын 16-ны өдөр/ мэдэгдэж байсан үйл баримт тогтоогджээ. Иймд түрээсийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэй юм.

   Харин анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг бууруулахаар тохиролцсон, гэрээ цуцлахтай холбоотой асуудлаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамтай нийцээгүй байна.

    Түрээслэгч талаас гэрээг баталгаажуулан урьдчилгаа болгон өгсөн 7 000 000 төгрөг нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн шинжтэй байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д ”Түрээслэгч ямар нэг шалтгаанаар хугацаанаас өмнө гарах тохиолдолд түрээслүүлэгчийн хугацаа алдсан бизнесийн алдагдлыг харгалзан барьцааг буцаан олгохгүй буюу түрээсийн төлбөрт шингээхгүй” гэж, 6.11-т “түрээслэгч нь түрэээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн талбайг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд барьцаа мөнгийг авахгүй” гэж заасан нь дэнчингийн үндсэн шинж, зорилгод харшилсан шууд бус нөхцөлтэй байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болжээ.

Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалтууд нь гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгож, нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оруулан урьдчилан өгч, үүрэг гүйцэтгэж дууссаны дараа буцаан өгөх зорилготой төлсөн мөнгөн хөрөнгийг  буцаан олгохгүй гэх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй.

Дээр дурдсанаар хариуцагч Т ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 9 267 947 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “16 267 947” гэснийг “9 267 947” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “239 290” гэснийг “163 237” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА