Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 67

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч А.Оюунгэрэл,

хохирогч О.Гомбосүрэн,

шүүгдэгч Г.Галбадрах, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр /ҮД: 2283/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Маань овогт Ганбатын Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031520 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Амжилт фитнес клубд дасгалжуулагч, багш ажилтай, ам бүл 3, ээж, эгч нарын хамт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28 дугаар байрны 35 тоотод оршин суух хаягтай, 2015 онд Монголын Залуучуудын холбооны Тамирчны алдар цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Маань овогт Ганбатын Галбадрах /РД:УХ90052859/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Галбадрах нь 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт бааранд согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, танхайн сэдэлтээр иргэн О.Гомбосүрэнг шатан дээр мөргөлдөхдөө шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.Галбадрах: ...2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Минт баарны шатаар доошоо бууж байхад Гомбосүрэн намайг мөргөсөн. Тэгээд би хөөе яаж байна аа гэхэд Гомбосүрэн намайг замаас зайлаач пизда минь гэж хэл амаар доромжилоод над руу ойртоод дөхөхөөр нь намайг цохих гэж байна гэж бодоод өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд би Гомбосүрэнг алгадчихаад эргэж хараад явсан. Гадаа гарч машинд суугаад явах гэтэл олон найзууд нь байсан. Гомбосүрэн тухайн үед миний шүд хугарчихлаа гэсэн. Би Гомбосүрэнд итгээгүй учраас тухайн үед бид хоёр буруу ярьж ойлголцсон. Тэгээд цагдаа ирсэн... гэв.

 

Хохирогч О.Гомбосүрэн: ...2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Минт бааранд найзуудтайгаа явж байгаад Галбадрахтай үл ойлголцсон. Галдбадрахтай шатан дээр тааралдсан. Тухайн үед би доошоо тонгойж явж байгаад Галбадрахыг эхлээд мөргөсөн, тэгээд замаас зайлаач пизда минь гээд хэлчихсэн. Тэгэхэд Галбадрах намайг түлхээд алгадсан, миний шүд хугараад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Галбадрах миний бүх хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Галбадрах нь хохиролд  750.000 төгрөг өгсөн. 750.000 төгрөгнөөс илүү нааш цаашаа явсан таксины мөнгийг бүгдийг нь Галбадрах гаргасан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний буруутай үйлдлээс болж Галбадрах нь хохирч шүүхэд ирээд ял сонсох гэж байгаад маш их харамсалтай байна. Би өмнө нь байцаагчаас бид хоёр тохиролцоод болчихсон. Надад гомдол санал байхгүй тул өргөдлөө буцаагаад авч болох уу гээд гуйхад шүүх та нарын тоглоомын газар юм уу гээд миний өргөдлийг буцааж өгөөгүй. Галбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гуйж байна.  Галбадрах бид хоёр сайн найзууд болсон. Галбадрах нь хувь хүний хувьд сайн хүн байна. Тухайн өдөр миний хэлсэн, хүний дургүй хүргэсэн үгнээс болсон гэж бодож байна... гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.Гомбосүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хятад улсад цуг сурч байсан найзуудтайгаа уулзаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд 23 цагийн орчим орж үйлчлүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн орчим үйлчлүүлж дуусаад найз нарын хамт гарсан боловч бие засах гээд буцаж орохдоо тус баар луу ордог хаалганы баруун талд байрлах дээшээ өгсдөг шатан дээр Галбадрахтай мөргөлдсөн. Тухайн үед Галбадрахыг таньдаггүй байсан. Намайг ямар нэгэн үгийн зөрүүгүй баруун гараараа нүүрэн тус газар 1 удаа хүчтэй цохьсон. Миний үүдэн 1 шүд хугарсан. Галбадрахад гомдол санал байхгүй...  /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч Г.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд Галбадрах бид хоёр Минт баар луу түүний найз охин болох Дөлгөөнийг авахаар очсон. Минт бааранд 03 цаг хүртэл үйлчлүүлсэн. ...Галбадрах хэдэн пиво уусныг мэдэхгүй байна, ямар ч байсан пиво уусан. ...Минт баарнаас 03 цагийн орчим гарах гээд би хувцсаа аваад Галбадрах, Дөлгөөн нар дээр ирэхэд бааранд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдсан шинжтэй байсан. Би Галбадрахыг аваад шатаар доошоо буусан. Галбадрах тэр хүмүүстэй муудалцаад ууртай явж байсан. Галбадрахыг аваад шатаар бууж байхад Галбадрах Гомбосүрэнтэй мөргөлдөөд түүнийг өөрөөсөө холдуулж түлхсэн. Дараа нь Галбадрах Гомбосүрэнг баруун гараараа алгадах шиг болсон. Тэр үед Гомбосүрэн нүүрээ дараад үлдсэн... /хх-ийн 15-16/ гэсэн,

                  

                   Шүүгдэгч Г.Галбадрах мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн орчим гэрээсээ найз Билгүүний хамт гараад Минт баар луу очсон. Тухайн бааранд 4 шил пиво ганцаараа уусан. ...2016 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим найз охин Дөлгөөн, найз Билгүүн нарын хамт гарах гэж яваад нэлээн согтуу хүнтэй муудалцаад ууртай явсан. ...Минт баарнаас гарах гээд хаалганы баруун талын шатаар бууж явахдаа тухайн үед огт танихгүй О.Гомбосүрэнтэй мөргөлдсөн. О.Гомбосүрэнг шатнаас холдуулж түлхээд баруун гараараа нэг удаа саваад нүүрэн тус газар нь алгадсан. Гомбосүрэн нүүрээ дараад гайхаад өнгөрсөн. ...Тэрнээс хойш Гомбосүрэнгийн биеийн байдал болон гэмтэл учирсан шүднийх нь эмчилгээний зардлыг төлж, эмчилгээ хийлгэж өгсөн... /хх-ийн 27-28, 30/ гэсэн мэдүүлгүүд,

               

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 14807 тоот акт, дүгнэлтэд: ...Дүгнэлт: 1. Гомбосүрэнгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... /хх-ийн 09 / гэсэн дүгнэлт, 

 

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 25/,

- Шүүгдэгч Г.Галбадрах иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, 43/,

- Тодорхойлолт /хх-ийн 32/,

- Шүүгдэгч Г.Галбадрах хувийн байдалтай холбоотой гэрч Г.Ариунаа /хх-ийн 17-18/, Ц.Энхжаргал /хх-ийн 19-20/ нарын мэдүүлгүүд, бусад баримтууд /хх-ийн 33-35/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Гомбосүрэн ...Минт баарнаас гарч яваад Г.Галбадрахтай тааралдаад эхлээд би түүнийг мөрлөсөн, Г.Галбадрах намайг өөрөөсөө холдуулахад би замаас зайлаач пизда минь гэж хэл амаар доромжилоход намайг нэг удаа цохьсон... гэж, шүүгдэгч Г.Галбадрах ...Минт баараар үйлчлүүлээд гарч явахад О.Гомбосүрэнтэй баарны үүдэнд тааралдсан, тэгэхэд О.Гомбосүрэн намайг шууд мөргөж, мөрлөсөн, түүнийг өөрөөсөө холдуулах гэж хоёр гарыг нь барихад намайг замаас зайлаач пизда минь гэж хэл амаар доромжилсон, тэгэхээр нь миний уур хүрээд нэг удаа цохьсон... гэж, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Билгүүний ...Галбадрахыг аваад шатаар бууж байхад Галбадрах Гомбосүрэнтэй мөргөлдөөд түүнийг өөрөөсөө холдуулж, түлхсэн, дараа нь нэг удаа гараараа алгадах шиг болсон... /хх-ийн 16/ гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт баарны үүдэнд хохирогч О.Гомбосүрэн, шүүгдэгч Г.Галбадрах нар тааралдсан, хохирогч О.Гомбосүрэн эхлээд шүүгдэгч Г.Галбадрахыг мөрлөж, улмаар түүнийг хэл амаар доромжилоход Г.Галбадрах түүнийг өөрөөсөө зайлуулахаар нэг удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч Г.Галбадрах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт баарны үүдэнд О.Гомбосүрэнгийн нүүрэнд цохиж биед нь зүүн дээд 1-р шүдний хугарал, руулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Гомбосүрэн, гэрч Г.Билгүүн, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны №14807 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Галбадрах урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Гомбосүрэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан,  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Гомбосүрэн ...Г.Галбадрахад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Галбадрах бид хоёр сайн найзууд болсон... гэж мэдүүлсэн, шүүгдэгч Г.Галбадрах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч О.Гомбосүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Галбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 201626031520 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Маань овогт Ганбатын Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Маань овогт Ганбатын Галбадрахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Галбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн 201626031520 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Галдбадрахад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Галбадрахад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР