| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/1106/З |
| Дугаар | 221/МА2026/0432 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0432
“Б ү и” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ч.О, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Н-э нар;
Нэхэмжлэгч: “Б ү и” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл
Гуравдагч этгээд: Ж.Б, Ч.О, Б.У, Б.Г, Н.Е, Б.О, Б.Э, Д.С, З.Б нар;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0360 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,
Гуравдагч этгээд Ч.О, Б.У, Б.Г, Н.Е, Б.Э, З.Б,
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Н-э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/1106/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0360 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 603 дугаар зүйлийн 603.1, 603.2, 603.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ү и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Гуравдагч этгээд Ч.О, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Н-э нар давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.7-д “а. Энэхүү хэргийн тухайд, хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийн маргаан бүхий дүгнэлттэй холбогдуулан тайлбарлаж буй үндэслэлүүд нь уг дүгнэлтийг хууль бус захиргааны актад тооцох үндэслэлд хамаарахаар, өөрөөр хэлбэл илт хууль бус акт биш харин хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна” гэж дүгнэсэн.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.9-д “...Иймд дээрх маргаан бүхий дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг хууль бус захиргааны актыг хүчингүй болгох байдлаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж тус тус дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.
Нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дахь хэсгүүдийг үндэслэл болгон нэхэмжлэлдээ тусгасан байна.
Анхан шатны шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын тайлбарлах нь хэсгийн 8-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно”, 9-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “хэргийн оролцогчдын маргаагүй асуудал” гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно” гэж тус тус заасан.
Үүнээс харахад шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Тодруулбал нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дэлгэрүүлэн тайлбарлаж мэтгэлцсэн.
а) Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд зөвшөөрөлгүйгээр байшин барьж ашигласан 12580 м2 газартай давхацсан гэх хэсгийг л эзэмшихээр маргасан байхад нийт 150 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ нь “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 6.1-д заасныг зөрчсөн буюу гомдол, хүсэлтийн агуулгаас хальж шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус захиргааны акт гэж,
b) Маргаан бүхий дүгнэлтийн 2 дахь заалтаараа иргэн Ж.Б, Ч.О нарт тухайн газраас газар эзэмшүүлэх талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд даалгасан нь тийм шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл байхгүй байхад дээрх төрийн байгууллагуудыг хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж,
с) Нэгэнт эцэслэгдэн дүгнэгдсэн үйл баримтын талаар дахин дүгнэлт хийж эрх хэмжээгээ хэтрүүлэн 58 дугаар дүгнэлтийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар маргаан бүхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү хэмээн мэтгэлцсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч миний бие мөн адил нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан асуухад энэ агуулгаа дахин дахин дэмжиж байсан.
Тийм байхад ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд бичгээр гаргаж өгснөөс өөрөөр тодруулах, тайлбарлах үйл ажиллагаа явуулаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.17-д “...газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу газрын зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй төдийгүй анх эзэмшүүлсэн шийдвэр нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй зэрэг зөрчлийг илрүүлсэн тохиолдолд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.5.4-д зааснаар маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар зөвлөмж гаргаж, холбогдох этгээдэд хүргүүлэх учиртай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7 дугаар зүйлд Маргаан таслах зөвлөлөөс гарах шийдвэрийн талаар зохицуулсан.
Тус журмын 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар маргаан таслах зөвлөл нь хэрэв гомдлыг хянан хэлэлцсэн тохиолдолд дараах 3 шийдвэрийн аль нэгийг гаргахаар тогтоосон байна. Үүнд:
і. Захиргааны актыг өөрчлөх
іі. Захиргааны актыг хүчингүй болгох
ііі. Захиргааны актыг хэвээр үлдээх
Түүнчлэн журмын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч болох Маргаан таслах зөвлөл нь энэ тохиолдолд зөвлөмж гаргах ёстой байсан бөгөөд зөвлөмжийг үндэслэн холбогдох хууль тогтоомжид заасан шийдвэр гаргах нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаас бус маргаан таслах зөвлөлөөс эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон эзэмших эрхийг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй юм хэмээн Үндэслэх хэсгийн 3.19-д дүгнэсэн нь журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.4.7 дахь хэсэгт зааснаар зөвлөмж нь өөрөө маргаан үүссэн шалтгаан, түүнийг нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой дотооддоо чиглэсэн, цаашид дахин маргаан үүсгүүлэхгүй байх зорилготой акт байна.
Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдээс гаргасан гомдлын хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмшигчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй талаарх дараах зөрчлийг тогтоосон. Үүнд.
і. Газар зохион байгуулалтын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2019-2025 оны газрын төлбөрт 405,892,693 төгрөг төлөөгүй.
ii. Газрын гэрээний биелэлтийг дүгнүүлэхээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
iii. Газрын төсөл болон төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрхийг олж аваагүй.
iv. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлүүдийг тогтоосон.
Нэгэнт маргаан таслах зөвлөлөөс гомдлын хүрээнд дээрх зөрчлүүдийг тогтоосон байх тул гомдлын дагуу хянан хэлэлцсэн зөвлөлийн хурлаас дүгнэлт гарах нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд 2018 оноос хойш газрын төлбөр огт төлөөгүй, 2012 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд ядаж газраа хашаалж, хамгаалаагүй.
Түүгээр зогсохгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй газарт Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Түргэний гол урсаж, уг түргэний голыг даган төв аймгийн малчин өрхүүд зусдаг талаар он оны сансрын зургаас тодорхой харагдаж байна.
Гуравдагч этгээдүүд нь энэхүү газарт олон жил зусах, улмаар газар эзэмших эрхийн зөвшөөрлийг хүсэж, өөрсдийн байшинг барьж амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.
Хэрэв газар эзэмшигч нь хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлөх, газрын зориулалтын дагуу ашиглах үүргээ хэрэгжүүлсэн тохиолдолд дээрх асуудал үүсэхээргүй төдийгүй иргэд энэхүү хуулийн этгээдэд Түргэний гол бүхий 150 га буюу 1.500.000 м.кв газрын эзэмшүүлснийг мэдсэн тохиолдолд тухайн үед гомдлоо гаргах байсан. Харин сүүлд газрын давхцалын улмаас газар эзэмших эрх олгох боломжгүй болсноо мэдсэнээр Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр хандаж буй эрх нь хууль ёсны эсэхэд шүүхийн зүгээс дүгнэлтээ хийх шаардлагатай.
Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт Түргэний гол урсаж байх тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан зохицуулалтыг зөрчиж, малчин өрхүүдийн зуслангийн бүс нутагт төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр газар эзэмших эрх олж авсныг шүүхээс хамгаалах, тус эрхийг сэргээхгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0360 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч “Б ү и” ХХК нь анх маргаан бүхий газар болох Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар 150.0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар эзэмших эрхтэй болж, улмаар Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Тус захиргааны хэргийн гуравдагч этгээд болох иргэн Ж.Б, Ч.О нараас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гаргасан “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1781101261 дугаар бүхий “Б ү и” ХХК-ийн эзэмшлийн газраас бидэнд оногдох хэсэгт газар эзэмшүүлэх тухай дүгнэлт шийдвэр гаргуулах тухай” гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд маргаан бүхий 58 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар гуравдагч этгээд болох иргэн Ж.Б, Ч.О нарын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргаж байна.
2.1. Гуравдагч этгээд болох иргэн Ж.Б, Ч.О нараас 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд “...“Б ү и” ХХК-д их хэмжээгээр олгосон нэгж талбарын дугаарыг өөрчилж, тус компанийн эзэмшлийн газраас бидэнд оногдох хэсэгт газар эзэмшүүлэх тухай дүгнэлт шийдвэр гаргуулах” агуулга бүхий гаргасан гомдлыг тус зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ү и” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.2. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан хуулийн зохицуулалт нь захиргааны байгууллагад өөрийн гаргасан алдаатай шийдвэрээ залруулах боломж олгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой зохицуулалт юм.
2.3. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.1-д “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана.”, мөн хуулийн 603.дугаар зүйлийн 603.1-д “Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана.”, 603.3-т “Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно.” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан гомдол, хүсэлтийг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан гомдол, хүсэлтийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.”, 7 дугаар зүйлд “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:” гээд мөн зүйлийн 7.1.1-7.1.3-т захиргааны актыг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх гэж тус тус заажээ.
2.4. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь аливаа этгээдийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргах бөгөөд ийнхүү гаргасан дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга өөрийн өмнө гаргасан шийдвэрээ өөрчлөх эсхүл хүчингүй болгож шийдвэрлэх эрх хуулиар олгогджээ.
2.5. Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээд болох иргэн Ж.Б, Ч.О нараас гаргасан гомдлын цар хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч “Б ү и” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчимтай нийцэхгүй байна.
2.6. Энэ талаар анхан шатны шүүх “…Түүнчлэн хариуцагч шийдвэр гаргахдаа гомдлын үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй буюу “Ганган буга” ХХК-ийн 2011 оноос хойш эзэмших хүсэлт гаргаж байсан газар нь нэхэмжлэгч компанийн газарт хамаарч байгаа эсэх, “Ганган буга” ХХК-ийн хүсэлтэд дурдсан газар нь гуравдагч этгээд нарын хүсэлт гаргасан газар мөн эсэх талаар тодорхой дүгнээгүй, учир шалтгааныг тогтоогоогүй атлаа гомдлын хүрээнээс хальж зөвлөмж гаргах асуудлаар дүгнэлт гаргасан…” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
2.7. Хэдийгээр гуравдагч этгээд иргэн Ж.Б, Ч.О нар нь нэхэмжлэгчийг газар эзэмшихээс өмнө тухайн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
2.8. Мөн маргааны үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулж гаргасан захирамжуудын “хууль ёсны эсэх”, “хүчин төгөлдөр байдал”-ын талаар маргаагүй тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж дүгнэх боломжгүй.
3. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох агуулгаар маргасан байхад анхан шатны шүүх уг актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.1. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолоор “...Тодруулбал, нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй” гэж тайлбарлажээ.
3.2. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцсэн байх тул гуравдагч этгээд Ч.О болон түүний өмгөөлөгч Б.Н-э нарын гаргасан гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР