Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01159

 

 

                                        “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02437 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2369 дүгээр магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Түрээсийн төлбөр 5,593,548 төгрөг, алданги 2,796,000 төгрөг, нийт 8,389,000 төгрөг

гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** ****” ХХК нь ****т холбогдуулан түрээсийн төлбөр 5,593,548 төгрөг, алданги 2,796,000 төгрөг, нийт 8,389,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02437 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар “ **** ****” ХХК-ийн ****т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг 8,389,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2369 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ****ээс түрээсийн гэрээний үүрэгт 5,593,548 төгрөгийг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож, үлдэх 2,796,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, ****ээс улсын тэмдэгтийн хураамжид 104,447 төгрөг гаргуулж “ **** ****” ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар “ **** ****” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй атлаа надаас 5,593,548 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагч ****ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад ****ээс түрээсийн гэрээний үүрэгт 5,593,548 төгрөгийг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,796,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 2,796,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийнгомдлын хүрээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, анхан шатны шүүх маргааны зарим үйл баримтын талаар буруу дүгнэснийг зөвтгөж, шийдвэрт хариуцагчийн хүлээх үүрэг болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ. Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь 2016.03.23-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу төлбөр 5,593,548 төгрөг, алданги 2,796,000 төгрөг, нийт 8,389,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт өөрийн эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн тул төлбөргүй гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна. 

10. Зохигчийн хооронд түрээсийн гэрээний төлбөр төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, гэрээний хүчинтэй байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

12. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ. 

13. “ **** ****” ХХК, **** нар 2016.03.23-ны өдрийн 16/К/04 дугаартай Түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** плаза төвийн 1 давхрын 41,5 м.кв талбайг 1 жилийн хугацаатай түрээслэгчид эзэмшүүлж, ашиглуулах, түрээслэгч 1 сарын түрээсийн төлбөрт 2016.04.01-ний өдрөөс 2016.06.30-ны өдрийг хүртэл 700,000 төгрөг, 2016.07.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийг хүртэл 750,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. 

14. Давж заалдах шатны шүүх хариуцагч ****ийг 5,593,548 төгрөгийн  түрээсийн гэрээний төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь зохигчийн тайлбараас гадна, нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

15. Зохигчийн хооронд байгуулсан 2016.03.23-ны өдрийн 16/К/04 дугаартай гэрээний 13.4-т “Энэхүү гэрээнд гагцхүү талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна” гэж тусгагджээ. 

16. Хариуцагч ****ийн 12 нэр төрлийн эд хөрөнгийг “ **** ****” ХХК хүлээн авсан хэдий ч 2016.03.23-ны өдрийн 16/К/04 дугаартай гэрээний 2.1.1, 2.1.2, 5.1.6-д тусгагдсан түрээслэгч нь мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэвэл зохих төлбөрийн үүргийг эд зүйлээр буюу түрээсийн байранд ашиглаж байсан эд хөрөнгөөр барагдуулахаар талууд сольсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

Харин **** “ **** ****” ХХК-д хүлээлгэн өгсөн 12 нэр төрлийн эд хөрөнгө болон тэдгээрийн үнийг шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

18. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд буюу талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, зохигчийн тайлбарт үндэслэн **** үүргийг 5,593,548 төгрөгөөр тодорхойлж, “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,796,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ньИргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-дзаасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

18. Хариуцагч ****ийн “...давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд буруу дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй учир магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгуулах...” гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 14-16 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

19. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2369 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                          Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД