Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/217

 

 

 

 

 

 

                      

       2023         12           20                                        2023/ШЦТ/217

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

           Иргэдийн төлөөлөгч Н.Түвшинбаатар,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

          Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,        

          Хохирогч Б.Х,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

          Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн 2319000000261 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.О нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн төв асрын дэргэд Б.Х-ийг зүй бус, хууль бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж, улмаар түүний хэвлий, баруун бугалга хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, сэмжний урагдал, баруун бугалгын a.brachialis, n.medianus судасны тасрал, баруун бугалгын урагдал шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

       

            Шүүгдэгч Э.О нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн төв асрын дэргэд Б.Хийг зүй бус, хууль бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж, улмаар түүний хэвлий, баруун бугалга хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, сэмжний урагдал, баруун бугалгын a.brachialis, n.medianus судасны тасрал, баруун бугалгын урагдал шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

-Шүүгдэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөө айл руу бой хийж өгөх гээд явсан. Тухайн айлаас Сайншанд руу орой 6 цагаас автобус явдаг. Тэрний өмнө аав, ээж хоёр хонь хийж явуулна гээд байж байсан.  Би 2 цагийн үед гэрээс мотоцикл унаж гараад хойшоо яваад ээжийн дүүгийн гэрийн гаднаас хөдлөх гэж байхад Б, Б.Х нартай таарсан. Тэгэхэд Б ах та дэлгүүр хүргээд өгч гэсэн. Дэлгүүрийн гадаа очиж зогсоход Б.Х дэлгүүр орсон. Би Бтэй гадаа зогсож байтал Б ах машинтай давхиж ирээд “хэзээ ирсэн юм бэ? Ганц хоёр пиво ууя л даа” гэхэд нь за тэгье, би бензинээ хийчхээд араас чинь яваад очъё гэж хэлсэн. 2 пиво уугаад стадионы хойд талд очиж зогсоод жоохон балартах гээд байсан.  Бийн ажлын Б гэх залууг авчирч 2 пиво аваад 1-г нь ууж байхад манай нэг найз Галшараас адуу ачаад Сайншанд руу гарлаа гээд видео каллаар ярьж байхад Б.Х араас ирсэн. Тэгээд л муудалцсан. Стадионы зүүн талд пиво ууж байхад манай найз Галшараас гарлаа гээд видео каллаар залгахаар нь стадионы баруун талд гараад зогсож байсан. Тэгтэл Б.Х араас ирээд үзье Б ах гэсэн. Утсаа таслаад эргээд харахад Б.Х араас зуурч авсан. Боолттой ийш тийшээ өнхөрч байгаад нэг мэдэхэд л Б.Хийг дүрчихсэн байсан. Миний гутлын түрүүнд хонь янзлах хутга байсан...” гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Д.Б.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би Бийнд очсон. Гарч яваад Э.О ахтай таарсан. Эгч хүүхнээс нь ганц, ганц пиво аваад өгөөч гэж гуйхад авч өгсөн. Наадмын талбайн хажууд уусан. Яг аль талд болсон гэдгийг нь санахгүй байна. Би өмнөөс нь цохисон байх гэж бодож байна. Боож барьсан зүйлгүй байх. Дээр нь гараад цохиж байснаа санаж байна. Гар бадайраад байхад нь харахад цус гарсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би эмнэлэгт 2, 3 хоносон...” гэсэн мэдүүлэг

           -Хохирогч Д.Б.Хийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б, Б, Э.О Б бид нар наадмын талбай дээр очиж пиво ууцгаасан. Би ямар ч байсан 2.5 литрийн савлагаатай 3 пиво уусан. Бусад нь хэдэн пиво уусан талаар санахгүй байна. Тэгсэн чинь Э.О согтчихоод намайг дээрэлхэх гээд байгаа юм шиг элдэв янзын үгээр хэлээд дээрэнгүй харьцаад байхаар нь би "Та олон нийтийн цагдаа байх үедээ их дээрэнгүй байсан шүү. Одоо тэр үе биш шүү. Намайг дээрэлхэх гээд байвал өөр газар дээрэлхээрэй" гэсэн чинь Э.О Эр хүн шиг учраа ольё" гэсэн. Тэгээд бид 2 нөгөө хэдээсээ арай жоохон холдоод маргалдсан чинь намайг цохих гээд дайрахаар нь би урдаас нь нүүр лүү нь нэг удаа цохиж байснаа л санаж байна. Тухайн үед би нэлээн согтсон байсан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Гар чинэрээд доошоо сөхөрч сууснаа санаад байгаа юм. Тэгээд сэрсэн чинь Даланжаргалан сумын эмнэлэгт байж байсан. .Бид тухайн орой пиво уучхаад хоорондоо маргалдсан. Тэгээд би Э.Оын нүүр лүү нь гараараа цохисон. Тэгсэн чинь намайг зөрүүлээд цохисон. Тэгэхээр нь би унагааж аваад доороо хийгээд 1-2 л цохисон байх. Бусдаар зодоогүй. Тэгсэн чинь гэнэт хутгалсан. ...яг юунаас болж хэрэлдсэн шалтгаан бол 2016 онд би хот руу цэрэгт явахыг өмнө Э.О ах .... сумын олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан. Тэгээд нэг орой согтуу над дээр ирчхээд ахдаа ганц юм аваад өгчих гэхээр нь би байхгүй гээд уурлаж байсан. Тэгсэн чинь намайг согтуу би чамайг ... суманд гишгүүлэхгүй гэж байсан. Тэгээд би хэрэг болдог орой пиво ууж байхдаа энэ талаар ярихад би тэгээгүй гээд маргаан эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 17-18, 89-рт/,

          -Гэрч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э.О, Б.Х нар баруун хойд хэсэгт нь уулзаад муудалцаад байхаар нь Б эхэлж очоод, би дараа нь очиход Б.Хийн баруун гарнаас нь цус гоожоод, гэдэснээс нь цус гоожиж байсан. Б.Хийн гарыг нь Э.О даавуугаар боогоод машинтай залуу нь эмнэлэг рүү явж эмч авч ирээд эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 20-рт/,

         -Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Наадмын талбайн хойд төв асрын тэнд Б, Б.Х, Э.О бид 4 пиво уусан. Пиво ууж байхад Б.Х Э.О-ыг “Үзье. Зодолдъё” гээд байсан. Э.О зодолдохгүй гээд байсан... Э.О утсаар яриад стадионы баруун хойд хэсэг рүү явсан араас нь Б.Х очоод Э.О-ыг цохиод доороо хийгээд зодоод байсан ба Э.О босож ирээд гэдэс рүү нь 1 удаа хутгалсан, баруун гар руу нь 1 удаа хутгалсан би очоод салгаад хутгыг нь аваад даавуунд ороолттой нь цэнхэр өнгийн турбан сандлын дотор нь хийгээд орхисон...” гэсэн мэдүүлэг /хх 22-рт/, 

         -Гэрч Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Наадмын талбайн хойд хаалгаар орж төв асрын зүүн хаалганы зүүн талын хаалган дээр пиво ууцгааж эхэлсэн... Пиво ууж байхад Б.Х Б ахыгаа Айрагийн залуутай уулзуулж зодуулах санаатай юм шиг байсан. Тэгснээ Б рүү агсраад “Хоёулаа үзье, зодолдъё” гээд байснаа Э.О руу агсраад “Би таныг л зодчихвол сумын атаман болох гээд байна” гээд муудалцаад гайгүй болсон...Э.О босож яваад наадмын талбайн хашаа руу ороод байруун хойд хэсэг рүү нь яваад араас нь Б.Х явсан. Удалгүй юм түчигнэлээ гээд Б гүйж очоод араас нь би очиход Б.Х газарт хэвтсэн, гэдэснээс нь сэмж нь гарсан байдалтай, гараа дарсан байдалтай гараас нь цус гарчихсан байхаар нь би эмч дуудаж сумын эмнэлэг рүү авч явсан...гэсэн мэдүүлэг /хх 23-рт/,

            -Шүүгдэгч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд ... суманд гэрээсээ гараад хөдөө явж хонь авч ирэхээр мотоциклтой явж байтал Б.Х, Б 2 таараад дэлгүүр хүргээд өгөөч гэхээр нь хойд клонкийн урд талын ... дэлгүүр хүргэж өгөөд Б.Х дэлгүүр орсон. Б бид 2 гадаа зогсож байхад автомашинтай Б ирээд ганц 2 пиво уух уу гэхээр нь тэгье гээд би бензинээ авчхаад очъё гээд араас нь наадмын талбай /стадион/ руу явсан. Наадмын талбай дээр очоод талбайн баруун хойно мотоциклоо тавиад Б автомашинаа мөн хажууд тавиад хойд талын төв асрын зүүн талын орох үүдэн дээр сууцгаагаад би ундааны сав олоод хутгаар тасдаад пивоны аяга болгоод Б 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво аягалаад Б, Б.Х Б бид 4 хувааж уусан. Пиво ууж байхад Б.Х, бид гурвыг яриа өдөөд үзье зодолдъё гээд байсан. Б Б.Х 2 уулзана гэж яваад буцаад Б ирээд Б ах /Э.О/ таныг Т /Б.Х/ таныг үзье гээд байна гэхээр нь Б.Х-тэй уулзахад та намайг 2015 онд Далан дээр явуулахгүй гэж хэлсэн одоо үзье зодолдъё гээд байхаар нь уучлаарай ахын дүү гээд уучлалт гуйгаад гар барьсан. Тэгээд үргэлжлүүлж пиво ууж дуусаад Б автомашинаа жолоодоод бид 4, баруун гэр байранд нэг танихгүй айлд очоод Б орж нэг ажлын залуу нэг танихгүй залуу гаргаж ирээд бид 5, колонкийн урд талын Т-ийн дэлгүүр орж Б.Х, Б нар 2.5 литрийн пиво аваад наадмын талбай ороод задлаад уух гэж байтал 18 цаг 27 минутын үед би хүнтэй утсаар ярихаар болоод стадионы баруун хойд хэсэгт утсаар ярьж байтал Б.Х араас ирээд зодолдъё гээд байхаар нь би утсаа тасдсан ба Х миний араас боогоод би өөдөөс нь ноцолдоод би доороос нь өндийж босоод шууд баруун талын гутлын турийнд байсан бор модон иштэй хутгаа аваад Б.Хийн гэдэс рүү нь 1 удаа дүрээд, баруун гар руу нь 1 удаа дүрээд, гарнаас нь цус гоожоод байхаар нь хөлийн ороолтноос тасдаж аваад гарыг нь боосон. Б эмнэлэг рүү автомашинаа жолоодож яваад эмч дуудаж авч ирсэн. Б.Хийг эмнэлэг рүү авч явсан. Б хутга газраас аваад ахаа та хутгаа нуучих гээд наадмын талбай дотор байсан цэнхэр өнгийн төмөр турба сандлын гол руу нь нууж шидсэн ба цагдаа нарт гаргаж өгсөн. Би Б.Хийг хутгалсан хутга нь хөдөөнөөс 2 хонь янзалж ирнэ гээд гэрээсээ хутга аваад хар даавуунд боогоод түрийндээ хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-27-рт ху/,

          - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн 02/429 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Д.Б.Хийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, сэмжний урагдал, баруун бугалгын a.brachialis, n.medianus судасны тасрал, баруун бугалгын урагдал шарх гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх 29-30-рт ху/,

            -Шинжээч эмч У.Энхмаагийн өгсөн: “...Д.Б.Хийн биед учирсан биед учирсан хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, сэмжний урагдал гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун бугалгын a.brachialis, n.medianus судасны тасрал, баруун бугалгын шарх гэмтэл нь мөн хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу нийт хоёр удаагийн үйлчлэлээр эдгээр гэмтлүүд нь үүсгэгдэх боломжтой. А.brachialis гэдэг нь бугалганы тараагуур буюу артерийн судас, n.medianus гэдэг нь эгмэн доорх мэдрэлийн сүлжээнээс гарч байгаа мэдрэлийн судасны салааг хэлнэ. Эдгээр судаснууднуудын тасралтыг хэлж байна. Б.Хийн биед учирсан бугалганы тараагуур судасны гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т зааснаар том судасны гэмтэл, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, сэмжний урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэсэн заалтуудад тус тус хамаарна. Эдгээр гэмтлүүдийг нийтэд нь амь насанд аюултай гэмтэл буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1 гэсэн заалтад хамааруулж болно...” гэх мэдүүлэг /хх 86-87-рт/,

            -Иргэний нэхэмжлэгч Д.Д-гийн  өгсөн: "... Эрүүгийн ... дугаартай хэргийн хохирогч Б.Х нь уг хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан. Б.Х нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Эрүүл мэндийн даатгалаар нийт 675.000 төгрөгийн хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хариуцсан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу холбогдогчоор төлбөрийг бүрэн барагдуулж авна..." гэх мэдүүлэг /хх 98-рт/,

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-13-рт/,

          -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-17 ху/,

          -Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 53-рт/,

            -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол/хх 54-рт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэсэн болно.

 

          Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

    

            Шүүгдэгч Э.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба дээрх тайлбарт заасан хүйтэн зэвсэг гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарна.

 

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна.

 

              Шүүгдэгч Э.О нь хохирогч Б.Хийн Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан байх эрхийг зөрчиж түүнийг 2 удаа хутгалсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйлийг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдэл тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгийн байдалд оруулж, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагддаг.           

           Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.

          

           Шүүхээс шүүгдэгч Э.О нь уг гэмт хэрэг үйлдэх болсон урьдач нөхцөл буюу “хохирогчтой урьдын хувийн таарамжгүй харилцааны явцад бий болсон асуудлаас болж хохирогч болон шүүгдэгч нар нь хоорондоо маргалдан, зодолдож улмаар шүүгдэгч  нь гутлынхаа түрийнд байсан хутгыг авч хохирогчийн хэвлий болон баруун гарт хутгалсан идэвхтэй хохирогч руу шууд чиглэсэн үйлдлийг гаргасан байна.

 

           Үүнийг шүүх хохирогчийн зүй буй үйлдлээс болж шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн  хэвийн  байдал  алдагдсаны  улмаас  түрхэн зуурын агшинд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч нь болж буй үйл явдлыг ухамсарлан ойлгосон, биеэ хамгаалахын тулд өөрт байсан хутгаар хохирогчийг санаатайгаар хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирлыг учруулсан байна.

 

           Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Түвшинбаатар нь “хүнд мэс хүргэсэн гэм буруутай” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

            Иймд шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ /хэтрүүлэн хэрэглэсэн/, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, хүний ухамсар, ёс зүйн төлөвшил болон хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Э.О-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардалд 10.000.000 төгрөг гаргуулахаар, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирогч Б.Х-т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 675.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид учирсан хүнд гэмтлийг эмнэлгийн яаралтай, тусламж үйлчилгээ үзүүлсний үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 675.000 төгрөгийн зардлыг гаргасан байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад …” нөхөн төлүүлэхээр хуульчилсан бөгөөд хохирогчид Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээ тусламж, үйлчилгээний зардал болох 675,000 төгрөгийг шүүгдэгч Э.О-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дансанд оруулахаар шийдвэрлэв.

 

            Харин хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилж буй 10.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Хэргийн оролцогч нарын зүгээс хохирогчид үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал болох 675,000 төгрөгийг төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хуралдааныг завсарлуулах саналыг гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

Шүүгдэгч Э.О-ыг тус гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

              Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг оногдуулж өгнө үү гэх …” саналыг тус тус гаргасан.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “....Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно…” мөн зүйлийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” талаар хуульчилсан бөгөөд хэдийгээр шүүгдэгч нь хохирогчид хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч буй хэдий ч түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргасан, мөн хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг  төлж барагдуулаагүй байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

              Иймд шүүгдэгч Э.О-д түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.О-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, иш хэсэгтээ 3 хадаас бүхий тавтай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б овогт Э-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.О-г 5 /тав/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-аас 675.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, иш хэсэгтээ 3 хадаас бүхий тавтай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОДБАЯР

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БАЙГАЛМАА
 

 

                               ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН