Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/03360

 

 

 

 

 

 

  2020         11             05                                   184/ШШ2020/03360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ________ дугаар хороо, өөрийн байранд байрлах, ________, “ _________________  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн _________ дугаар хороо, ________дугаар гудамж ____________ тоотод  оршин суух, ______________, ___________ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт __________ төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч ______________, хариуцагч ______________, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч _____________, хадгаламж зээлийн хоршоо  шүүхэд гаргасан нэхэмжлэл   болон  түүний төлөөлөгч шүүх  хуралдаанд  тайлбарлахдаа: ____________ нь 2017.01.18-ны өдөр 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Машинаа барьцаанд тавьсан. Зээлийн гэрээний хугацааг өөрийнх нь хүсэлтээр удаа дараа сунгаж байсан бөгөөд төлнө гэж явсаар байгаад өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан эрхийн дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг 1 удаа сунгасан байдаг. Гэвч тухайн хугацаандаа зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд зээлдүүлэгчээс зээлдэгчид цаг тухай бүрд нь боломж олгож зээлээ төлөх бололцоогоор хангасан  боловч өдийг хүртэл  зээлээ бүрэн төлөөгүй байна.  Шүүхэд  анх үндсэн зээл  4,621,363.24 төгрөг, зээлийн хүү 158,438,12 төгрөг нийт нэмэгдүүлсэн хүү 31,687.62 төгрөг  нийт  4,779,801.34 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргаж  байсан.  Дээрх нөхцөл байдал болон зээлдэгчийн зээлсэн зээлийн хүүгийн хэмжээ ихсэж байгаатай тус тус холбогдуулан __________________ ХЗХ-оос уг асуудлыг шүүхээр нэг тийш нь эцэслэн шийдвэрлэх нэхэмжлэл гаргасан юм.  Нэхэмжлэлийн үнийн хувьд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,300,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 3,600.000 төгрөг, зээлийн хүү 158,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,687.62 төгрөгтэй нийт 3 790 125 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч  ___________  шүүх  хуралдаанд   тайлбарлахдаа:  2017.01.18-нд  2,000.000 төгрөгийн зээлийг  хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулан авсан. Тус зээлийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, сард 450,000 төгрөг төлж байхаар тохиролцож авсан. Зээлийн гэрээний   дагуу   зээл  авснаас  хойш  үүргээ  биелүүлж   төлж   байсан  бөгөөд түүнээс хойш ажил төрөлгүй болсон тул зарим сардаа төлөөд, зарим сардаа төлж   чадахгүй  байсан.  Миний тооцооллоор  үндсэн зээл болон зээлийн хүүгээс нийт 2,000,000 орчим төгрөг төлсөн. Харин зээлдүүлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нэхэмжлэгчид 700,000 төгрөг, 1,300,000 төгрөг  нийт 2,000,000 төгрөг өгсөн байхад нэхэмжлэгч нь миний өгсөн 700,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй байна. Нийт 4,000.000 төгрөгийг буцаан төлсөн. “________________ уулзаж өөрийн байдлаа хэлэхэд шүүхийн шийдвэрийг аваад ир тэр  үед  шийдэж өгнө гэсэн. Би  банкинд 10,000,000 төгрөгийн зээлтэй байдаг. Нүүрс борлуулах газар  ажилладаг, цалингаасаа тус зээлийн төлбөрт суутгуулаад гар дээрээ 70,000 төгрөг  авдаг. Амьдралын боломж  тааруухан  боловч  үүргээ  биелүүлсэн.  Анх  6  сарын  хугацаатай   зээл  авсан.  2018  онд гэрээ сунгаж   зээлийн гэрээ хийсэн боловч  мөнгө аваагүй. 3 790 125  төгрөгийн шаардлагыг төлөх  үндэслэлгүй гэв.

 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “______________”  хадгаламж зээлийн хоршоо нь  хариуцагч ____________  холбогдуулан үндсэн зээл  4,621,363.24 төгрөг, зээлийн хүү 158,438,12 төгрөг  нэмэгдүүлсэн хүү 31,687.62 төгрөг  нийт  4,779,801.34 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байна.

Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  хариуцагч  нь  1 300 000 төгрөгийг төлсөн  үндэслэлээр нэхэмжлэлийн   шаардлагаа   багасгаж  зээлийн гэрээний  үүрэгт  3 790 125 төгрөгийг  нэхэмжилжээ.

 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй  4,000,000  төгрөг  төлсөн гэж  маргажээ.

Хэрэгт цугларсан  нотлох  баримтуудаас үзэхэд  дараах  байдал  тогтоогдож  байна.

 Нэхэмжлэгч нь Санхүүгийн  зохицуулах  хорооноос олгосон  тусгай  зөвшөөрлийн дагуу үйл  ажиллагаа  эрхлэж  байгаа гэж  тайлбарлан   улсын  бүртгэлийн 9031002065, регистрийн 586534 дугаарт   бүртгүүлсэн гэрчилгээг  нотариатчаар  гэрчлүүлж   ирүүлсэн    байна.  / хх  32  дугаар  тал /

Талууд  2017 оны 1 сарын 13-нд  зээл болон барьцааны  гэрээ  байгуулж   хариуцагч нь 2, 000 000 төгрөгийг 6 сарын  хугацаатай  5 хувийн хүүтэй зээлж  авсан  ба  тэдний  хооронд  Иргэний хуулийн   281 дүгээр  зүйлийн  281.1, 282 дугаар зүйлийн 282.2-д заасан  зээлийн  гэрээний  харилцаа  үүссэн байна.  

Нэхэмжлэгч  нь шаардлагаа   нотлохоор   2018 оны  6 сарын  25-ны  өдрийн  № 2/31 дугаар  зээлийн болон   барьцааны гэрээ,   зээл төлөх  хуваарь, 2017 оны 01 сарын 13-ны өдөр    байгуулсан № 2-31 дугаар зээл  болон   барьцааны  гэрээ ,   Хас  банкны дансны хуулга,  2017.1.18-ны  өдөр  үйлдсэн  зээлийн  эргэн  төлөлтийн  хуваарь зэргийг  шүүхэд ирүүлсэн бөгөөд  нэхэмжлэлд зөвхөн   мөнгөн  төлбөрийн  үүрэг  шаардсан байна. 

Харин  барьцааны  гэрээнд хариуцагчийн өмчлөлийн  авто машины  эзэмших эрхийг компаний нэр дээр  шилжүүлсэн   байх ба  гэрээтэй  холбогдох  шаардлага  гаргаагүй   тул  уг  гэрээнд   эрх зүйн дүгнэлт  өгөх  шаардлагагүй  гэж үзлээ.  / хх 4-16 дугаар  тал /

Хариуцагч  нь шүүх хуралдаанд  тайлбарлахдаа 2,000,000  төгрөгийн  зээлийг  2017 оны 01 сарын  13-нд 6 сарын  хугацаатай  5 %   хүүтэй  авч  барьцааны гэрээгээр  өөрийн  өмчлөлийн     улсын   дугаартай  NISSAN TINO 0   маркийн авто  машины эзэмшлийг   “_________________-ны  нэр  дээр  шилжүүлсэн, машин миний өмчлөлд байгаа,  зээлийн  төлбөрт   нийт    4,000 000  / дөрвөн сая /  төгрөгийг  буцаан  төлсөн.

Харин  2018 оны 6 сарын 25-нд  байгуулсан   зээлийн гэрээгээр   мөнгө зээлж   аваагүй гэж  тайлбарлаж  байна.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч нь  шүүх  хуралдааны  хэлэлцүүлэгийн явцад  “зээлийн гэрээний үүргийг 2018 оны  6 сарын  25-ны  өдрийн  № 2/31 дугаар    гэрээг “    үндэслэн  нэхэмжилж  байна,  энэ гэрээний  дагуу  хариуцагчид  мөнгө шилжүүлээгүй нь үнэн, гэхдээ   2017  оны  гэрээгээр авсан зээлийн  төлбөрийн  үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаагүй тул  зээлийн гэрээний сунгалтыг хийж дахин гэрээ байгуулсан  гэж тайлбарлаж байна.

Хавтаст хэргийн 4-6 дугаар  хуудсанд  байгаа  2018 оны  зээл  болон  барьцааны гэрээ, эргэн  төлөлтийн  хуваарь  зэрэг  нь  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  44 дүгээр зүйлийн  44.2-д заасан  шаардлага  хангасан  боловч   талуудын  хооронд  зээлийн гэрээний  харилцаа  үүссэнийг мөн  2,815.400 төгрөгийг хариуцагч  ______________    дансанд  шилжүүлсэн эсэх, зээлдэгч  нь  мөнгө шилжүүлэх үүргээ зохих  ёсоор   биелүүлсэн    эсэх зэрэг  үйл явдал    баримтаар  нотлогдохгүй  байх   тул   уг баримтуудыг  хэрэгт хамааралгүй  ач холбогдолгүй  гэж  үнэлэв.

Өөрөөр хэлбэл  2018.6.25-нд байгуулсан   зээлийн гэрээ  нь  зээлдэгчийн  хүсэл  зориг  үнэн  зөв   бодит  байдлаар   илэрхийлэгдсэн байх  хуулийн  шаардлагад  нийцэхгүй  байна.            

Харин талуудын хооронд   2017 оны 01 сарын 13-ны өдөр    байгуулсан № 2-31 дугаартай зээл  болон   барьцааны  гэрээг  тус тус бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн,  гэрээний гол нөхцөл, шаардлагын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 42, 196 дугаар зүйлийн 196.1,   282 дугаар зүйлийн 282.4-д заасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй   тул  дээрх  үйл  явдал  тогтоогдсон гэж  үзлээ. / хх 8-16 дугаар  тал /

Түүнчлэн хариуцагч нь  2,000.000 төгрөгийн зээлийг авсан, зээлийн  эргэн  төлөлтөд  4,000,000 төгрөг  төлсөн  гэж тайлбарлаж  байгааг нэхэмжлэгч  зөвшөөрч   талууд   маргаагүй  байна. 

Талуудын  хооронд   2018.6.25-нд   байгуулсан   гэрээ нь  зээл,   зээлийн  хүү,  нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг үүсгээгүй  байна. Харин  хариуцагч  өөрийн   гачигдалтай  байдлаас  хамаарч, зээлдэгчийн   ашиг  сонирхолд   нийцүүлэн бичсэн гэж  үзлээ.   

  Нэхэмжлэгчээс   хариуцагчийг  дээрх  зээлийн  гэрээний  үүргийг  хүлээн  зөвшөөрсөн  талаар   бичгээр  тус  хоршоонд  өргөдөл  гаргаж  байсан тухай  түүний  гараар бичсэн   баримтыг  ирүүлжээ. Энэ  бичиг нь  2017 онд  зохигчдын  хооронд  зээлийн гэрээний  харилцаа үүссэнийг  тогтоох  эрх зүйн  үндэслэл   болж  байгаа болохоос бодитоор хийгдээгүй гэрээний үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй   гэж  үзэж хэрэгт  ач  холбогдолгүй гэж  үнэлэв./ хх 17-21 дүгээр тал  /

Дээрх  байдлаас үзвэл:  Хариуцагч  нь зээлийн  гэрээний  үүргийг  зохих  ёсоор   биелүүлсэн байна.  Нэхэмжлэгч  тал өөрийн   эрх  ашигт   хохирол   учруулсан гэдгээ баримтаар нотлоогүй   Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн   25,38  дугаар  зүйлийн  38.1-д заасан   үүргээ  хэрэгжүүлээгүй  гэж  үзлээ.

Иймд нэхэмжлэгчид  2018 оны 6 сарын 25-нд байгуулсан  зээлийн гэрээний  дагуу  хариуцагчаас  зээл, зээлийн хүү,  нэмэгдүүлсэн  хүү   шаардах  эрх  үүсэх хуулийн  үндэслэл  байхгүй  байна.

 Талуудын  хооронд  байгуулсан зээлийн гэрээний  хөөн  хэлэлцэх  хугацааны тухайд :

Талууд 2017 оны 01 сарын 13-ны өдөр  №2-31  тоот  “Зээлийн  гэрээ”   6 сарын хугацаатай байгуулсан ба  гэрээний  1.1, 2.1.3-д    гэрээний  хугацааг дуусгавар  болгох  талаар  дурдсан боловч  хавтаст  хэргийн  9  дахь талд авагдсан  баримт   бүрэн уншигдахгүй  давхардуулан  канондсан болохыг дурдав.  Гэхдээ    гэрээ байгуулсан  он сараас тооцвол  уг гэрээ    2017 оны 7 сарын 13- нд  дууссан  байна. 

Иргэний хуулийн  76 дугаар зүйлийн  76.1-д “ Хөөн  хэлэлцэх  хугацааг  шаардах эрх үүссэн  үеэс эхлэн  тоолно” гэж  заажээ. Нэхэмжлэгч  нь  хуулийн  хугацаанд  буюу  2020 оны   7  сарын  13-ны өдрөөс  өмнө   шүүхэд хандах байсан  бөгөөд  энэ үеэс   нэхэмжлэгч байгууллагын  шаардах эрх нь үүссэн,   мөн  гэрээг сунгах боломжтой боловч  эрхээ хэрэгжүүлээгүй  байна. 

  Талуудын хоорондох  зээлийн гэрээний  үүрэгтэй  холбоотой  маргаанд   Иргэний хуулийн 75 дугаар  зүйлийн  75.2.1-д  заасан “ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил  байна “  гэж заасан  хугацаа    хамаарч  байна.

Нэхэмжлэгч  нь 2020 оны 9  сарын   25- нд  шүүхэд  нэхэмжлэл  гаргасан  нь  хуульд заасан  хөөн  хэлэлцэх  хугацаа  хэтрүүлсэн  байна.   Иймд  дээр дурдсан үндэслэлүүдээр  нэхэмжлэлийн  шаардлагыг   бүхэлд нь  хэрэгсэхгүй  болгох  нь  зүйтэй  гэж  үзлээ.  

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281,1, 282 дугаар зүйлийн  282,2-д зааснаар    нэхэмжлэгч  “ ______________ “  хадгаламж зээлийн хоршооны  нэхэмжлэлтэй   хариуцагч  ______________ холбогдох 3,790.125  /гурван сая долоон зуун ерэн мянга нэг зуун хорин  таван мянган/ төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй   болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91.427 /ерөн нэгэн мянга дөрвөн зуун хорин долоон/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ОЮУНЦЭЦЭГ