Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

2024        01          24                                       2024/ШЦТ/19

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч: Ц.Знарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт Цгийн Зд холбогдох эрүүгийн 2435000000002 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 8 дугаар сарын 30-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн ......... сумын ......... дугаар багийн ............ 24 дүгээр байрны ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Цгийн З /РД:..................../

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ц.Знь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө .......... сумын ......-р багт Элит ......-р байрны ....... давхарт хүмүүс зодолдсон гэх дуудлагад албан үүргээ гүйцэтгэхээр очсон цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гын хэвлийн тус газарт нэг удаа өшиглөж, хүч хэрэглэсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр тус аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Жын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа, баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа тус тус цохисны улмаас нүдний харааны шилийг хагалж, хүч хэрэглэсэн,

Мөн тус аймгийн цагдаагийн газрын дуудлага хүлээн авах жижүүрийн өрөөн дотор мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Цг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1. Шүүгдэгч Ц.Зыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Знь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Улаангом сумын 3-р багт Элит 45-р байрны 4 давхарт хүмүүс зодолдсон гэх дуудлагад албан үүргээ гүйцэтгэхээр очсон Увс аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гын хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн, цагдаагийн ахлагч С.Жын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа, баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа тус тус цохисны улмаас нүдний харааны шилийг хагалсан, цагдаагийн дэд ахлагч Б.Цгийн баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

Хэргийн газарт үүзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Увс аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

Увс аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Аийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

Увс аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал),

Увс аймгийн Цагдаагийн газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал),

Гэмт хэргийн гомдол, мэдээллийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд (хавтаст хэргийн 22-41 дэх тал),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 42 дахь тал),

Хохирогч С.Жын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал),

Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56, 58 дахь тал),

Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

Шүүгдэгч Ц.Зын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 506 дугаартай “ Үзүүлэгч С.Жын биед зүүн хацарт өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн хацарт өнгөц зулгаралт гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дахь тал)-ээр хууль сахиулагч С.Жын биед гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай “ Үзүүлэгч Б.Цгийн биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81 дэх тал),

 Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 508 дугаартай “ Үзүүлэгч Г.Гын биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 87 дахь тал),

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Г, цагдаагийн ахлагч С.Ж, цагдаагийн дэд ахлагч Б.Ц нар нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.

Шүүгдэгч Ц.Знь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Улаангом сумын 3-р багт Элит 45-р байрны 4 давхарт хүмүүс зодолдсон гэх дуудлагад албан үүргээ гүйцэтгэхээр очсон цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гын хэвлийн тус газарт нэг удаа өшиглөж, хүч хэрэглэсэн, үргэлжилсэн үйлдлээр тус аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Жын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа, баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа тус тус цохисны улмаас нүдний харааны шилийг хагалж, хүч хэрэглэсэн,

Мөн тус аймгийн цагдаагийн газрын дуудлага хүлээн авах жижүүрийн өрөөн дотор мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Цг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлүүд нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ц.Знь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ц.Зыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Ж мөрдөн байцаалтын шатанд “Ц.Знь нүдний шилний хохирол болох 108000 төгрөг бэлэн өгч надаас уучлалт гуйсан ба миний бие Ц.Зд одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол, тэмцэл байхгүй болно.” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 221 дэх тал), Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд “Миний бие иргэн Ц.Зд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 222 дахь тал), Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд “Миний бие иргэн Ц.Зд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 223 дахь тал)-уудыг тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Знь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Знь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Знь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 174 дэх тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ

Шүүгдэгч Ц.Зын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Ц.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Знь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хагархай нүдний шилийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Цгийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Ц.Зд 3000 /гурван мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Знь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хагархай нүдний шилийш устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст дуулгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ