Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01083

 

 

 

 

 2022          11           10                                          001/ХТ2022/01083

 

... ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00989 дүгээр шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2128 дугаар магадлалтай,                                                                                                                                 

... ийн нэхэмжлэлтэй

“... ” ХХК-д холбогдох

Гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, алдангид 54,000,000 төгрөг гаргуулах, түрээсийн нөхөн олговорт 15,375,000 төгрөг гаргуулах, орон сууц хүлээлцэх акт үйлдэж түлхүүр гардуулж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл,

13.64 м.кв нэмэгдсэн талбайн хэмжээний үнэ болох 33,600,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ... , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, алдангид 54,000,000 төгрөг гаргуулах, түрээсийн нөхөн олговорт 15,375,000 төгрөг гаргуулах, орон сууц хүлээлцэх акт үйлдэж түлхүүр гардуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 13.64 м.кв нэмэгдсэн талбайн хэмжээний үнэ болох 33,600,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00989 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1., 275 дугаар зүйлийн 275.1., 232 дугаар зүйлийн 232.4., 238 дугаар зүйлийн 238.4., Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь заалтыг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High apartment 8А байрны 8-р давхрын 40 тоот 73,64 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг ... ийн нэр дээр бүрдүүлэн өгөхийг “... ” ХХК-д даалгаж, алдангид 54,000,000 төгрөгийг тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, түрээсийн нөхөн олговорт 10,250,000 төгрөгийг тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, олговрын алдангид тооцсон 5,125,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ... д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High apartment 8А байрны 8-р давхрын 40 тоот 73,64 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн, түлхүүр гардуулж өгөхийг хариуцагч “... ” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 20,869,200 төгрөгийг ... ээс гаргуулж, хариуцагч “... ” ХХК-д олгон, шаардлагаас үлдэх 12,730,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийт хариуцан төлөх 64,250,000 төгрөгөөс харилцан тооцогдох үүрэг болох сөрөг нэхэмжлэлийн хангагдсан 20,869,200 төгрөгийг хасч тооцож, эцсийн дүнгээр 43,380,800 төгрөгийг хариуцагч “... ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ... д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 3 сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,237,785 төгрөгөөс 645,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 592,560 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “... ” ХХК-аас хариуцах хураамжид 619,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... д, сөрөг нэхэмжлэлд төлсөн 325,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хариуцах хураамжид 262,296 төгрөгийг тооцон гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2128 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00989 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1, 232 дугаар зүйлийн 232.8, 238 дугаар зүйлийн 238.4 дэх заалтыг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High apartment 8А байрны 8-р давхрын 40 тоот 73,64 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг ... ийн нэр дээр бүрдүүлэн өгөхийг “... ” ХХК-д даалгаж, алдангид 27,000,000 төгрөгийг тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, түрээсийн нөхөн олговорт хариуцагчаас 10,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,125,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ... д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High apartment 8А байрны 8-р давхрын 40 тоот 73,64 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн, түлхүүр гардуулж өгөхийг “... ” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ... ээс 20,869,200 төгрөгийг гаргуулж хариуцагч “... ” ХХК-д олгон, үлдэх 12,730,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийт хариуцан төлөх 37,250,000 төгрөгөөс харилцан тооцогдох үүрэг болох сөрөг нэхэмжлэлийн хангагдсан 20,869,200 төгрөгийг хасч тооцож, эцсийн дүнгээр 16,380,800 төгрөгийг хариуцагч “... ” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ... д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч ... ээс төлсөн 1,237,785 төгрөгөөс 645,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 592,560 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “... ” ХХК-аас 344,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... д, сөрөг нэхэмжлэлд төлсөн 325,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч ... ээс 262,296 төгрөгийг гаргуулж хариуцагч “... ” ХХК-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн 181/ШШ2020/00989 дугаар шийдвэр, 2020.10.14-ний өдрийн 2128 дугаар магадлалыг эс зөвшөөрч хууль хэрэглээний болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд заасан үндэслэл журмаар үнэлэх, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс улбаалан хэрэг буруу шийдвэрлэгдсэн байхад давж заалдах шатны шүүх бүрэн зөвтгөж чадсангүй. Зохигчид 2013.04.13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж “... ” ХХК шинээр баригдах орон сууцны төслийг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах, захиалагч нь уг компанийн хэрэгжүүлж буй төслийг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар тохиролцож мөн өдрөө 03\455 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ“ байгуулж, уг гэрээгээр “... ” ХХК нь захиалагч ... д Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн 44 байрны суурин дээр шинээр баригдах орон сууцны төсөл хэрэгжүүлж, В блокын 8 давхар 40 тоот, 10 м.кв талбай бүхий орон сууцыг актаар хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцаа чөлөөлөхөөр тохирсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх аль алин нь талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах буюу орон сууц худалдах, худалдан авах“ гэрээг “Арилжааны гэрээ“ гэж буруу тайлбарласнаас гэрээний утга агуулгыг зөв тодорхойлж, үр дагаврыг зөв тооцож чадаагүй. Онол, арга зүйн үүднээс авч үзвэл арилжааны гэрээнд мөнгөн төлбөрийн үүрэг яригддаггүй, харин харилцан эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байдаг байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч компанид даалгах гэсэн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийг өмнөөс нь илэрхийлж, орон сууцны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх гэж шийдвэрлэсэн. Угтаа гүйцэтгэгч компани орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрөө гаргаж өгөх боломжгүй бөгөөд гэрээний үүрэг харилцан маргаангүй биелсэн тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөх үүрэгтэй байна. Орон сууцны талбайн хэмжээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайгаас зөрсөн тохиолдолд 1 м.кв ногдох нэгж үнийг үндэслэн дахин тооцоо хийнэ гэж тохиролцсоноор 60.2 м.кв-с дээш буюу 73.64 м.кв талбайтай болсонд талууд дахин тооцоо хийсэн баримтгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснээс гадна нэмэгдэж буй талбайг хөнгөлөлттэй үнээр олгох, гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдсэн баримтгүй байна гэж дүгнэсэн, энэ талаар хариуцагчийн өгсөн үндэслэл бүхий тайлбарыг үнэлэлгүй үгүйсгэж, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь талуудын тэгш эрхийг зөрчжээ. Хариуцагч талд хуульд заасан үндэслэл журмаар мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй. Түүнчлэн улсын бүртгэлд бүртгэгдсэн талбай гарах үед талууд тооцоо хийнэ гэж гэрээнд тохирсныг шүүх анхаараагүйгээс гадна үндсэн талбайн 30 хувьтай тэнцэх талбай нэмж авч байгаа гэрээний өөр агуулга бүхий заалт руу оруулж өрөөг нэхэмжлэлийн заримыг хангасан нь буруу юм. Угтаа сөрөг нэхэмжлэл бүрэн хангагдах байсан. Учир нь энэ бол нэхэмжлэгчийн сайн дураар нэмж авч байгаа талбай биш нийт оршин суугчдын хүсэлтээр өөрчлөгдөн нэмэгдсэн талбай байна. Тэгээд ч нэхэмжлэгч ...  хамтран ажиллах гэрээний дагуу уг компанийн хэрэгжүүлж буй төслийг дэмжиж бүх талаар хамтран ажиллана гэсэн гэрээний заалт үүрэгтэй хүн тул орон сууцны тагтыг халаалттай шилэн веранд болгож, зураг төсөлд өөрчлөлт оруулснаар 60.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг 73 м.кв талбай бүхий 3 өрөө болгож, ашигтай талбай нэмэгдсэнийг мэдэхгүй байх үндэслэлгүй бөгөөд орон сууц ашиглалтад орох хугацаа тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, түрээсийн төлбөрөө авч байсан байх бөгөөд түүний талбай хорогдсон биш нэмэгдсэн, түүнд талбай нэмэгдсэнээс болж ямар ч хохирол гарахгүй, харин ч түүнд ашигтай байж болохоор байна. Тэр үнийг төлөөд авах нь шударга ёсонд нийцнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдангийг тооцохгүй байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа билээ. Шүүх алдангийг тооцохдоо орон сууцны үнэлгээг суурилж тооцсоныг буруу гэж үзнэ. Гэрээний хугацаа дуусахад хэдэн хувийн гүйцэтгэлтэй буюу хэчнээн төгрөгийн ижил гүйцэтгэгдээгүй байсныг нарийвчлан гаргаж байж тооцох ёстой. Давж заалдах шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаанууд байж гэж үзээд алдангийг багасгасан ч алданги тооцохгүй байх үндэслэлд дүгнэлт хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл, талууд нягт хамтран ажиллаж байсан, орон сууцны барилга ашиглалтад ортол гүйцэтгэгч компани захиалагчийн түр амьдарч байсан байрны хөлсийг сарын 250,000 төгрөгөөр төлж байсан, нийтийн эрх ашгийн үүднээс тэдний хүсэлтээр орон сууцны тагтыг халаалттай шилэн веранд болгохоор зураг төсөлд өөрчлөлт оруулсан, зургийн автороос болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, байрны м.кв 1 өөрчлөлт орж, 60 м.кв-г 71-73 м.кв болгосон гээд нэмэгдэл их ажлын зэрэгцээ дулаан холбох ажил нь АСЕМ-тай холбоотойгоор удсан зэрэг шалтгаанаас гадна дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж, импортоор орж ирэх барилгын материал хязгаартай, үнэ ханш хэлбэлзэлтэй ид үед барилга баригдаж, Монголд баригдаж байгаа орон сууцны барилгын дийлэнх нь хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа нь нийтэд илэрхий үйл баримт болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 112.1 зааснаар шүүх хуралдааныг зохигчид шүүхийн мэдэгдэх хуудсаар, мөн ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх тухай заажээ. Тэгтэл анхан шатны шүүхээс хариуцагчид утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл шүүгчийн туслах бичиж, шүүх хуралдаан даргалагч шүүгч шүүх хуралдааныг хариуцагч талд мэдэгдсэн гэж үзсэнээс гадна шүүхийн шийдвэрт мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэж ойлгохоор бичжээ. Өмгөөлөгчид утсаар мэдэгдсэн байж болох ч зохигчид \хариуцагчид\ мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааныг мэдэгдэхийг, албан газарт бол баталгаат шуудангаар хүргүүлэхийг үүрэгжүүлжээ. Тиймд хариуцагч талд хуулийн дээрх шаардлагыг хангаж мэдэгдээгүй бөгөөд мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох, шинээр нотлох баримт гаргах, хүсэлт гаргах болон мэтгэлцэх эрхээ эдэлж чадаагүй болно. Зөвхөн энэ шалтгаанаар л шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомж муутай бичвэртэй байна. Хэргийн үйл баримтыг задлан шинжилж нэгтгэн дүгнэж чадсан эсэх, шүүхийн шийдвэр бичих аргачлалд нийцэж байгаа эсэхэд дээд шатны шүүх анхаарлаа хандуулах байх гэсэн асуудал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Дээрх үндэслэл, шалтгаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд алдангийг хасч хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч ...  нь “... ” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, алдангид 54,000,000 төгрөг гаргуулах, түрээсийн нөхөн олговорт 15,375,000 төгрөг гаргуулах, орон сууц хүлээлцэх акт үйлдэж түлхүүр гардуулж өгөхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...тус компанитай байгуулсан гэрээгээр, орон сууцны талбайн хэмжээнд орон сууцны өмчлөгч нарын орон сууцны тагтыг веранд буюу халаалттай, ашигтай талбай болгож ашиглах хүсэлтийн дагуу зураг төсөл зохиогчтой зөвшилцсөний үндсэн дээр орон сууцны тагтыг халаалттай, шилэн веранд болгох, 60.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг 71-73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болгож, зураг төсөлд өөрчлөлт оруулан төрийн эрх бүхий байгууллагаар эскиз зураг болон бусад ажлын зургуудыг баталгаажуулсан ба энэ өөрчлөлттэй холбогдуулан гэрээнд тохирсноор нөгөө талдаа гэрээний өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэхээр тохирсны дагуу мэдэгдсэн, хэрэв заасан хугацаанд хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцохоор тохиролцсоны дагуу өөрчилсөн тул энэ өөрчлөлт орсон талбайн үнэ нийт 33,600,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгчид тухайн эд хөрөнгийг шилжүүлэн өгөх боломжгүй, мөн 7,500,000 төгрөгийн төлбөрийг түрээсийн төлбөрт төлсөн, үлдэгдэл 8,375,000 төгрөгийн өглөгтэй байгаа, илүү талбайн үнийг төлөөгүй тул орон сууцны түлхүүр өгөх боломжгүй гэж марган, нэмэгдсэн 13.64 м.кв талбайн хэмжээний үнэ болох 33,600,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж маргасан байна.

7. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High apartment 8А байрны 8-р давхрын 40 тоот 73,64 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг ... ийн нэр дээр бүрдүүлэн өгөхийг “... ” ХХК-д даалгаж, алданги 54,000,000 төгрөг, түрээсийн нөхөн олговорт 10,250,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, 5,125,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид дээрх 3 өрөө орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн, түлхүүр гардуулж өгөхийг хариуцагч “... ” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20,869,200 төгрөгийг хангаж, үлдэх 12,730,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн нийт хариуцан төлөх 64,250,000 төгрөгөөс харилцан тооцогдох үүрэг болох сөрөг нэхэмжлэлийн хангагдсан 20,869,200 төгрөгийг хасаж тооцож, эцсийн дүнгээр 43,380,800 төгрөгийг хариуцагч “... ” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ... д олгохоор шийдвэрлэсэн.  

8. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хянаад ...3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг ... ийн нэр дээр бүрдүүлэн өгөхийг “... ” ХХК-д даалгаж, алданги 27,000,000 төгрөг, түрээсийн нөхөн олговор 10,250,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,125,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид ... 3 өрөө орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн, түлхүүр гардуулж өгөхийг хариуцагчид даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд 20,869,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч “... ” ХХК-д олгон, үлдэх 12,730,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийт хариуцан төлөх 37,250,000 төгрөгөөс харилцан тооцогдох үүрэг болох сөрөг нэхэмжлэлийн хангагдсан 20,869,200 төгрөгийг хасч тооцож, эцсийн дүнгээр 16,380,800 төгрөгийг хариуцагч “... ” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ... д олгохоор өөрчлөлт оруулсан байна.

9. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

10. Хэргийн баримтаас үзэхэд 2013.04.13-ны өдрийн 03/455 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр А тал буюу “... ” ХХК нь Б тал буюу ... д Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн 44 дүгээр байрны суурин дээр шинээр баригдах орон сууцны төсөл хэрэгжүүлж, В блокын 8 давхар 40 тоот 60 м.кв тоотыг актаар хүлээлгэн өгөх, ...  орон сууцаа чөлөөлөхөөр харилцан тохирсон, мөн өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-гээр “... ” ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн 44-р байрны суурин дээр шинээр баригдах орон сууцны төслийг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах зэрэг ажлыг гүйцэтгэх, ...  нь гэрээнд заасны дагуу “... ” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар болжээ.

11. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хийгдсэн, зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ... ийн хуучин орон сууцыг шинээр баригдсан орон сууцаар солихоор тохиролцсон байх тул хоёр шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. 

12. Хариуцагч “... ” ХХК нь нэхэмжлэгч ... д гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргах өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

13. “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.6-д Барилга баригдах хугацаанд сар тутамд 250,000 төгрөгийн түрээсийн нөхөн олговрыг орон сууц өмчлөгчид олгоно. Түрээсийн нөхөн олговрыг талууд холбогдох гэрээ хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулагч “... ” ХХК барилгын суурийн ажил эхэлсэн өдрөөс эхлэн барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд олгоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч орон сууцны түрээсийн төлбөрт 15,375,000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч “... ” ХХК-ийн зүгээс түрээсийн үлдэгдэл төлбөрт 8,375,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

14. Хариуцагч “... ” ХХК нь нэхэмжлэгч ... д орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй буюу 71 сараар хэтрүүлсний түрээсийн төлбөрт 17,750,000 төгрөг төлөхөөс 7,500,000 төгрөг төлсөн, үлдэх 10,25,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

15. Хамтран ажиллах гэрээний 4.1.6-д Төсөл бүрэн хэрэгжсэний дараа Б талд хүлээлгэн өгөх орон сууцны үнэ дунджаар 1 м.кв нь 1,800,000 төгрөг байхаар урьдчилан тооцоолсон бөгөөд үндсэн талбайн 30 хүртэл хувьтай тэнцэх талбай нэмж авах тохиолдолд энэ үнийн дүнгээс 15 хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байх бөгөөд 2018.11.15-ны өдөр “... ” ХХК-аас гаргасан сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон хэмжилт гэсэн бичгийн баримтаар нэхэмжлэгч ... ийн хүлээн авах орон сууцны хэмжээ гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 13.64 м.кв-аар илүү гэсэн дүгнэлт гарсан, хариуцагч тал 2016.10.28-ны өдөр 01/228 тоот Гэрээ шинэчлэх тухай мэдэгдэл хүргүүлж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

16. Зохигч гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор үнийн өөрчлөлтийн талаар тохиролцоо хийгээгүй, гэрээнд заасны дагуу үндсэн талбайн 30 хүртэл хувьтай тэнцэх талбай нь 18,06 м.кв байх ба нэмэгдсэн 13.64 м.кв хэмжээний талбай нь 30 хувь дотор байх тул 1 м.кв нь 1,800,000 төгрөг байхаар тооцоолж, энэ үнийн дүнгээс 15 хувиар хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг үндэслэн нэмэгдсэн талбайн 1 м.кв-ын үнийг /1,800,000х15%=/1,530,000 төгрөгөөр тооцон /1,530,000х13,64=/ 20,869,200 төгрөгийг ...  хариуцан төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэхдээ нотлох  баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

17. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 03/455 тоот гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т А тал гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацаанаас 45 хоногоос илүү хугацаагаар хэтэрсэн бол хоног дутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг Б талд төлнө, хамтран ажиллах гэрээний 3 дахь хэсэгт, А тал нь барилгын суурийн ажлыг эхлүүлснээс хойш 24 сарын хугацаанд төслийг хэрэгжүүлнэ гэж заасан.

18. Хариуцагч “... ” ХХК 2015 оны 5 дугаар сараас эхлэн маргааны зүйл болж буй орон сууцын суурийн ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулсан гэж, нэхэмжлэгч ...  2018.12.31-ний өдөр ашиглалтад оруулсан гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

19. Анхан шатны шүүх хариуцагч байгууллага 2 жилийн хугацаанд орон сууц хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж талуудын тохиролцсон 0,1 хувиар тооцож нэхэмжлэгчийн шаардсан 54,000,000 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

20. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 4.7, 4.8-д ... талууд урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцох үндэслэлийг, мөн алданги төлөхгүй нөхцөлүүдийг тохиролцсон байх бөгөөд хариуцагч талаас гаргасан ...захиргааны байгууллагын зүгээс эскиз зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авах хугацаа удааширсан, барилга угсралтын ажлын явцад захиалагч нар болон хуучин цэргийн 44 айлын орон сууцны өмчлөгч нараас орон сууцны тагтыг веранд буюу халаалттай, ашигтай талбай болгож ашиглах хүсэлтийн дагуу зураг төсөл зохиогчтой зөвшилцсөний үндсэн дээр орон сууцны тагтыг халаалттай, шилэн веранд болгох, 60.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг 71-73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болгож, зураг төсөлд өөрчлөлт оруулсан, дулааны шугам холбох бүх зөвшөөрлүүдийг авсан боловч төв замын доороос дулаанаа холбох ажил нь энэ жил АСЕМ-ын дээд түвшний хурал болсонтой холбоотойгоор шалтгаалсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

21. Орон сууц нь 13.64 м.кв-аар нэмэгдэж байгаатай холбоотой нэхэмжлэгч ...  мөнгөн төлбөрийг төлөх үүрэгтэй буюу тэрээр сууцны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт нийцсэн, шүүх хэргийн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг бууруулж хариуцагчаас алдангид 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

22. Хариуцагч байгууллагын төлөх 37,250,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлөх 20,869,000 төгрөгийг хасч, үлдэх 16,380,800 төгрөгийг хариуцагч “... ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ... д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дэх хэсэгт нийцсэн байна. Иймээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд алдангийг хасаж хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй.

23. “...хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 112.1-д заасан шаардлагыг хангаж мэдэгдээгүй бөгөөд мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох, шинээр нотлох баримт гаргах, хүсэлт гаргах болон мэтгэлцэх эрхээ эдэлж чадаагүй” гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах ажиллагааг хэрхэн хийсэн талаар дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

24. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2128 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 356,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА 

                                                                                         Д.ЦОЛМОН