Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 77

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД: 1703/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Их шарнууд овогт Дамдинсүрэнгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031542 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ханхур” ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхант 19 дүгээр гудамжны 389 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их шарнууд овогт Дамдинсүрэнгийн Гантулга /РД: МЙ91091911/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 23-аас 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлын ойролцоо гадаа гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн П.Цэрэндондовыг тамхи гуйхад өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь өшиглөн унагааж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Гантулга: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч П.Цэрэндондов мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Нисэхийн эцсийн автобусны буудлын ойролцоо өөрийн хоёр найз Т.Жадамбаа, Лхагва болон тэр хоёрын найз болох танил эмэгтэйг таксинд суулгаж өгөхөөр ирсэн. Тэр эмэгтэйг хоёр найз маань дагуулаад миний урд талд гурвуулаа явж байсан. Би хойд талд нь үлдээд байж байтал замын баруун талаас танихгүй, 25 орчим насны дээгүүрээ шар өнгийн куртиктай, шар царайтай залуу над руу эхэлж ганцаараа хүрч ирээд миний татаж байсан тамхийг хараад тамхиа өгчих гэж хэлсэн. Би тамхиа өгөхгүй гэж хэлээд буцаад найз Лхагвын гэр рүү ганцаараа алхсан. Тэгтэл араас тамхиа өгчихөөч гээд яваад байсан. Би тамхиа өгөхгүй, тамхи байсан ч өгөхгүй гэж хэлээд алхаж байтал тэр залуу хойноос хүрч ирээд миний баруун мөр лүү гараараа чанга цохьсон. Би эргэж хараад түүнтэй заамдалцаж авсан. Уг залуу тэр үед согтуу байсан. ...Эргэж хараад заамдалцаж авахад тэр залуу миний цээж рүү гараараа цохиход би газар унасан. Тэр залуу миний хамар луу хөлөөрөө өшиглөсөн, хамарнаас цус гарсан. Би хамраа бариад сууж байхад тэр залуу миний хажуу талаас зүүн хавирга, цээж хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед түүнтэй хамт явж байсан бололтой хоёр залуу ирсэн. Мөн цаанаас манай хоёр найз нар ирээд салгаж болиулсан. Шар куртиктэй залуу намайг цохиж зодсон. Нөгөө хоёр найз нь намайг цохиогүй. ...Тэр үед машинтай цагдаа нар ирээд намайг зодсон залууг хоёр найзтай нь хамт авч явсан. ...Д.Гантулга гэдэг залуугаас эмчилгээний зардалтай холбоотой 1,000,000 төгрөг бэлнээр авсан. Иймд надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 16-17, 18/ гэсэн,

 

Гэрч Т.Жадамбаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн найз Д.Цэрэндондов, Лхагва нартай уулзсан. ...Бид гурав тухайн үед Лхагвын гэрт байсан танил эмэгтэйг автобусны буудал руу хүргэж өгөхөөр болоод бид дөрөв Нисэхийн эцэс рүү явсан. Тухайн үед цаг 23 цаг болж байсан ба Лхагва, танил эмэгтэй бид гурав Цэрэндондовоос түрүүлээд явж байсан. Нөгөө эмэгтэйг унаанд суулгаж өгөөд эргээд харсан чинь найз Д.Цэрэндондовыг дээгүүрээ шар өнгийн куртик өмссөн, 25 орчим насны залуу газар унгаасан толгой, нүүр лүү нь өшиглөж байсан. Тэгэхээр нь Лхагва бид хоёр явж очоод шар куртиктэй залууг татаж болиулсан. ...Тухайн залуутай хамт явж байсан хоёр залуу нь түүнийг салгаж болиулах арга хэмжээ авч байсан юм...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч Л.Лхагвадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн хоёр найз болох П.Цэрэндондов, Т.Жадамбаа нартай уулзаад манай гэрт бид гурав жижиг шилтэй пиво уусан. Тэр үед манай ахын эхнэр гэрт байсан ба цаг орой болсон байна, гэртээ харина гэхээр нь Нисэхийн автобусны буудал руу хүргэж өгөхөөр Цэрэндондов, Жадамбаа бид гурав тэр эмэгтэйн  хамт гарцгаасан. 23-аас 00 цагийн орчим автобусны буудал дээр ирээд Т.Жадамбаагийн хамт би эмэгтэйг машинд суулгаж өгсөн. Харин Цэрэндондов бид нарын хойно ганцаараа алхаад явж байсан. Нөгөө хүнээ машинд суулгаж өгөөд эргээд хартал найз Цэрэндондов нь дээгүүрээ шар өнгийн куртик өмссөн залуутай барьцалдаад авсан зогсож байсан ба Цэрэндондов тухайн залууд цохиулж байсан. Яг хэрхэн цохьсныг би сайн анзаарч хараагүй. Жадамбаагийн хамт очоод салгасан. Цэрэндондовыг зодсон шар куртиктэй залуу нь хоёр найзынхаа хамт явж байсан. Тэр хоёр найз нь уг асуудалд оролцоогүй. Салгаж болиулах арга хэмжээ авч байсан. Миний харснаар Цэрэндондовыг зодсон шар куртиктэй залуу согтуу байсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Гэрч Б.Довчинсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн танил болох Д.Гантулга, Отгонбаяр нартай уулзсан. ...Бид нар 2.5 литрийн савалгаатай пиво 2 орчимыг хувааж уусан. ...Гантулга, Отгонбаяр бид гурав 21 цагийн орчим Нисэхийн эцэст байдаг бильяард тоглоомын газарт орж тоглосон. Нэмж архи, пиво уугаагүй. 23 цагийн үед уг бильяард тоглоомын газраас гарцгаасан. Нэг харсан чинь Д.Гантулга замын цаана гарсан нэг ахтай маргалдаад зогсож байсан. Гантулга тухайн хүнийг цохиж, зодсон. Яг хэрхэн цохиж, зодсоныг сайн хараагүй. Отгонбаяр бид хоёр очиж салгасан. Тэр зодуулсан хүн нь бас хоёр ахын хамт явж байсан. Тэр хоёр хүн нь бас салгаж болиулах арга хэмжээ авсан. Гантулгаас юу болсон бэ гэж асуухад тамхи гуйсан юм гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. ...Гантулга шар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан..” /хх-ийн 23/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Гантулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Довчинсүрэн, Жижгээ нарын хамт 2,5 литрийн пиво 4 ширхгийг хувааж уусан. ...21-ээс 22 цагийн үед Нисэхийн эцэст байдаг бильяард тоглоомын газар орж тоглосон. ...Миний хувьд их согтсон байсан. Бильяард тоглоомын газраас 23 цагийн үед гараад явж байгаад би огт танихгүй ахтай тааралдсан. ...Би хохирогч Цэрэндондов руу очоод ах ганц ширхэг тамхи өгчихөөч гэж хэлсэн. Тэгтэл байхгүй, байсан ч өгөхгүй гэж хэлсэн. Дээрх байдлаар надад хариулахад нь миний уур хүрээд түүнийг эхлээд баруун мөр лүү нь цохиод, нүүрэн тус газар нь гарынхаа нударгаар 2-3 удаа цохьсон. Цэрэндондов газар унахаар нь би нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай хоёр найз болох Довчинсүрэн, Жижгээ нар ирж салгасан. ...Би тэр үед дээгүүрээ шар өнгийн куртиктэй, доогуур цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. ...Би дээрх үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Хохирогчтой уулзаж түүнд эмчилгээний зардалд 1 сая төгрөг гаргаж өгсөн...”  /хх-ийн 37-38, 42/ гэсэн мэдүүлгүүд,

 

-Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/,

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15278 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Цэрэндондовын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын хажуу ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний арын эслэг зайд болон доод зовхинд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Д.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 43, 44/,

- тодорхойлолт /хх-ийн 45/,

- Шүүгдэгч Д.Гантулгын хувийн байдалтай холбоотой гэрч С.Оюунцэцэг /хх-ийн 24/, гэрч Д.Мөнгөнхүлэг /хх-ийн 25/ нарын мэдүүлгүүд болон бусад баримтууд /хх-ийн 48-58/,

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 73/  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 23-аас 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын ойролцоо гадаа гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн П.Цэрэндондовыг тамхи гуйхад өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь өшиглөн унагааж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Цэрэндондов, гэрч Т.Жадамбаа, Л.Лхагвадорж, Б.Довчинсүрэн нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15278 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, шүүгдэгч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гантулга урьд шийтгүүлж байгаагүй болох нь хавтас хэргийн 44 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Цэрэндондовын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын хажуу ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний арын эслэг зайд болон доод зовхинд хий хуралдалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан хохирол төлсөн баримт, хохирогч П.Цэрэндондовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Гантулга гэдэг залуугаас эмчилгээний зардалтай холбоотой 1,000,000 төгрөг бэлнээр авсан. Иймд надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол, төлбөргүй болно.

Шүүгдэгч Д.Гантулгад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэн нөхцөл байдал тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 201626031542 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их шарнууд овогт Дамдинсүрэнгийн Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгад 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201626031542 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Д.Гантулгад хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР