Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0435

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Б" ХХК-ийн 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, 570,193,750 төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 332 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Ж.Н, Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 119/2025/0194/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б” ХХК-ийн 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 570,193,750 (таван зуун далан сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

2. Гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...Нэг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 128/ШШ2024/0190 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0278 дугаар магадлалд заасны дагуу хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээний 2023 оны 05, 06 дугаар сарын нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтыг хийж нэхэмжлэлийг хянасан.

Нэхэмжлэлийг хянахдаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.4-т “Олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан аргачлалын дагуу боловсруулсан нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан бөгөөд уг шалгуурыг баримталж чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянана.”, 4.1.2.2-т “Чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянахдаа зөвхөн энэхүү журмын хавсралтаар батлагдсан шалгуурыг баримтлах” гэж зааснаар нэхэмжлэлийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан. Хяналтаар “Б” ХХК-иас ирүүлсэн түүвэрлэгдсэн тохиолдлын баримтууд нь “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын нэгдүгээр хавсралтад заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хангаагүй болно. Мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.6-д эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасан холбогдох журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийн санхүүжүүлэхгүй байх гэснийг үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөр олгох боломжгүй.

2. "Б" эмнэлэг нь 2024.11.06-ны өдрийн 24/142 тоот албан бичгээр 2023 оны 05, 06 сарын нэхэмжлэлийн хяналтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул "нарийвчилсан хяналтын шалгуураар дахин хянаж өгөх"-ийг хүссэн утга бүхий албан бичгийг илрүүлсэн. Тус 24/142 тоот албан бичгийн хариу болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг нь “төлбөр олгохоос татгалзсан утгыг илэрхийлээгүй” бөгөөд тус эмнэлгийн 2023 оны 5, 6 дугаар сарын нэхэмжлэлийн хяналтын хасагдал үндэслэлтэй тул дахин хянахаас татгалзсан хариуг хүргүүлсэн болно. Гэтэл шүүх нэхэмжлэлийг өөрөө хянаж төлбөр олгох шийдвэр гаргасан нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагын шалгуур хангасан нэхэмжлэлийг хянах, чанарын хяналтыг хэрэгжүүлж санхүүжилт олгох үүргийг хязгаарласан гэж үзэж байна.

3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 1.2-т "Талууд үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар болон энэхүү гэрээг дагаж мөрдөнө.” гэж заасан. Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дугаар тушаалын 3 дахь заалтаар "бүртгэл, тайлангийн маягтуудыг хэвлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгах, өвчний түүхийг архивлах, хадгалах өрөөг орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглохыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.” гэж, 4 дэх заалтаар "тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай." гэжээ. Иймд Сайдын тушаалыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Гэтэл "Б" эмнэлэг нь "Мэс заслын тэмдэглэл", "Мэс заслын өмнөх дүгнэлт"-ийг огт бичдэггүй, хэрэглэдэггүй, өөрсдийн зохиосон хуудсанд тийм, үгүй гэж тэмдэглэсэн байдаг. Зөвхөн чеклэсэн тэмдэглэлийг бус хөтлөх ёстой батлагдсан маягтыг үндэслэн эмнэлзүйн шаардлага, шалгуур хангасан эсэхийг мэргэжилтэн тодорхойлох боломжтой.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 19-т "Мэс заслын дараах хяналтыг мэс заслын эмч хийсэн тухай тэмдэглэл хөтөлсөн байх" тухайд "Б" эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл баримтад "Болорын мэс заслын дараа үзлэг" гээд мэс заслын эмч болон 3-р хавтас 88-105 тал 7 резидент эмчийн үзлэгийг нэр заан тэмдэглэсэн байна." гэжээ. Эрүүл мэндийн сайдын А/611 дүгээр тушаалаар батлагдсан "Өвчний түүх"-ийн үзлэгийн тэмдэглэл хэсэгт өвчтөнд өдөр тутмын үзлэгийг хийж өдөр бүр тэмдэглэл бичих ёстой. Гэтэл Б эмнэлэг "Болорын мэс заслын дараа үзлэг" гэсэн өөрсдийн зохиосон хуудсанд мэс засал хийснээс хойш зөвхөн 1 удаа үзлэг хийж тийм, үгүй гэж чеклээд эмнэлгээс гаргадаг.

5. Шийдвэрийн үндэслэл хэсгийн 22-т "Мэс заслын аргыг тодорхойлсон байх: (нээлттэй, дуран, судсан дотуурх, бага хүрцээр)" тухайд, Мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудаст мэс заслын талаар тэмдэглэгээ хийсэн байна гэжээ. Гэтэл мэс заслыг нээлттэй, дурангаар хийх эсэхийг өвчтөнөөр зуруулдаг. Мэс засал хийх зөвшөөрлийн хуудсанд байх ёсгүй юм. Мэс засал хийхийн өмнө "Мэс заслын өмнөх дүгнэлт" бичихдээ нээлттэй, дурангаар хийх аргуудаас аль аргыг сонгосноо бичиж баталгаажуулсан байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Өвчний түүхийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ эхлэх үед нээж тусламж, үйлчилгээ үзүүлсэн дарааллаар бичих ёстой бөгөөд Б эмнэлэг Мэс заслын өмнөх дүгнэлт, Мэс заслын тэмдэглэлийг бичих ёстой талбар дээр бичээгүй арын хуудас буюу сүүлд бичсэн нь шалгуурт тохируулан нөхөж бичсэн байх үндэслэлтэй /эрсдэлтэй/ тул мэргэжлийн эмч шалгуур хангасан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн тэмдэглэл бичсэнээр шалгуурыг шууд хангахгүй бөгөөд бичсэн тэмдэглэлийг үндэслэн шалгуур хангасан эсэхийг үнэлнэ.

6. Шийдвэрийн үндэслэл хэсгийн 23-т “Мэс заслын заалт гаргасан тухай тэмдэглэл хийсэн байх" шалгуурыг “Эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз болон тус эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд тусгасан байна” гэжээ. Зүй нь үйлчлүүлэгчид өвчний улмаас мэс засал хийх зайлшгүй шаардлагатай болсон тухай “заалтыг” мэс засал хийхийн өмнө буюу мэс заслын өмнөх дүгнэлт хэсэгт гарган бичих ёстой болохоос эмнэлгээс гарах үеийн дүгнэлтэд бичих ёсгүй юм. Өвчтөнд мэс засал хийсэн өвчний түүх нь үйлчлүүлэгчийн өвчнийг эмчилсэн тухай өгүүлсэн түүх бөгөөд эхлэхээсээ хаагдах хүртэл ном журмын дагуу өмнөх тэмдэглэлийг үндэслэн дараагийн үзүүлэх тусламж үйлчилгээг логик дэс дараатай тэмдэглэсэн байх ёстой. Мэргэжилтэн "тийм", "үгүй" гэсэн тэмдэглэгээгээр тухайн шалгуурыг хангасан гэж үзэхгүй бөгөөд мэс засал хийсэн дэлгэрэнгүй тэмдэглэл, мэс заслын заалтаас тухайн мэс засал хийгдэх ёстой эсэх, шаардлагатай эмчилгээг хийсэн эсэх гэх мэт эмнэлзүйн дүгнэлт хийж шалгуур хангасан эсэхийг тодорхойлно.  Шийдвэрийн үндэслэл хэсгийн 25-д Б эмнэлгийн мэс заслын хуудас, үзлэгийн тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз зэрэг баримтууд нь агуулгын хувьд тавигдах шаардлагыг хангаж байх тул гэжээ. Тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг хэрэгжүүлж буй явцыг агуулгын хувьд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэх боломжгүй бөгөөд тус өвчний түүхэнд бичигдэх ёстой мэдээллүүд нь журамд заасны дагуу батлагдсан маягтад бичигдэж, тэмдэглэгдэх ёстой.

8. Мөн шийдвэрийн үндэслэлийн 31-т ".... зөвхөн батлагдсан шалгуурыг баримтлах"- ыг зөрчсөн гэж үзэхээр байна гэжээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ЭМДҮЗ- ийн 2022 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан "Чанар, төлбөрийн хяналтын журам"-ын хавсралтаар батлагдсан шалгуураар нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтыг хэрэгжүүлсэн болно.

9. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 34-т түүвэрт А.М, Д.С нарын "Өвчний түүх"-ийг давхардуулан илгээсэн, мөн түүвэрлэгдээгүй Ч.С, С.Н нарын өвчний түүхийг ирүүлсэн нь тогтоогдсон гэжээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системд хийсэн үзлэгээр ирүүлээгүй нь нотлогдож анхан шатны баримт ирүүлээгүй байхад төлбөрийг бүхэлд нь олгох шийдвэр гаргасан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууллийн 16.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Гэрээний 2.4.3-д "нарийвчилсан хяналт хийхээр сонгосон түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан холбогдох маягтуудын дагуу гаргаж хүргүүлэх" гэж заасан үүргийг нэхэмжлэгч байгууллага хүлээдэг.

Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болно.

Тухайн илгээсэн анхан шатны баримтын үнэн зөвийг гэрээт Эрүүл мэндийн байгууллага өөрөө хариуцах үүрэгтэй. Гэрээгээр хүлээсэн үүрэгт зааснаар түүвэрлэгдээд нэгэнт мэдээлэл очсон, анхан шатны баримтыг ирүүлээгүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь дахин нэхэж авах үүрэг хүлээгээгүй. Даатгуулагчийн овог нэр регистрийн дугаараар анхан шатны баримтыг ирүүлэхээр шаардаж, ЭМБ бүрэн бүтэн ирүүлэх шаардлагатай хугацааг гэрээгээр 1 хоног гэж заасан учраас нэмж шаардах үүрэггүй юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл 42-т хариуцагч нь уг маягтыг хөтлөх талаар тухайн шаардлагыг тавьж байгаагүй гэжээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А0023/291 тоот зөвлөмжид Мэс заслын тэмдэглэл, Мэс заслын өмнөх дүгнэлтийг хэрхэн хөтлөх талаар дурдсан байдаг. Мөн ЭМС-ын 2019 оны А/611 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад хөтлөгдөх бүртгэлийн маягтын хөтлөх заавар"-т маягтуудыг хэрхэн хөтлөх талаар тодорхой тайлбарласан бөгөөд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд дагаж мөрддөг. Нүдний тусламж, үйлчилгээг үзүүлдэг лавлагаа шатлалын улсын эмнэлгүүд Мэс заслын тэмдэглэл, Мэс заслын өмнөх Дүгнэлт маягтыг ЭМС-ын тушаалаар батлагдсан маягтын дагуу хөтөлдөг атал "Б" эмнэлэг дагаж мөрддөггүй, өөрийн боловсруулсан хуудсанд тэмдэглэдэг гэж Маргадаг нь зүй бус юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Чанар, төлбөрийн хяналтын журам"-д заасан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг.

"Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.1.1 дэх заалтаар нэхэмжлэлийн хяналтын төрлүүдийг заасан бөгөөд 3.2-т "3.1.1-д заасан нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц..." гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулсан "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ"-ний 2.1.6-д "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасан холбогдох журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийг санхүүжүүлэхгүй байх” гэж тухайлан заасан.

"Б" эмнэлгийн илгээсэн баримтууд нь дээрх хууль, журам болон гэрээнд заасан шалгуурыг хангаагүй, дутуу, давхардуулан ирүүлсэн нь нотлогдсоор байхад шүүх зарим хэсгийг нөхөн авах боломжтой байсан гэдгээр, зарим хэсгийг нь агуулгын хувьд өвчний түүхэнд бичигдсэн байна гэдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийг уншихдаа болор солих мэс заслыг шалгаж байгаа нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур нь "Б" эмнэлгийн болор солих мэс заслын оношны кодтой тохирохгүй буюу шалгах ёсгүй шалгуураар шалгасан гэсэн шийдвэрийг уншиж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.04.03-ны өдрийн 128/ШШ2026/0332 тоот шийдвэрт энэ талаар огт дурдаагүй байгаа нь шүүхийн шударга, үнэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 128/ШШ2026/0332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад , дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас "Б" ХХК эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээний 2023 оны 05, 06 дугаар сарын түүвэрлэгдсэн 60 тохиолдолд нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийж чанар, төлбөрийн хяналтын журамд заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хангаагүй үндэслэлээр тусламж, үйлчилгээний төлбөр 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзжээ.

            2. Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд “Б” ХХК-ийн 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, 570,193,750 төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            3. Анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Б" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр олгохоос татгалзсан 06/4336 дугаартай албан бичгийг хууль бус  болохыг тогтоож, 570,193,750 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна.

            4. Хариуцагчаас “... нэхэмжлэгч байгууллага нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 хавсралт6 “Мэс заслын тэмдэглэл”, “Мэс заслын өмнөх дүгнэлт” маягтыг хөтөлдөггүй учраас шалгуур хангаагүй, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2023 оны 5 сарын 47 өвчний түүхээс 4 өвчний анхан шатны маягтыг ирүүлээгүй, 2 өвчний түүх давхардсан гэх үндэслэлээр, нэхэмжлэгч компанийн зүгээс Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр маягтаар батлагдсан загварын дагуу хийгээгүй ч Б эмнэлгийн өөрийн хөтөлдөг баримтад мэдээлэл нь байгаа өмнө нь энэ анхан шатны маягтаар хянуулаад болж байсан, гэтэл 2023 оны 5, 6 сарын санхүүжилтийг мэс заслын тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт маягтыг хөтлөөгүй гэж хассан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь түүвэрлэгдсэн материалд нарийвчилсан хяналт шалгалтыг хийсэн...” гэх үндэслэлээр тус тус маргасан.

            5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Үндэсний зөвлөл дараах эрхтэй”, 14.8.7-д “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах”, 16 дугаар зүйлийн 16.1.3-д “даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх”, 16.1.5-д “даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох” гэж тус тус зааснаар хариуцагч байгууллага нь гэрээний биелэлтэд хяналт тавих, журамд заасан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгохоор хуульд болон журамд зохицуулсан байна.

            6. Хариуцагч байгууллагаас “Б ХХК”-д Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан “ Чанар, төлбөрийн хяналтын журам”-н 3.1.1.2-т заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт шалгалт хийж 7 төрлийн шалгуурын шаардлагыг хангаагүй талаар хяналт шалгалтын тайланд тусгагдаж санхүүжилт олгохоос татгалзсан байна.

            7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, үнэлэн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь батлагдсан “мэс заслын тэмдэглэл”, “мэс заслын өмнөх дүгнэлтийн хуудас” маягтыг хөтлөх үүрэгтэй эсэх, тийм шаардлага тавигдах эсэх, нэхэмжлэгчийн өөрсдөө боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа маягт нь хэлбэрийн болон агуулгын хувьд батлагдсан маягтын шаардлагад нийцэх эсэх, нэхэмжлэгчийн цахимаар илгээсэн баримт “Чанар, төлбөрийн хяналтын журам”-д заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт шалгуурыг хангасан эсэх зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргаж буй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

            7.1 Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15-д “Б эмнэлэг нь батлагдсан маягтыг хөтлөөгүй боловч хариуцагчийн татгалзаж буй дээрх 7 шалгуурт хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллүүд нь тус эмнэлгийн үйл ажиллагаандаа хөтөлдөг баримтуудад тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд батлагдсан маягтаар хөтлөгдөөгүй ч агуулгын хувьд тусламж, үйлчилгээ бодитой хийгдсэн дараахь баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнээд хариуцагчаас татгалзсан 7 төрлийн хяналтын шалгуурын 20932323 , 20932375, 21232357, 21032382, 21332369, 20632348, 20632370 код тус бүрд дүгнэлт хийж санхүүжилт олгохоос татгалзсан үндэслэлийг үгүйсгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            7.2  Мөн “...нэхэмжлэгч Б эмнэлгийн өвчний түүх, эмчлүүлэгчийн анамез, мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэдээгүйжүүлгийн зөвшөөрлийн хуудас, мэс заслын аюулгүй байдлыг бүртгэх хяналтын хуудас №01, өвдөлт хянах хуудас, Б эмнэлгийн мэс заслын хуудас, үзлэгийн тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз зэрэг баримтууд нь агуулгын хувьд тавигдах шаардлагыг хангаж байх тул ... “мэс заслын тэмдэглэл”, “мэс заслын өмнөх дүгнэлт” маягтыг хөтлөөгүй гэх үндэслэлээр бодитой үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлт ... Тус журмын / 2022 оны Чанар, төлбөрийн хяналтын журам / 1 дүгээр хавсралтад заасан нэхэмжлэлийн хяналтын шалгуурын 20334687, 20334688, 20414688, 20434688, 20434689 кодуудад Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын хавсралтад заагдсан үзлэгийг бүрэн хийсэн байх шаардлагыг тусгасан бусад кодын шалгуурт СТ-1 Мэс заслын тэмдэглэл, Мэс заслын өмнөх дүгнэлт маягтыг хөтөлсөн байх шаардлагыг тухайлан заагаагүй байна ...”  гэх дээрх дүгнэлтүүд  үндэслэлтэй байна.

            8. Түүвэрлэгдсэн 47 өвчний түүхээс 2 өвчний түүх давхардсан, 2 өвчний түүх ирүүлээгүй тухайд хариуцагч нь гэрээнд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс холбогдох хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой баримт, мэдээллийг шаардаж гаргуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, нэмэлт тодруулга хийгээгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

            9. Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг шийдвэр гаргах үйл ажиллагаандаа баримтлаагүй байна. Тухайлбал хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын өмнөх саруудын нэхэмжлэлийг батлагдсан маягтаар илгээгээгүй байхад санхүүжилтийг нь олгож байсан атлаа  2023 оны 5 болон 6 дугаар сарын санхүүжилтийг олгохоос батлагдсан маягтын дагуу илгээгүй гэх үндэслэлээр татгалзсан нь ойлгомжгүй байна.

            10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хяналтаар “Б” ХХК-иас ирүүлсэн түүвэрлэгдсэн тохиолдлын баримтууд нь “Чанар, хяналтын журам”-ын нэгдүгээр хавсралтад заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хангаагүй..., Б эмнэлгийн мэс заслын хуудас, үзлэгийн тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз зэрэг баримтууд нь агуулгын хувьд тавигдах шаардлагыг хангаж байх тул гэжээ. Тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг хэрэгжүүлж буй явцыг агуулгын хувьд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэх боломжгүй бөгөөд тус өвчний түүхэнд бичигдэх ёстой мэдээллүүд нь журамд заасны дагуу батлагдсан маягтад бичигдэж, тэмдэглэгдэх ёстой .. А.М, Д.С нарын өвчний түүхийг давхардуулан илгээсэн, мөн түүвэрлэгдээгүй Ч.С, С.Н нарын өвчний түүхийг ирүүлсэн нь тогтоогдсон гэжээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системд хийсэн үзлэгээр ирүүлээгүй нь нотлогдож анхан шатны баримт ирүүлээгүй байхад төлбөрийг бүхэлд нь олгох шийдвэр гаргасан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.5 дах заалтыг зөрчиж байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0332 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                       А.САРАНГЭРЭЛ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                        Л.ОДБААТАР