Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 124/ШШ2018/0037

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 12 айлын 03 тоотод оршин суух, иргэн Т овгийн Ц-ний Б-ын Улаангом Засаг даргын 2018 оны А/06 дугаар Хориг тавих тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаангом сумын иргэн Ц.Б миний бие 2018 оны 11 сарын 12-нд Улаангом сумын нутаг дэвсгэр Ю.Цэдэнбалын талбайд тайван жагсаал цуглаан хийх хүсэлтийг гаргахад Улаангом сумын Засаг дарга 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 817 тоот албан бичгээр хариу өгөхдөө 2018 оны А/06 тоот захирамжаар Ю.Цэдэнбалын талбайд жагсаал цуглаан хийхийг хориглосон тул Б.Гивааны талбай дээр явуул гэжээ.

Миний болон Увс аймгийн ард иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн хэм хэмжээ тогтоосон энэ актыг гаргахдаа нийтэд мэдээлээгүй, урьдчилан санал аваагүй бөгөөд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох газарт хамаарахгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, эрх, эрх чөлөөг хязгаарласан байх тул Улаангом сумын Засаг даргын 2018 оны А/06 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаангом сумын 3-р багийн иргэн Ц.Б-ын Улаангом сумын Засаг даргын 2018 оны А/06 дугаар Хориг тавих тухай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад уг захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон болно.

Иймд иргэн Ц.Б-ын манай байгууллагад гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б тус шүүхэд Улаангом Засаг даргын 2018 оны А/06 дугаар Хориг тавих тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 05-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг үндэслэн иргэд,улс төрийн нам,төрийн бус байгууллага нийгэм,эдийн засаг,хүний эрх,эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор зохион байгуулах аливаа жагсаал,цуглааныг Маршал Ю.Цэдэнбалын талбайд зохион байгуулж бүртгэхийг хоригложээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.П нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаан бүхий актыг хүчингүй болгосноо илэрхийлж тайлбар ирүүлсэн ба Улаангом сумын Засаг даргын 2018 оны 11 сарын 29-ний өдрийн А/444 дугаартай захирамжаараа 2018 оны А/06 дугаартай Хориг тавих тухай захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ц.Б-ын ирүүлсэн Улаангом Засаг даргын 2018 оны А/06 дугаар Хориг тавих тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.П бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох 124/2018/0037/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       Д.АЛТАНЦЭЦЭГ