Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

   

 

 

 

 

 

                                 

      

 

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

             Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,   

             Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

             Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн 2319002730243 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн байцаалт: Монгол иргэн, Б.А

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.А нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн ачаа явах зориулалттай сайжруулсан шороон зам дээр ... улсын дугаартай Даюун маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж замын эсрэг урсгалд орж яваад хохирогч Б.Б.ийн унаж явсан ... улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Б.Б-ийн эрүүл мэндэд “...баруун дунд чөмгийн гиалин мөгөөрсний шахагдсан хугарал, баруун тойг ясны хугарал, тойгны шөрмөсний хэсэгчилсэн урагдал, жийргэвчийн мөгөөрс арын эврийн хөндлөн, урагдал...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

             Шүүгдэгч Б.А нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн ачаа явах зориулалттай сайжруулсан шороон зам дээр ... улсын дугаартай Даюун маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж замын эсрэг урсгалд орж яваад хохирогч Б.Б-ийн унаж явсан ... улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Б.Б-ийн эрүүл мэндэд “...баруун дунд чөмгийн гиалин мөгөөрсний шахагдсан хугарал, баруун тойг ясны хугарал, тойгны шөрмөсний хэсэгчилсэн урагдал, жийргэвчийн мөгөөрс арын эврийн хөндлөн, урагдал...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өглөө 07 цаг 30 минутад Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М...” ХХК-ны кемпээс тээврийн ачилтад гарахаар ... Улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Ханги боомтын суурьшлын бүсээс төмөр замын Ханги өртөө чиглэлд зүүнээс баруун зүгт хагас сайжруулсан замаар замын баруун гар талын эгнээгээр хөдөлгөөнд оролцож явахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй тоос шороо их боссон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалтай би 30-40 км цагийн хуртай явж байхад тоосонд замын эсрэг урсгалаас Даюун маркийн ... улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирээд миний жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн халз урдаас мөргөсөн. Би тоосон дотроос тээрийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирэхийг их ойроос харсан шууд тоормос гишгээд зүүн гар тал руугаа жолоогоо дарах арга хэмжээ авсан ч гарч чадалгүй мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 15-16-рт/,

             -Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Даюун маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа “...” ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа “...” ХХК-ний зүгээс өөр санал гомдол байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх 22-рт/,

             - Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №02/374 дугаартай “...Б.Б-ийн биед баруун дунд чөмгийн гиалин мөгөөрсний шахагдсан хугарал, баруун тойг ясны хугарал, тойгны шөрмөсний хэсэгчилсэн урагдал, жийргэвчийн мөгөөрс арын эврийн хөндлөн урагдал, зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 32-34-рт/,

             - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-рт/, 

             -Шүүгдэгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 10 цагийн орчимд Ханги өртөөний төмөр замаас чингэлгээр нүүрс ачаад Даюун маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй баруун урд зүгээс зүүн урд зүгт байрлах Ханги суурьшлын бүсийн зүг сайжруулсан шороон замаар замын хөдөлгөөн оролцож яваад замын эвдрэл гаргах санаатай эсрэг урсгалд орох үед гэнэт өгсүүр хэсэг дээрээс өөдөөс тоосон дундаас Норд Бенз маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл гарж ирээд мөргөлдсөн тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу хариуцлага хүлээхэд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 59-рт/,

           -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 98-рт/

           -Шүүгдэгч Б.А-ы шүүхийн хэлэлцүүлэгт “...Компанийн зүгээс орных нь автомашин өгсөн. Дээрээс нь 5.000.000 төгрөг өгсөн. Одоо хохирогч Б.Б-д эмчилгээний 5.000.000 төгрөгийг би өгнө...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

             Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

 

             Шүүгдэгч Б.А нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн ачаа явах зориулалттай сайжруулсан шороон зам дээр ... улсын дугаартай Даюун маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж замын эсрэг урсгалд орж яваад хохирогч Б.Б-ийн унаж явсан ... улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Б.Б-ийн эрүүл мэндэд “...баруун дунд чөмгийн гиалин мөгөөрсний шахагдсан хугарал, баруун тойг ясны хугарал, тойгны шөрмөсний хэсэгчилсэн урагдал, жийргэвчийн мөгөөрс арын эврийн хөндлөн, урагдал...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан  байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг...” ойлгоно гэж заасан.

          

             Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

          

             Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.

 

             Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.      

 

             Иймд шүүгдэгч Б.Аы дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.А.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

             Хохирол, хор уршгийн талаар:

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

 

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Б-ийн унаж явсан “Б..” ХХК-ны эзэмшлийн ... улсын дугаартай North benz Beiben маркийн тээврийн хэрэгсэлд 33.565.000 төгрөгийн бодит хохирол, эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.А-ы ажиллаж байсан “...” ХХК-ны зүгээс тээврийн хэрэгслийн хохиролд “... улсын дугаартай LZZ1CGSB0GW144562 арлын дугаартай, Sinotruck, маркийн зүтгүүрийг шилжүүлж, эрүүл мэндэд учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг өгсөн, шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэмж 5.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож тооцоо нийлсэн, хохирогчийн зүгээс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна/хх 103, 105-рт/.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 499 дүгээр зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэлээ. 

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан “Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

         Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

  Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Ад танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” 2-т “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А-д холбогдох хэрэг нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гарч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шийдвэрийг прокурор гарсан байх боловч 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яллах дүгнэлтийг гардуулан, хэргийг мөн өдөр шүүхэд шилжүүлсэн.

 

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж хүндрүүлсэн бөгөөд тус өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд орсон тус өөрчлөлтийг мөрдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн, мөн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж, эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

         

            Шүүгдэгч Б.А-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, мөн хохирол төлбөрөө нөхөн төлсөн, зарим хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж, уг ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

             Бусад асуудлаар:

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулсугай.  

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 499 дүгээр зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР