| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2020/01031/И |
| Дугаар | 181/ШШ2020/01419 |
| Огноо | 2020-05-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2020/01419
| 2020 05 26 | 181/ШШ2020/01419 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: төрийн өмчит хувьцаат компанийн байранд байрлах “М” төрийн өмчит хувьцаат компани/РД:........................../-н,
хариуцагч: тоотод байрлах “Ю”/РД:................../ ХХК-д холбогдох,
захиалгат нислэг үйлдэх тухай 2019 оны 19/428 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 335.864.000 төгрөг, алданги 167.932.000 төгрөг, нийт 503.796.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: “Ю” ХХК нь манай компанитай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар-Анталъяа-Улаанбаатар чиглэлд 2019 оны захиалгат нислэг үйлдүүлэхээр 19/428 дугаар гэрээ байгуулсан. Захиалагчийн хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдөр нислэг үйлдэх байсныг “Ю” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/85 дугаартай хүсэлтээр нислэг үйлдэх өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 02-ны өдөр болгосон. Манай компани гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нислэг үйлдсэн. Захиалагч тал гэрээнд заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөрт багтаан нислэгийн төлбөр болох 475.864.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч “Ю” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 140.000.000 төгрөг төлснөөр төлбөрөөс 335.864.000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Нислэг үйлдэхээс өмнө манай компаниас төлбөрөө бүрэн төлөхийг шаардсан боловч “Ю”ХХК 200 гаруй хүнд нислэгийн тийзийг борлуулсан тул иргэдийг бодоод нислэг үйлдэж өгөх хүсэлт тавьсны дагуу нислэг үйлдсэн болно.
Төлбөрийн үлдэгдлийг тус компаниас гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг утсаар, цахим шуудангаар, компанийн байранд очиж удаа дараа шаардсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05/80 тоот албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ямар ч төлбөр хийгдээгүй.
“Ю”ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19/428 дугаартай гэрээний 2 дугаар хавсралт дахь 2.1.1-д заасны дагуу 475.864.000 төгрөг төлөх хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй.
Гэрээний 4.5-д “М” төрийн өмчит хувьцаат компанид төлөх ёстой ямар нэг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги ногдуулна” гэж заасан, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс алданги тооцсон. Зорчигч нарыг зээлээр явуулах талаар манай компанид огт мэдэгдээгүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байхад өөрчлөх хүсэлт ямар нэг зүйл өгөөгүй.
Иймд “Ю” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 335.864.000 төгрөг, 167.932.000 төгрөгийн алданги, нийт 503.796.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Ю” ХХК-ний ерөнхий захирал Х.У шүүхэд нэхэмужлэлд гаргасан хариу тайлбартаа: Манайх “М” компанитай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан гэрээний дагуу 1 удаа хойшлуулж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр захиалгат нислэгээ амжилттай хийж 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Бидний аялал амжилттай явж ирсэн. Гэвч тухайн төлбөрийн үлдэгдэл нь яагаад ямар учраас гарсан гэвэл тухайн үед бид 250 аялагч бүртгэж явах ёстойгоос 130 гаруй хүнийг бүртгэж үлдэгдэл 120 орчим хүнийг зээлээр аялуулсан. Компаниас хувь зээлээр аялуулж ирсэн. Энэхүү хүмүүсийн төлбөр нь төлөгдөөгүй учир ийм төлбөрийн үлдэгдэлтэйгээр гуйж зөвшөөрүүлээд аялалдаа бид явсан. Үлдэгдэл төлбөр болох 335.864.000 төгрөг бол манай төлөх ёстой үлдэгдэл төлбөр мөн болно. Эдгээр төлбөрийг бид ерөөсөө төлөхгүй гэх асуудал байхгүй. Төлж барагдуулах болно. Гэвч өнөөдрийн байдлаар бид төлбөр төлөлт яагаад хойшлогдож энэ хэмжээнд ирсэн талаар дурьдахад дэлхий нийтээр тархаад байгаа ковид-19 халдварт цар тахал болон дэлхийн олон улсын аялал жуулчлал тэр чигтээ зогссон. Энэ нөхцөл байдал нь манай орныг тойроогүй, бүх хил гааль хаалттай байгуу учир яг одоогоор “Ю”ХХК ажилчдаа цалингүй амраасан, ажилгүй, сул зогсож байна. Ямар ч орлогогүй болж гаднаас ирэхээр захиалсан олон улсын аялал жуулчлалын бүх гэрээнүүд цуцлагдсан болно. “М”ХХК нь бидний одоогийн нөхцөл байдалтай нягт уялдаа холбоотой ажиллаж эвлэрүүлэн зуучаар ч юмуу арай хүндрэл багатайгаар бодогдсон алдангийн хэмжээг багасгах тал дээр хамтарч ажиллавал зүгээр байна. Энэ нөхцөл байдал хэзээ сайжирч аялал жуулчлалын салбар хэзээ хэвийн болохыг мэдэхгүй тул үлдэгдэл төлбөр болон алдангийн асуудалд уян хатан хандаж өгөхийг тайлбартаа тусгаж байна. Бидний төлөх алдангийн асуудал дээр уян хатан хандаж өгөхийг тайлбартаа тусгаж байна. Мөн бид энэхүү төлбөрийг санхүү болон удирдлагуудтай зөвшилцсөний эцэст өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг тусгаж үзэхэд 2020 оноос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн боломжит байдлаар төлж барагдуулахаар саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан захиалгат нислэг үйлдэх тухай 2019 оны 19/428 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр болох 335.864.000 төгрөг, алданги 167.932.000 төгрөг, нийт 503.796.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч тал 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба 2020 оны 04 сарын 02-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4, 72.2, 72.3., 76.2, 77.8, 86.2, 100.3,100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, нэхэмжлэл хэргийн баримттай биечлэн танилцсан, 2020 оны 04 сарын 15-ны өдөр хариу тайлбар гаргасан, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд эрүүл мэндийн улмаас оролцохгүй гээд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ төлөөлөгч гэх иргэнээр ирүүлсэн ба ямар нэг баримт хавсаргаагүй болно. Итгэмжлэл баримтгүй тул тухайн иргэнд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг ханган хуралдааныг хойшлуулсан тухай мэдэгдэж, 2020 оны 5 сарын 26-ны өдөр товлосон шүүх хуралдааны тов мэдэгдлийг гардуулан өгч явуулсан.
Мөн хариуцагч компанийн захирал Х.Уийн 99999999 дугаарт 2020 оны 5 сарын 21-ий өдөр холбогдож өөрт нь мэдэгдсэн боловч хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаан эхлэхэд мөн холбогдох гэсэн боловч утсаа салгаж холбогдох боломжгүй болгосон байсан. Иймд хариуцагчийг хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.”Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.”гэж заасан.
Шүүх хариуцагчид хүсэлтийг нь хангаж өгч хуралдаан хойшлуулж шийдвэрлэн дараагийн хурлын товыг өөрт нь мэдэгдсэн байхад хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс товыг лавлаагүй үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Шүүх хуралдааны товыг хариуцагч тал өөрийн биеэр мэдсэн боловч ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд талуудаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 19/428 дугаартай Захиалгат нислэгийн гэрээ байгуулагдсан, захиалагч “Ю”ХХК-ийн хүсэлтийн дагуу захиалсан нислэгийн хугацаа хойшлогдон хуваарийг өөрчилж, нэхэмжлэгч Улаанбаатар-Анталъяа-Улаанбаатар чиглэлд 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 02-ны өдөр нислэг үйлдэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2019 оны 12 сарын 31-ий өдрийн байдлаар 140 000 000 төгрөг төлсөн, үндсэн төлбөрийн эцсийн үлдэгдлийг 335.864.000 төгрөг болох талаар талууд тохиролцож гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан тооцоо хийгджээ.
Талууд байгуулсан гэрээнд болон хариуцагч нэхэмжлэлээр шаардсан үлдэгдэл төлөгдөөгүй төлбөрийн болон тооцсон алдангийн дүнд тус тус маргаагүй ба хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбараар дэлхий нийтэд тархсан өвчний улмаас ажил зогссон байдлыг харгалзан, алдангийн асуудалд уян хатан хандаж, төлбөр төлөх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаа олгох талаар дурьдсан.
Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 19/428 дугаартай “Захиалгат нислэгийн гэрээ”-ий 2-р хавсралтын 2.1.1-д нислэгийн төлбөр 475 864 000 төгрөг байна, 2.2.1.-д төлбөрийг 2019 оны 11 сарын 8-ны өдөр төлж барагдуулсан байх, гэрээний 4.5-д захиалгат нислэгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги ногдуулна”, 9.1.-д гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн санаачлагыг гаргагч тал нөгөө талдаа энэ тухай албан ёсоор 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчлөлт оруулна”гэж тус тус тохиролцжээ.
Хариуцагч гэрээний үндсэн үүрэг нислэгийн төлбөр 475 864 000 төгрөгийг 2019 оны 11 сарын 8-ны өдөр төлөхөөс 140 000 000 төгрөгийг хугацаа хэрүүлж 2019 оны 11 сарын 25-ны өдөр төлсөн, үлдэх 335 864 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн, төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байхад өөрчлөөгүй, хүсэлт баримтаа нэхэмжлэгч талд өгсөн зүйлгүй баримт тайлбар гаргаагүй тул хугацааны талаар бичсэн тайлбарыг үл зөвшөөрч байгааг нэхэмжлэгч талыг буруутгах үндэсгүй байна.
Иймд 335 864 000 төгрөгийг 2019 оны 11 сарын 9-ний өдрөөс нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн 2020 оны 3 сарын 3-ны өдрийг хүртэл хугацаа хэрүүлэн төлөөгүй буруутай тул алдангийн хамт хариуцан төлөх үүрэгтэй.
Харин 2019 оны 12 сарын 23-ны өдрөөс дэлхий дахиныг хамарсан коронавируст халдвар цар тахал өвчин дэлгэрсэн нийтэд илэрхий үйл баримт бий болсон нь аялал жуулчлалын салбарын ажил орлого зогсон хүндрэлтэй байдал болсон тул энэ хүртэл 42 хоногийн хугацааны алдангийг төлөгдөөгүй төлбөрийн хамт хариуцуулж, /335 864 000 төгрөгийн 0,5 хувь нь 1 679 320х42/ 70 531 440 төгрөгийг алдангид тооцон, бүгд 406 395 440 төгрөгийг хариуцагч “Ю”ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хувааж хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч “Ю”ХХК-иас 406 395 440/дөрвөн зуун зургаан сая гурван зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” төрийн өмчит хувьцаат компанид олгон, нэхэмжлэлээс үлдэх 97 400 560/ерэн долоон сая дөрвөн зуун мянга таван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 676 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 2,189,927 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ