| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан/цахимаар/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох 2330000000281 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ...............оны ................ дугаар сарын ................-ны өдөр ..................... аймгийн .................. суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ................ аймаг С................. сум ............ дугаар баг, ................ гэх газарт оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас Хаожие /Haojue/ загварын улсын дугааргүй мотоциклийг ашиглан иргэн олон тооны мал болох 6 адууг бэлчээрээс хөөж туун тухайн газарт байх өвөлжөөнд оруулан барьж, бусдад өгч хохирогч *******д 5,831,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ Миний бие 2022 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат таньдаг хуурай ах болох *******ийг мал авч мөнгө тарааж байгаа талаар сонсоод түүнтэй холбогдон 8 бяруу өгье гэж хэлээд 3,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан юм. 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ахтай аймгийн төв дээр биечлэн уулзаад өрөө төлөхөөр тэр өдөртөө .............р аймгийн ............... сумын 4 дүгээр багийн нутаг гэх газар руу явж ******* гэх таньдаг хүнийхээ адууг нууцаар, зөвшөөрөлгүй Хаожие маркийн тээврийн хэрэгслээр бэлчээр дээрээс нь тууж өөрийнх нь өвөлжөөнд хашиж 6 тооны адууг барьж авч ******* ахад 8 тооны бярууныхаа оронд өгөөд аймгийн төв рүү орж ирж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан. Адуунуудыг хохирогчид буцааж өгсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх,
хохирогч “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн малчин иргэн юм. 2023 оны 11 дүгээр сарын 12-ны үдээс хойш би бүх адуугаа хурааж үзэхэд бүгд бүрэн байсан. Манай адууны бэлчээр цастай болсон учраас өдөр бүр адуугаа хураахаа больсон байсан юм. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагаас утсаар яриад манай адууны тамгыг асуугаад таны 4 гүү, 2 даага аймагт хулгайлагдаад ирсэн байна гэж ярьсан учраас би аймагт ирээд байна. Миний 1 гүү үхсэн байгаа гэсэн.” гэх /хэргийн 14-15-р хуудас/,
...*******н хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цэнхэр өнгийн улсын дугааргүй Haojue маркийн мотоцикл нь миний эзэмшлийнх юм. Би шинээр аваад туслах малчин малдаа унаж бай гэж өгсөн байсан юм.Үхсэн нэг гүүнийхээ хохирлыг барагдуулчихвал миний зүгээс өөр гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх дахин мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/,
*******ын “Би 2022 оны хавар Дарьганга суманд амьдардаг ******* гэдэг залууд 10 бяруу авна гээд 3,500,000 төгрөг шилжүүлсэн юм. 2023 оны 08 дугаар сард *******ээс 2 бяруугаа Дарьганга сумаас авсан. Үлдсэн бяруугаа авах хүнтэйгээ холбогдож чадахгүй байна, Сүхбаатар суманд хүнд өгчихсөн байгаа гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирж уулзаад нөгөө хүн рүүгээ явъя, харин бяруу өгч чадахгүй бярууныхаа оронд адуу өгье гэнэ гэхээр нь би очиж үзье гээд би өөрийнхөө улсын дугаартай Приус-30 маркийн машинтай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг гэх газарт очиж ******* гэдэг залуутай очиж уулзсан. ******* нь биднийг очиход адуу байгаа газар руугаа явъя гээд Сүхбаатар сумаас урагшаа 30 орчим км газарт Дөхмийн уурхайгаас хойшоо танихгүй айл дээр очсон. ******* нь тэр айл дээр очоод адуугаа хураагаад ирье гээд мотоциклтой явсан. 1 цаг орчмын дараа хонгор азаргатай 20-оод тооны адуу хөөж ирээд 8 бярууны оронд 4 гүү өгнө гэхээр нь би 5 болгож 1 адуу нэм гээд *******гээс 4 гүү 1 даага нийт 5 адуу бариулж авсан. ******* нь өөрөө хүнд өгнө гээд дахиад 1 даага барьсан. Тэгээд Сүхбаатар суманд байдаг баз руу утсаар яриад улсын дугаартай цэнхэр өнгийн портер машиныг нь аваад *******ийг гуйж бариулаад 6 адуу ачаад аймаг руу өөрөө машинтайгаа дагаад явсан. Тухайн үедээ гарал үүслийн бичиг аваагүй явсан юм. Гарал үүслийн бичгийн талаар би *******гээс асуугаагүй. ******* нь аймаг руу *******тэй хамт 6 адуугаа ачаад цуг ирсэн юм. Тэгээд аймаг руу орох гэж яваад цагдаад шалгуулаад гарал үүслийн бичиггүй мал мах тээвэрлэсэн байна гэхэд ******* нь гарал үүслийн бичгийг нь өглөө авч өгье гэж надад хэлж байсан. Би *******н адуу биш гэдгийг мэдээгүй... “Хонгор халзан гүү, хонгор гүү, хар гүү, халтар гүү гээд 4 нас гүйцсэн гүү ачсан. Хүрэн эр даага, хонгор халзан охин даага гээд 2 даага мөн ачсан. Тамгыг нь хэлж мэдэхгүй байна. Ачиж ирж байхдаа хар гүү нь дарагдаад үхчихсэн байсныг машинаас буулгаад хөдөө хээр хаячихсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 20-22-р хуудас/,
Г.*******ийн “2022 оны хавар ******* ах надад хэдэн бяруу цуглуулаад өгөх боломж байна уу гэхээр нь би болох байх гээд 3,500,00 төгрөг авсан юм. Сүхбаатар сумын иргэн ******* гэгчид 8 бярууны мөнгө өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 10-нд түүнтэй яриад бяруугаа авъя гэхэд бярууны оронд адуу өгье гэхээр нь би ахаас асуусан чинь охин адуу авна гэхээр нь *******д хэлсэн чинь болно гээд удахгүй уулзахаар тохирцгоосон. Би 2023 оны 11 дүгээр сарын 14-нд ахын машинтай Сүхбаатар сумын 5 дугаар баг гэх газарт очиж *******г аваад сумаас урагшаа 30 орчим км газарт танихгүй айл дээр очсон. ******* нь тэр айл дээр очоод адуугаа хураагаад ирье гээд мотоциклтой явах гэхээр нь би цуг явъя гээд сундлаад явсан юм. Бид 2 хонгор азаргатай 20-оод тооны адуу хөөж ирээд 8 бярууны оронд 4 гүү өгнө гэсэн. Гэтэл ах 5 болгож 1 адуу нэм гээд *******гээс 4 гүү 1 даага нийт 5 адуу бариулж авсан. ******* нь өөрөө хүнд өгнө гээд дахиад 1 даага барьсан. ах хөдөө айлаас очиж улсын дугаартай цэнхэр өнгийн портер машиныг нь аваад намайг барьчих гээд бариулаад 6 адууг ачаад аймаг руу өөрөө машинтайгаа дагаад явсан. Тэгээд адуугаа ачаад аймаг руу орох гэж яваад цагдаад шалгуулаад гарал үүслийн бичиггүй мал мах тээвэрлэсэн байна гээд саатуулагдсан.Би өөрийнхөө адуунаас барьж өгч байна гэж бодсон. Надад бусдын адуунаас барьж өгч байгаа талаараа хэлээгүй.Миний хувьд хонгор азарганы тамгыг л анзаарсан. Адууг нь хурааж ирээд барих гэсээр байтал харанхуй болсон тул би уг 6 адууны тамгыг анзаараагүй. Хонгор халзан гүү, хонгор гүү, хар гүү, халтар гүү гээд 4 нас гүйцсэн гүү ачсан. Хүрэн эр даага, хонгор халзан охин даага гээд 2 даага мөн ачсан. Ирж байхдаа хар гүү нь дарагдаад үхчихсэн байна лээ.”гэх мэдүүлэг /хэргийн 25-27-р хуудас/,
“Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Мал-мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын баталсан хуваарийн дагуу нийтийн хэв журмын тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч хамт тухайн өдрийн 20 цагаас 05 цаг хүртэл Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Сүхбаатар, Асгат сумын орж, гарах гарц дээр улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 05 цагийн орчим ................... сумын гарцын урд талаас 2 тээврийн хэрэгсэл цуваад ирж байсныг зогсоон шалгахад 31-66 улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны портер маркийн тээврийн хэрэгсэл 6 тооны адуу ачиж тээвэрлэсэн байсан. Уг портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.******* гэх хүн байсан ба тухайн тээвэрлэж явсан 6 тооны адууны гарал үүслийн бичгийг шалгахад ямар нэгэн гарал үүслийн бичиггүй тээвэрлэж явсан болох нь хяналт шалгалтаар илэрсэн. Тухайн 6 тооны адууны гарал үүслийг нь тогтоон шалгахад хулгайн адуу болох нь тогтоогдсон. Хяналт шалгалтын явцад нэг адуу нь машин дээрээ үхсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31-р хуудас/,
“...Тухайн өдөр манай эхнэр бид хоёр Сүхбаатар сумын 4 дүгээр баг, гэх газар байх хөдөө гэртээ байж байгаад үдээс хойш 15 цагийн орчим өвөлжөө рүүгээ аргал түлээгээ ойртуулж ирэхээр машинтайгаа явсан юм. Бид хоёр гэрийнхээ ойролцоо ирэхэд манай гэрээс жижиг цагаан машин хөдлөөд явж байхаар нь бид хоёр амдаж очоод уулзтал танихгүй хоёр эрэгтэй хүн явж байсан. Би “ямар ажлаар явж байгаа” талаар асуухад манай хадам дүү *******тэй хамт ирсэн гэж хэлсэн. Тухайн үед манайхаас баруун урагш нэг мотоциклтой хүн цаашаа явж байхаар нь нөгөө хоёр хүнээс “тэр хэн явж байгаа юм” гэхэд нөгөө хоёр залуу “******* манай нэг дүүтэй хоёулаа адуунд явж байгаа юм” гэж хэлсэн. Эхнэр бид хоёр гэртээ очиход гэрийн гадаа байсан миний цэнхэр өнгийн Хаожие маркийн мотоцикл байхгүй ******* унаад явчихсан байсан. Миний мотоциклын түлхүүр тухайн үед анхны цас орсны дараа нороод барьж хөлдөөд сугалагдахгүй байсан болохоор би тэр чигээр нь түлхүүртэй нь орхичихсон байсан юм. Орой 18 цагийн орчим гэгээ тасарсны дараа ******* мотоциклтойгоо ганцаараа ирсэн. Араас нь нөгөө жижиг цагаан машин дагаж манай гадаа ирсэн. Нөгөө машинтай хүмүүс манайх руу орж ирээгүй. Хадам дүү ******* манайх руу орж ирэхээр нь би “ахын дүү хаагуур явав” гэхэд “миний нөгөө адууг нь харж байсан Өсөхөө ахын адууны хагас нь энэ хавиар орж ирсэн сураг гараад дүү нь таны мотоциклыг гаднаа түлхүүртэйгээ байхаар нь асааж унаад эрж яваад ирлээ” гэж хэлсэн. Би тухайн үед манай малыг нь хардаг айлын адууг тууж адуу хулгайлж авч явсан байсныг огт анзаарч мэдээгүй, санаанд ч ороогүй болохоор эхнэр бид хоёр *******н хэлсэн үгэнд итгэсэн байсан юм. Тэгээд ******* манайд удаагүй хамт ирсэн энэ хүмүүстэйгээ аймаг буцлаа гэж хэлээд манайхаас гараад явсан. Тухайн үед хүний нэр бариад адууны эрэлд ирсэн гэхээр нь үгэнд нь шууд итгэсэн. ” гэх мэдүүлэг /хэргийн 34-35-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2302337 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...6 тооны адууны зах зээлийн үнэ 5,831,000 төгрөг...” гэх дүгнэлт /хэргийн 44-54-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2302348 дугаартай “...Улсын дугааргүй Haojue маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээ 2,662,500 төгрөг...” гэх дүгнэлт /хэргийн 62-72-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2302131 дугаартай үнэлгээний дүгнэлтээр эд зүйлийн үнэлгээ нь 8,275,000 төгрөг гэх дүгнэлт /хэргийн 53-69-р хуудас/,
Мал амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6-р хуудас/,
Хохирогч *******д 5 тооны адуу хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 7-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Прокуророос шүүгдэгч *******н бусдын 6 тооны адууг мотоцикл ашиглан хулгайлсан гэх дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь бусдад өгөх өр төлбөртөө өгөх зорилгоор эзэмшлийн улсын дугааргүй Хаожие маркийн мотоциклийг ашиглан түүний олон тооны малыг ашиглан бэлчээрээс нь хулгайлан авч, бусдад өгч гэмт хэргийг төгс үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******н, иргэн Л.Аюунзанын 6 тооны адууг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.
5. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туун өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч *******н хувьд айлын адууг хулгайлах зорилгоор хохирогч Л.Аюунзанын эзэмшлийн улсын дугааргүй Хаожие маркийн мотоциклийг ашиглан адууг бэлчээрээс хөөж туун хашаанд хашихад ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байжээ.
Өөрөөр хэлбэл, тэрээр олон тооны адууг тээврийн хэрэгсэлгүйгээр хөөж туух, барих боломжгүй байсан байна.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.
Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.
6. Шүүгдэгч *******н бусдын олон тооны малыг, мотоцикл ашиглан хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
7.Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдаас авсан мөнгөний төлбөрийг төлөх зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч Л.Аюурзаны эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч *******н түүний адууг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч Л.Аюунзанад 5,831,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2302337 дугаартай “...6 тооны адууны зах зээлийн үнэ 5,831,000 төгрөг ” гэх дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч *******н нь хохирогч *******д учруулсан 5,831,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид 5 тооны адууг зүсээр нь буцаан өгч, 1 тооны адууны хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******н үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд мөрдөн шалгах ажиллагаанд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар аргаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******н зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэлгүйгээр олон тооны бод малыг хөөж, туух, хаших боломжгүй байсан буюу тухайн мотоцикл уг гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Хаожие загварын мотоцикл хохирогч Л.Аюунзанын эзэмшлийнх болох нь хохирогч, нарын мэдүүлгээр тогтоогдох тул уг мотоциклийн үнийг *******н хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх тул шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Хаожие мотоциклийн үнэ 2,662,500 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо.
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2302348 дугаартай “...Улсын дугааргүй Haojue маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээ 2,662,500 төгрөг...” гэх дүгнэлт үнэлгээний талаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нар маргаагүй, уг төлбөрийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.
Шүүгдэгч *******д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Хаожие/haojue/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.662.500 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН