| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох 2330000000218 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ......... оны .......... дүгээр сарын ..............-ны өдөр ........... аймгийн ............. суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ............ аймгийн ...............сум 2 дугаар баг .......................тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.
******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ................ аймгийн .............сумын .................дүгээр багийн нутаг “Алтан Овоо” гэх газарт Тоёота пробокс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 3.7 а/ Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн замаар зорчиж явсан Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикл осолдож Д.******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр миний өмнө явж байсан мотоцикл ойчоод өгсөн. Тэгээд би хажуу тийшээ дарахад хажуу тийшээ унаад өгсөн. Нэг хүнтэй нэг шил архи задлаад хоёр татсан. Тэгээд явж байсан. Болсон үйл явдлыг санаж байна. Тэр хүнтэй уулзах гээд мотоциклын араас явсан. Тэр хүнтэй уулзах гээд дуудсан. Тэр хүмүүсийг дуудахад мэдсэн байх. Араас нь 10-аас 20 метр зайтай байсан. Гэтэл өмнө унаад өгсөн. Би жолоогоо хажуу тийшээ дарахад шарваад унасан. Миний буруу. Хохирогч 200,000 төгрөг, 50.000 төгрөгөөр тооцож 10 хурга өгсөн. ямар нэгэн юм нэхэмжлээгүй тул юм өгөөгүй. Солонго дахин юм нэхэмжлээгүй. , Солонго нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 5,047,000 төгрөгийг төлнө...гэв.
2330000000218 дугаартай хавтаст хэргээс:
- Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би *******ны урд энгэрт байх суварганы хажуугаас хөдлөөд өөрийн гэрийн зүг ******* сундалж явсан мотоциклийн араас нь явсан. Тэгээд би мотоциклийнх нь баруун талаар орох үед мотоциклтой хүмүүс зүүн тал руугаа дараад урд талд ойчоод өгөхөөр нь би тухайн хүмүүсийг дайрахгүйн тулд тойрч гарах гээд баруун тал руугаа дартал машин хөндөлсөөд шарваад хажуу талаараа онхолдсон... Би уулзаж яагаад намайг цохисон болохыг нь асуух гээд мотоциклынх нь араас явсан. Тухайн үед мотоциклыг мөргөөгүй, би гүйцэж ард талд нь очоод зогс гээд хэлэхээр зэрэгцээд хажуугаар нь орох гэтэл мотоцикл ойчсон...” гэх мэдүүлэг /хэргийн 114-116-р хуудас/
- Хохирогч Д.*******: 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай тэнд ойрхон байдаг *******ны тахилга болсон ба би тахилгад өөрийн мотоциклтойгоо ганцаараа очсон. Тахилгад 2 насны морь уралдаад 14 цагийн орчимд тахилга дуусаад хэдхэн тооны хүмүүс үлдсэн байсан. Би танил дүүтэйгээ 1 шил архи, 1 том савлагаатай пиво задалснаас хэд татсан байсан. Тэгээд байж байтал манай ээжийн хамаатны хүүхэд болох ******* халамцуу тэр хавиар хүнтэй муудалцах гээд байхаар нь би *******ыг “чи зүгээр бай ахын дүү” гэсэн чинь миний урдаас хэрэлдээд босоод ирэхээр нь би шанаа орчимд нь гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь надтай барьцалдаад авсан тэгтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би тэндээс салаад урагшаа алхаад суварга руу очтол ах мотоциклтойгоо зогсож байхаар нь би мотоциклынх нь ард дээр суугаад явах юм уу гэсэн чинь явна гэхээр нь гэр ойрхон байдаг болохоор явъя гээд бид хоёр хөдлөөд зүүн урагш чигтэй явсан. Тэгтэл нэг хартал ******* машинтайгаа бид хоёрын ардаас зайтай машинтайгаа явж байсан. Тэгэхээр нь бид хоёр явж байтал гэнэт ахын мотоциклынх нь гар салгалаад ойчих шиг болсон. Тэгээд босож ирээд харсан чинь араас явж байсан *******ын машин бас хажуу талаараа онхолдсон байсан. Тэгээд машин дотор байсан *******ын эхнэр хүүхэд болон Солонго, Халиунаа нарыг гаргаж байсан. Миний зүүн талын мөр орчмоор өвдөж байсан. Тэгээд түргэн, цагдаа иртэл тэндээ байж байгаад эмнэлгийн машинтай эмнэлэг дээр ирсэн. Би бодохдоо ******* араас явж байгаад бид хоёрыг унахыг хараад хажуу тал руугаа дараад онхолдсон байна гэж бодсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 18-20-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч : Бид нар бүгдээрээ *******ын машинд суугаад хөдөлсөн чинь замд нөгөө *******ын муудаж маргалдсан гэх гэх хүн нь мотоциклтой явж таараад тэр залуугийн араас хурдаа нэмж туусан. *******ын машинд явж байсан *******ын эхнэр хүүхэд болон манай дүү бид нар бүгдээрээ *******ыг машинаа зогсоо, бид нарыг буулгачхаад чи өөрөө чигээрээ наад хүнээ туугаад яв гэж олон удаа гуйсан боловч ******* машинаа зогсоохгүй ширүүн явж байгаад тэр мотоциклтой хүнийг ард дээр ойрхон очтол урд явсан мотоциклтой хүмүүс ойчих шиг болсон. Тэгтэл ******* гэнэт дарах шиг болсон, тэгсэн машин өнхөрч онхолдсон. Цаашаа юу болсныг би сайн санахгүй байна. Надад хохиролтой холбоотой баримт байгаа би баримтаа хэрэгт тусгуулахаар гаргаж өгнө. ******* одоогоор 200,000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн...гэх мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/,
- Гэрч : Тухайн овооны тахилгад 2 насны морь уралдсан. Тэгээд би хүүхдийнхээ хамт бөх үзэж байсан чинь манай нөхөр тахилгад ирсэн хүмүүстэй сууж байгаад ирэхдээ архи үнэртүүлсэн ирсэн. Овооны тахилга тарах гэж байхад манай нөхөр нэг хүнтэй юм ярьж байсан чинь Баянсайхан ах голоор нь ороод манай нөхрийг дуугүй бай гээд байсан. Манай нөхөр Баянсайхан ахтай бага зэрэг ам зөрөөд чи би гээд байх шиг байсан. Би тухайн үед машинд байсан. Баянсайхан ах цаашаа яваад ахын мотоциклын ард дээр суугаад зүүн урагш хөдөлсөн. Манай нөхөр машиндаа суугаад гэрийнхээ зүг хөдөлсөн. Тэгээд саахалт байдаг Баянсайхан ах, нарын хойноос машинтайгаа ойртож очсон. Би тухайн үед машины арын суудалд, Халиунаагийн хамт урд талын суудалд Солонгоо эгч сууж явсан. Тэгтэл манай машин ахын мотоциклын ард дээр нэлээн ойртоод иртэл ах эргэж харж байсан. Манай нөхөр “Баянсайхан ахтай уулзаж ярилцана” гээд машинтайгаа нэлээн дөхөөд очтол ах Баянсайхан ах хоёр мотоциклтойгоо ойчоод өгсөн. Тэгтэл манай нөхөр машинаа хажуу тийш нь дараад хажуугаар нь дараад өнгөрсөн боловч машин шарваад манай машин бас онхолдсон. Би машинаас бууж чадахгүй байтал арын цонхыг нээгээд намайг машинаас гаргасан. Тэгээд би эмнэлэг рүү хүргэгдсэн...гэх мэдүүлэг /хэргийн 38-39-р хуудас/,
- Гэрч Б.ийн: Би овооны энгэрт байдаг суваргын тэндээс эхнэрээ авах гээд очиход манай эхнэр өөр машинтай гэр лүүгээ явахаар болсон гэхээр нь би гэр рүүгээ явах гээд хөдлөх гэж байтал манайхтай саахалт айлын Баянсайхан миний мотоциклын ард дээр суугаад явах уу гэхээр нь би явлаа гэсэн чинь би хамт явна гэхээр нь би хөдлөөд гэрийн зүг явж байтал араас Пробокс маркийн машин ойртож байгаа харагдсан. Тэгээд би хажуу тал руугаа дартал миний мотоциклийн руль булаагдаад хажуу талаараа онхолдсон. Би мотоциклтойгоо унаад босож иртэл миний ард явсан Пробокс машин бид хоёрын хажуу талаар дарж ороод хажуу талаараа унасан байдалтай байсан. Баянсайхан мотоциклийн хажуу талд дээшээ харж хэвтсэн байсан. Баянсайхан мөрөө бариад байх шиг байсан. Миний баруун нүүр хэсэг бага зэрэг шалбарсан. Тухайн машин дотор манай саахалт айлын *******, *******ын эхнэр, хүүхэд, хажуу айлын Солонгоо гэх эмэгтэй, дүү Халиунаа нар байсан. Би *******ын хүүг машин дотроос гаргахад гэмтэл бэртэл харагдаагүй. ******* урд салхины шилээрээ гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 32-33-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч :Овооны тахилгад морь уралдаад дууссаны дараа үдээс хойш болж байхад овооны тахилга тарсан. Тэнд ирсэн хүмүүстэй ******* ах архи уугаад байсан. ******* ах нэг хүнтэй муудах гээд байсан чинь Баянсайхан ах голоор нь ороод байх шиг байсан, ******* ах Баянсайхан ахтай муудаад байсан. Тэгээд машиндаа сууцгааж байсан чинь ******* ах нээх их согтуу нь гайгүй ирээд машинтайгаа хөдөлсөн. Гэрийн зүг рүү явсан. Урд мотоциклтой ах мотоцикл бариад Баянсайхан ах ард дээр суугаад явж байсан чинь ******* ах Баянсайхан ахтай уулзана гээд дөхөж очоод Баянсайхан ахыг дуудсан чинь тэр хоёр зогсоогүй яваад байсан. ******* ах машинтайгаа дахиж дөхөж очтол машины урд талд ойчоод өгсөн. Тэгтэл машин хажуу тал руугаа онхолдсон. Би машины ард Өлзийсайхан эгч, хүүхэдтэй нь хамт сууж явсан. Урд суудалд Солонго эгч ******* ах машин жолоодож явсан...гэх мэдүүлэг /хэргийн 41-42-р хуудас/,
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч И.Сосорын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан “...Тоёота Пробокс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Өөдсийн ******* РД:/*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: Б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож яваагүйн улмаас уг зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. Өөдсийн ******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох “В,С” ангиллын 1022346 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэх Мөрдөгчийн магадалгаа /хэргийн 97-100-р хуудас/,
- 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-12-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 357 дугаартай “ 1. Д.******* биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 45-46-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай “ 1. Шинжилгээнд ирүүлсэн ******* цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн ******* цус гэсэн хаягтай цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрлээ” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 85-86-р хуудас/,
-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаартай “...1. биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 51 дүгээр хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 365 дугаартай “...1. биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор салст, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, баруун хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 87-58 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 361 дугаартай “...1. биед баруун мөрөнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хэргийн 63-64 дүгээр хуудас/
-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 356 дугаартай “1.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх /хэргийн 69-70 дугаар хуудас /
-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 358 дугаартай “1.Б.ийн биед дух, баруун хацрын төвгөрт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хэргийн 74-75 дугаар хуудас/
-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 09-ний 359 дугаартай “1.С.Сүх-Очирын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хэргийн 79-80 дугаар хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 14-р хуудас/,
- Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 87-р хуудас/,
- *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 136-137дугаар хуудас/
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 143 дугаар хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 145-149 дүгээр хуудас/зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
1. Прокуророос шүүгдэгч *******ыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан Овоо” гэх газарт Тоёота Пробокс загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “ 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 3.7 а/ Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн замаар иргэн Б.ийн жолоодон явсан Хаужи загварын улсын дугааргүй мотоцикл осолдож зорчигч Д.******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
2. Шүүх аливаа гэмт хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хөдөлбөргүй, эргэлзээгүй, зөв сэргээн тогтоож, гэмт хэрэг гарсан шалтгаан,нөхцөлийг тодруулж хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоох бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх ба харин хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон эргэлзээ бүхий асуудлыг шүүхээс няцаан үгүйсгэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.
3. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Тухайн хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ хэргийн хохирогч *******тай маргалдсан, улмаар өөрийн Тоёота Пробокс загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон харих замдаа Б.ийн мотоциклд сундалдан явсан *******тай уулзах зорилгоор уг мотоциклийн араас явсан үйл баримт түүний “Би *******ны урд энгэрт байх суварганы хажуугаас хөдлөөд өөрийн гэрийн зүг ******* судалж явсан мотоциклийн араас нь явсан. Би мотоциклийнх нь баруун талаар орох үед мотоциклтой хүмүүс зүүн тал руугаа дараад урд талд ойчоод өгөхөөр нь би тухайн хүмүүсийг дайрахгүйн тулд тойрч гарах гээд баруун тал руугаа дартал машин хөндөлсөөд шарваад хажуу талаараа онхолдсон. Би уулзаж яагаад намайг цохисон болохыг нь асуух гээд мотоциклынх нь араас явсан. Тухайн үед мотоциклыг мөргөөгүй, би гүйцэж ард талд нь очоод зогс гээд хэлэхээр зэрэгцээд хажуугаар нь орох гэтэл мотоцикл ойчсон” гэх,
иргэний нэхэмжлэгч “...Бид *******ын машинд суугаад хөдөлсөн чинь замд нөгөө *******ын муудаж маргалдсан гэх гэх хүн мотоциклтой явж таараад тэр залуугийн араас хурдаа нэмж туусан. *******ын эхнэр хүүхэд болон манай дүү бид нар бүгдээрээ *******ыг “машинаа зогсоо, бид нарыг буулгачхаад чи өөрөө чигээрээ наад хүнээ туугаад яв” гэж олон удаа гуйсан боловч ******* машинаа зогсоохгүй ширүүн явж байгаад тэр мотоциклтой хүнийг ард дээр ойрхон очтол урд явсан мотоциклтой хүмүүс ойчих шиг болсон, тэгтэл ******* гэнэт дарах шиг болсон тэгсэн машин өнхөрч онхолдсон. Цаашаа юу болсныг би сайн санахгүй байна” гэх,
гэрч “ манай нөхөр Баянсайхан ахтай бага зэрэг ам зөрөөд чи би гээд байх шиг байсан, би тухайн үед машинд байсан. Баянсайхан ах цаашаа яваад ахын мотоциклын ард дээр суугаад зүүн урагш хөдөлсөн. Манай нөхөр машиндаа суугаад гэрийнхээ зүг хөдөлсөн. Тэгээд саахалт байдаг Баянсайхан ах, нарын хойноос машинтайгаа ойртож очсон. Манай машин ахын мотоциклын ард дээр нэлээн ойртоод иртэл ах эргэж харж байсан. Манай нөхөр Баянсайхан ахтай уулзаж ярилцана гээд машинтайгаа нэлээн дөхөөд очтол ах Баянсайхан ах хоёр мотоциклтойгоо ойчоод өгсөн. Тэгтэл манай нөхөр машинаа хажуу тийш нь дараад хажуугаар нь дараад өнгөрсөн боловч машин шарваад манай машин бас онхолдсон ” гэх,
насанд хүрээгүй гэрч “...******* ах нэг хүнтэй муудах гээд байсан чинь Баянсайхан ах голоор нь ороод байх шиг байсан. Тэгтэл ******* ах Баянсайхан ахтай муудаад байсан. ******* ах нээх их согтуу нь гайгүй ирээд машинтайгаа хөдөлсөн. Тэгээд гэрийн зүг рүү явсан. Тэгтэл урд мотоциклтой ах мотоцикл бариад Баянсайхан ах ард дээр суугаад явж байсан чинь ******* ах “Баянсайхан ахтай уулзана” гээд дөхөж очоод Баянсайхан ахыг дуудсан чинь тэр хоёр зогсоогүй яваад байсан. ******* ах машинтайгаа дахиж дөхөж очтол машины урд талд ойчоод өгсөн. Тэгтэл машин хажуу тал руугаа онхолдсон ” гэх,
хохирогч Д.******* “...манай ээжийн хамаатны хүүхэд болох ******* халамцуу тэр хавиар хүнтэй муудалцах гээд байхаар нь би *******ыг “чи зүгээр бай ахын дүү” гэсэн чинь миний урдаас хэрэлдээд босоод ирэхээр нь би шанаа орчимд нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь надтай барьцалдаад авсан, тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би тэндээс салаад суварга руу очтол ах мотоциклтойгоо зогсож байхаар нь суугаад бид хоёр хөдлөөд зүүн урагш чигтэй явсан. Нэг хартал ******* машинтайгаа бид хоёрын ардаас зайтай машинтайгаа явж байсан. Бид хоёр явж байтал гэнэт ах мотоциклынх нь гар салгалаад ойчих шиг болсон. Тэгээд босож ирээд харсан чинь араас явж байсан *******ын машин бас хажуу талаараа онхолдсон байсан. Би бодохдоо ******* араас явж байгаад бид хоёрыг унахыг хараад хажуу тал руугаа дараад онхолдсон байна гэж бодсон ” гэх,
гэрч Б.ийн “Манай саахалт айлын Баянсайхан, би гэрийн зүг явж байтал араас Пробокс маркийн машин ойртож байгаа харагдсан. Тэгээд би хажуу тал руугаа дартал миний мотоциклийн руль булаагдаад хажуу талаараа онхолдсон. Мотоциклтойгоо унаад босож иртэл миний ард явсан Пробокс машин бид хоёрын хажуу талаар дарж ороод хажуу талаараа унасан байдалтай байсан. Баянсайхан мотоциклийн хажуу талд дээшээ харж хэвтсэн байсан. Баянсайхан мөрөө бариад байх шиг байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.
4. Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч *******тай уулзахаар түүний сууж явсан иргэн Б.ийн мотоциклийн араас хөөж явсан үйл баримт тогтоогдох боловч гагцхүү түүний уг үйлдлийн улмаас шалтгаалан мотоциклийн жолооч Б. мотоциклио унагаж осол гаргасан буюу *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14. “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна ” гэж заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй байна.
Тухайлбал, энэ хэргийн шүүгдэгч ******* “ Би мотоциклийнх нь баруун талаар орох үед мотоциклтой хүмүүс зүүн тал руугаа дараад урд талд ойчсон” гэж, гэрч Б.Солонго, , насанд хүрээгүй гэрч нарын зүгээс “ шүүгдэгч *******ыг хурдтай явж, мотоциклд нэлээд ойртон, дөхөж очтол урд явсан мотоциклтой хүмүүс ойчих шиг болсон ” гэж тус тус мэдүүлэх боловч түүний хурдтай явсан гэх үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно ” гэж заасныг зөрчсөн эсэхийг хэрэгт тогтоогдоогүй тул түүнийг дүрмээр тогтоосон хурдыг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хийгээд мөн түүний өмнө явж байгаа мотоциклийг гүйцэж түрүүлсэн үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.9. “гүйцэж түрүүлэх” гэж явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг; 1.2.10. “гүйцэх” гэж нэг чигт зэрэгцээ эгнээгээр яваа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явах үйлдэл ...гэж тодорхойлж хориглоогүй байна.
Тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөн эхэлсэн цагаасаа эхлэн аюултай хэрэгсэлд тооцогдох бөгөөд жолооч нь учрах аюулыг танин илрүүлэх, эрсдэлд үнэлгээ, шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах замаар аюулыг арилгах боломжтой нөхцөл байдалд замын хөдөлгөөнд оролцох, сонор сэрэмжтэй, самбаачлах хугацаа сайтай байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч *******ын хувьд өмнө явсан мотоциклийг зүүн гар тийш дарж унах үед түүнийг дайрахаас урьдчилан сэргийлж, самбаачлан машиныг эсрэг зүг баруун гар тийш дарж хөдөлгөөн үргэлжлүүлсэн нь дээрх нөхцөлд байдалд нийцсэн зайлшгүй хийх үйлдэл тул түүний энэ үйлдлийг буруутгах үндэслэлгүй ба харин түүний машинаа унагасан үйлдэл нь түүний согтуурсан байдал, жолоочийн дадлага, туршлагатай холбоотой гэж үзэхээр байна.
Тодруулбал, Хэргийн газрын үзлэгийн № 4,5 дугаартай гэрэл зурагт тусгагдсан 6,7 дугаараар тэмдэглэгдсэн буюу № 8,9 дугаартай гэрэл зураг дахь автомашины мөрөөс үзэхэд улсын дугаартай Тоёота Пробокс машин мотоциклийг унахад баруун гар тийш дарж яван буцаад зүүн гар тийш дарсан мөр харагдана.
Түүнчлэн мотоциклийн жолооч Б.ийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.5. б/ “мотоцикл, чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 км, тууш замд цагт 80 км хурдтай” явах заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй бөгөөд түүний хувьд ердийн,шаардагдах, зохист хурдтай, анхаарал болгоомжтой явж, араас машин ойртож буйг анхаарч Замын хөдөлгөөний дүрмийн 10.3.“ Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасны дагуу хажуу тийш дарж зам чөлөөлөх хөдөлгөөн хийсэн, ингэж дарахад мотоциклийн гар булаасны улмаас унасан талаар тодорхой мэдүүлсэн хийгээд харин мотоцикл унасан шалтгааныг шүүгдэгч *******ын араас нь хурдтай ирсний улмаас хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй аюултай, осолтой байдал бий болсон, үүний улмаас сандралд орж мотоциклоо хажуу тийш дарж мотоциклоо унагасан талаар огт мэдүүлээгүй, энэ нь хохирогч Д.******* “ Нэг хартал ******* машинтайгаа бид хоёрын ардаас зайтай явж байсан. Гэнэт ах мотоциклынх нь гар салгалаад ойчих шиг болсон” гэх мэдүүлгээр давхар нотлогдоно.
Мөн хэрэгт шүүгдэгч *******оос мэдүүлсэн “ Би мотоциклийнх нь баруун талаар орсон, гүйцэж түрүүлсэн” гэх нөхцөл байдал уг машинд явсан гэрч Б.Солонго, , насанд хүрээгүй гэрч нарын зүгээс адил мэдүүлсэн “*******ыг хурдтай явж мотоциклд нэлээд ойртон, дөхөж очтол урд явсан мотоциклтой хүмүүс ойчих шиг болсон” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэх бөгөөд Б., ******* нарын зүгээс “шүүгдэгч ******* хажуу талаар орж ирж “зогс” гэсэн, тэдгээртэй уулзахаар явж байгаа талаар огт мэдээгүй хийгээд энэ талаар хэрэгт мэдүүлээгүй байна.
5. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зураг, түүгээр тогтоосон бусад байдал, мөн автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаа зэрэг байдаг.
Энэ хэрэгт Хэргийн газрын үзлэгийг шөнийн цагаар үзэгдэх орчин муу, мөн хязгаарлагдмал орон зайд явуулж хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлын бүрэн дүүрэн тогтоогоогүйгээс осол гарсан бодит байдлыг үндэслэлтэй тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Хэрэгт авагдсан 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/ хавтаст хэргийн 03-12 хуудас/-д “осол болсон” гэх газрыг “замгүй хээр тал” тэмдэглэн, А цэгээр мотоцикл анх онхолдсон, А1 цэгээр машин онхолдсон газрыг тогтоож, тэдгээрийн хоорондох зайг 2 м 74 см гэж тэмдэглэн, эдгээр цэгүүдээс зүүн тийш 5 ширхэг тээврийн хэрэгслийн мөр газрын хөрсөнд үүссэн, уг цэгүүдээс хойд хэсгээс эхлэн 6,7,5,4 дугаараар машины 4 ширхэг мөрийг, 8 дугаараар мотоциклийн мөрийг тус тус тэмдэглэн, 6 тоотоос тэмдэглэсэн мөрний урт 16.70 м, 7- 18.2, 5- 17.60 м, 4- 17.10 м, 8- 13.60 м гэж тус тус тэмдэглэжээ.
Дээрх Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурагт 6,7,5,4 дугаараар тэмдэглэгдсэн машины мөрийг яагаад тухайн цэг, шугамаас тогтоож авсан, № 4,5 дугаартай гэрэл зурагт автомашины шарвалтын мөрний эхлэлийг 4,5,6,7 дугаараар тэмдэглэсэн боловч эдгээрийн аль 2 мөр нь Пробокс машины мөр болохыг тодорхойлоогүй, № 6,7 гэрэл зурагт 8 дугаараар мотоциклийн шарвалтыг мөрийг тэмдэглэсэн атлаа уг цэгээс 4,5,6,7 дугаараар тэмдэглэгдсэн мөр, А1 цэг хүртэл ямар зайтайг хэмжиж тогтоогоогүй, мотоцикл болон автомашины шарвалтаас өмнөх явсан замын чиг, маршрут, зайг тодорхой тогтоож, бэхжүүлээгүйгээс Пробокс машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг хэрхэн яаж зөрчсөн, автомашин мотоциклоос ямар хэмжээний зайнд явсан, автомашин, мотоцикл хоорондын болон хажуугийн зай нь осол гарахад нөлөөлөхүйц байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, мотоцикл болон автомашины шарвалтаас өмнөх явсан замын маршрутын тодорхой зайг тогтоох тухайн ослын шалтгааныг тогтооход ач холбогдолтой бөгөөд үүнийг Хэргийн газрын үзлэг, гэрэл зургаар бэхжүүлээгүйгээс мотоциклийн жолооч Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурагт 6,7,5,4 дугаараар тэмдэглэгдсэн машины мөрийн аль хэсэгт зорчиж байсан, мөн Пробокс машины мөр нь эдгээр 6,7,5,4 дугаараар тэмдэглэгдсэн мөрний аль нь болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаагаас тодорхой дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүсжээ.
Учир нь Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “осол болсон” гэх газрыг “замгүй хээр тал” тэмдэглэсэн ба тухайн осол болоход Пробокс машин ганцаар явж байсныг дурдах нь зүйтэй.
Иймд тухайн хэрэгт авагдсан хэргийн жинхэнэ байдлыг тогтооход ач холбогдол бүхий Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг,гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд нь хэргийн жинхэнэ байдлыг үндэслэлтэй тогтооход хүрэлцэхгүй, учир дутагдалтай хийгээд эдгээрийг үндэслэн гаргасан Мөрдөгчийн магадлааг яллах баримтаар тооцож үнэлсэн нь нотолгооны ач холбогдлын хувьд эргэлзээтэй байна.
Тодруулбал, зам тээврийн ослын хэрэгт дүгнэлт гаргах мөрдөгч-шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.
Энэ хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Мөрдөгч И.Сосорын гаргасан Мөрдөгчийн магадалгааг судалж үзэхэд тэрээр улсын дугаартай Тоёота Пробокс автомашины жолооч *******, мотоциклийн жолооч Б. нар Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийсэн байх боловч автомашины жолооч *******ын хувьд хэдэн км/цаг-ийн хурдтай явсан, өмнө яваа мотоциклоос ямар зайд явсан, тухайн жолооч нар тухайн замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч, самбаачлах хугацааны дотор аюулгүйгээр зогсоох арга хэмжээ авах, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан, Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, дүгнэсэн эсэх зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэхгүй орхигдуулсан хийгээд зөвхөн шүүгдэгч *******, гэрч Б.Солонго, , насанд хүрээгүй гэрч нарын “мотоциклийн араас хурдтай хөөж гүйцсэн” гэх мэдүүлэгт үндэслэн магадалгаа гаргасан нь учир дутагдалтай болжээ.
Түүнчлэн, жолооч *******, Б. нарыг Замын хөдөлгөөний дүрмийн Нийтлэг үндэслэл, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалтыг зөрчсөн гэх байдлаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруутай үйлдэлд ял шийтгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
6. Дээр дурдсанаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж болох хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг ба объектив талын үндсэн шинж нь тодорхой гэмт хэрэгт заавал байх ёстой шинжүүд бөгөөд уг шинж байхгүй бол гэмт хэрэг үгүйсгэгдэнэ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай бөгөөд харин тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн хэргийн хувьд гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох нь шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч ******* нь дүрэмд заасан тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэн явж Б.ийн мотоциклийн ард ирсэн, үүний улмаас мотоциклийн хөдөлгөөнд аюул, саад учруулсан буюу тээврийн хэрэгслийг хөдөлгөөний үргэлжлүүлэх, зогсооход шаардлагатай зохист хугацаа, самбаачлах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэх нөхцөл байдал хэрэгт нотлогдоогүй бөгөөд Б.ийн мотоциклоо унаган осол гарган хохирогч ******* гэмтсэн нь шүүгдэгч *******ын түүний мотоциклийн ард ойртон ирж явсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл буюу дээрх үйл баримтын хооронд гэм буруугийн бодит хамаарал тогтоогдоогүй гэж үзнэ.
7. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолж, тогтоосны эцэст тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үүрэгтэй юм.
Прокуророос шүүгдэгч *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14. “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна ” гэж гэсэн заалтуудыг зөрчсөн гэж ялласан бөгөөд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдал, ослын шалтгаан нөхцөлийг судлахад иргэн Б.ийн жолоодож явсан мотоцикл унаж хохирогч Д.******* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан уг үйлдэлд түүний гэм буруу тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд хэргийн баримтаар шүүгдэгч *******ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул дээрх зарчмыг баримтлан прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирлын талаар:
Тухайн ослын улмаас шүүгдэгч *******ын жолоодон явсан улсын дугаартай Тоёота Пробокс автомашинд зорчин явсан зорчигч Б.Солонго, нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, мотоциклийн жолооч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн, мотоциклийн зорчигч Д.******* биед хүндэвтэр хохирол тус тус учирчээ.
Шүүгдэгч *******оос иргэний нэхэмжлэгч Б. учирсан эмчилгээний зардалд 700.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байх бөгөөд тэрээр иргэний нэхэмжлэгч тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны төлбөр буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 680.000 төгрөгийг нөхөн төлөх шүүх хуралдаанд илэрхийлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Энэ хэргийн иргэний нэхэмжлэгч Б.Солонго нь өөрт учирсан дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд 680.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.10.06-ний өдрийн 26/351 дугаартай албан бичиг. ЭМДЕГ-Цахим системийн баримт зэргээр нотлогдох бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Б.Солонго, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь өөрт учирсан бусад хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул тэрээр тухайн гэмт хэргийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нөхөн төлүүлэх, арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдъя.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан тул 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, В,С ангиллын 1022346 дугаартай Жолооны үнэмлэхийг шүүгдэгч *******од буцаан олгохоор тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу *******од холбогдох 2330000000218 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар энэ хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 680.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд оруулсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч *******оос иргэний нэхэмжлэгч Б. 700.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Б.Солонго, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь өөрт учирсан бусад хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од холбогдох 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, В, С ангиллын 1022346 дугаартай Жолооны үнэмлэхийг шүүгдэгч *******од буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН