Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 583

 

 

 

 

 

                        

  2020             5              12                                          2020/ДШМ/583

 

                

Г.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,                              

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2002001160056 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчууд овгийн Ганхүүгийн О, 1993 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Сошиал медиамарктенгийн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ......................... дугаар хэсгийн .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./;

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймаг орчимоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх ургамлыг хууль бусаар олж аван, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни хотхоны 830 дугаар байрны 34 тоотод 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчууд овгийн Ганхүүгийн Оыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй №1 гэж дугаарласан 117 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан 21 грамм жинтэй каннабис, №3 гэж дугаарласан 72 грамм жинтэй каннабис, №4 гэж дугаарласан 0.5 литрийн хажуудаа 2 хэсэг цоолсон сав, №5 гэж дугаарласан 8.6306 грамм жинтэй каннабис, №6 гэж дугаарласан 44 грамм жинтэй каннабис, №7 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, №8 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, №9 гэж дугаарласан 229 грамм жинтэй каннабис, №10 гэж дугаарласан 90 грамм жинтэй каннабис, №11 гэж дугаарласан 777 грамм жинтэй каннабис, "АИ1789919" "АН7916280" серийн дугаартай 20-тын 2 ширхэг мөнгөн дэвсгэрт зэргийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болтол Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдсан “...АИ1789919, АН7916280 серийн дугаартай 20-тын 2 ширхэг мөнгөн дэвсгэрт”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.” гэж заасныг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие урьд өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн саналаар хэргийн эд мөрийн баримтыг сайн дураараа гэрээсээ гарган өгч, мөрдөн шалган ажиллагаанд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлсэн.

Би эхнэр болон бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр маань одоо бие давхар байгаа. Миний эх, дүү нар маань Америк улсад сурч, ажилладаг бөгөөд эхнэр, хүүхдүүдэд маань надаас өөр хүн байхгүй. Миний энэ байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Эхнэр нь жирэмсэн, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос: анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг мөнгөн дэвсгэртийг устгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж шийдвэрлүүлэх саналтай байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын үлдсэн заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймаг орчимоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх ургамлыг хууль бусаар олж аван, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни хотхоны 830 дугаар байрны 34 тоотод 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан sprite гэсэн ундааны савтай ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан 0.5 литрийн савтай хажуудаа 2 хэсэг цоолсон хуванцар сав, “5” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, “8” гэж дугаарласан 2 ширхэг тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, “9” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “10” гэж дугаарласан шар докторын савтай, дотроо бөөгнөрсөн ургамал мэт зүйл, “11” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “AN1789919” серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, “АН7916280” серийн дугаартай 20-тын дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1137 дугаартай /хх 39-48/,

Шинжилгээнд ирүүлсэн “Г.О 2020-02-13” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1132 дугаартай /хх 61-63/ шинжээчийн дүгнэлтүүд,

хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх 5-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-18, 143/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож шүүгдэгч Г.Оыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Оын 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймаг орчимоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх байгалийн ургамлыг хууль бусаар олж аван, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни хотхоны 830 дугаар байрны 34 тоотод 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

Прокурор Ц.Насанбатын бичсэн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдсан “мөнгөн дэвсгэрт”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр даалгасан нь Төв банкны тухай хуулийг зөрчсөн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:

Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол банк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монгол банк тогтооно. Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр зохицуулсан бөгөөд хэрэгт хураагдсан "АИ1789919", "АН7916280" серийн дугаартай 20-тын 2 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй №1 гэж дугаарласан 117 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан 21 грамм жинтэй каннабис, №3 гэж дугаарласан 72 грамм жинтэй каннабис, №4 гэж дугаарласан 0.5 литрийн хажуудаа 2 хэсэг цоолсон сав, №5 гэж дугаарласан 8.6306 грамм жинтэй каннабис. №6 гэж дугаарласан 44 грамм жинтэй каннабис, №7 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, №8 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, №9 гэж дугаарласан 229 грамм жинтэй каннабис, №10 гэж дугаарласан 90 грамм жинтэй каннабис, №11 гэж дугаарласан 777 грамм жинтэй каннабис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Оын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Г.Оын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй №1 гэж дугаарласан 117 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан 21 грамм жинтэй каннабис, №3 гэж дугаарласан 72 грамм жинтэй каннабис, №4 гэж дугаарласан 0.5 литрийн хажуудаа 2 хэсэг цоолсон сав, №5 гэж дугаарласан 8.6306 грамм жинтэй каннабис, №6 гэж дугаарласан 44 грамм жинтэй каннабис, №7 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, №8 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, №9 гэж дугаарласан 229 грамм жинтэй каннабис, №10 гэж дугаарласан 90 грамм жинтэй каннабис, №11 гэж дугаарласан 777 грамм жинтэй каннабис, "АИ1789919" "АН7916280" серийн дугаартай 20-тын 2 ширхэг мөнгөн дэвсгэрт зэргийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар "АИ1789919" "АН7916280" серийн дугаартай 20-тын 2 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд” шилжүүлж бусдыг устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ