Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00058

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Г.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гришийн Гантулгад холбогдох эрүүгийн 201714000161 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 03-нд  Булган аймагт төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 49-05 тоотод оршин суух, Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг Алтан Дорнот ХХК-ны харъяа Шижир-Од ХХК-д жолооч ажилтай, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хилчин овгийн Гришийн Гантулга.  /ГЖ 71080317/

Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Г.Гантулга нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Э.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

         Шүүгдэгч Г.Гантулга нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Э.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь зүүн чихний ар хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

        1.  Шүүгдэгч Г.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Э.Алтанхуяг гэж залууг манай хүргэний найз гэдэг утгаар нь таньж мэддэг байсан. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим хүргэн Ганцоож найз Алтанхуягийн утсаар над руу согтуу залгаад энэ охиноо ирж ав гэхээр нь миний хүүхдүүд битгий хоорондоо хэрэлдэж бай, цагаан сар болж байна хэрүүл маргаанаа боль гэж хэлээд утсаа салгасан чинь дахиж залгаад пизда минь хурдан ирээч энэ балай охиноо ав гээд болохгүй байхаар нь охиныг минь зодож байгаа юм болов уу машины аккумляторыг нь салгаж авъя гэж бодоод хаана байна гэсэн чинь Эрдэнэ багт төрсөн ах Баяраагийн гадаа байна гэхээр нь өөрийн төрсөн дүү Мөнхтулга, Ганганцэцэг нарын хамт очиж явсан чинь Дуурга дэлгүүрийн харалдаа зам дээр гараараа дохиод зогсож бай гэсэн чинь машин барьж явсан Алтанхуяг нь зогссон бөгөөд буугаад очих гэтэл цаашаа зугтаагаад явахаар нь Алтанхуягийн утсаар залгахад утсаа авахгүй байсан. Араас нь явсан чинь Жаст-Ойл ШТС-ын урд талд баруун дэнжид айлын гадаа очоод зогссон байсан. Машинаас бууж очоод жолоо барьж явсан Алтанхуягийг барьж аваад хүн зогсож бай гэхэд зогсохгүй яагаад согтуу хүнтэй зугтаагаад байгаа юм бэ? гээд хаалгаар нь нэг удаа савж цохиод улмаар хацар руу нь 2 алгадаад хүргэнээ ирэхээр нь цаашаа яваад хүргэнтэйгээ уулзаж миний хүүхдүүд хэрэлдэж болохгүй гээд эргээд хартал манай дүүтэй нөгөө залуу заамдалцаад зогссон маргалдаад байж байхаар нь уур хүрээд газар байсан төмрийг аваад толгой хавьд нь нэг удаа цохисон. Өөр гар хүрээгүй чихнээс нь цус гараад байхаар нь орхиод явах гэснээ болиод цагдаа дуудаад цагдаа нар ирэхэд Алтанхуяг өөрөө гомдолгүй гэж хэлсэн гэв .

2. Хохирогч Э.Алтанхуяг хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  ... 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн найз Ганцоожтой хамт түүний тээврийн хэрэгслийг найзынхаа хашаанд аваачиж тавих гээд жолоодоод явж байтал Эрдэнэ багт байдаг Дуурга дэлгүүрийн хажуугаар явж байхад найз Ганцоожийн хадам аав Гантулга машинтай зөрөөд өнгөрсөн бөгөөд зогсох гэтэл Ганцоож уулзаад яах юм бэ? би сая эхнэртэй хэрэлдсэн бөөн хэрүүл болно гээд зогсохгүй явсан. Тэгээд явсаар байгаад найз Тэмүүжингийн гадаа очоод хашаанд нь машинаа оруулах гээд зогсож байтал Ганцоожийн хадам аав Гантулга машины хаалга түлхээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Хамт ирсэн 2 дүүгийнх нь нэг нь над руу дайраад машин доогуур гал асаадаг төмрийг газар наалдсан байхад нь өшиглөж салгаад над руу шидээд байсан. Гэтэл Гантулга ах нөгөө төмрийг аваад чи муу зогсохгүй зугтаадаг овоо муу гар вэ? гээд миний зүүн талын чихний хэсэгт цохиж, улмаар би биедээ гэмтэл авч чихний арын хэсэг шалбарч урагдаад цус гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09 талд/.

     3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  222 дугаартай дүгнэлтэнд: Э.Алтанхуягийн биед чихний ар хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

      Шүүгдэгч Г.Гантулгын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

Шүүгдэгч Г.Гантулга нь 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

       Хохирогч Э.Алтанхуяг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримтаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

     Иймд шүүгдэгч Г.Гантулга нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Э.Алтанхуяг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хайрцагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

      1. Шүүгдэгч Хилчин овгийн Гришийн Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Гриш овогтой Гантулгад холбогдох эрүүгийн 201714000161 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хайрцагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

   4. Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

   5. Шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

    6. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.