Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2330000040235 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, .............. оны ........... дугаар сарын ...............-ны өдөр ******* хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, ******* ХХК-ийн зөвлөх ажилтай, ам бүл 2, ачийн хамт ...................аймгийн ******* сумын 4 дүгээр баг Баянцогтын 10-33 тоотод оршин суух,

Урьд Сүхбаатар аймгийн шүүхийн 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаартай,

******* ургийн овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2019 оноос 2023 оны 05 дугаар сар хүртэл “Монгол Жүюаньли” ХХК-ийн удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн тус компанийн техник хэрэгсэл, ажилчдыг татан оролцуулж Сүхбаатар аймгийн ******* сумын .........дугаар баг “..................” гэх газарт үйл ажиллагаа явуулах ХХК-ын MV-010988 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур 20432м² газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 136,414,200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь 2019 оноос 2023 оны 05 дугаар сар хүртэл “ ” ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байхдаа тус компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн компанийн техник хэрэгсэл, ажилчдыг татан оролцуулж улмаар Сүхбаатар аймгийн ******* сумын........... дугаар баг “Шар хад” гэх газарт үйл ажиллагаа явуулах Монгол Жүюаньли ХХК-ын MV-010988 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур 20432м² газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 136,414,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ 2 жилд 1 удаа аудитаар дүгнэлт гаргуулна гэсэн тогтоол ирсний дагуу 2019 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Аудитын газраар дүгнэлт гаргуулсан ба тухайн дүгнэлтээр зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтэрч 23га талбайд хөрс хуулалт хийсэн талаар акт тогтоогдсон. Тус актын дагуу ******* ХХК нь төлбөрийг төлж барагдуулсан. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөл болох “ хишиг” нэрээр ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд ******* ХХК-ийн ухаад орхисон талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах хүсэлт өгсөн. Тухайн хүсэлтээ бүтэх байх гэж бодоод ******* ХХК-ийн баруун талын талбайн ордын дээд хэсгийн шороог ухаж авч орд гаргахад бэлдэж байхад бичил уурхайн үйл ажиллагаа явуулах хүсэлтийг ******* сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаас татгалзсан хариу ирсэн. Миний бие өөрөө дур мэдэн ******* ХХК-ийн талбайн баруун талын хэсгийн хөрс хуулалтыг илүү хийж зөвшөөрөлтэй талбайгаасаа илүү талбайд хөрс хуулалт хийсэн болохоо хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна. 2007 онд Монзенит гэх тусгай зөвшөөрөлтэй компаниар уурхайн зөвшөөрөлтэйн талбайг тогтоолгох шавыг тавиулсан юм. Ингээд 2019 онд аймгийн Аудитын дүгнэлтээр 23 га талбай газарт хэтэрч хөрс хуулалт хийсэн талаар акт тавигдсан. 2007 онд тавигдсан шав нь баруун урд талдаа зөвшөөрөлтэй координатаас зөрж шав тавигдсан байсныг мэдэлгүй хөрс хуулалт явуулсан юм.” гэх,

иргэний нэхэмжлэгч “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын засаг даргын, тамгын газарт байгаль орчны мэргэжилтэн ажилтай юм. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас тус сумын 2 дугаар багийн нутаг "Шар хад" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол" ХХК нь А зөвшөөрөлтэй талбайгаас гадуур олборлолт хийсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг ******* сумын засаг даргын тамгын газарт ирүүлсний дагуу тус хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний хувьд гэм буруутай иргэн, ахуй нэгжийн үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч бөгөөд өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн гэсэн заалт байдаг. Мөн уг хуулийн 10 дугаар зүйлийн 2-т газрын хэвлийн ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг ашигт малтмал олборлох тухай хуулиар зохицуулна гэсэн заалттай. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн гэж хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрж хайх ашиглахыг хориглоно гэж заасан байдаг тул дээрх тохиолдол нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл мөн гэж үзэж байна. Учир нь эдгээр хүмүүс нь ашигт малтмал ашиглах эрх олгосон ямар нэгэн баримт бичиггүйгээр гадаргуу болон түүний хэвлийгээс чулуу шороо гарган авах нь ашигт малтмалын тухай хууль зөрчсөн үйлдэл мөн гэж үзэж байна. Миний хувьд байгаль орчинд учруулсан хохирлыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээ, экологи эдийн засгийн үнэлгээ зэргийг харгалзан үзэж хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх,

гэрч “...Би ХХК-ийн захирал бөгөөд манай компани тээвэр болон уул уурхайн тоног төхөөрөмж засвар, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул Монгол ХХК-тай бүтээгдэхүүн олборлох гэрээ байгуулан хамтран ажилладаг юм. Энэ гэрээг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан юм. Би энэ гэрээ байгуулж орсноос хойш тэр талбайд үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани гүйцэтгэгчээр орохоос өмнөх асуудал учир нь энэ талаар сайн мэдээлэл байхгүй байна. Надад Монгол ХХК-ий зөвлөхөөр ажилладаг ******* нь өмнө нь эвдсэн газраа нөхөн сэргээх гэж байгаа гэх утгатай асуудал ярьж ойлгуулсан бөгөөд ******* өөрөө очиж зааварчлаад нөхөн сэргээх биш хөрс хуулалт хийлгэж жоншийг ил гаргачихсан. Нэг үгээр хэлбэл хөрс хуулсан асуудал байсан.” гэх,

гэрч “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулах Монгол ХХК ний гүйцэтгэгч компани Пуужин тэнүүн ХХК-д экскаваторын жолоочоор 2015 оны 04 дүгээр сараас одоо хүртэл ажиллаж байна. Би 2023 оны 05 дугаар сарын сүүлээр 20-д гаргаад шиг санаж байн,а уурхайн даргаар ажиллаж байсан, одоо зөвлөхөөр ажиллаж байгаа ******* гэх хүний заавраар 1 ачааны автомашин, 2 ширхэг экскаватор оруулж ажилд хөрс хуулалт хийж шороог ачиж гаргаад жоншийг ил гаргаж байтал албаны хүмүүс ирж “тухайн газарт үйл ажиллагаа явуулахаа больцгоо, зөвшөөрөлгүй газар” гэж хэлэхээр нь бид ил гаргасан жоншийг ачаагүй хийж байсан ажлаа орхицгоосон юм. Миний бодлоор бол дахиад ч 3, 4 хоног зөөхөөр шороотой байсан юм. Тэгж байж жоншийг ачих ажил эхлэх байсан. Би мэдээгүй, бидэнд тэр талаар ямар нэгэн зүйл хэлээгүй учир бид хий гэсэн ажлыг нь хийж байгаа нь тэр юм. 2019 онд намайг ажилд ороход тухайн замыг гаргачихсан байсан тул би хэзээ гаргасан талаар нь сайн хэлж мэдэхгүй байна..Би 2019 онд уурхай бүтэн ажиллаад 2020 онд ажиллахгүй байж байгаад 2021 онд далангийн ажил хийгдээд 2023 оны 05 дугаар сараас ажиллаж эхлээд байгаа юм. Хэр зэрэг талбайд олборлолт хийсэн талаар би хэлж мэдэхгүй байна” гэх,

Байгаль орчны үнэлгээний “Лэндс” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2302192 дугаартай “...Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур эвдрэлд оруулсан талбай нь нийт 20432 м² хэмжээтэй байна. 2. Тухайн гадуур олборлолт явуулсан талбайд нийт 78,015,800 /далан найман сая арван таван мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Газрын хэвлийд 35,644.5 мян.төг, Хөрсөн бүрхэвчид 37,115.6 мян.төг, Ургамлан нөмрөгт 3,079.9 мян.төг, агаар мандалд 2,174.4 мян.төгрөгийн хохирол тус тус учруулсан байна. 3. Тус талбайд нийт 20432 м² талбай эвдрэлд өртсөн бөгөөд 79210м³ хоосон орон зай үлдсэн байна. Уг талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд нийт 58,398.4 /Тавин найман сая гурван зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөг шаардахаар байна...” гэх шинжээчийн дүгнэлт ,

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 218 дугаартай “...Аудитаар Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн хамтран 2 долгионы GPS багажаар баталгаажуулах хэмжилт хийсэн. Хэмжилтээр ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Монголжуюаньли” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлд тусгасан шав тэмдгийг буруу тогтоож 23 га талбайг илүү хашсан зөрчил илэрсэн. Иймд илүү хашсан талбайн газрын төлбөрийг мөрдөж байсан эрх зүйн актын хүрээнд тооцож 707.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон...” гэх албан бичиг /хэргийн 189-р хуудас/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/3647 дугаартай албан бичиг /хэргийн 220-р хуудас/,

Засаг даргын захирамж, ажлын хэсэг байгуулсан тогтоол /хэргийн 224-225-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-9-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.

 

2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар хад” гэх газрын ерөнхий байдал, солбилцлыг тогтоож хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан бөгөөд уг газрын нутаг, засаг захиргааны харьяаллаар Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

            4.Шүүгдэгч ******* ньМонгол Жүюаньли” ХХК-ийн 2009 оны 01 сарын 18-ны өдрийн 09/118 дугаартай захирлын тушаалаар уурхай хариуцсан захирлаар томилогдон тус компанийн гүйцэтгэх захирлын 2021.08.11-ний өдрийн 28/301 дугаартай тушаалаар уурхайн даргын албан тушаалаас чөлөөлөгджээ.

            хишиг ЗГБХНөхөрлөлийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/05 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгийг үндэслэвэл тэрээр уг хугацаанд тус нөхөрлөлийн даргаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

            2019 оноос 2023 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд *******д Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн  нутаг “ Шар хад ” гэх газарт эрх бүхий байгууллагаас хайгуул хийх, олборлолт хийх ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгосон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуул хийх, олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна.

            5.Энэ хэрэгт мөрдөгчөөс байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгохоор Байгаль орчны үнэлгээний “Лэндс” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд Байгаль орчны үнэлгээний “Лэндс” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2302192 дугаартай “...Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур эвдрэлд оруулсан талбай нь нийт 20432 м² хэмжээтэй байна. 2. Тухайн гадуур олборлолт явуулсан талбайд нийт 78,015,800 /далан найман сая арван таван мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Газрын хэвлийд 35,644.5 мян.төг, Хөрсөн бүрхэвчид 37,115.6 мян.төг, Ургамлан нөмрөгт 3,079.9 мян.төг, агаар мандалд 2,174.4 мян.төгрөгийн хохирол тус тус учруулсан байна. 3. Тус талбайд нийт 20432 м² талбай эвдрэлд өртсөн бөгөөд 79210м³ хоосон орон зай үлдсэн байна. Уг талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд нийт 58,398.4 /Тавин найман сая гурван зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөг шаардахаар байна” гэх шинжээчийн дүгнэлтийн талаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Элбэгшүр, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна.

 

Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

Тухайлбал, энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ газарт учруулсан хохирол” нь байгаль орчинд учруулсан хохиролд хамаарах, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5- д “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцох, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: 2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; 49 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно” гэж заасан зохицуулалтуудыг зөрчөөгүй байна.

 

            6. Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 10 дугаар зүйлийн 2 “ газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн ”, 5.2. “ Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.3 “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно ” гэж тус тус зохицуулжээ.

 

Ашигт малтмал олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.

 

Дээр дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн агуулгыг үндэслэвэл газрын хэвлий нь төрийн өмч, аливаа этгээд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулах нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохыг хуульчилжээ.

 

7. Хэргийн баримтаар, шүүгдэгч шүүгдэгч ******* нь 2019 оноос 2023 оны 05 дугаар сар хүртэл “Монгол Жүюаньли” ХХК-ийн удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн компанийн техник хэрэгсэл, ажилчдыг татан оролцуулан Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “Шар хад” гэх газарт үйл ажиллагаа явуулах Монгол Жүюаньли ХХК-ын MV-010988 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур 20432м² газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 136,414,200 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч *******ийн зүгээс хэрэгт болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч тодорхой мэдүүлсэн, тэрээр болон түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

 

            8.Шүүгдэгч *******ийн хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

            9. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд түүний хувьд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын олборлолт хийхийг хориглосон буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор түүнийг хүсэж үйлдэж байгаль орчинд зориуд хохирол, хор уршиг учруулжээ.

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийн улмаас газар ухагдаж байгаль орчинд хохирол учирсан ба уг хохирлын үнэлгээг Байгаль орчны үнэлгээний “Лэндс” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2302192 дугаартай дүгнэлтээр “нийт 20432 м2 хэмжээтэй талбай эвдрэлд орж, газрын хэвлийд 36.644.5 мян.төг, хөрсөн бүрхэвчид 37.115.6 мян.төг, ургамлын нөмрөгт 3.079.9 мян.төг, агаар мандалд 2.174.4 мян.төг, нийт байгаль экологид учирсан хохирлыг 78.015.8 мян.төгрөгөөр, нөхөн сэргээлтийн зардлыг 58.398.400 төгрөгөөр, нийт хохирлыг 136.414.200 төгрөг”-өөр тогтоосон бөгөөд шүүгдэгч ******* хохирлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2023.12.19, 2024.01.12-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдох ба шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан” оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар тус тус тогтоов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

            5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Элбэгшүр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд Байгаль орчинд учирсан 136.414.200 төгрөгийн хохирлыг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.НАСАНБУЯН