Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/030199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол,  дугаар байр, тоотод оршин суух, ,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Н-н Э /рд:/,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол,  дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Ш-н Р /рд:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, дугаар байр,  тоотод оршин суух, Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б овогт Э-н А /рд:/-т холбогдох,

 

Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гэрч М.Б, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Р, Н.Э, Ж.Н нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ггийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 20 дугаар байранд байрлах Өнөр-20 СӨХ нь 1996 онд байгуулагдаж, 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсанаар 2004 онд тус хуульд заасны дагуу 20 дугаар байранд оршин суух 364 айл өрх Өнөр-20 СӨХ-ны гишүүнээр бүртгэгдсэн байдаг.

Ж.Наранцэцэг нь 2004 оноос хойш Удирдах зөвлөлийн даргаар сонгогдож, одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд Ж.Наранцэцэг нь 2019 оны 4 дүгээр сараас 10 сар хүртэл АНУ-д түр хугацаагаар зорчсон бөгөөд түүний эзгүйд буюу 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хэсэг оршин суугчдын хүсэлтээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахад нийт 364 оршин суугчдаас 65 оршин суугч хүрэлцэн ирж, ирц 17.8 хувьтай байсан. Тус хуралд Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн СӨХ-г хариуцсан мэргэжилтэн н.Тогтохбаяр ажиглагчаар оролцоод ирц хүрээгүй тул хурлыг үргэлжлүүлэх боломжгүй болохыг хэлээд явсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчиж ирц хүрээгүй хурлаар Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, улмаар хүчин төгөлдөр бус хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлаар Б.Наранцацралыг томилсон байсан юм. Хурлыг санаачилгаар хурал дуулсан зарим нэг гишүүд тухайлбал Б.Наранцацрал, Амгаланбаатар, Одгэрэл, Ганжаргал, Жайнаа, Шижиртуяа, Эрдэнэбат нар нь Сууц өмчлөгчдийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох гэснийг зөрчиж сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй байхад хурлын тэмдэглэл үйлдэж, улмаар удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүн гэх Одгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн гэх Амгаланбаатар, Гантуяа, Наранцацрал нар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Өнөр-20 СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ажлын байранд орж хэрүүл маргаан үүсгэж, хяналтын зөвлөлийн гишүүн гэх Одгэрэл нь ширээний нүднүүдийг онгойлгоод дотор нь байсан бичиг баримтуудыг гаргаж шидлэхдээ ширээний нүдэнд байсан санхүүгийн тэмдгийг мэдэгдэлгүй хулгайлан авсан. Өнөр-20 СӨХ-ны санхүүгийн тэмдгийг хулгайлан авсан Одгэрэл нь хүчин төгөлдөр бус Хяналтын зөвлөлийг сонгосон тогтоол дээр санхүүгийн тэмдгийг дарж, Төрийн банкны Өнөр тооцооны төвд өгч өдөр тутмын гүйлгээ хийгддэг Өнөр-20 СӨХ-ны 103500002891 дугаарын дансыг хаалгасан болохыг Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Бямбасүрэн нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цахилгаан, ус дулаан, шавж устгал, цэцгийн үрний мөнгийг шилжүүлэхээр очихдоо мэдсэн байна. Данс хаалгасны улмаас лифть зогсож, үүний улмаас лифтний улмаас лифтний контор, Цахилгаан эрчим хүч, ОСНАА-ны 15 төвд төлөх ёстой төлбөрүүд төлөгдөж чадахгүй бүтэн 3 сар 10 орцны 360 айлын 2500 гаруй оршин суугчдын эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөхөд хүрч СӨХ-ны захирлаар ажиллаж байсан М.Бямбасүрэн дээрх хүмүүсийн шахалт дарамтанд орж арга буюу суугчдын эрх ашгийг хамгаалан удирдах зөвлөлийн даргыг иртэл СӨХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дараагийн бүх гишүүдийн хурал болтол нөхөн сонгууль хийхээр хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар болсон байна.

2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцүүлэхдээ Монгол Улсын 2003 оны 6 дугаар 18-ны өдөр батлагдсан СӨХЭЗБНЗОСБДӨЭХ-ийн тухай хуулийн 10 дугаар зүйлд удирдах зөвлөлийн даргын эрх, үүргийн талаар заасан бөгөөд 10 дугаар зүйлийн 10.1-д удирдах зөвлөлийн дарга бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн даргыг эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн гишүүн Бууваа, Эрдэнэтогтохын аль нэг нь даргалах боломжтой байсаар байхад СӨХ-ны гишүүн бус Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Мөнхчулуун хурлыг даргалж, дээрх төлөөлөгчийн туслах ажилтнууд тэмдэглэл хөтөлж хууль бус хуралд оролцсон байна. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14 хоногоос доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчиж суугчдад бичгээр мэдэгдээгүй, 8 дугаар зүйлийн 8.6-д хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар хэлэлцэнэ гэсэн заалтыг зөрчиж, бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хийхдээ хуралд оролцсон гишүүдээр нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцэх эсэх талаар хуралд оролцогчдоос асуугаагүй ба 8 дугаар зүйлийн 8.8-д гишүүн өөрийн төлөөлөх хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох хуралд оролцсонд тооцно гэжээ. Гэтэл тус СӨХ-ны хяналтын зөвлөлийн дарга Мөнхбаатарт /энэ хүн хяналтын зөвлөлийн даргаас чөлөөлөгдөөгүй байсан/ мэдэгдээгүй хянуулаагүй ба нэг айлаас нэг хүн төлөөлөх эрхтэйгээр оролцох ёстой атал 20 хувьд хүрэхийн тулд нэг айлаас 4-5 хүн болон түрээслэгч нараар гарын үсэг зуруулсан боловч гарын үсэг нь тодорхойгүй ойлгомжгүй байгаагаас гадна нэг хүний гараар хөтөлсөн баримтаар тухайн оршин суугч бүр хуралд ичнээгээр оролцож дэмжсэн гэж үзэх боломжгүй юм.

Тус хуралд оршин суугч Бууваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Эрдэнэбилэг согтуугаар оролцож захирал М.Бямбасүрэнгээс тамга тэмдгийг булааж авахаар дайрч хурлыг үймүүлснээс болж гишүүд эсэргүүцэн хурлыг орхиж гарснаар хурал хурал биш болж дахин ирцийн бүртгэл хийгээгүй байдаг. Хурлаас гарсан Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон тухай тогтоол, шийдвэрийг гишүүдэд уншиж танилцуулан гишүүдээр албан ёсоор батлуулаагүй тул хууль бус тогтоол гарсан гэж үзэж байна. Мөн ээлжит бус хурлаар нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцэх эсэх талаар хуралд оролцогчдоос асуугаагүй ба ээлжит бус хурлаар нөхөн сонгууль хийлгүйгээр бүх гишүүдийн хурал хийхээр болсон нь дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тайлан тавих, 2020 оны төсөв хэлэлцэн батлах зэрэг хуулийн заалтуудыг зөрчиж, 2004 онд сонгогдон ажлаа хийж байсан Удирдах зөвлөлийн дарга Ж.Наранцэцэг, гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүд байсаар байтал хуралд оролцуулахгүйгээр хурал хийж тэдний сонгох сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан.

Иймд Монгол Улсын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5, 10 дугаар зүйлийн 10.1, 10.5 дахь заалтуудыг зөрчсөн тул Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Өнөр-20 СӨХ-ны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Б.Наранцацрал нь 2019 оны 6-р сарын 08-ны өдөр 17,8 хувийн ирцтэй хууль бус хурал хийсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох тухай хуулийн заалтыг зөрчсөн учир хууль бус болсон. Баярсүрэн гүйцэтгэх захирлаас тамга тэмдгийг хууль бусаар авч, банкин дахь дансыг хаасны улмаар оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байсан тул арга буюу хуульд заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нөхөн сонгууль явуулах болсон нь Сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 10 дугаар зүйлүүдийг зөрчсөн учир уг хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэмж хэлэхэд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу тус нийтийн зориулалттай орон сууцыг оршин суугчдад өөрийн өмчилж авсан ба 1995 онд өөрийн өмчилж авсан орон сууцны дундаа хамтран өмчлөх эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хурал ирц хүрээгүйтэй холбоотой нэхэмжлэл гаргасан, хурлын тэмдэглэлд нийт 364 орон сууц өмчлөгчдийн яг хэд ирсэн нь тодорхойгүй 54,8% ийн ирц гэсэн тоог хаанаас гаргасан эсэх, энэ хуралд 127 хүн ирсэн, бичгээр урьдчилсан санал өгсөн хүн 72 байгаа гэсэн байгаа ч эдгээр санал өгч байгаа хүн нь юуг мэдэж байж, ямар асуудлыг хэлэлцэх гэж байгааг мэдэж санал өгсөн эсэх тодорхойгүй, санал өгсөн нотлох бичиг баримт нь хаана байгаа нь тодорхойгүй, ээлжит хурал хийх тухай мэдэгдсэн бичгийн нотлох баримт байгаа эсэх нь тодорхойгүй байна. СӨХ-ийн нэр бүхий улсууд СӨХ-ийн үйл ажиллагааг тасалдуулсан, данс хаалгасан зэрэг хууль бус үйлдлээс болоод хор уршиг гарсан учир яалт ч үгүй хурал хийх байдал үүссэн. Хуульд зааснаар 364 айлын 3/1-ээс доошгүй хүний ирцтэй холбоотой санал өгсөн нотлох баримт байхгүй 120 хүн ирсэн гэсэн байгаа ч тухайн гарын үсэг зуруулсан нь энэ тоондоо хүрэхгүй байна, ээлжит бус хурлыг даргалсан хүн нь тухайн тойргийн төлөөлөгчөөр сонгогдсон этгээд байгаа юм шиг байгаа юм. Хэн дуртай нь ирээд хэн дуртай нь хурлыг удирдаад явуулж болохгүй. н.Бууваа гэх удирдах зөвлөлийн дарга нь н.Амгалан гэх хүнд итгэмжлэл өгсөн байсан, хурал оролцох эрхтэй н.Буувай гэх хүн яагаад хурлаа удирдаж явуулаагүй эсэх, н.Эрдэнэтогтох гишүүн хуралдаан даргалагч явуулах ёсгүй хууль зөрчиж явуулсан г.м хууль бус үйл ажиллагаа болсон байгаа нь СӨХ-ийн эрх зөрчигдөж байна. 127 хүний тоотой хурал болсон юм шиг байна, 20 хувийн урьдчилан санал өгсөн нь бичгээр байхгүй, бүх гишүүдийн хуралд түрээслэгч нар санал өгөх эрх байхгүй байна. Иймд ирц хүрээгүй буюу хурлыг хүч хэрэглэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хурлыг явуулаагүй байна гэж үзэж байна. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын саналын хуудас ирүүлсэн байдаг. Энэ саналын хуудас хүчинтэй эсэх нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Агийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:Тус шүүхэд хянагдаж байгаа Ж.Наранцэцэг, Ш.Рагчаа нарын нэхэмжлэлтэй иргэн Э.А холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна. Бидэнд байгаа материал болон 30 жил гаруй хугацаанд амьдарсан сууц өмчлөгч нарын хэлж, ярьж байгаагаар бол 1998 онд СӨХ-г байгуулсан юм гэсэн. Энэ талаархи баримтууд нь байдаггүй. 2014 онд СӨХ-ны нийт хурал болсон гэх ба уг хурлыг хүчин төгөлдөр бусад тооцсон байдаг юм байна. Энэ талын материал нь ч бас байхгүй байна.

2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Өнөр-20 СӨХ-ны ээлжит бус бүх гишүүдийн хурал зарлагдаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл томилогдож, Удирдах зөвлөлөөс Б.Н-ггүйцэтгэх захирлаар томилж анх удаа бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн бөгөөд хуучин гүйцэтгэх захирал М.Баярсүрэн ажлаа өгөхгүй, тамга тэмдгээ хураалгахгүй гэж зугтаасан учир Төрийн банкин дахь дансыг оршин суугчдын эрх ашгийн өмнөөс царцаасан. Улмаар СӨХ-ны данснаас зарлага гарах боломжгүй болсон учир СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Баярсүрэн, шинэ гүйцэтгэх захирал Б.Наранцацрал, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас төлөөлөгч, СӨХДЗ-өөс томилогдсон төлөөлөгч гэх СӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Мөнхчулуун, төрийн банкны ажилтан болон нийт оршин суугчдаас бүрдсэн ээлжит бус хурал ирц 54.8 хувь болсон учир дээрх этгээдүүдийн хяналт дор хуралдаж, шинээр удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг дахин байгуулж СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Б.Наранцацралыг дахин томилогдсон. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 дугаар сарын хурлаар Өнөр-20 СӨХ нь 10 жилийн дараа анх удаа хууль ёсны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлтэй болсон бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дахин баталгаажуулсан гэж болно. Үүнээс өмнө болохоор СӨХ-ны гүйцэтгэх захирал асан Ж.Наранцэцэг нь Удирдах зөвлөлийн даргын албыг хашдаг, Хяналтын зөвлөлийн дарга Ш.Рагчаа нь СӨХ-ныхоо нягтлан бодогчоор хавсран гүйцэтгэдэг буюу хууль зөрчсөн байдлаар ажилдаг байсан нь Өнөр-20 СӨХ-ны 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоол, 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоол баримтуудаар тус тус нотлогдох бөгөөд байгуулагдсан цагаасаа СӨХЭЗБНЗОСБДӨЭХТХ-ийн 8.2-т заагдсанаар нэг ч ээлжит хурлыг зарлан хуралдуулж байгаагүй төдийгүй Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл ч бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаагүй байна. Өнөр-20 СӨХ-ны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус хурал хүчинтэй болсныг хурлын тэргүүлэгч гишүүнээр ажилласан этгээд болох СӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал Галбаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхчулуун болон бусад этгээдүүд нотлох бөгөөд хэрэв 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцъё гэж бодоход хэдэн оны, хэдэн сарын, ямар бүрэлдэхүүнтэй Өнөр-20 СӨХ-ны ээлжит болон ээлжит бус хурал хүчинтэйд тооцогдох нь өөрөө тодорхойгүй байдал үүсгэж байна. Мөн үүнээс гадна Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дүгээр заалтанд заагдсанаар нийт сууц өмчлөгч нарын 80-иас дээш хувь нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний хурлыг хүчинтэй гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа болно. Өөрөөр хэлбэл, Ж.Наранцэцэг, Ш.Рагчаа нарын нэхэмжлэл нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тогтоолуудыг хүчингүйд тооцуулаад 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу эсхүл 2004 оны хурлыг хүчинтэй гэх гээд байгаа юм уу үр дагавар нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр нь өөрөө заавал биелэгдэх, тодорхой үр дагавартай байдаг тул СӨХ-ны нийт гишүүдийн хурлыг хүчингүйд тооцвол өмнөх хурлын шийдвэр хүчинтэй болох тул нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхойгүй, шүүхээс ямар үр дагавар хүсээд байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхтэй бөгөөд Өнөр-20 СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон бөгөөд Э.А миний бие хариуцагч мөн эсэхэд эргэлзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65.1.11 дэх хэсэгт заагдсанаар нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Өнөр-20 СӨХ-ны гүйцэтгэх захирал асан М.Баярсүрэн нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус хуралд ажлаа тайлагнасан төдийгүй ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд харин төлбөр тооцоо нийлэх ёстой 2013-2019 оны хоорондох санхүүгийн баримтыг тус СӨХ-ны нягтлан бодогч ажилтай Ш.Рагчаатай /Хяналтын зөвлөлийн дарга гэх/ нийлэн авч явснаар шүүхэд маргаан үүссэн ба тэрээр нэхэмжлэлдээ 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн СӨХ-ны ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн өөрөө өөрийгөө Удирдах зөвлөлийн даргаар томилсон Ж.Наранцэцэг гэгч этгээд нь өөрөө өөртөө давуу эрх олгож 20 дугаар байрны 4 дүгээр орцны 2 өрөө 37 м.кв 00 тоот байрыг 2011 оноос хойш түрээсэлсэн байх бөгөөд гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөхгүй 10 жил үнэгүй ашиглаж, улмаар цахилгаан, цэвэр бохир ус, хогны мөнгөө Өнөр-20 СӨХ-оор төлүүлж байгаа нь нэхэмжлэл гаргасан Ж.Наранцэцэг, Ш.Рагчаа нар нь 20 дугаар байрны 360 айлын эрх ашгийг хэрхэн хохироож хууль зөрчиж байсны нотолгоо гэж үзэж байна.

2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 20-р байрны Өнөр-20 СӨХ-ийн байгууллага ээлжит хурал хийх зайлшгүй шаардлага гарсан ба оршин суугчдын эрх ашиг олон жилийн турш хөндөгдсөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл байхгүй нь олон жил явсан оршин суугчид санаачилгаараа хурал хийгээгүй, СӨХ-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан заалт огт хэрэгжиж байгаагүй байна. Нэхэмжлэгч буюу Ж.Наранцэцэг удирдах зөвлөлийн дарга гэдэг хүн хэрхэн үүргээ биелүүлж байсан асуудал яригдан 2019 оноос н.Наранцэцэг гэх хүн СӨХ-ийн байрыг үнэ төлбөргүй олон жил ашигласан, 2019 оны 6 дугаар сард ээлжит хурал болоод удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг санал хураалтаар сонгосон ба удирдах зөвлөлөөр гүйцэтгэх захирлаар н.Наранцацрал гэх хүнийг томилсон энэ хурлыг 2019 оны 6 дугаар сарын 8 өдрийн хурлыг Б.Баярсүрэн эсэргүүцэж оршин суугчдын эрх ашгийг хөндөн лифт зогсоолгосон. Оршин суугчдын гомдол санал тасрахгүй байсан тул хурал хийсэн. Тухайн хурлаар хяналтын зөвлөл, удирдах зөвлөл хуралдаад Б.Баярсүрэнг хараа хяналтгүй мөнгө зарцуулж байгаа учир Төрийн банканд хүсэлт гарган дансыг хаалгасан Баярсүрэн данс хаасантай холбоотой захиран зарцуулах боломжгүй болж, оршин суугчид болоод СӨХ-өөс бусад харилцагч байгууллагад СӨХ-ийн төлбөр төлөх, тооцоо хийх боломжгүй болж, ямар ч ажиллагаа хийх боломжгүй болсон. н.Наранцацрал удирдах зөвлөлтэй зөвлөлдөөд тухайн төлбөрийг өөрсдөөсөө гаргаад лифтээ засаж дахин явуулсан энэ асуудлаар оршин суугчдаас маш их санал хүсэлт ирсний улмаас ээлжит хурал хийх зайлшгүй шаардлага гарсан учир С.Мөнхчулуун гэх хүн хурал дахин зарлах санал гарган Удирдах зөвлөл саналыг үндэслэн ээлжит бус хурал дахин зарлах ажил зохион байгуулсан. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хурал хийхээр болсон. Эрдэнэтогтох гэх хүнээс итгэмжлэл аван Мөнхчулуун хурлыг зохион байгуулсан, дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал н.Галбаатар гэдэг хүн зөвлөх байдлаар хуралд оролцсон хуралд оролцсон ирц бүртгэн хурал эхлүүлсэн 120 хүн биечлэн ирж нэрийг тулгаж оруулаад хурал эхэлсэн 2019 оны 06 дугаар сарын 08 өдрийн урьдчилан санал өгсөн 72 айл хуралд оролцох боломжгүйн улмаас хэлэлцэх асуудлаар гарсан шийдвэрийг дэмжин хэмээн урьдчилан гарын үсэг зурсан хүмүүсийг оролцуулан 54,5 хувийн ирцтэй хурал болсон байна. Энэ хурлыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаж байгаа 3 хүн байгаагийн нэг нь болох Наранцэцэг гэх хүний тухайд 2004 онд гүйцэтгэх захирал 2009 удирдах зөвлөлийн гишүүн болсон дараа нь хэдэн оны хэдэн сараас удирдах зөвлөлийн дарга болсон нь огт тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага бас тодорхойгүй н.Наранцэцэг 0 тоот өрөөг 10 гаруй жил үнэ төлбөргүй ашиглаад ирсэн нийтийн өмчийг бусдад ашиглуулаад өөрсдөө хувьдаа ашигласан байна. Нөгөө нь н.Рагчаа нягтлан бодогчоор ажилладаг, ажиллаж байх хугацаандаа асар их санхүүгийн зөрчил гаргасан. 2014 онд СӨХ-ийн нягтлан бодогч байхдаа давхар хяналтын зөвлөлийн даргыг давхар гүйцэтгээд явсан хууль зөрчсөн явдал. Энэ хүн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжийн хүчингүй болбол буцаад хяналтын зөвлөлийн даргаа хийгээд ажилгүй байсан хугацааны мөнгө гаргуулж авах гэж байгаа этгээд, н.Эрдэнэчимэг 2019 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцоод хурлын ирц хүрсэн гээд хуралдааны хэлэлцүүлэх явцад өөрөө саналаа өгөөд удирдах зөвлөлөө томилоод, хяналтын зөвлөлөө томилоод өөрөө шинээр гүйцэтгэх захирлаа томилъё гээд өөрөө болох болох сонирхолтой хүсэлтээ өгөөд өрсөлдсөн, өрсөлдөөд н.Наранцацрал гэх хүн согогдсон ба түүнд хорсоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд тухайн этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хурлыг хүчингүй болсноос ямар эрх ашиг нь сэргэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч 3-н этгээд тухайн орон сууцны сууц өмчлөгч гэдгээ нотлох хэрэгтэй. Тэдний уг орон сууцны оршин суугч, сууц өмчилдөг гэсэн нотлох баримт байхгүй байгаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Р, Н.Э, Ж.Ннар нь хариуцагч Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Э.А холбогдуулан Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр нь нийт 364 айл өрхтэй, нийт оршин суугчид өөрсдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор нэгдэн Өнөр-20 Сууц өмчлөгчийн холбоо /цаашид СӨХ гэх/-г 1996 онд байгуулан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Энэ талаар талууд хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрдөг тул энэхүү үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

Улмаар тус СӨХ-ийн бүх гишүүдийн хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зарлан хуралдуулж, уг хуралдаанаас №01 тогтоол гарч уг тогтоолоор ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг тус тус үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б.Бууваа, Ж.Наранцэцэг, Д.Эрдэнэтогтох, хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан А.Цэрэндорж нарыг сонгуульт ажлаас нь чөлөөлж, хуралд оролцсон нийт гишүүдийн олонхын санал авсан Д.Бямбасүрэн, Б.Энхбаяр, Э.А, Ж.Гэрэлмаа, А.Уртнасан, Б.Хулан, Г.Г нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр, З.Ганбат, Г.Болорчимэг, Д.Бат-Амгалан нарыг хяналтын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгон баталж.. гэж шийдвэрлэжээ. Мөн өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын дарга, тэргүүлэгчдийн тогтоолуудаар дээрх 01 тогтоолоор сонгогдсон Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон баталгаажуулсан байна. Түүчлэн энэ өдөр Өнөр-20 СӨХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын №01 тоот тогтоол гарч Өнөр-20 СӨХ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Эрдэнэбилэг овогтой Амгаланбаатарыг сонгосон, мөн хяналтын зөвлөлийн анхдугаар хурлын тогтоолоор Өнөр-20 СӨХ-ийн Хяналтын зөвлөлийн даргаар Зундуй овогтой Ганбатыг сонгосон тогтоолуудыг тус тус гаргасан байна. /хх-ийн 27-32-р тал/

Эдгээр тогтоолууд болон 20-р байрны оршин суугчдын өргөдөл, холбогдох материалуудыг үндэслэн Өнөр-20 СӨХ-г 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж №100 тоот гэрчилгээг олгосон байна. /хх-ийн 26-р тал/

Тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр Өнөр-20 СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Б.Наранцацралыг томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 32-34-р тал/

Нэхэмжлэгч дээрх 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Өнөр-20 СӨХ-ний бүх гишүүдийн хурал, уг хурлаас гарсан тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Өнөр-20 СӨХ, Удирдах зөвлөлийн дарга Э.А холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны ирц хүрээгүй хуралдуулсан..., ...бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална гэснийг зөрсөн..., ...бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14 хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төслийг танилцуулаагүй..., ...нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцэх эсэх талаар хуралд оролцогч нараас асуугаагүй..., ...урьдчилан санал өгсөн оршин суугчдын саналын хуудас байхгүй, саналын хуудсыг нэг хүний гараар бичиж гарын үсэг зурсан, хурлаар хэлэлцэх асуудлыг мэдэгдсэн баримт байхгүй, хүчингүй саналын хуудсыг ирцэд оруулан тооцсон..., ... ирц хүрээгүй буюу хурлыг хүч хэрэглэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хурлыг явуулаагүй... гэж тайлбарлаж байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Өнөр-20 СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын №1004 дугаартай тогтоолын хуулбаруудаар тус СӨХ нь нийт оршин суугч бүх гишүүдийн ээлжит бус хурлыг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулсан ба уг хурлыг ирц хүрээгүй гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцсон ба энэ талаар талууд маргадаггүй. Уг хурлаар хэлэлцэх асуудалд СӨХ-ийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлосон ба уг хурлаас шинээр Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон нь хууль бус болохыг талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч уг хурлыг хүчин төгөлдөр бус байсан гэж тайлбарлаж, энэ талаар маргадаггүй.

Уг хуралдааныг нийт оршин суугчдад танилцуулан уг хуралдаанд оролцох боломжгүй оршин суугчдын саналыг саналын хуудсаар авч баталгаажуулсан нь хэрэгт авагдсан Өнөр-20 СӨХ-ийн хяналтын зөвлөлд /Удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд/ гэх 2019 оны 5 дугаар сарын 24-ний огноо бүхий нийт 72 оршин суугчдын нэр, гарын үсэг, утасны дугаар бүхий хуудсаар тогтоогдож байх бөгөөд тухайн оршин суугчид ...ээлжит бус хуралд оролцох боломжгүй, хурлаас гарах шийдвэрийг дэмжиж, хүлээн зөвшөөрнө... гэх агуулга бүхий саналын хуудаст гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 89-98-р тал/ Эдгээр оршин суугчид нь тус СӨХ-ний нийт гишүүдийн 19,8 хувьтай тэнцэж байна. Улмаар дээрх урьдчилан санал өгсөн оршин суугчдын саналыг хүчинтэй гэж үзэн дараагийн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралд оролцсонд тооцсон байна.

Өнөр-20 СӨХ-ийн нийт оршин суугчдын ээлжит бус хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулсан байна. Хурлын тов, хэлэлцэх асуудлын талаар хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө нийт оршин суугчдад бичгээр буюу мэдээллийн самбарт болон цахим групп буюу фээсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн болох нь шүүх хуралдаан оролцсон гэрч М.Баярсүрэнгийн ...би гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд ээлжит бус хурлыг зарлаж, хурлын тов хэлэлцэх асуудлын талаар зар тавьсан, зарын хурал болохоос 14 хоногийн өмнө орц болгонд мэдэгдэхүй байдлаар тавьж зарласан, зар дээр хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн нөхөн сонгууль гэж бичсэн ч гэсэн энэ талаар хуучин удирдах зөвлөл, хяналын зөвлөлийн дарга гишүүдэд мэдэгдээгүй..., ...СӨХ-ийн үйл ажиллагааг зогсоож, дансыг хаасан тул аргагүйн эрхэнд оршин суугчдын эрх ашгийг хохироохгүйн тулд хурал хийхээс өөр аргагүй болсон..., ...хэвлэмэл маягтаар оршин суугчдаас санал авсан..., ... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний хуралд би ажиглагчаар л оролцсон ..., ...би 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр СӨХ-ийн тамга, тэмдэгээ хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг, гэрч С.Мөнхчулууны ...20-р байрны оршин суугчид 3 сар гаруй хугацаанд шинэ хуучин СӨХ маргалдсаны улмаас ямар нэгэн үйлчилгээ авч чадахгүй, банкны данс хаасан, лифт зогссон, цэвэрлэгээ үйлчилгээ хийгдэхгүй байна гэх гомдлууд тасрахгүй байсан ба миний бие тус тойргоос сонгогдсон төлөөлөгчийн хувьд зарим асуудлыг шийдвэрлэж өгсөн..., ...сүүлдээ асуудал шийдэгдэхгүй болохоор нь дахин хурал хийхээр болж, уг хуралдаанд миний бие удирдах зөвлөлийн гишүүн Эрдэнэтогтохоос итгэмжлэл авч оролцсон бөгөөд хуралд оролцсон оршин суугчдын гаргасан саналын дагуу хурлыг даргалсан. Хурлын ирц урьдчилан нийт оршин суугчдын 20 хувь нь саналаа урьдчилж өгсөн байсан тул 50/1 хүрээд ирц хүрсэнд тооцсон. ...хурлын зарыг оршин суугчдын фээсбүүк групп болон н.Баярсүрэнгийн тавьсан зарлалаас олж мэдсэн... гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд тус СӨХ-ийн гүйцэтгэх захирал буюу М.Баярсүрэн нь дээрх ээлжит бус хурлыг зарлаж, хурлын тов, хэлэлцэх асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.5-д заасны дагуу гүйцэтгэх захирлын эрх хэмжээний дагуу ээлжит бус хуралдааныг санаачлан товлож, 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Улмаар талууд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр эсэх тухайд маргадаг бөгөөд уг хуралдааны ирц хүрээгүй гэж мэтгэлцэж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. гэж заасан байдаг. Өнөр-20 СӨХ-д нийт 364 сууц өмчлөгч бүртгэлтэй байдаг бөгөөд уг оршин суугчдын 183 оршин суугчдын төлөөлөл оролцсоноор бүх гишүүдийн 50-иас дээш хувьд хүрч хурал хүчинтэйд тооцогдохоор байна.

Хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэлд 127 оршин суугч биечлэн оролцсон гэж бүртгэгдсэн, хэрэгт авагдсан хуралд оролцсон өмчлөгч нарын мэдээлэл гэх баримтад нийт 124 оршин суугч гарын үсэг зурж баталгаажуулсан зэрэг байдлаас дүгнэн СӨХ-ний нийт гишүүдийн хуралд 124 оршин суугч оролцсон гэж үзвэл нийт оршин суугчдын 34.1% нь биечлэн оролцсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д заасны дагуу хурлаар хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцох, мөн зүйлийн 8.9-д урьдчилан өгсөн санал нь гагцхүү тухайн хуралд хүчинтэй бөгөөд бүх гишүүдийн хурал хойшилсон боловч тухайн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудал өөрчлөгдөөгүй тохиолдолд итгэмжлэл, урьдчилан өгсөн санал дараагийн хуралд хүчинтэй байна гэж тус тус заасан байдаг.

Өнөр-20 СӨХ-ний бүх гишүүдийн хурал урьд нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зарлан хуралдсан ба уг хуралдаанд оролцох боломжгүй 72 оршин суугчид бичгээр урьдчилан саналаа өгсөн байгааг дараагийн хуралд хүчинтэйд тооцон ирц бүрдсэн гэж үзсэн гэж хариуцагч тайлбарладаг.

Харин нэхэмжлэгч нар өмнөх хуралдаанд урьдчилан гаргасан санал нь сүүлийн хуралдаанд хүчингүй, уг хуралдааны үргэлжлэл биш, хойшлуулсан тохиолдолд дараагийн хуралд хүчинтэйд тооцогдох ёстой гэх тайлбарыг гаргадаг. Гэвч 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар СӨХ-ийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг томилж чөлөөлсөн асуудал нь хууль бус гэж талууд үзэн дахин нийт оршин суугчдын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд энэ нь гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбар болоод Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс хүргүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ танаа гэх 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/78 тоот албан бичиг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/24 тоот СХД-ийн 15-р хороо, 20-р байрны оршин суугч Б.Наранцацралт гэх албан бичиг /хх-ийн 70, 71-р тал/ зэрэг баримтаар тогтоогддог.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно гэж заасны дагуу дахин хуралдуулахаар товлон зарласан гэж үзэн 72 оршин суугчдын урьдчилан бичгээр өгсөн саналыг хуралд оролцсонд тооцон 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын ирц 50-иас дээш хувьд хүрсэн буюу бүх гишүүдийн 53.9 хувь нь оролцсон байх тул хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар тус СӨХ-д бүртгэлгүй, өмчлөгч биш түрээслэн амьдарч байгаа оршин суугчид болон нас барсан, байраа зарсан, гадаад байгаа гэх бүртгэлтэй иргэдийг хуралд оролцсон гэж бүртгэсэн тул хууль бус ирцтэйгээр хурал хийсэн гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд уг тайлбараа хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 74 тоот албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн 20-р байрны Өнөр-20 СӨХ-ийн гишүүдийн судалгаа, иргэний бүртгэл, хүн амын өрхийн мэдээллийн сангийн судалгаагаар тогтоогдож байгаа гэж тайлбарлан мэтгэлцдэг. Гэвч энэхүү бичгийн баримт болон нэхэмжлэгчийн тайлбар нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралдаанд оролцсон нийт оршин суугчдаас тухайн цаг хугацаанд өмчлөгч биш болсон байсан, нас барсан байсан, гадаадад зорчсон байсан, түр оршин суугч байсан, түрээслэгч байсан болохыг үгүйсгэж чадахгүй юм. Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан сууц өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь шинээр өмчлөх, эзэмших эрх үүссэн оршин суугчийг буруутгах, хуралд оролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд холбоо нь тухайн оршин суух хаягтаа бүртгүүлэх, хасалт хийлгэх, холбоонд мэдэгдэх зэрэг гишүүдийн хүлээх үүргийг хариуцахгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч тал 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралдааныг тухайн СӨХ-ний гишүүн бус хүн даргалж, өмнөх удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга гишүүдэд мэдэгдээгүй, удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд түүний томилсон гишүүн хурлыг даргалах тухай хуулийн заалтыг зөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарладаг.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална., 8.8-д Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, ..., 8.10-д Хуралд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гадна төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болно. гэж тус тус заасан байна. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тус хуралдаанд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч ажилтай С.Мөнхчулуун, Монголын Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн захирал Г.Галбаатар нар оролцож, хурлыг С.Мөнхчулуун тус хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар удирдан даргалж явуулсан байх бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргадаггүй. С.Мөнхчулуун нь тус хуралдаанд тус 20-р байрны 115 тоотод оршин суугч, СӨХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэтогтохоос бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу оролцсон болох нь түүний 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Итгэмжлэл гэх бичгийн баримтаар тогтоогдож байна. Уг итгэмжлэлд Д.Эрдэнэтогтох иргэний үнэмлэхний хуулбар авагдсан, уг итгэмжлэлийг олгохдоо сайн дураараа, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хэн аль нь үгүйсгээгүй тул итгэмжлэл хүчинтэй байна. Гэрч С.Мөнхчулуун ..Хуралд Д.Эрдэнэтогтох өөрөө ирсэн боловч надад итгэмжлэлээ өгөөд гарч явсан... гэж мэдүүлдэг бөгөөд Д.Эрдэнэтогтох нь Удирдах зөвлөлийн гишүүн тул бүх гишүүдийн хурлыг удирдах эрх бүхий этгээд мөн бөгөөд дээрх тайлбар, мэдүүлгүүдээр хурлын товыг нийт оршин суугчдад мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд удирдах зөвлөлийн дарга Ж.Наранцэцэг, гишүүн Б.Бууваа, хяналтын зөвлөлийн дарга гишүүд уг хуралдаанд ирж биечлэн оролцоогүй нь уг хурлыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т зааснаар нэхэмжлэгч Ш.Рагчаа, Ж.Наранцэцэг, Н.Эрдэнэчимэг нарын хариуцагч Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, дарга Э.А холбогдуулан гаргасан Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ч.НЯМСҮРЭН