Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024              01              23                                              2024/ШЦТ/73

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Э.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050362822** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б** овогт Э.Т /********/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өглөөний 06 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хохирогч Г.Н, О.О нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж гараараа цохих, түлхэх, хазах зэрэг биеийн хүч хэрэглэсэн идэвхтэй хөдөлгөөнөөр хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өглөөний 06 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд цагдаагийн албан хаагч (хохирогч) Г.Н, О.О нарын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Тээврийн цагдаагийн албаны харьяа Төмөр замын цагдаагийн газарт хохирогчийн гаргасан өргөдөл (хэргийн 2 дугаар хуудас),

Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 30 минутын үед Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зодолдож танхайрсан гэх зөрчилтэй Э овогтой Т нь хүргэгдэж ирсэн. Тухайн иргэнийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-629-д заасны дагуу /Албадан эрүүлжүүлэх/ эрүүлжүүлэх байрны хувцас солих өрөө рүү оруулан биед нь шарх сорви байгаа эсэхэд үзлэг хийхээр өмсөж явсан хувцсаа өөрөө тайлах талаар хууль ёсны шаардлага тавих үед өөдөөс эсэргүүцэн, хэл амаар доромжилсон бөгөөд эрүүлжүүлэх байрны саатуулах өрөөнд оруулахдаа өмсөж явсан гутлыг нь тайлуулж оруулах журамтай байдаг учир гутлаа тайлах талаар шаардлага тавихад тайлахгүй, саатуулах өрөөнд орохгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн. Гутлаа тайлахгүй болохоор нь цуг үүрэг гүйцэтгэж байсан эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Н-н хамтаар 2 талд нь гарч 2 гарын хөдөлгөөнийг хязгаарлах үед эрүүлжүүлэх байрны эмч Э.Ц, үйлчлэгч М нар ирж өмсөж байсан гутлыг нь тайлах гэсэн боловч гутлаа тайлахгүй, хөлөө чангалаад өшиглөөд байсан. Тэгээд тухайн иргэн доошоо суухаар нь би хязгаарлаж байсан гарыг нь тавьсан бөгөөд удалгүй Э.Т гэх дээшээ босоод гараараа нүүрэн тус газар цохисон. ...Би баруун талын гарыг нь хязгаарлаад барьж байсан. ...Нэлээн согтуу байсан. Согтолтын зэрэг тодорхойлох гэтэл согтолтын зэрэг шалгадаг багажаар шалгуулахгүй байсан. ...Э.Т гэх иргэн миний зүүн талын нүдний доод талд баруун гарын тохой хэсгээр цохисон. ...Миний зүүн талын нүд хөхөрч, хавдаад нүд аних үед хөндүүртэй зовуурьтай байна. ...Нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хэргийн 7-8 дугаар хуудас, 11-12 дугаар хуудас),

Хохирогч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрийн үүргээ гүйцэтгэж байхад 2023 оны 9 дүгээр сарын 16-аас 9 дүгээр сарын 17-нд шилжих шөнийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Л.Д нь согтуугаар танхайрч агсам тавьсан гэх Э.Т гэх иргэнийг саатуулах байранд авчирч хүлээлгэн өгсөн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 629-т “Албадан эрүүлжүүлэх” зааснаар эрүүлжүүлэхийн эмч Э.Ц нь Э.Т гэх иргэний эрүүл мэндэд үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн байсан учир дараагийн шат буюу биед үзлэг хийх ажиллагааг эмч Э.Ц-н хамт явуулсан. Үзлэг явуулах явцад Э.Т нь трансжендер байсан бөгөөд биед ил харагдах шарх, сорви болон биеийн бүх хэсэгт үзлэг хийх гэсэн боловч гутлаа тайлахгүй, биедээ гүйцэт үзлэг хийлгэхгүй, би ийшээ ордог хүн биш, та нар өөрсдөө ордог юм байгаа биз, муусайн янхнууд, та нарын үр хүүхэд ингээд явж байвал яах бол, Солонгоогоо та нар энд авчирч эрүүлжүүл гэх зэргээр хэл амаар доромжилсон, улмаар арай гэж биед нь үзлэг хийгээд гутлыг нь тайлах гэсэн боловч орилж чарлаад байсан учир хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цадаагийн дэд ахдагч О.О-г дуудаж бид хоёр гарын хөдөлгөөнийг хязгаарлаж эрүүлжүүлэх саатуулах байранд хатуу ултай зүйл болон уяаны төрлийн зүйл оруулдаггүй учир эмч Э.Ц болон үйлчлэгч Н.М нар гутлыг нь тайлах гэсэн боловч хөлөөрөө Э.Ц эмчийг жийгээд байсан. Гутал тайлуулах явцад Э.Т нь газар өөрөө доош сууж эсэргүүцэл үзүүлж байгаад газраас дээш босохдоо хоёр гараа савлаж намайг болон цагдаагийн дэд ахлагч О.О-г цохиход бид хоёр хөдөлгөөнийг нь хязгаарлаж гараас нь барьж авахад миний баруун гарын тохой хэсэг болон бугалга хэсгээс хасаж, цагдаагийн дэд ахлагч О.О-г баруун гарын тохой хэсгээрээ нүд рүү цохиж авсан. Эмч Э.Ц, үйлчлэгч Н.М нар нь арай гэж гутлыг нь тайлж, цагдаагийн дэд ахлагч О.О бид хоёр Э.Т-г саатуулах байранд хийсэн. ...Э.Т согтолт ихтэй байсан. Согтолтын зэрэг шалгах багажаар үлээлгэх гэхэд боломж гараагүй, 2 цагийн дараа үлээлгэхэд 0,77 хавьцаа гарч байсан. ...Тухайн хүний бие болон бусад хувцсанд үзлэг хийж ямар нэгэн уяаны төрлийн зүйл байхгүй бол эргүүлж хувцсыг нь өмсүүлж хатуу ултай болон гуталтай оруулдаггүй. ...Манай эрүүлжүүлэх саатуулах байранд ирсэн хүмүүсийг эмч үзээд биед нь үзлэг хийж саатуулах байранд оруулдаг. ...Миний баруун гарын тохой, бугалга хэсгээс хазсан. ...Эрүүлжүүлэх саатуулах байранд хатуу ултай болон гуталтай орж болохгүй гутлаа тайлна уу гэхэд та нар намайг гадуурхлаа, би тариа хийлгэдэг, би ийшээ ордог хүн биш гэх зэргээр хэл амаар доромжилж эсэргүүцэл үзүүлсэн. ...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хэргийн 17-18 дугаар хуудас),

Гэрч Э.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 06 цаг 07 минутын үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс танхайрсан гэх зөрчилтэй Э.Т гэх иргэн хүргэгдэж ирсэн. Саатуулах байранд хүлээн авах ЦБҮАЖ код 629 /Албадан эрүүлжүүлэх/ журмын дагуу гадна хувцсыг нь тайлж биед нь шарх сорви, гэмтэл учирсан эсэхэд үзлэг хийгээд өмсөж явсан гутлаа тайлж саатуулах өрөөнд орох шаардлага тавих үед гутлаа тайлахгүй, саатуулах өрөөнд орохгүй гэж эсэргүүцсэн. Э.Т нь ирсэн цагаасаа саатуулах өрөө рүү орохгүй гэж эсэргүүцсэн. Э.Т ирсэн цагаасаа саатуулах өрөө рүү орохгүй гэж хэл амаар доромжилж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. ...Эмч 1, цагдаа 2, үйлчлэгч 1, 4 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байсан. ...Тухайн иргэний баруун талын гарыг цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.О барьж байсныг нь бол харсан. Үйл явдал хурдан болж өнгөрсөн. ...Би хувцас солих өрөөний үүдэнд саатуулах өрөө рүү орохгүй гэх иргэн Э.Т-н өмсөж явсан гутлыг нь тайлах гээд доош тонгойж хөлийг нь барьж байсан. ...Надтай хамт цагдаагийн дэд ахлагч О.Н, дэд ахдагч О.О, үйлчлэгч Н.М нар байсан...” гэх мэдүүлэг (хэргийн 21-22 дугаар хуудас),

Яллагдагч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэм буруутай үйлдэл дээр маргах зүйлгүй, би гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хэргийн 82-83 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11988 дугаартай:

“1.О.О-н биед баруун шуунд няцарсан шарх, цус хуралт, зүүн хацрын төвгөр, хоншоорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 38-39 дүгээр хуудас),

2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 42-47 дугаар хуудас),

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол (хэргийн 51-56 дугаар хуудас),

2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/140 дугаартай Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын даргын “О.О-г албан тушаалд томилж, цадаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал (хэргийн 59 дүгээр хуудас),

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 дугаартай Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын даргын “Г.Н-г албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал (хэргийн 60 дугаар хуудас),

Албан тушаалын тодорхойлолт (хэргийн 61-62 дугаар хуудас),

Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зорчигчийн галт тэрэг, эргүүл, тээш, АБТМА, татах хэсэгт газрын байрлалд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь (64-65 дугаар хуудас),

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дүгээр журам (Албадан эрүүлжүүлэх) (хэргийн 66-71 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 114 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 86 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 89-112 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 115 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 116 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 117 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 118 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 119 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 122 дугаар хуудас), зүрхний цахилгаан бичлэгийн хуулбар (хэргийн 157-158 дугаар хуудас), депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 159-185 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өглөөний 06 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд цагдаагийн албан хаагч (хохирогч) Г.Н, О.О нарын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/140 дугаартай Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын даргын “О.О-г албан тушаалд томилж, цадаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 дугаартай Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын даргын “Г.Н-г албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт, нийтийн хэв журам хамгаалах тасгаас зорчигчийн галт тэрэг, эргүүл, тээш, АБТМА, татах хэсэгт газрын байрлалд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дүгээр журам (Албадан эрүүлжүүлэх) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж, “Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.

Өөрөөр хэлбэл хохирогч О.О, Г.Н нар нь хууль сахиулагч буюу Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа болох нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/140 дугаартай Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын даргын “О.О-г албан тушаалд томилж, цадаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал (хэргийн 59 дүгээр хуудас), 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 дугаартай Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын даргын “Г.Н-г албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал (хэргийн 60 дугаар хуудас), хохирогч О.О-н Цагдаагийн ерөнхий газрын А-0054348 дугаартай үнэмлэх (хэргийн 63 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Т нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.М нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Э.Т нь хууль сахиулагчийг эсэргүүцэх явцад буюу хохирогч цагдаагийн дэд ахлагч О.О-н биед Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж тус гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бөгөөд шүүгдэгч Э.Т-н хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн ба харин хохирогчийн биед санаатайгаар гэмтэл учруулахыг зориогүй, тухайн цаг мөчид хохирогчийн зүгээс түүний хязгаарлаж барьсан гарыг татах явцад учирсан буюу болгоомжгүйгээр учруулсан байх тул тус гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй, санаатайгаар халдаж гэмтэл учруулсан гэж үзэхгүй тул шүүгдэгч Э.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн гэм буруугийн зарчимтай нийцэж байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл (эс үйлдэл) гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог болохыг дурдах нь зүйтэй.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог ба хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй, нөгөө талаас хохирогч О.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хэргийн 12 дугаар хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хуульд заасан хамгийн бага ял буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.Т-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Т-д 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б** овогт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЗОЛБОО