| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 186/2020/0104/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 584
2020 5 12 2020/ДШМ/584
С.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чимгээ,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,
хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг нарын өмгөөлөгч С.Халиунаа,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг нарын өмгөөлөгч С.Халиунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Эт холбогдох 1911006040757 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн С-ийн Э, 1976 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 11 дүгээр хороолол, Денвер гудамжны ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./;
Шүүгдэгч С.Э нь Д.Даваажав, О.Номинхорол нарыг Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баярнямаас 13.200.000 төгрөг, Д.Туяацэцэгээс 21.000.000 төгрөг,
Д.Мягмарсүрэнгийн хүүхдийг Шинэ Эрин дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5.300.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт,
Б.Жүгдэррагчаа, О.Мөнхсайхан нарыг Польш улсад 100 хувь тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Б.Жүгдэррагчаагаас 6.250.000 төгрөг, О.Мөнхсайханаас 7.750.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Үйлдвэрчний эвлэлийн холбооны 1 давхарын "Буд" ресторанд байхдаа тус тус залилан авч, 5 иргэнд нийт 53.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Сүхээгийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар С.Эийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эээс нийт 25.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баярнямд 9.600.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгт 15.500.000 төгрөг тус тус олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие иргэн Д.Мягмарсүрэнтэй 2019 оны 5 дугаар сард зээлийн гэрээг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Улсын их дэлгүүрийн урд байрлах нотариатаар баталгаажуулан 5.000.000 төгрөг зээлж, төлбөрийг бүрэн гүйцэд буцаан төлсөн. Иргэн Д.Мягмарсүрэн цагдаад өгсөн тайлбар бичигтээ “нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй, өргөдлөө буцааж авмаар байна” гэсэн боловч мэдүүлэгтээ намайг буруутган санаатайгаар худал ярьсан байдаг. Д.Мягмарсүрэнд Шинэ Эрин дунд сургуульд суралцах насны хүүхэд байхгүй, мөн 2019 оны 6 дугаар сарын 11, 19-ний өдрүүдэд миний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч энэ өдрүүдэд миний данс руу мөнгө ороогүй болох нь дансны хуулгаар нотлогдсон болно. Уг асуудлыг мөрдөгчид удаа дараа хэлсэн боловч авч үзээгүй.
Миний бие 2018 оны 4 дүгээр сард иргэн Б.Жүгдэррагчаатай Сүхбаатар дүүргийн Багшийн дээдийн урд талын нотариатын газарт зээлийн гэрээ байгуулсны дараа 12.500.000 төгрөг бэлнээр, үлдсэн 1.500.000 төгрөгийг 7 хоногийн дараа түүний найз гэх О.Мөнхсайханаас бэлнээр авч нийт 14.000.000 төгрөг зээлснийг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал байхгүй байна. Уг зээл нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө Б.Жүгдэррагчаад төлөөд явж байсан бөгөөд иргэн О.Мөнхсайханд ажлын байрны зориулалтаар тохижуулсан объектыг миний зээл төлөгдөж дуустал сарын 450.000 төгрөгөөр тооцож түрээслүүлэх гэрээ хийж, тэр хугацаанд уг ажлын байр О.Мөнхсайханы мэдэлд байсан. Уг асуудлаар мэдүүлгийн эрс зөрүүтэй байдлыг нягтлан шалгаж үзээгүй бөгөөд гомдол нь ирсэн өдөр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Миний үеэл болох Б.Дамдин, түүний эхнэр Б.Баярням нараас 2016 онд дансаар 26.000.000 төгрөг цувуулж зээлсэн байдаг бөгөөд бэлнээр мөнгө огт аваагүй. 2018 оны 11 дүгээр сард Б.Дамдин, Б.Баярням нар намайг дуудаж уулзахдаа хүү, торгууль гэж ярьсаар 33.500.000 төгрөгт гарын үсэг зуруулсан. Уг бичиг баримтыг үеэл болох Б.Дамдингийн хэлснээр бичиж гарын үсэг зурсан. 2016 оны сүүл үеэс эхлэн Б.Дамдин над руу утсаар ярьж “хүүхдүүдээ гадаад явуулах бодолтой байна, туслалцаа байвал зээлийн асуудлаар тохиролцож болж байна” гэж санаачлан ярьж эхэлсэн бөгөөд энэ нь эхнэр Б.Баярнямын мэдүүлгээр нотлогддог. Миний зүгээс санаачилсан зүйл байхгүй. Би мөн Номинхорол гэх хүнийг огт танихгүй, ямар ч нотлох баримтгүйгээр мөнгө авсан болгож хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэнд гомдолтой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэт нэг талыг барьж, мэдүүлгийн эрс зөрүүтэй байдлыг нягтлан шалгаж үзээгүй, миний эрх зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчиж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх боломж өгөөгүй. Хэргийн талаар үнэн зөв бодитой, нотлох баримтад тулгуурласан дүгнэлтийг өгч чадаагүй гэж үзэж байна.
Улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан гэх нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжилж хэргийн бодит байдал, хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгож хүндрүүлэн зүйлчилж, эрх зүйн байдлыг дордуулан яллах гэж улайрсан нь хувийн сонирхол байна уу гэсэн хардлагыг төрүүлсэн. Иймд хэргийн үнэн бодит байдлыг зөв тогтоож шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Эийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа тухайд:
С.Эт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Д.Даваажав, О.Номинхоролыг гадаад явуулна гэж Н.Баярням, Д.Туяацэцэг нараас мөнгө авсан болохыг тогтоохдоо уг хэрэгт огт хамааралгүй О.Номинхоролоос бэлнээр 4.000.000 төгрөгийг хэрхэн яаж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй. О.Номинхоролоос энэ талаар нэг ч удаа мэдүүлэг авч шалгалтыг хийгээгүй. Түүнчлэн “Номинхорол” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаартай “кассын зарлагын ордер” бүхий нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Энэхүү баримтад Эт сургалтын төлбөрт 4.000.000 төгрөгийг өгөв гээд нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан боловч хүлээн авсан хүний нэр, гарын үсэггүй баримт байсан. Эрүүгийн хэргийн хохирогч нь иргэн үү, компани аж ахуйн нэгж байгууллага юм уу гэдгийг ч хуулийн дагуу шалгаж тогтоогоогүй.
С.Эийн зүгээс ямар нэг компани аж ахуйн нэгж байгууллагаас мөнгө аваагүй гэдгээ удаа дараа тайлбарлан мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатанд өмгөөлөгчөөс хэд хэдэн удаа хүсэлт, гомдлыг шат дараалан гаргаж байсан. Хохирлын тооцооны талаар Н.Баярням, Д.Туяацэцэг, иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмид нарын мэдүүлгийн зөрүүг арилгалгүй, уг мэдүүлгүүдийг үндэслэн хохирлын мөнгийг хувааж тооцсон. Мэдүүлгүүд хоорондоо зөрөөд байгаа, бодит байдалд нийцэхгүй байгаа талаар ч хүсэлт гомдол гаргаж байсан.
Гэвч яллах дүгнэлтийн хавсралтад Б.Баярнямд 12.600.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгт 17.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмидэд 4.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж хохирлын тооцоог гаргасан. Улсын яллагч яллах дүгнэлт болон хавсралтад заасан тооцоог үндэслэн яллах дүгнэлтээ дэмжин шүүх хуралдаанд оролцсон байхад шийтгэх тогтоолд хохирогч Б.Баярнямд 9.600.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгт 15.500.000 төгрөг тус тус олгож, С.Эээс Д.Туяацэцэгт учруулсан хохиролд төлсөн 5.500.000 төгрөгийг Д.Зэсэндэмидэд төлсөн тул Д.Зэсэндэмидэд төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Мөн Д.Зэсэндэмидийн хохирлыг болон иргэний нэхэмжлэгчийн оролцоо үйлдлийг хэрхэн яаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй хуульд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Д.Зэсэндэмидэд төлбөр төлөх ёсгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирол төлөх ёстой гэж үзэж Д.Зэсэндэмидийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Үүнээс хамаарч хохирлын тооцоог буруу бодсон байгааг анхан шатны шүүхээс зөвтгөн залруулахгүйгээр хуралдааныг явуулж шүүхээс шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.
С.Э, Б.Жүгдэррагчаа нар нь 2018 оны 4 дүгээр зүйлийн 23-ны өдөр Иргэний хуулийн 189, 281, 282 дугаар зүйлүүдэд заасныг үндэслэн 12.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан төдийгүй Б.Жүгдэррагчааг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсэх тогтоол гарахаас өмнө 4.350.000 төгрөгийг төлсөн байсан. Яллах дүгнэлт болон хавсралтанд төлсөн төлбөрийг мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн мэтээр бичиж үлдэгдэл мөнгийг төлөөгүй гэж яллагдагчийн хохирлын тооцоог ихэсгэж эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Мөн хохирогч Д.Мягмарсүрэнтэй 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Нэмж 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн авсан. Үүнээс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Хохирогч О.Мягмарсүрэнгээс өөрийн төрсөн хүүхдээ Шинэ эрин сургуулийн шалгалтанд оруулахыг хүссэн гэж гомдол гаргаж мэдүүлэг өгсөн ба мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Мөн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дансаар нь 300.000 төгрөг өгсөн гэх боловч мөрдөн шалгалтын ажиллагаагаар дансны хуулга болон бусад байдлыг шалгахад С.Эийн дансанд мөнгө ороогүй нь бүрэн тогтоогдсон. Гэвч прокуророос бүрэн нотлогдоогүй баримтад үндэслэн мөнгөн дүнг нэмж гэмт үйлдэлд тооцож яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
О.Мөнхсайхан нь С.Эээс өгсөн мөнгөний оронд ажлын байр бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сард харилцан тохирч авсан. Түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан, өөртөө шилжүүлэн авсан гэж мэдүүлсэн байхад хохирол мөн эсэхэд анхан шатны шүүхээс ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулж зөвхөн яллах чиг хандлагыг барьж байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд:
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тогтоолоор хяналтын прокурор Б.Чимгээ нь С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж өөрчлөлт оруулсан байна. Энэхүү тогтоолтой С.Э тухайн өдөр танилцаж хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөлөгчийн хамт хүсэлт, тайлбар өгөх болохыг хүлээж авна уу гэсэн байна.
Үүний дараа мөн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч ахмад Ц.Ууганбаяр нь яллагдагчаар дахин мэдүүлэг авахдаа эрх үүргийг нь танилцуулаагүй төдийгүй Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах" тухай тогтоолтой танилцсан уу хэлэх санал хүсэлт байна уу гэж асуухад “С.Эээс тогтоолтой танилцсан хэлэх санал хүсэлтээ өөрийн өмгөөлөгчийн хамтаар хүсэлтээ гарган өгье, би одоо тулгамдаад ярьж мэдэхгүй байна” гэсэн байхад өмгөөлөгчийг оролцуулалгүй мэдүүлгийг авч дуусгасан.
Түүнчлэн мөн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ нь яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн байна.
Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна. Түүнчлэн хохирлын тооцоог буруу гаргаж байгаагаас шалтгаалан эрүүгийн хэргийн зүйлчлэлд нөлөөлж байгаа зэргийг маш тодорхой тайлбарласан ч хүлээж аваагүй хууль зөрчсөн байдлыг залруулах, зөвтгөх арга хэмжээг аваагүй зэрэг нь хуульд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг нарын өмгөөлөгч С.Халиунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс шүүгдэгч С.Эийг 2016 оноос эхлэн бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан ба залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгосон байгаад дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. С.Э нь 2016 оны 9 дүгээр сард төрийн албанаас халагдсан өдрөөс эхлэн ямар ч ажил эрхлээгүй, орлого олоогүй ба хохирогч нараас хэсэг хугацаа өнгөрөөж, хүүхдүүдийн сургалтын асуудал шат дараалан шийдвэрлэгдэж байгаа мэт итгэлтэй ярьж дараагийн удаагийн мөнгөө олж авч, залилан мэхэлж авсан мөнгөөрөө амьжиргаагаа залгуулж байсан байна.
Миний үйлчлүүлэгч Д.Туяацэцэгтэй 2016 оны 4, 5, 6 дугаар сард холбогдон удаа дараа мөнгө нэмж авсны дараа хэсэг хугацаанд хүүхдийн сургууль хөөцөлдсөн ажил нь бүтэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, 2017 оны 2 дугаар сард Канад улсаас сургалт хариуцсан мэргэжилтэн ирсэн гэж мөн 1000000 төгрөг авсан байдаг. Хэрэг шүүхээр шийдэгдэх хүртэл хугацаанд С.Э нь би охиноо Амеркийн Нэгдсэн Улсад сургахаар явуулсан, түүнээс мөнгө ирэхээр өгнө гэж байнга худлаа ярьдаг байсан. Хэрэг шүүхэд шилжсэн үед ч гэсэн “хүүхдээс мөнгө ирж байна, гомдлоо татаж авбал хохирол барагдуулах боломжтой байна” гэж хуурч байсан. Шүүхээс С.Эт ял оногдуулахдаа хохирол төлөгдөөгүй байгаад дүгнэлт хийгээгүй хэт хөнгөн ял оноосон гэж үзэж байна. С.Эийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд С.Эт холбогдох хэргийн зүйл ангийг буруу зүйлчилсэн үндэслэлээр хэргийг мөрдөн шалган ажиллагааны шатанд буцааж өгнө үү” гэв.
Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагчаар татах тогтоолд сүүлд нь өөрчлөлт оруулсан. О.Номинхорол гэх хүнийг гэрчээр асуулгах талаар өмгөөлөгч удаа дараа хэлж байсан боловч эд хөрөнгөөр хохирсон хүн нь О.Номинхоролын эцэг, эх нь байдаг. Хүүхдээ сургуульд явуулах гээд мөнгөө алдсан учраас хохирогчоор тогтоосон. О.Номинхорол нь одоо Австрали улсад сурч байгаа гэдэг нь тогтоогдсон.
Д.Мягмарсүрэнд хохирлоо төлчих тэгвэл энэ хэрэг хаагдана гэсэн асуудал нь тогтоогдоогүй. Харин Д.Мягмарсүрэн нь мөнгөө буцаан авсан учраас гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Хохирлыг нөхөн төлсөн гээд хэргийг хөнгөрүүлэх нөхцөл болохоос биш гэмт хэргийн шинж нь үгүйсгэгдэхгүй гэж үзэж байна.
Б.Жүгдэррагчаа, О.Мөнхсайхан нарын хувьд зээлийн гэрээгээр халхавч хийж төөрөгдүүлсэн асуудал байгаа. Хохирогч нар эх сурвалжаа зааж хангалттай мэдүүлэг өгсөн. Яагаад зээлийн гэрээ хийх болсон талаар хохирогч нар тодорхой мэдүүлсэн. Хохирол төлбөрөө төлөхгүй болохоор нь түрээсийн гэрээ хийсэн. Анхан шатны шүүх хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзсэн.
Гэмт хэргийн харьяаллын хувьд, С.Э нь “би төрийн ордонд ажилладаг” гэж хэлээд хохирогч нарыг дуудаад мөнгө авдаг байсан. Зөвхөн хэргийн харьяалал тогтоох зорилгоор ажиллагаа хийгдсэн нь хэрэгт авагдсан байгаа. С.Э нь хүмүүсийг гадаадад сургуульд явуулах эрх мэдэлтэй хүн байгаагүй. Тиймээс бусдыг залилсан асуудал нь нэгэнт тогтоогдсон. Энэ гэмт хэрэг нь нийт 3 жилийн хугацаанд үргэлжилсэн байсан. Залилах гэмт хэрэг нь амьдралын хэв маяг, эх үүсвэр болсон гэх зүйл хэрэгт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд Д.Даваажав, О.Номинхорол нарыг Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч удаа дараагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Даваажавын эх Б.Баярнямаас 13.200.000 төгрөг, О.Номинхоролын эх Д.Туяацэцэгээс 21.000.000 төгрөгийг,
2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Д.Мягмарсүрэнгийн хүүхдийг “Шинэ Эрин” дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.300.000 төгрөгийг
мөн 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд хохирогч Б.Жүгдэррагчаа, О.Мөнхсайхан нарыг Польш улсад 100 хувийн тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Үйлдвэрчний эвлэлийн холбооны 1 давхарын "Буд" ресторанд байхдаа Б.Жүгдэррагчаагаас 6.250.000 төгрөг, О.Мөнхсайханаас 7.750.000 төгрөгийг тус тус залилан авч, 5 иргэнд нийт 53.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.Баярнямын “Э нь анх хүүхдүүдийг гадаадад тэтгэлэгтэй сургуульд явуулж өгдөг гэж ярьдаг байсан. 2016 онд манай хүү Д.Даваажав дунд сургуулиа төгссөн бөгөөд манай нөхөр Дамдин анх Эт “хүүхэд сургууль төгсөх боллоо, хүүхдээ тэтгэлэгтэйгээр гадаадад сургуульд сургамаар байна, боломж байна уу” гэж асуухад “болно” гэж хариулж энэ бүх явдал эхэлсэн юм. Хамгийн анх 2016 оны 4 дүгээр сард би нөхөр Дамдины хамт төрийн ордны баруун талд Түүхийн музейн үүдэнд Этэй уулзсан бөгөөд Эт бэлнээр 4.000.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө ямар ч баримт үйлдээгүй бөгөөд Э нь мөнгийг авахдаа “хүүхдээ аль ч сургуульд оруулж болно, та нар өөрсдөө сургуулиа сонго, нийт 20.000.000 төгрөгөөр 4 жилийн тэтгэлэгт хамруулж өгнө” гэж хэлсэн. Энэ эхний мөнгө өгөхөөс өмнө утсаар ярихдаа би “хүүгээ найз охин Номинхоролтой хамт сургуульд явуулмаар байна, цуг явуулж болох уу” гэхэд Э “болно, гол нь зардал” гэж хэлж байсан. Ингээд мөнгөө өгч эхэлсэн. Эхний 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсний дараа 4 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн данснаас 4.000.000 төгрөгийг интернет банкаар вокзал дээр байдаг ажлынхаа газраас Эийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. 4 дүгээр сарын 18-ны өдөр 1.200.000 төгрөгийг өөрийнхөө данснаас Эийн данс руу ажил дээрээсээ интернет банкаар шилжүүлсэн, мөн өдрөө 300.000 төгрөг, 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Номинхоролын өмнөөс өөрийнхөө данснаас Эт мөн 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би хүү Д.Даваажавыг Канад улс руу тэтгэлэгтэй сргуульд оруулах гэж нийт 13.200.000 төгрөгийг өгсөн, үүнээс 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /1хх 102-103/,
хохирогч Д.Туяацэцэгийн “...2016 оны 4 дүгээр сард намайг Австрали улсад байхад охин Номинхорол утсаар яриад “Даваажавын хамаатны эгч нь төрийн ордонд ажилладаг юм байна, Даваажав бид хоёрыг 100 хувийн тэтгэлгээр Канадын улсын Торонто хотын их сургуульд явуулах боломж байна гэнэ, материалаа бүрдүүлээд мөнгөө өгчихвөл 9 дүгээр сар гэхэд явчихна гэж байна” гэхээр нь Даваажавын хамаатан юм бол худлаа хэлэхгүй байх гэж итгээд хүүхдүүдээ явуулахаар болоод мөнгө төгрөгийг нь зохицуулсан. Баярнямтай ярихад “нэг хүүхдийн 20.000.000 төгрөг юм шиг байна, эхлээд 12.000.000 төгрөгийг өгчих гэж байна” гэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баярням яриад “нөгөө Э чинь мөнгөө өг гэнээ” гэхээр нь ах Зэсэндэмид рүү яриад “Номинхоролыг Канад явуулах гэсэн юм, та 4.000.000 төгрөг шилжүүлээд өгчих” гээд ахаар шилжүүлүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд өөрийн ажиллуулдаг дэлгүүрээс Номинхоролоор 4.000.000 төгрөг авахуулаад Даваажав тэр хоёр Эийн ажлын байрны хажууд аваачиж өгсөн байсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би Австралиас 4.000.000 төгрөг Баярням руу шилжүүлээд, Баярням Эт өгсөн байсан. 2016 оны 5 дугаар сардын 6-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 4.000.000 төгрөгийг С.Эийн дансанд шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 2 дугаар сард Канад улсаас сургалт хариуцсан мэргэжилтэн нь ирээд буцаж байна, яаж хоосон явуулах вэ хоол унданд оруулж, бэлэг дурсгалын зүйл авч өгөх хэрэгтэй байна гээд 1.500.000 төгрөг авсан. Ингээд охин Номинхоролыг сургуульд явуулж өгнө гээд нийт 21.500.000 төгрөг авсан. ...” /1хх 17-18/,
хохирогч Д.Мягмарсүрэнгийн “...2019 оны 5 дугаар сарын дундуур Э эгч надад “ерөнхий боловсролын сургуульд орж чадахгүй байгаа хүүхэд байна уу” гэхээр нь “Шинэ Эрин гээд сургуульд манай хүүхдийг оруулаад өгөх боломж байна уу” гэхэд судлаад хариу хэлнэ гэсэн. Ингээд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр шиг санаж байна, Э эгч яриад “Шинэ Эрин сургуульд хүүхдийг чинь 8 сая төгрөгөөр 5 дугаар ангиас нь оруулаад өгье” гэж хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Их дэлгүүрийн замын урд байрлах нотариат дотор 3.000.000 төгрөгийн зээлийн гээрээ байгуулаад уг мөнгөө бэлнээр Эт өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт зээлийн төв дотор бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эийн данс руу шилжүүлсэн. Нийт 5.300.000 төгрөг өгсөн. ...” /1хх 128-129/,
“...300.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр С.Эийн Худалдаа хөгжлийн банкны 41901832 дугаартай дансанд шилжүүлсэн байна. ...” /1хх 168/,
хохирогч О.Мөнхсайханы “...Зулчимэг над руу яриад “миний нэг танил эгч байна, тэрээр Засгийн газрын ордонд ажилладаг юм. Засгийн газрын тэтгэлэгтэй Польш улсад, төгссөн мэргэжлээрээ магистрт суралцах боломжтой юм байна, явах хүн байна уу гэж асууж байна” гэхээр нь би сонирхоод өөрийн найз Жүгдэррагчаад энэ талаар хэлээд хамт очиж тэр С.Э гэдэг хүнтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн холбооны байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Буд" нэртэй ресторанд уулзахад “та хоёрын нийт төлбөр чинь 20.000.000 төгрөг болно. Эхний ээлжинд 15.000.000 төгрөг өгчих, дараа нь үлдсэн 5.000.000 төгрөгөө өгч болно” гэж хэлэхээр нь Жүгдэррагчаатай ярилцаж байгаад хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин урьд уулзсан ресторандаа уулзаад бэлнээр 12.500.000 төгрөг С.Эт өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа дахин ганцаараа С.Этэй уулзаад нэмж 1.500.000 төгрөг өгсөн. Бид хоёр нийт 14.000.000 төгрөг өгсөн боловч одоог хүртэл виз гараагүй, сургуульд явж чадаагүй юм. ...” /1хх 213-214/,
хохирогч Б.Жүгдэррагчаагийн “Манай Мөнхсайхан гэдэг найз “Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Польш улсад сургуульд явуулж өгдөг хүн байна, тэтгэлэг авахын тулд нэг хүн 10.000.000 төгрөг өгдөг юм байна” гэж хэлсэн. Тэр сургуульд явуулж өгөх хүнийг Э гэдэг ба би тэр хүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр найз Мөнхсайханы хамт уулзаад сургуульд явахаар тохиролцож 12.500.000 төгрөгийг 2 хүний урьдчилгаа болгон бэлнээр өгсөн. Э өөрийгөө Их хурлын тамгын газар ажилладаг гэж танилцуулсан. ...” /1хх 216/,
иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмидийн “Миний төрсөн дүү Д.Туяацэцэг нь Австрали улсаас залгаад “ах, би охин Номинхоролыг Канад улс руу 100 хувийн тэтгэлгээр явуулахаар Э гэх хүнээр хөөцөлдүүлж байгаа юм. Өнөөдрийн дотор Эт 4.000.000 төгрөг хэрэг болоод байгаа юм байна, тэр мөнгийг шилжүүлээд өгчих” гэхээр нь би дүүдээ тус болох зорилгоор надад өгсөн 5037327291 дугаартай Хаан банкны данс руу 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. ...” /1хх 24/,
гэрч Э.Зулчимэгийн “...2018 оны 4, 5 дугаар сарын үед Э над руу утсаар яриад “Польш улс руу Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж байна, үүнийг сонирхох хүн байна уу” гэж асууж байсан юм. Маргааш нь манай 10 жилийн ангийн найз Мөнхсайхан над руу залгахад би түүнд энэ талаар хэлэхэд “би сонирхож үзье” гэж хэлсэн. Би Мөнхсайханд Эийн утасны дугаарыг өгсөн. ...” /1хх 217/,
гэрч Б.Дамдингийн “...С.Э манай хүү Даваажавыг Канад улсын Торонто хотын их сургуульд явуулж өгнө гэж цувуулж 12.000.000 төгрөгийг авч залилсан. Үүний зэрэгцээ Туяацэцэгийн охин Номинхоролыг хамт явуулж өгнө гэж 21.500.000 төгрөгийг авч залилсан байна. ..." /1хх 27/,
гэрч Д.Даваажавын “Номинхорол бид хоёрыг хамт Канад улсын Торонто хотын их сургуульд явуулж өгнө гэж ярьсан учраас төрийн ордны зүүн талд байрлах ресторанд очиж Э эгчтэй уулзахад “2016 оны 9 дүгээр сарын хичээлийн жил эхлэхэд явуулчихна, шалгалтыг нь өөрөө зохицуулчихна, асуудал байхгүй” гэж хэлж байсан. Дараа нь Номинхоролын 4.000.000 төгрөгийг аваачиж өгсөн. ...”/1хх 26/ гэх мэдүүлгүүд,
“Сүхээ овогтой Э нь Улсын Их Хурлын Тамгын газарт 2009-2011 оныг хүртэл Төрийн байгуулалтын байнгын хорооны референт, 2011-2016 оныг хүртэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны референтээр тус тус ажиллаж байгаад Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж орон тоог хассантай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 659 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн” гэсэн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 15/1305 дугаартай албан бичиг /1хх 106/,
“...Канад улсын боловсролын байгууллагад зуучлан тэтгэлгээр суралцуулдаг болон суралцахад эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй албан байгууллага болон иргэн байхгүй болно. Канад улсад суралцахаар шийдвэрлэсэн иргэдийн бүртгэлд Дамдины Даваажав, Онолын Номинхорол нар бүртгэлд байхгүй болно” гэсэн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10/8514 дугаартай албан бичиг /1хх 108/, Д.Мягмарсүрэн, С.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх 124/, Б.Жүгдэррагчаа, С.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх 205/, хохирогч Д.Туяацэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5022985666 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 20-21/, хохирогч Б.Баярнямын эзэмшлийн Хаан банкны 5081003589 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 65-66/, шүүгдэгч С.Эийн эзэмшлийн Хаан банкны 5037327291 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 45-46/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 95/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Эийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч С.Эийн Д.Даваажав, О.Номинхорол нарыг Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч Б.Баярнямаас 13.200.000 төгрөг, Д.Туяацэцэгээс 21.000.000 төгрөг, Д.Мягмарсүрэнгийн хүүхдийг Шинэ Эрин дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч 5.300.000 төгрөгийг Б.Жүгдэррагчаа, О.Мөнхсайхан нарыг Польш улсад 100 хувь тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Жүгдэррагчаагаас 6.250.000 төгрөг, О.Мөнхсайханаас 7.750.000 төгрөгийг тус тус залилан авч, 5 иргэнд нийт 53.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч С.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч С.Эийн гаргасан “...улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримт баримтуудыг бүрэн гүйцэд шинжилж хэргийн бодит байдал, хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоож чадаагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдовын гаргасан “...яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...”, хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг нарын өмгөөлөгч С.Халиуны гаргасан “...С.Эийн үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй, оногдуулсан ял нь хэт хөнгөн тул хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна гэж үзэв. Учир нь,
Шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч С.Э нь хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг нарыг хуурч нийт 34.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байна.
Үүнээс гадна хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг, Д.Мягмарсүрэн, Б.Жүгдэррагчаа, О.Мөнхсайхан нарыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан шүүгдэгч С.Эийн гэмт үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх боловч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч ийм замаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэн үзэж байхаар хуульчилжээ.
Тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой. Харин шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэргүүд нь 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл, 2018 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүд, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хороонд нийт 53.500.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд залилж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд хангалттай үндэслэл болохгүй байна. Иймд гэмт хэргийн хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 409 дугаартай шүүгчийн захирамжаар С.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялд оруулан тооцох нь зүйтэй тул шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг нарын өмгөөлөгч С.Халиунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй... “болохыг тус тус дурьдсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийн цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэг нарын өмгөөлөгч С.Халиунаа нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ