| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 120/2025/0038/З |
| Дугаар | 221/МА2026/0452 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0452
“Э ц м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “Э ц м” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ж
Нэхэмжлэгч: “Э ц м” ХХК /РД:3639215/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.З, Д.Г нар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, Г.С, хариуцагч Л.З, Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 120/2025/0038/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч /Л.З, Д.Гнар/-ийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000034 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-ыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2. Гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Э ц м” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэг. Өмнөговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Г, Л.З нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №НА- 11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 338,037,291.67 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор нийт 77,428,373.67 төгрөгийн төлбөрийг хасаж, багасган нийт төлөх төлбөрийг 260,608,918.00 төгрөг болгон бууруулж шийдвэрлэсэн. Маргаан таслах зөвлөлийн төлүүлэхээр шийдвэрлэсэн буюу актын тэмдэглэх нь хэсгийн "1, 2, 4, 5, 6"-д заасанд хамаарах 260,608,918.00 төгрөгийн төлбөр (нөхөн татвар, торгууль, алданги) нь илтэд хууль бус болно. Тодруулбал:
1.1. Нөхөн ногдуулалтын актад: “...1.Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны 1 дүгээр сарын тайланд "Х ц ж" ХХК-аас 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 14,072,727.27 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын тайланд " Э ц м" 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 88,864,090.91 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын тайланд Э ц ж 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 47.727.272.73 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын тайланд "Э ц ж" ХХК 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 81.363.636.36 төгрөг, нийт 4 ширхэг падаанаар 232,027,727.27 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь... Нэмэгдсэн өртгийн албан татварын 2022 оны 1 дүгээр сарын тайланд "Х ц ж" ХХК-аас 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 7.681.818.18 төгрөг, 2 дугаар сарын тайланд "Э ц ж" ХХК-аас 1 ширхэг падаанаар 77.863.636.36 төгрөг, 3 дугаар сарын тайланд "Э х" ХХК-аас 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 44.190.272.73 төгрөг, 6 дугаар сарын тайланд "Э ц ж" ХХК 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 52,345,454.55 төгрөг, 11 дүгээр сарын тайланд "Х ц ж" ХХК 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 326,818,181.82 төгрөг, нийт 7 ширхэг падаанаар 508,899,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь... 4.Нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны 12 дугаар сарын тайланд "Ц ж и" ХХК-аас 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 116,709,090.91 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь...” гэсэн нь илтэд хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй.
Учир нь дээрх аж ахуйн нэгж хоорондоо ажил гүйлгээ хийхийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар хориглоогүй, зайлшгүй хэрэгцээ шаардлага (зарим дэлгүүр барааны илүүдэлтэй, зарим нь тухайн барааны дутагдалд орох тохиолдол байнга гардаг)-ын улмаас харилцан бараа, бэлэн бүтээгдэхүүн нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүр лүү шилжүүлсэн буюу “Х ц ж", "Э ц ж", "Э ц ж" "Ц и и" ХХК-аас худалдан авалт хийж хуульд заасны дагуу цахим төлбөрийн “И” баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үйлдүүлсэн байхад зөрчилтэй гэж үзсэн нь хууль бус байна. Мөн манай компани нь бүхий л худалдан авалтдаа хуульд заасны дагуу цахим төлбөрийн “И” баримтыг бичүүлэн авч Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлд заасаныг ягштал мөрдөн удирдлага болгон ажилладаг. "Э ц ж" ХХК-ийг тус ХХК-тай нэг ижил цаг хугацаанд хамтад нь шалгаад борлуулалтын орлого нь бодитой, татвар ногдох орлогоо хуулинд заасаны дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв тайлагнасан гэж татварын байцаагч нар зөв дүгнэсэн атлаа манай компанийн тухайд "Бараа материал худалдан авсан мэтээр тайлагнасан" гэсэн нь илтэд хууль бус байна. Энэ нь "Э ц ж" ХХК-д үйлдэгдсэн №НА-11250000035 дугаартай нөхөн ногдуулалтын акт, актын салшгүй бүрдэл хэсэг хавсралтууд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо (Маягт-ХШ07/01)-ийн 1 дүгээр мөр, 2, 3 дугаар баганад 2021 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 10,282,532,642.00 төгрөг, шалгалтаар 10,282,532,642.00 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, 2022 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 11,647,833,659.82 төгрөг, шалгалтаар 11,647,833,659.82 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо (Маягт-ХШ12)-ийн 4 дүгээр мөр, 1, 2 дугаар баганад 2021-2023 онд нийт борлуулалт татвар төлөгчийн тодорхойлсноор 35,116,441,597.79 төгрөг, шалгаж баталгаажуулснаар 35,116,441,597.79 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй гэсэн хөдөлшгүй баримтаар нотлогдоно. Мөн "Х ц ж” ХХК-ийг тус ХХК-тай нэг ижил цаг хугацаанд хамтад нь шалгаад борлуулалтын орлого нь бодитой, татвар ногдох орлогоо хуульд заасны дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв тайлагнасан гэж татварын байцаагч нар зөв дүгнэсэн атлаа манай ХХК-ийн тухайд “Бараа материал худалдан авсан мэтээр тайлагнасан" гэсэн нь илтэд хууль бус байна.
Энэ нь "Х ц ж" ХХК-д үйлдэгдсэн №НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын акт, актын салшгүй бүрдэл хэсэг хавсралтууд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо (Маягт-ХШ07/01)-ийн 1 дүгээр мөр, 2, 3 дугаар баганад 2021 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 2,517,062,036.15 төгрөг, шалгалтаар 2,517,062,036.15 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, 2022 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 2,277,131,684.51 төгрөг, шалгалтаар 2,277,131,684.51 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо (Маягт-ХШ12)-ийн 4 дүгээр мөр, 1, 2 дугаар баганад 2021-2023 онд нийт борлуулалт татвар төлөгчийн тодорхойлсноор 6,593,717,353.94 төгрөг, шалгаж баталгаажуулснаар 6,596,590,203.39 төгрөг, зөрүү 2,872,849.45 төгрөг (6,596,590,203.39- 6,593,717,353.94) гэсэн хөдөлшгүй баримтаар нотлогдоно. Харин энэхүү 2,872,849.45 (2 сая найман зуун мянга) төгрөгийн бага хэмжээний зөрүү нь хууль эрх зүйн үндэслэлгүй, тооцооллын алдаатай байгаа талаар “Х ц ж" ХХК-аас Шүүхэд гаргасан гомдолд нотлох баримтыг үндэслэн тодорхой тусгасан.
Өөрөөр хэлбэл “Цахим татварын систем (etax.mta.mn)", "Цахим төлбөрийн баримтын систем (ebarimt)"-үүд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан руу нэг эх үүсвэрээс татвар ногдох орлогоо автоматаар программын арга (Хиймэл оюун ухаан)-аар татдаг тул зөрүү гардаггүй болно. Харин "Ц ж и " ХХК-ийг мөн л Баянзүрх дүүргийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар тус ХХК-тай нэг ижил цаг хугацаанд шалгаад борлуулалтын орлого нь бодитой, татвар ногдох орлогоо хуульд заасан дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв тайлагнасан гэж зөв дүгнэснээр нотлогдоно. Манай компани нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: "14.1... хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно: 14.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;..." гэж заасны дагуу "Э х" ХХК-аас 44,190,272.73 төгрөгийн үнийн дүнтэй бараа материал худалдан авсан бөгөөд энэхүү ажил гүйлгээ нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, цахим төлбөрийн "И" баримт, бусад баримт зэргээр нотлогддог. Хэргийн материалд "Э х" ХХК-ийг манай ХХК-д бараа, материал худалдан борлуулсан мэтээр хий бичилттэй падаан үйлдсэн гэдгийг нотлох баримт байхгүй болно.
1.2. Нөхөн ногдуулалтын актад: "...5. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайланд 2021 онд 57,526,229.00 төгрөг, 2022 онд 70,524,607.00 төгрөг, 2023 онд 68,272,090.00 төгрөг, нийт 196,322,926.00 төгрөгийг тайлагнаагүй зөрчил нь..." гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй. Учир нь үнэ шилжилтийн тайлангаа хугацаанд илгээсэн, дээрх зөрчил гэх асуудал нь утга агуулга болоод тоо дүнгийн хувьд ойлгомжгүй, ямар аж ахуйн нэгж, хувь хүнтэй ажил гүйлгээ хийж үнэ шилжилт хийсэн гээд байгаа нь тодорхойгүй, үнэ шилжилт хийж ямар нэр төрлийн татварыг ногдуулан төлөөгүй гэж үзээд байгаа талаар дүгнээгүй. Даланзадгад суманд үнэ шилжилт хийх бодит боломжгүй бөгөөд утгагүй шийдвэр гаргасан. Шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд: "39.1. Татвар төлөгч нь үнэ шилжилтийн тайлан гаргаагүй, эсхүл татварын ногдлоо дутуу тодорхойлж тайлагнасан бол татварын алба нь үнэ шилжилтийн үндсэн тохируулга хийж, татварыг нөхөн ногдуулж, хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.”, 40 дүгээр зүйлд: 40.1.Үнэ шилжилтийн тохируулга хийхэд дараах аргыг ашиглана: 40.1.1.харьцуулагдах бие даасан үнийн арга; 40.1.2.дамжуулан борлуулах үнийн арга; 40.1.3.өртөг дээр нэмэх арга; 40,1.4.ажил гүйлгээний цэвэр ашгийн арга; 40.1.5.ажил гүйлгээний ашиг хуваах арга; 40.1.6.энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан үнэ шилжилтийн ерөнхий зарчимд нийцсэн бусад арга. 40.2. Татварын алба энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан үнэ шилжилтийн тохируулгыг хийхдээ энэ хуулийн 40.1-д заасан аргаас хамгийн тохиромжтой гэж үзсэн аргыг ашиглах..." гэж заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл эдгээр аргуудын алийг нь ч манай компанид ашиглаагүй, ашиглах ч шаардлага байхгүй, боломжгүй, үнэ шилжилт хийсэн гэж ямар нэгэн татвар ногдуулаагүй атлаа торгууль ногдуулсан нь хууль бус бөгөөд ойлгомжгүй байна. Мөн манай ХХК-ийг үнэ шилжилт хийж татвар төлөхөөс зайлсхийгээгүй талаар анхан шатны Шүүхэд шалгалт хийсэн татварын байцаагч нар мэдүүлсэн. Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд хүнсний дэлгүүрүүд үнэ шилжилт хийдэггүй бөгөөд бүх ажил гүйлгээ нь цахим төлбөрийн “И” баримт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" үйлдэгдэн харилцагч татварын албандаа бүртгэгдсэн, мэдээлэгдсэн байдаг бөгөөд манай компанийн бүх ажил гүйлгээ нууцлагдаагүй, “Цахим татварын систэм (etax.mta.mn)", "Цахим төлбөрийн баримтын систем (ebarimt)"-д ил тод нээлттэй байгаа болно. Үнэ шилжилт нь үндэстэн дамнасан корпорациудын тухайд татварын ачаалал өндөртэй улс оронд олсон орлогоо татварын ачаалал багатай буюу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг улс оронд орлого, татвараа шилжүүлэн тооцож татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг хэлдэг болно.
1.3. Нөхөн ногдуулалтын актад: "...6.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 173,771,036.71 төгрөг, 2022 онд 48,120,446.91 төгрөг, 2023 онд 430,658,644.96 төгрөг, нийт 652,550,125.58 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол, үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь..." гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй, тооцооллын алдаатай, утга агуулга болоод тоо дүнгийн хувьд ойлгомжгүй. Учир нь манай компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бодитой гарсан, цахим төлбөрийн “И” баримтаар нотлогдсон зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон болно. Шалгалт хийсэн татварын байцаагч нар тус ХХК-д үйлдсэн №НА-11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актын илрүүлсэн зөрчил гэх хэсгийн 3 дугаар хэсэгт дурдагдсан болон Маргаан таслах зөвлөлийн хурлаас хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон 472.934,562.66 төгрөг, 2 дугаар хэсэгт дурдагдсан "Э х" ХХК-аас 44,190,272.73 төгрөгийн бараа бэлэн бүтээгдэхүүн худалдан авсан, цахим төлбөрийн “И” баримттай, "Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан"-тай ажил гүйлгээг зардалд орохгүй гэж үзээд байгаа юм байна гэж тааж төсөөлбөл 135,425,290.19=(652,550,125.58-472,934,562.66-44,190,272,73) төгрөгөөр хийсвэрээр зөрчлийн дүнг өсгөсөн.Татварын алба нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахдаа цахим хяналт шалгалт хийж гүйцэтгэдэг бөгөөд цахим төлбөрийн “И” баримтаар нотлогдоогүй зардал бүхий тайланг хүлээн авдаггүй.
Хоёр. Аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын байцаагч нар намайг болон аав Ц.Ц, ээж Ш.Д, дүү Ц.Н, миний "Э ц ж", "Э ц м", "Ш ц м", "Ө ц м" ХХК, дүүгийн “Х ц ж" ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж хууль эрх зүйн үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй, хэт өндөр төлбөрийн дүнтэй буюу нийт 1.5 тэрбум (Нэг тэрбум таван зуун сая) төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэсэн зарчмыг баримтлаагүй.
Дээрх нэр бүхий 5-н ХХК-ууд бүгд хүнсний дэлгүүрүүд бөгөөд одоо зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон болно. Аймаг, сумын засаг даргын тамгын газраас хүнсний дэлгүүр ажиллуулахад заавал компани байх шаардлагыг тавьдаг тул арга буюу энэхүү 5-н ХХК байгуулагдсан болно. Түүнээс хувь хүн бидний тухайд 5-н ХХК байгуулах хэрэгцээ шаардлага байгаагүй. Аймгийн Татварын газрын татварын байцаагч нар 2024-2025 он буюу бүтэн 2 жилийг дамнуулан 1 жил 4-н сарын хугацаанд биднийг шалгаж, хууль эрх зүйн үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй, хэт өндөр төлбөрийн дүнтэй актыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу Үндэсний их баяр наадмаар цахимаар буюу мэйлээр ирүүлж сэтгэл санааны дарамт болоод айдаст автуулж, эрх зүйн туслалцаа авах, актад гомдол гаргах боломжийг хязгаарлах гэж оролдож цаг хугацаагаар хяссан зэргээр ёс зүйгүй, хүний мөсгүй, жудаггүй үйлдлүүд гаргасан. Энэ нь "Э ц ж" ХХК-д үйлдэгдсэн №НА-11250000035 дугаартай нөхөн ногдуулалтын актад: "...шалгалтыг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд...хийж гүйцэтгэв..." гэснээр нотлогдоно. (Актын 1-р хуудас, 6-аас 8-р мөр). "Э ц ж" ХХК-аас бусад ХХК, иргэн биднийг бүтэн 1 жилийн хугацаанд удирдамж, томилолтгүй хяналт шалгалт хийж гүйцэтгэснийг тухайн үед ойлгоогүй бөгөөд бид сүүлд мэдсэн. Татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд: ....41.2. Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх..." гэж заасаныг зөрчсөн. Мөн Татварын байцаагч нар үндэслэлгүй их хэмжээний төлбөр ногдуулсан нь Татварын сөнхий хуулийн 47 дугаар зүйлд: "...47.3.Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх..." гэж заасаныг хэрэгжүүлэхэд бодит хүндрэлийг учруулсан.
Гурав. Мөн Маргаан таслах зөвлөл хуулинд заасан хугацаанд хуралдаагүй, магадлагч бидний гаргасан гомдлын талаар нэг ч асуудал тодруулж бидэнтэй холбогдоогүй, гэтэл магадлагчийн актыг хэвээр үлдээх санал бүхий шийдвэрийг шалгалт хийсэн татварын байцаагч нар мэдэж байсан нь хуралдааны явцад тодорхой болсон, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөлийг хуралд оролцуулаагүй, зөвхөн аймгийн Татварын газрын 5-н татварын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хийж ашиг сонирхлын зөрчлийг үүсгэсэн нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд: “...46.5.1.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага...мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл; 46.7.Маргаан таслах зөвлөлийн дэргэд татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор татварын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий хараат бус магадлагч ажиллах...47.15. Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна. 47.16. Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 47.15-д заасан шийдвэр гаргах хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно..." гэж заасныг зөрчсөн.
Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд: "...46.4. Маргаан таслах зөвлөл нь ес...- ....хүний бүрэлдэхүүнтэй байна. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална...", Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлд: "...2.2. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 11, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна..." гэж заасан. Мөн маргаан таслах зөвлөлийн хуралд 7-н гишүүн оролцсон мэтээр Тогтоолыг хуурамчаар үйлдсэн нь ихэд гайхшируулсан. Татварын алба, түүний дэргэдэх маргаан таслах зөвлөл, акт тогтоосон татварын байцаагч нар татвар төлөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн хэт нэг талыг барьсан буюу зөвхөн буруутгах, өндөр төлбөрийн дүнтэй акт үйлдэхийг урьтал болгох, цаашлаад актыг маргаан таслах зөвлөлийн хурлаар, мэтгэлцээний явцад хүчингүй болгох бүрэн нөхцөл бүрдээд ирэхээр зөвлөл үндэслэлгүйгээр актын ихэнх хэсгийг хэвээр үлдээж татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн нь Маргаан таслах зөвлөлийн өмнө татвар төлөгч, татварын байцаагч бүгд тэгш эрхтэй гэсэн зарчмыг алдагдуулсан.
Дөрөв.Энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж нэхэмжлэгч болон хариуцагч нартай санал солилцон зөвшилцсөн, тэдний зүгээс шүүх хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг зөвшөөрч хэрэгт шинээр нэмж нотлох баримт хийх шаардлага байхгүйг харилцан мэдэгдсэн тул Шүүгч татвар төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нь Улаанбаатар хотоос хүрэлцэн ирэхийг харгалзан үзэж Шүүхийн ачаалал их, хуралдааны танхим хүрэлцэхгүй байгааг учирлан хэлэхийн зэрэгцээ хамгийн боломжит хугацаагаар буюу “Х ц ж" ХХК-ийн тухайд 03 дугаар сарын 27, манай ХХК болон бусад нэр бүхий 2 ХХК-ийн тухайд 03 дугаар сарын 30, 31-ний өдөр товлон хуралдуулахаар болсон. Миний бие нь итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ыг авахаар 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгаасаа гарч Улаанбаатар, 26-ны өдөр түүнийг аваад Улаанбаатар хотоос Өмнөговь аймагтаа ирсэн. Гэтэл 03 дугаар сарын 27-ны өдөр Шүүх хуралдаанд товлосон цагтаа бид иртэл хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд огт ач холбогдолгүй, 1 жил 4-н сарын хугацаанд шалгаж, үзсэн, өөрсдөд нь одоо ч байгаа зүйлийг үзэх, тус ХХК-ийн актад дурдагдаагүй "..."Ш ц м", "Ө ц м", ... "Д д ХХК"-ийн талаар хүсэлт гаргасан нь Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд: "41.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий...шүүх үзлэг...хийх.” гэж заасныг зөрчсөн.
Мөн Шүүх хурал эхлэх тэр мөчид хариуцагч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн татварын Хэлтсээс шалгалт хийсэн "Танилцуулга" авах талаар хүсэлт гаргасан нь биднийг ихэд гайхшируулж, шалгалт хийж эхэлснээс хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байхад ийм хачирхалтай хүсэлт тавьсан нь татвар төлөгчөө үл хүндэтгэдэг, улмаар шүүхийг ч үл хүндэтгэн, ажилдаа сахилга бат хариуцлагагүй ханддаг, урсгалаараа явж ирснийг нотолж байна. Ингээд миний бие 03 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гыг Улаанбаатар хотод хүргэж өгсөн. П.Гын авч ирэх, буцаан хүргэх түлш шатахуун, буудал, хоол болон бусад зардлыг тус ХХК-аас гарч байгаа болно. Замын нөхцөл байдал амаргүй хүнд, шороон болон цасан шуургатай байгааг мэдсээр байж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байгаагаа урьдчилан мэдэгдэлгүй татвар төлөгч биднийг зам тээврийн болзошгүй эрсдэлд оруулж, үргүй зардал гаргуулсан. П.Г нь 90-н настай аав, 85-н настай ээжийгээ асардаг, түүний ээж нь мөн бэртэлтэй байгаа болно.
Тав. Анхан шатны Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байхад, өөрөөр хэлбэл манай ХХК нь татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй нь тодорхой байхад хариуцагч нар нь "Актаа зөвтгөх", дахин "Шинэ акт" гаргах эрхийг олгож байгаа нь Хууль, Шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн зарчимтай нийцсэнгүй. Дээрх хууль болоод үндэслэл, нотлох баримтуудыг дурьдан хангалттай мэтгэлцэн, хэлж ярисан боловч анхан шатны Шүүх бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлтийг өгч чадаагүй, гаргасан Шийдвэр нь учир дутагдалтай байна.
Иймд дээрх хууль, эрх зүйн үндэслэл, нотлох баримтуудад тулгуурлан Өмнөговь аймаг дахь Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШШ2026/0026 дугаартай Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “Э ц м” ХХК нь Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс /Маргаан таслах зөвлөлийн хурлаас хүчингүй болгоогүй төлүүлэхээр шийдвэрлэсэн/ 260,608,918 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Анхан шатны шүүх маргаан бүхий Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
3. Хариуцагч нараас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд “Э ц м” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд / эрсдэлд суурилсан-бүрэн/ шалгалтыг хийж 6 төрлийн 2,179,443,799,06 төгрөгийн зөрчил илрүүлж, маргаан бүхий НА-11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 338,037,291,67 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож, нэхэмжлэгч нь Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар маргаан таслах зөвлөлийн тогтоолоор нийт төлбөрийг 260,608,918 төгрөг болгон бууруулж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч талууд маргаагүй байна.
4. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ “...дээрх актаар нийт 196,322,926,00 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тайлагнаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан татварын хуулийн зөрчил гэж үзсэн байдаг ... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд шийтгэлийн хуудсаар, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан ... гэтэл маргаан бүхий актад Зөрчлийн болон Татварын хуулийг хамтад нь баримталсан байх тул хуулийг зөв хэрэглээгүй гэх үндэслэл болж байна ... нэхэмжлэгч талаас татвар ногдох орлогоо бүрэн тайлагнасан, татварын байцаагчид өөрсдөө тооцооллын алдаа гаргасан, хамаарал бүхий компаниудаасаа худалдан авсан барааны төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн, хүргүүлсэн баримтуудыг бүрэн шалгаагүй“, хариуцагч талаас “тортой материал авчирч өгсөн, бид тооцохдоо цахим системд авагдсан баримт, өөрсдийнх нь ирүүлсэн, шилжүүлсэн болон хүлээн авсан барааны жагсаалтаас өртгийг нь тооцсон” гэж маргасан, мөн маргаан бүхий актын ТОГТООХ нь хэсэгтээ төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг /зөрчил тус бүрд/ хэдэн төгрөг нь ямар хуулийн аль заалтад заасан зөрчилд хамаарч хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг хуулийн зүйл, хэсгээр салган бичээгүй нь Татварын шалгалтаар тогтоосон зөрчил хуульд заасан зөрчилтэйгөө тохироогүй, тооцоолол тодорхойгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байхын зэрэгцээ үүнийг шүүхээс тогтоох боломжгүй байна ... Актад харилцан хамааралтай аль этгээдтэй ажил, гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тайлагнаагүй гэх зөрчил аль хуульд хамаарч, аль заалт хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгаа нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцсон гэж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэрхэн хийгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай ... хариуцагчийг татварын хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгч байгууллагын нягтлан бодогчийг оролцуулаагүй, тус компани нягтлан бодогчтой эсэхийг тодруулаагүй гэж үзэхээр байна ...” гэх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийж, хариуцагчид хууль хэрэглээний болон тооцооллын алдааг залруулах боломж олгон дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлүүлсэн нь үндэслэлтэй байна.
6. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “ Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” 79 дүгээр зүйлийн 79.4.3-т “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он сар өдөр дугаарыг тусгах” гэж заажээ.
7. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тухайд нэхэмжлэгч “Э ц м” ХХК-ийн 2021-2023 оны 3 жилийн хугацааны албан татварын ногдуулалт, татвар төлөлтөд эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтыг тус аймгийн Татварын газраас хийж гүйцэтгэсэн байх бөгөөд хяналт шалгалтын явцад харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тайлагнаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж нөхөн ногдуулалтын актын ТОГТООХ хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг үндэслэсэн нь дээрх Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
8. Зүй нь хариуцагч нарын зүгээс Татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч компанийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.19-д заасан “харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тайлагнаагүй” зөрчил илэрсэн гэж үзсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар илэрсэн зөрчлийг шалгах ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуульд заасан Татварын хууль зөрчсөн гэж үзвэл шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцох эсэхээ шийдвэрлэх учиртай байжээ.
9. Харин нэхэмжлэгч “Э ц м” ХХК-ийн 2021-2023 оны 3 жилийн хугацааны албан татварын ногдуулалт, татвар төлөлтөд эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтыг хийх явцад илэрсэн бусад зөрчлийн хувьд нэхэмжлэгч компанид Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т зааснаар нөхөн ногдуулалтын акт үйлдэж хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.
10. Хариуцагч нарын дээрх хууль зөрчсөн болон хууль хэрэглээний алдаа, нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нарт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд, түүнийг хүлээн авсан гэх хариуцагчийн тайлбар /тортой материал/ , уг баримтуудыг нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй /хариуцагчийн тайлбараар/, шалгалтаар тогтоосон зөрчил хуульд заасан зөрчилтэйгөө тохироогүй, тооцоолол тодорхойгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй, ТОГТООХ нь хэсэгт төлүүлэхээр шийдвэрлэсэн татвар, торгууль, алдангийн дүнг зөрчил тус бүрд ямар хуульд зааснаар хэдэн төгрөгийн татвар, торгууль, алданги тооцсон нь тодорхойгүй зэрэг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, шүүхээс тогтоох боломжгүй гэж үзэж хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар “... Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байхад, өөрөөр хэлбэл манай компани татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй байхад хариуцагч нар нь актаа зөвтгөх, дахин шинэ акт гаргах эрхийг олгож байгаа нь хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн зарчимтай нийцсэнгүй ... Дээрх хууль болоод үндэслэл, нотлох баримтуудыг дурдан хангалттай мэтгэлцэн, хэлж ярьсан боловч анхан шатны шүүх бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлтийг өгч чадаагүй, гаргасан шийдвэр нь учир дутагдалтай байна... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү “ гэх гомдлыг хүлээн авч хангах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн 120/ШШ2026/0026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР