Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Хохирогч Б.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч М.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Баяныхан овогт Мөнхбадамын Энхбатад холбогдох эрүүгийн 201725020353 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, халх, дээд боловсролтой, Гадаад худалдаа гаалийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 өвөө, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн  22 дугаар хороо Баруун Алтан Өлгий 30 дугаар гудамжны 506 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баяныхан овгийн Мөнхбадамын Энхбат /РД:УШ95051871/

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Энхбат нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Сант Асар” төвийн ард 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Мөнгөнцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сант-Асар гэдэг хоолны газарт Мөнгөнцэцэг цай асгасан. Тэгээд хохирогч өөрөө асгасан цайгаа арчаад байсан болохоор би зөөгчөөр нь арчуулчих гэхэд яах юм гэхээр нь миний уур хүрсэн. Тэгээд тэндээс гараад таксинд сууж байхад Мөнгөнцэцэг миний үгэнд яагаад ордоггүй юм гээд утсаараа миний толгой руу цохиод тэнэг, мангар гэхээр нь уурлаад 1 удаа цохисон. Мөнгөнцэцэгийн хамраас нь цус гарахаар нь бид 2 эмнэлэг рүү явсан гэв.

Шүүгдэгч М.Энхбат нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр найз охин Мөнгөнцэцэгтэй хамт 100 дугаар дэлгүүрт нэрийг нь мэдэхгүй пабд уулзаж хоол идэж нэг нэг шил пиво уучихаад тэндээсээ гарч “Аригу” баар руу орж дахиад нэг нэг пиво ууж сууж байгаад гарч Орос элчингийн хажуугын хоолны газар ороод хоол идэх гээд хоолоо захиалаад сууж байтал би ширээн дээр цайгаа асгатал Мөнгөнцэцэг сальфеткаар миний асгасан цайг арчаад байхаар нь зөөгчийг нь дуудаад арчуулчихая гэтэл яахын бэ? би өөрөө арчия гэж зөрөөд байхаар нь би уурлаад гараад явтал араас дагаж гарч ирээд бид хоёр таксинд суугаад “Сант асар” төвийн ард явж байхад Мөнгөнцэцэг гэнэт уурлаж гар утсаараа миний хацар хамар руу цохихоор нь зөрүүлээд нүүр рүү нь цохитол доошоо тонгойж хамраа бариад цус гарахаар нь таксинаасаа буугаад гудамжинд зогсож байгаад эмнэлэг явахгүй бол болохгүй юм байна гэж бодоод Мөнгөнгүүр эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 32-39 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Мөнгөнцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сард Энхбат бид 2 Сант-Асар төвд орсон. Тэгээд би ширээн дээрээ цай асгаад өөрөө тэрийгээ арчихад Энхбат зөөгчийг дуудаад арчуулчих гэхээр нь би арчуулахгүй гэсэн. Тэгээд бид 2 тэндээсээ муудалцаж гараад таксинд суусан. Би уурандаа утсаараа нилээд хэдэн удаа Энхбатыг цохисон. Цохиулсандаа уурлаад намайг зөрүүлээд цохисон. Тэгээд шууд эмнэлэг рүү явсан. Энхбат надад эмчилгээний төлбөр, хохирлын бүх мөнгийг өгсөн. Одоо гомдол саналгүй. Бид хоёр одоо эвлэрсэн…” гэв.

Хохирогч Б.Мөнгөнцэцэг нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 21 -ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Сант асар” спорт пабд уулзаж тус тусдаа хоёр лааз пиво уугаад хоол идээд ярьж сууж байгаад тэндээсээ гарч “Аригу” бааранд орж дахиад нэг нэг лааз пиво уучихаад орой 23 цагийн орчимд гарч “Сант асар” пабын ард байрлах Алтангадас хоолны газар орж идэх хоол захиалаад сууж байхдаа би ууж байсан цайгаа асгачихаад сальфеткаар арчиж байтал манай найз залуу Энхбат “зөөгчийг нь дуудаж арчуулаач өөрөө арчаад арчаагүй” гэхээр нь “яахын бэ жаахан юм чинь би өөрөө арчия” гэтэл гэнэт уурлаад “бос явъя” гээд дагуулж гараад зам дээрээс таксинд суугаад явж байхдаа би уурлаад "чи дандаа яахаараа ингэж байдаг юм” гэж хэлээд утсаараа Энхбатыг цохитол зөрүүлээд намайг нэг удаа цохьсон тэгтэл миний хамар маш их өвдөж халуун оргиод цус гарсан чинь Энхбат одоо яанаа гээд бид хоёр “Мөнгөнгүүр” эмнэлэг орж хамраа үзүүлтэл яс нь цөмөрсөн байна гэж хэлсэн тэгээд бид хоёр салж гэр гэр рүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх 10-12 дугаар хуудас/,

 

           Гэрч Н.Мөнхбадам хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “…М.Энхбат 1995 оны 05 сарын 18-ны өдөр миний том хүү болж төрөн цэцэрлэг болон дунд сургуульд сурч суурь боловсрол эзэмшин 2012 онд Их засаг их сургуульд элсэн орж 2016 онд Гадаад харилцаа гаалийн мэргэжил эзэмшин дээд боловсролтой болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа тамхи татдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх 15-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт №1908 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Дүгнэлт:

1. Б.Мөнгөнцэцэг-н биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2 Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...шинжээч эмч М.Золжаргал...” гэжээ. /хх 18 дугаар хуудас/,

Гэрч Б.Ёолокийн мэдүүлэг /хх 13-14 дүгээр хуудас/, өвчний түүх /хх 22-26 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 28-29 дүгээр хуудас/, хорооны тодорхойлолт /хх 40 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Энхбатын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 дугаар хуудас/,

Шүүхийн шатанд шинээр нотлох баримт болгон өгсөн хохирлын баримт болон “хохирогч Б.Мөнгөнцэцэг би М.Энхбатаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Энхбат нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Сант Асар” төвийн ард 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Мөнгөнцэцэгтэй “ширээн дээр асгасан зүйлийг зөөгчөөр арчуулсангүй өөрөө арчлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, хохирогч Б.Мөнгөнцэцэг нь хэл үгээр өдөн хэрүүл маргааныг даамжируулан шүүгдэгчийн нүүрэн тус газар нь удаа дараа утастай гараараа цохиж зүй бус үйлдэл гаргасны улмаас шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлээнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1908 тоот акт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч М.Энхбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Мөнгөнцэцэгээс шүүгдэгч М.Энхбатттай “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан /хх 62/ байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Баяныхан овогт Мөнхбадамын Энхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Энхбатад холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар М.Энхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч М.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Энхбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Энхбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДУЛАМСҮРЭН