Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 124/ШШ2022/0025

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ..., ... хороо, ... тоотод байрлах “С” ХХК,

Хариуцагч: Ховд аймгийн ХОАОНӨГ/202101027 дугаартай “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: Ховд аймгийн ... суманд байрлах “Г Ө” ХХК

Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас зарласан ХОАОНӨГ/202101027 дугаартай "Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж" нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 08-р сарын 23-ны өдрийн 441 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Н.Б /цахимаар/, гуравдагч этгээд “Г Ө” ХХК-ийн захирал Т.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь анх Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас зарласан ХОАОНӨГ/202101027 дугаартай “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Үнэлгээний хорооны 2021 оны 08-р сарын 23-ны өдрийн 441 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Үнэлгээний хорооны “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хэвээр үлдээсэн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалт шүүхэд шилжсэн, үнэлгээний хорооны гишүүд АТГ-т шалгагдаж байх хугацаанд буюу 2021 оны 10-р сарын 19-ны өдөр бүрэн гүйцэт ирээгүй байгаа бараа тоног төхөөрөмжийг 100% хүлээн авлаа гэж шийдвэрлэсэн 03 тоот "Тоног төхөөрөмж хүлээн авсан акт"-ыг хүчингүй болгуулах, уг тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх” гэж өөрчлөн тодруулжээ.

2. Ховд аймгийн ХОАОНӨГ/202101027 дугаартай “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, “С ХХК-д шалгараагүй мэдэгдэл, хуулийн үндэслэлийг албан тоотоор хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 441 тоот албан бичгээр “С” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д зааснаар өндөр үнийн санал ирүүлсэн тул шалгараагүй шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа  мэдэгдсэн байна.

3. Нэхэмжлэгч “С” ХХК нь тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас 2021 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/4936 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “... Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар гомдлыг буцаасан байх ба нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ шүүхэд ирүүлжээ.

4. Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан ХОАОНӨГ/202101027 тоот "Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж" нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцсон юм. Уг тендерийн нээлт 2021 оны 06-р сарын 18-ны өдөр болсон ба тендерийн үнэлгээний хороо тухайн өдөрт нь шийдвэр гаргаж манай тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан билээ. Бид үнэлгээний хорооны шийдвэрийг эс  зөвшөөрч Сангийн Яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас дахин үнэлэх шийдвэр гарсан юм. Гэтэл Ховд аймгийн худалдан авах ажиллагааны албанаас дахин үнэлээд эхний үнэлгээгээр унасан “Г Ө” ХХК-г шалгаруулсан байдаг. Бид уг компанийн тендерийн материалыг шалгаж үзэхэд цөөнгүй алдаа дутагдал илэрсэн тул Сангийн Яаманд 2 дахь удаагаа гомдол гаргаж, Сангийн Яамнаас ч 2 дахь удаагаа дахин үнэлэх шийдвэр гаргасан билээ. Гэтэл Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн, уг тендерийн нарийн бичгийн дарга Д гэх хүн манай компанитай утсаар холбогдож "Сангийн Яам буруу шийдвэр гаргасан байна. Манайх өөрсдийн шийдвэрийг хамгаалж үлдэхээр шийдлээ. Цаашлаад танай материалыг шалгахад өөр алдаатай зүйлс ч байна" гэх зэргээр илт мэргэжлийн бус хувийн үзэмжээр асуудал шийдсэн тухайгаа ярьж манай тендерээс дахин татгалзсан албан тоотоо илгээсэн болно. Ингээд бид манай компани дээр гаргасан шинэ үндэслэлүүд болон “Г Ө” ХХК-ийн шаардлага хангахгүй материал дээр Сангийн Яаманд 3 дахь удаагаа гомдол гаргаж Сангийн Яам мөн л дахин үнэлэх шийдвэр гаргасан байгаа. Улмаар Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас 2021 оны 08-р сарын 23-ны өдөр дахин үнэлгээ хийж манай компанийн тендерээс өндөр үнэ ирүүлсэн хэмээн татгалзсан байсан ба бид шалгарсан компанийг цахим системээс шалгахад дахин Сангийн Яамны шийдвэрийг үл ойшоож дээрх “Г Ө” ХХК-ийг шалгаруулсан мэдээллийг бид хүлээн аваад байна.

Энэ хугацаанд Сангийн Яамны 3 удаагийн хяналтаар Г Ө ХХК-ийн илгээсэн тендер нь дараах дутагдалтай байгааг тогтоосон. Үүнд:

1. Г Ө ХХК-д шаардлагатай баримт материал, барьцаа хөрөнгийг үндэслэн 60 сая төгрөгийн зээл олгоход татгалзах зүйлгүй тухай Голомт банкны 2021 оны 06-р сарын 17-ны өдрийн 11/14 тоот тодорхойлолт нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2(г)-д "Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60,000,000 төг. /Банкны зээлийн нөхцөлийн дагуу, судлагдаж байгаа болон судалж үзээд зээл олгох боломжтой тухай гэсэн тодорхойлолтыг хүчинтэйд тооцохгүй/ гэж заасныг хангахгүй.

2. Түншлэлийн гишүүн болох “Х А” ХХК-д банкны зээлийн болон бусад холбогдох журмын шаардлага хангасан тохиолдолд 90 сая төгрөг хүртэлх зээлийн хүсэлтийг судалж, олгох боломжтой тухай Төрийн банкны 2021 оны 5-р сарын 28-ны өдрийн 27/490 тоот тодорхойлолт нь мөн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2(г)-д "Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60,000,000 төг. /Банкны зээлийн нөхцөлийн дагуу, судлагдаж байгаа болон судалж үзээд зээл олгох боломжтой тухай гэсэн тодорхойлолтыг хүчинтэйд тооцохгүй/ гэж заасныг хангахгүй.

3. Г Ө ХХК болон “Х А” ХХК-ийн түншлэл нь санал болгож буй тоног төхөөрөмжийн фото зургийг ирүүлээгүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 (ё)-ын 10-т "Нийлүүлэхээр санал болгож буй тавилга, тоног төхөөрөмжийн фото зураг, техникийн үзүүлэлт, үнийн хамт ирүүлэх" гэж заасныг тус тус хангахгүй байхад Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь өөрсдийн баталсан тендерийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаа тендерийг удаа дараа шалгаруулсаар байна. Харин манай С ХХК-ийн хүргүүлсэн тендерээс дараах шалтгаануудаар татгалзсан боловч Сангийн Яамны хяналтаар бүгд үндэслэлгүй гэж дүгнэгдсэн болно. Үүнд:

1. ТОӨЗ-ийн 18.2 (г)-д зааснаар арилжааны банкны зээл авч болох мөнгөн дүнгийн тодорхойлолт байхгүй - ТОӨЗ 18.2 (г)-д Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тус тус тодорхойлно. Үүнд: 1. Байгууллагын дансны үлдэгдэл /Харилцагч банкны/ 2. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт... гэж заасны дагуу С ХХК нь өөрийн Голомт банкин дахь харилцах дансны 83,907,175.85 бүхий үлдэгдлийн тодорхойлолт илгээсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж Сангийн Яам 2021 оны 07 сарын 05-ны 6-1/3782 тоот бичгээр мэдэгдсэн.

2. ТОӨЗ-ийн хүснэгтэд зааснаар итгэмжлэл шаардлага хангахгүй буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямцэрэн тендер илгээгүй – “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан /орendata.burtgel.gov.mn/-д итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж бүртгэгдсэн Н.Б нь тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системээр ирүүлсэн нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 2.8-д "Цахим системд нэвтрэх эрх авсан тендерт оролцогч нь хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн, иргэн бол тухайн иргэний үндэсний тоон гарын үсгийг ашиглан цахим тендер шалгаруулалтад оролцоно" гэж заасан байх тул энэ нь татгалзах үндэслэл болохгүй гэж Сангийн Яам 2021 оны 08 сарын 18-ны 6-1/4702 тоот бичгээр мэдэгдсэн.

3. ТОӨЗ-ийн 12.1 (ё) 8-д зааснаар материал бусад оролцогч нарт ил болгох журмыг хүлээн зөвшөөрч ирүүлээгүй – “С” ХХК-аас "...гүйцэтгэгчээр шалгарсан тохиолдолд бидний ирүүлсэн тендерийг олон нийтэд ил болгоход татгалзах зүйлгүй" гэж 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 03/283 тоот албан бичиг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 (ё) 8-д "...материалыг нийтэд ил тод болгохыг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай" гэсэн заалтыг хангаж байгаа талаар Сангийн Яам 2021 оны 08 сарын 18-ны 6-1/4702 тоот бичгээр мэдэгдсэн.

Иймд Төрийн худалдан авах ажиллагааны шударга байдлыг гажуудуулсан, ТБОНӨХБАҮХА тухай хуулийг удаа дараа ноцтойгоор зөрчиж алдаа дутагдал ихтэй материал илгээсэн аж ахуйн нэгжийг шалгаруулахаар илтэд улайрсан, төрийн албан хаагчийн олоод худалдан авах ажиллагааг зохион байгуулагч этгээдийн хувьд байж боломжгүй мэргэжлийн бус хандлага гаргаж, ТБОНӨХБАҮХА тухай хуулийг удаа дараа ноцтойгоор зөрчиж байгаа уг тендерийн үнэлгээний хороог холбогдох хууль журмын дагуу шалган, буруутай этгээдэд хариуцлага тооцож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу шударга явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Н.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцсон. Уг тендерийн нээлт нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болсон. Нээлт хийсэн өдрөө үнэлгээний хороо хуралдаж, үнэлгээний хорооны нарийн бичиг Х.Д гэж хүн шийдвэр гарахаас өмнө албан ёсны хариу гараагүй байхад нарийн бичиг гэх хүн над руу утсаар холбогдоод танай компани шалгараагүй шүү албан тоот явуулна гэж хэлсэн. Ингээд албан тоот нь ирсэн. Уг албан тоотдоо үндэслэлгүйгээр манай компаниас татгалзаж, Ховд аймгийн Г ХХК-ийг шалгаруулсан. Манай талаас холбогдох баримтуудыг шалгаж үзэхэд шалгарсан компани нь шаардлага хангаагүй холбогдох бичиг баримт хуулийн дагуу бүрдүүлж өгөөгүй байсан тул Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны зүгээс манай компанийг татгалзсан үндэслэл буруу байна, мөн шалгаруулсан компани нь шаардлага хангахгүй компани байна гэсэн шийдвэр гаргасан. Түүний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж Ховд аймгийн “Г Ө” ХХК-ийг шалгаруулсан байсан. Мөн урьдын адил шийдвэрээ албажуулахаас өмнө утсаар “Г Ө” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн. Тэгэхэд миний зүгээс эхний үнэлгээгээр унасан компанийг ямар үндэслэлээр шалгаруулсан юм бэ? гэхэд энэ компани манай дээр ажил хийх дутуу, гэрээ нь дутуу байсан үндэслэлээр унасан байсан. Одоо харин тухайн гэрээнээсээ татгалзаж байгаа учраас өөр унах шалтгаан байхгүй болчихож байгаа юм гэсэн тайлбар өгсөн. Ингээд албан ёсоор “Г Ө” ХХК-ийг шалгаруулаад гаргачихаар нь тухайн компанийн материалыг шалгаж үзэхэд мөн л 2, 3 алдаатай зүйл байсан учраас тухайн үндэслэлээр нь Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам шалгаж үзээд мөн л шаардлага хангахгүй тендер байна. Үндэслэлгүйгээр сонгосон байна гэх хариу ирүүлсэн. Үнэлгээний хорооноос утсаар мөн л ярьсан. Ингэхдээ манайх өөрийн шийдвэрээ хамгаалж үлдэхээр шийдлээ, танайх Сангийн яаман дээр танилтай юм уу? Тэгээд ийм шийдвэр гаргаад байгаа юм биш үү гэж утсаар ярьсан” гэж хэлсэн. Ингээд араас нь албан бичиг явуулахдаа “Г Ө” ХХК-ийг шалгаруулсан. Мөн манай компаниас татгалзсан үндэслэл дээрээ нэмж 2, 3 татгалзсан үндэслэл бичээд явуулсан байсан. Ингэхээр нь тухайн татгалзсан үндэслэлийг няцаагаад Сангийн яаманд 3 дахь удаагаа гомдол гаргасан. Сангийн яамны зүгээс тухайн үндэслэлүүдийг няцааж С ХХК-иас үндэслэлгүйгээр татгалзаж байна, Г Ө ХХК нь алдаатай материал илгээсэн байна гэж 3 дахь удаагаа шийдвэр гаргасан. Гэтэл үнэлгээний хороо сүүлд нь танай компани үнийн саналаараа тэнцээгүй гэсэн хариу өгсөн. Энэ талаараа мөн л утсаар ярьж мэдэгдсэн. Ингэхдээ үнэлгээний хороо танай компанийг одоо илүү дутуу шалтгаан хэлэхгүйгээр үнийн саналаар чинь унагалаа гэсэн зүйл ярьсан. Ингээд бидний мөн л Сангийн яаманд гомдол гаргахад одоо хянах боломжгүй гэсэн хариу өгсөн. Эдгээр олон шийдвэр гарсаар байхад Г Ө ХХК-ийг тус тендерт шалгаруулсан. Ховд аймагт болсон шүүх хуралдаан дээр Г Ө ХХК  нь Соёлын төвийн бүх тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэж өгөөгүй байхад 100 хувийн гүйцэтгэлтэй гэж хүлээж авсан А03 тоот акт үйлдсэн байсан. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж нь бүрэн ирээгүй хилийн цаана тал нь байхад тоног төхөөрөмжөө 100 хувь хүлээж авлаа гэсэн 03 тоот акт үйлдсэн байдаг. Энэ нь ямар ч худалдан авах ажиллагааны аль ч заалтад ийм зүйл байдаггүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Эдгээрээс дүгнэхэд үнэлгээний хороонд ашиг сонирхлын маш том зөрчил байна гэж дүгнээд байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн ёс зүйтэй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг би хүсэж байна” гэжээ.

6. Хариуцагч "Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж" нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч "С" ХХК-ийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 03-ний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна: Үүнд: Сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын шалгаруулалтад Сангийн яаманд С ХХК-с 3 удаа гомдол гаргасан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3782 тоот дүгнэлтийн дагуу үнэлгээний хороо шийдвэрээ өөрчилж үнэлсэн. Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4248 тоот дүгнэлт, 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 4702 тоот дүгнэлтийг тус тус үнэлгээний хороо эс зөвшөөрсөн. Үүнд:

1. Сангийн яамны дээрх дүгнэлтэд ТОӨЗ-ийн 18.2(г) буюу түргэн хөрвөх хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ /60 000 000, жаран сая/ төгрөгийг хангахгүй байна гэж үзсэн үнэлгээний хороо тендерийн баримт бичигтэй Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий албан бичигтэй бол хангахаар заасан. "Г Ө" ХХК нь Голомт банкны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11/14 тоот албан бичгээр 60 000 000 /жаран сая/ төгрөг зээлэх боломжтой албан бичиг ирүүлсэн нь ТОӨЗ-ийн 18.2-ыг хангаж байна гэж үзнэ.

2. ТОӨЗ-ийн 12.1(ё)-д зааснаар нийлүүлэх тоног төхөөрөмжийн зураг байхгүй тул шалгарах боломжгүй гэж Сангийн яам үзсэн гэтэл манайд ирүүлсэн "Г Ө" ХХК-ний 3-р файлын 48, 49 дүгээр хуудаст ажлын даалгаварт заасан тоног төхөөрөмжийг техникийн тодорхойлолтын дагуу ирүүлсэн учраас зураг байхгүй гэдгээр компани тендер унагаж болохгүй гэсэн үнэлгээний хорооны олонхын шийдвэр гарсан тул тус тус үндэслэлээр Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4248 тоот , 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4702 тоот дүгнэлтүүдийг үнэлгээний хороо нь хүлээн зөвшөөрөөгүй. Үнэлгээний хороо нь: Сангийн яамны гомдлыг хянасан албан тушаалтан нь хэт нэг талыг барьсан, Г Ө ХХК-ний тендерт ирүүлсэн материалыг ирүүлээгүй мэтээр тендерийн үнэлгээнд нөлөөлөл үзүүлсэн гэж үзсэн. / энэ нь Сангийн яамаар дамжуулаад үнэлгээний хорооны шийдвэрт удаа дараа нөлөөлөх гэсэн үйлдэлтэй байх магадлалтай/ С ХХК-ны тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн тул Үнэлгээний хорооны олонхын шийдвэрээр уг компанийн тендерээс татгалзсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

7. Гуравдагч этгээд “Г Ө” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч "С" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх барааны тендерт шалгаруулалтад гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

1. Сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх барааны тендер шалгаруулах тендерт манай компанийг Сангийн яам техникийн тодорхойлолт буюу нийлүүлэх тоног төхөөрөмжийн зураг байхгүй гэж үзсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т техникийн тодорхойлолт гэж тусгасан болохоос нийлүүлэх барааны зураг ирүүлэх талаар хуулиар зохицуулаагүй тул дээрх үндэслэлээр Монгол Улсын Сангийн яам болон “С” ХХК-иас гарсан гомдол, гомдол хянаж хариу өгсөн албан бичгийг хуульд заагаагүй буюу тусгаагүй үндэслэлээр манай компанийн эсрэг явуулсан хууль бус ажиллагаа гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

2. Монгол Улсын Сангийн яамны гомдлыг хянаад гаргасан дүгнэлт, С ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг манай компани Голомт банкны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11/14 тоот албан бичгээр 60 000 000 /жаран сая/ төгрөг зээлэх боломжтой албан бичиг материалд хүргүүлсэн.

Зээлийн хорооны шийдвэр тендер зарласан хугацаанд гаргах боломжгүй тул оролцсон бүх тендер шалгаруулалтад дээрх албан бичиг явуулж шалгарч байсан болно.

3. Манай компани тендерийн баримт бичигт заасны дагуу нийлүүлэхээр файлын 48, 49 дүгээр хуудаст ажлын даалгаварт заасан тоног төхөөрөмжийг техникийн тодорхойлолтыг хавсаргасан болно.

Иймд “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Гуравдагч этгээд “Г Ө” ХХК-ийн захирал Т.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тоног төхөөрөмж дутуу байхад хүлээж авсан гээд байна. Манай компани гэрээнд тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлсэн.  Хилийн цаана зөвхөн 2 аппартурны 1 үлдсэн байсан нийт тоног төхөөрөмжийн 95 хувийг хүлээлгэж өгсөн. Манайх өмнө нь ажил аваад гүйцэтгэж дуусаагүй байсан учраас эхлээд шалгараагүй унасан. “Г Ө” ХХК тус ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул манай компанийг шалгаруулахгүй байх үндэслэлгүй болж шалгарсан. Сангийн яамны зүгээс манай компанийг ажлын даалгаврын зураг байхгүй гэх үндэслэлээр тэнцэхгүй гэсэн байсан. Манайх ажлыг гүйцэтгэхдээ техникийн тодорхойлолтын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Техникийн тодорхойлолтыг ажлын даалгаврын зурагтай дүйцэхүйц гэж үзэж байгаа” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын  тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн  нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Ховд аймгийн ХОАОНӨГ/202101027 дугаартай “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан  “Үнэлгээний хорооны 2021 оны 08 сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2021 оны 10-р сарын 19-ны өдрийн 03 тоот "Тоног төхөөрөмж хүлээн авсан” актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч “С” ХХК нь Ховд аймгийн ХОАОНӨГ/202101027 дугаартай “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн   үнэлгээний хороонд холбогдуулан “Үнэлгээний хорооны “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хэвээр үлдээсэн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгуулах, 2021 оны 10-р сарын 19-ны өдрийн 03 тоот "Тоног төхөөрөмж хүлээн авсан акт"-ыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.

11. Нэхэмжлэгч талаас “Төрийн худалдан авах ажиллагааны шударга байдлыг гажуудуулсан, ТБОНӨХБАҮХА тухай хуулийг удаа дараа ноцтойгоор зөрчиж алдаа дутагдал ихтэй материал илгээсэн аж ахуйн нэгжийг шалгаруулахаар илтэд улайрсан, төрийн албан хаагчийн болоод худалдан авах ажиллагааг зохион байгуулагч этгээдийн хувьд байж боломжгүй мэргэжлийн бус хандлага гаргаж, ТБОНӨХБАҮХА тухай хуулийг удаа дараа ноцтойгоор зөрчиж байгаа уг тендерийн үнэлгээний хороог холбогдох хууль журмын дагуу шалган, буруутай этгээдэд хариуцлага тооцож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу шударга явуулах нөхцөл бололцоогоор хангуулах” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

12. Хариуцагч Ховд аймгийн ХОАОНӨГ/202101027 дугаартай "Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж" нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, урьд нь шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “С” ХХК өндөр үнийн санал ирүүлсэн учир  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д зааснаар тендерт шалгараагүй талаар тайлбар ирүүлсэн байдаг.

13. Гуравдагч этгээдийн зүгээс “Үнэлгээний хорооны 201 оны 08 сарын 23-ний өдрийн шийдвэрийн шийдвэрийн дагуу тоног төхөөрөмж нийлүүлэх  гэрээ байгуулж, гэрээнд заасан  тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн” гэх тайлбарыг гаргажээ.

14. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих ХОАОНӨГ/202101027 дугаартай Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг  сонгох цахим тендер  шалгаруулалт зарлажээ. Уг тенде шалгаруулалтанд  “Б Р Т” ХХК, “Г” ХХК, “Г Ө” ХХК, “С” ХХК, “Д Г Р” ХХК, “С Д Ө” ХХК гэсэн зургаан компани “ цахимаар материалаа ирүүлж оролцсон байна.

15. 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ажлын тендерийг үнэлэх үнэлгээний хороо хуралдаж, гишүүдийн олонхын саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 271.1, 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, “Б Р Т” ХХК, “Г Ө” ХХК, “С” ХХК, “Д Г Р” ХХК, “С Д Ө” ХХК-д шалгараагүй мэдэгдэл, хуулийн үндэслэлийг албан тоотоор хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

16. Ингэснээр Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 304 тоот албан бичгээр “С” ХХК-д “Сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ХОАОНӨГ/202101027 ажлын тендер шалгаруулалтад  танай ирүүлсэн тендерийн материалд ТОӨЗ-ийн 18.2 (г)-д зааснаар арилжааны банкны зээл авч болох мөнгөн дүнгийн тодорхойлолт байхгүй буюу түргэн хөрвөх хөрөнгө ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар шалгараагүй болох”-ыг мэдэгдсэн байна.

17. Тус шийдвэрийг эс зөвшөөрч “С” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянаад Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3782 тоот албан бичгээр “...Захиалагч "С" ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2 (г)-д "... Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тус тус тодорхойлно. Үүнд: Байгууллагын дансны үлдэгдэл /Харилцагч банкны/, 2. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт..." гэж заасны дагуу арилжааны банкны зээлийн тодорхойлолт ирүүлээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. Тус компанийн тендерийн материалд ирүүлсэн Голомт банкны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10/170 дугаар дансны үлдэгдлийн тодорхойлолт нь дээрх шаардлагыг хангаж байна” гэсэн хариуг өгчээ.

Харин "Г" ХХК нь Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газартай 2019 онд байгуулсан гэрээний захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, мөн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хөгжим аппаратурын миксер, утасгүй микрофоны хөл зэргийг санал болгоогүй, хөгжим аппаратур хэсгийн төхөөрөмжийн зураг ирүүлээгүй зэрэг нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа  талаар дүгнэж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 6 дугаар 18-ны өдрийн 303 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгджээ.

18. Үүний дагуу 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ажлын тендерийг дахин үнэлэхээр үнэлгээний хороо хуралдаж, гишүүдийн олонхын саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 271.1, 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад компанид шалгараагүй мэдэгдэл, хуулийн үндэслэлийг албан тоотоор хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албаас 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 410 тоот албан бичгээр өндөр үнийн санал ирүүлсэн ”С” ХХК тендер шалгаруулалтад шалгараагүй болохыг мэдэгдсэн байна.

19. Энэхүү шийдвэрийг ”С” ХХК эс зөвшөөрч дахин гомдол гаргажээ. Монгол Улсын Сангийн яам “С” ХХК-ийн гомдлын дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Гайхамшигт-Өнгө" ХХК болон "Х-А" ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хянан үзээд Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4248 тоот албан бичгээр хариу өгчээ.

Уг албан бичигт “Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Гайхамшигт-Өнгө” ХХК-д шаардлагатай баримт материал, барьцаа хөрөнгийг үндэслэн 60 сая төгрөгийн зээл олгоход татгалзах зүйлгүй тухай Голомт банкны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 11/14 тоот, түншлэлийн гишүүн "Х-А" ХХК-д банкны зээлийн болон бусад холбогдох журмын шаардлага хангасан тохиолдолд 90 сая төгрөг хүртэлх зээлийн хүсэлтийг судалж, олгох боломжтой тухай Төрийн банкны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 27/490 тоот тодорхойлолтыг тус тус ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.2(г)-д "Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60,000,000 төг. /Банкны зээлийн нөхцөлийн дагуу, судлагдаж байгаа болон судалж үзээд зээл олгох боломжтой тухай гэсэн тодорхойлолтыг хүчинтэйд тооцохгүй/” гэж заасанд нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” талаар дүгнэсэн байна.

Улмаар тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-ын 10-т "Нийлүүлэхээр санал болгож буй тавилга тоног төхөөрөмжийн фото зураг, техникийн үзүүлэлт, үнийн хамт ирүүлэх" гэж заасны дагуу "Гайхамшигт-Өнгө" ХХК болон "Х-А" ХХК-ийн түншлэл санал болгож буй тоног төхөөрөмжийн фото зургийг ирүүлээгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзээд  захиалагчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 411 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг үүрэг болгожээ.

20. Ингэснээр үнэлгээний хороо дахин хуралдаж, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ажлын тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 271.1, 28.7.4-д зааснаар удаах хамгийн бага харьцуулах үнэтэй хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, “С” ХХК-д шалгараагүй мэдэгдэл, хуулийн үндэслэлийг албан тоотоор хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл өмнөх 2021 оны 07 сарын 08-ны өдрийн шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 21. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албаас 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 428 тоот албан бичгээр “Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4248 тоот албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин хуралдаад “Г Ө” ХХК нь Голомт банкны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 11/14 тоот албан бичиг, тендерт ирүүлсэн 3-р файлын 48, 49 дүгээр хуудаст ажлыг даалгаврыг тендерийн баримт бичигт зааснаар ирүүлсэн байна. Танай компанийн тухайд ТОӨЗ-ийн Б.Нямцэрэн тендер илгээгүй, ТОӨЗ-ийн 12.1 (ё).8-д зааснаар материал бусад оролцогч нарт ил болгох журмыг хүлээн зөвшөөрч ирүүлээгүй, түргэн хөрвөх хөрөнгө буюу авах боломжтой зээлийн хэмжээг нотолсон арилжааны банкны бичиг ирүүлээгүй зэрэг үндэслэлээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар өндөр үнийн санал ирүүлсэн учир” шалгараагүй шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн байна.

22. Ингэснээр “С” ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд 3 дахь удаагаа дахин гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг Монгол Улсын Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан хянаад Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/4702 тоот албан бичгээр хариу өгчээ. Тус албан бичигт ““С" ХХК-ийн гомдолд дурдсаны дагуу тус компанийн ирүүлсэн тендерийг хянан үзээд компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан /opendata.burtgel.gov.mn/-д итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж бүртгэгдсэн Н.Б нь тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системээр ирүүлсэн нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг мэдээлэх журам"-ын 2.8-д "Цахим системд нэвтрэх эрх авсан тендерт оролцогч нь хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн, иргэн бол тухайн иргэний үндэсний тоон гарын үсгийг ашиглан цахим тендер шалгаруулалтад оролцоно." гэж заасанд нийцсэн байхад итгэмжлэл шаардлага хангахгүй буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямцэрэн тендер илгээгээгүй гэж үнэлсэн нь дээрх шаардлагад нийцэхгүй байна” гэж,

Мөн "С" ХХК-аас "...гүйцэтгэгчээр шалгарсан тохиолдолд бидний ирүүлсэн тендерийг олон нийтэд ил болгоход татгалзах зүйлгүй" гэж 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/283 тоот албан бичиг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-ын 8-д “...материалыг нийтэд ил тод болгохыг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай" гэсэн заалтыг хангасан байна” гэж тус тус дүгнэжээ.

Түүнчлэн Сангийн сайдын 2015 оны 343 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал"-ын 3.2.2.е-д заасан түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болох 83,907,175.85 төгрөгийн дансны үлдэгдэлтэй тухай Голомт банкны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10/170 тоот тодорхойлолтыг "С" ХХК-аас тендерт хавсарган ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2(г)-д заалтад нийцсэн байхад түргэн хөрвөх хөрөнгө буюу авах боломжтой зээлийн хэмжээг нотолсон арилжааны банкны бичиг ирүүлээгүй гэж үнэлгээг зөрүүтэй хийсэн байна гэж тус тус дүгнээд захиалагчийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 428 тоот мэдэгдлийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.

23. Үүний дагуу Үнэлгээний хороо 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дарга Ш.Нохойжав, гишүүн М.Отгонцэцэг, З.Мөнхтуул, нарийн бичгийн дарга Х.Д нарын бүрэлдэхүүнтэй дахин хуралдаж, “Сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ажлын тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцээд үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнаас гаргасан ““Г Ө” ХХК болон Х-А ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт бусад заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй” гэх дүгнэлтийг  хүлээн авахаас  татгалзаж, өмнөх 2021 оны 07 дугаар сарын О8 болон 08 сарын 02-ны өдрийн “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Тендерийн үнэлгээний хорооны энэхүү шийдвэр, тэмдэглэл хэлбэрээр гарсан байна.

24. Хариуцагч Үнэлгээний хороо нь уг шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг “Г Ө” ХХК ирүүлсэн гэж үзсэн байна.

25. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ гэжээ.

27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага

27.1.2. техникийн тодорхойлолт

27.1.3 тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер энэ хуулийн 27.1-д заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж тус тус заажээ.

26. Аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн тендерийг эхлээд  шаардлага хангасан эсэхийг хянан үзээд, шаардлагад нийцсэн бол уг тендерт үнэлгээ хийх талаар хуулиар зохицуулсан байна. Аливаа тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан гурван шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд “шаардлагад нийцсэн” тендер  гэж үздэг байна.

 27. Хариуцагч Үнэлгээний хорооны маргаан бүхий шийдвэрт “Г Ө” ХХК-иас ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байх боловч хуульд заасан нөгөө хоёр шаардлагыг хангасан эсэх талаар дүгнээгүй ба Сангийн яамны 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 6-1/4702 тоот албан бичигт дурдсан “мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан тендерийн бичиг баримтад нөхцөл, шаардлагыг тендерт шалгарсан  компани хангаагүй” байгаа талаарх дүгнэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзжээ.

28. Монгол Улсын Сангийн яам гомдол гаргагч “С” ХХК-ийн гомдлыг хуулийн хүрээнд удаа дараа үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байхад  хариуцагч үнэлгээний хороо “Г Ө” ХХК болон “Х-А” ХХК--ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үзэн үнэлгээ хийсэн нь буруу болжээ. Захиргааны байгууллага нь харьяа дээд шатны захиргааны  байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг.

29. Хариуцагч эрх зүйн зөрчилтэй хууль бус шийдвэрийг гаргасан байгаа боловч уг шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан зөрчигдсөн эрх сэргэх /дахин үнэлгээ хийх/ боломжгүй нөхцөл байдал бий болсон байна. Учир нь: Гуравдагч этгээд “Г Ө” ХХК нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албатай Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх  гэрээ байгуулж, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг захиалагч байгууллагад нийлүүлсэн нь хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар,2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тоног төхөөрөмж хүлээн авсан акт болон хүлээн авах  комиссын хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Уг тоног төхөөрөмжийг Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадоржоор ахлуулсан ажлын хэсэг хүлээн авчээ.

30. Иймд дээр дурдсан хууль эрх зүйн үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Ховд аймгийн ХОАОНӨГ/202101027 дугаартай “Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан  “Үнэлгээний хорооны “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон  шийдвэрээ хэвээр үлдээсэн  2021 оны 08 сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

31. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргаан акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэжээ.

32. 2021 оны 10-р сарын 19-ны өдрийн 03 тоот "Тоног төхөөрөмж хүлээн авсан” акт нь хуульд заасан захиргааны актын захирамжилсан шинжийг бүрэн агуулаагүй ба захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй  байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадоржоор ахлуулсан ажлын хэсгийн үйлдсэн 2021 оны 10-р сарын 19-ны өдрийн 03 тоот "Тоног төхөөрөмж хүлээн авсан актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

33. Харин нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар  шаардах эрхтэй.

34. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.                      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Худалдан авах ажиллагааны апбанаас зарласан ХОАОНӨГ/202101027 дугаартай "Сумдын Соёлын төвийн тоног төхөөрөмж" нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны “Г Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон  шийдвэрээ хэвээр үлдээсэн 2021 оны 08-р сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадоржоор ахлуулсан ажлын хэсгийн үйлдсэн 2021 оны 10-р сарын 19-ны өдрийн 03 тоот "Тоног төхөөрөмж хүлээн авсан акт"-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Т.ОЮУНГЭРЭЛ