| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208017732183 дугаартай 2 хавтас хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********тоот гэртээ төрсөн эх хохирогч **********зодож, эрүүл мэндэд “баруун талын хоншоорын хөндийн гадна хана, зүүн талын хоншоорын хөндийн гадна хана, урд хана хугарал, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх шимэгдэж буй цусан хураа” гэмтэл хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэртээ 1 шил архи уусан. Юу болсныг одоо хүртэл санадаггүй юм. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч байна. Харамсаж байгаа” гэв.
Эрүүгийн 2208017732183 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “Би өөрийн хүү **********ын эсрэг ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо би зүгээр” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-39 дэх тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********: “2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ********** ахын охин ********** залгаад эмээгийн бие муудаад эмнэлэгт хэвтчихлээ, аав архи уугаад эмээтэй муудалцсан байна. Аавыг цагдаа аваад явсан гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэг дээр очиход ээжийг ********** ахын эхнэр ********** эгч сахиж байсан. “Ээжийн бие яаж байна” гэж асуусан чинь “харвалт өгсөн гэж байна, харвалт шимэгдэх эмчилгээ хийж байгаа” гэж хэлсэн. Ээж эмнэлгээс биеийн байдал сайжирсан гэж 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан. 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ээжтэй уулзаад “юу болсон юм бэ, ********** ах та 2 маргалдаж зодолдсон зүйл болсон юм уу” гэж асуусан чинь “бид 2 хоорондоо муудалцсаан. Би цагдаад гомдол саналгүй, **********ын эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж хэлсэн байгаа гэж хэлсэн. Өөр зүйлийг надад хэлээгүй. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал ********** ах залгаад “ээж хоол унд идэхээ больчихлоо, чамайг харвал идэж магадгүй, чи хүрээд ирэх үү” гэж хэлэхээр нь очтол ээж идэж уухгүй, юм ч огт ярихгүй байсан. Сүүлдээ ээж маань их сонин байдалтай болчихоор нь түргэн дуудаж үзүүлсэн чинь нас барсан байна гэж хэлсэн. ********** ах ээжийг минь яг асарч тойлж хажуудаа авч явж ирсэн хүн. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.18-ны өдрийн 6957 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед баруун дух, чамархай, зулай, зүүн зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн цус харвалт, дух, хөмсөг, зовхи, нүдний гадна булан, хацар, эрүү, уруул, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 89-91 дэх тал),
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.31-ний өдрийн 832 дугаар дүгнэлтэд: “1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 6957 дугаартай дүгнэлтийн гэмтлийн хүнд зэрэг гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ********** биед учирсан тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай байдал үүсгээгүй байх ба учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Урьд гаргасан шарилд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 504 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач **********нь зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний дутагдлын улмаас нас барсан нь шарилд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, шүүх эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна. 3. Талийгаач ********** биед баруун дунд чөмөгний хүзүүний үйрч бяцарсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн гадна хана, зүүн талын хоншоорын хөндийн гадна хана, урд хана хугарал, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх шимэгдэж буй цусан хураа, дух, чамархайн хуйхан дахь цус хуралт, зүүн бугалга, зүүн эгэм, зүүн өвдөгний нүд, зүүн гуя, баруун нүдний дээд доод зовхи, баруун хөмсөг духыг хамарсан, духны зүүн тал, зүүн хацрын төвгөрийн шимэгдэж буй цус хуралтууд тогтоогджээ. 4.5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтлүүдээс баруун дунд чөмөгний хүзүүний үйрч бяцарсан хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун талын хоншоорын хөндийн гадна хана, зүүн талын хоншоорын хөндийн гадна хана, урд хана хугарал, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх шимэгдэж буй цусан хураа нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, дух, чамархайн хуйхан дахь цус хуралт, зүүн бугалга, зүүн эгэм, зүүн өвдөгний нүд, зүүн гуя, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөг духыг хамарсан, духны зүүн тал, зүүн хацрын төвгөрийн шимэгдэж буй цус хуралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.8. Баруун дунд чөмөгний хүзүүний үйрч бяцарсан хугарал нь нас барахаас 14-21 хоногийн өмнө, бусад гэмтэл 2022.05.10-ны өдөр үүссэн байна. 9.14. Учирсан гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. 10. Талийгаач **********нь зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний дутагдалтай байсан байна. Уг өвчин хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. 11. ГССҮТ-д 12 хоног тархины дунд зэргийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа оношоор хэвтэж эмчлүүлсэн. Эмийн эмчилгээ хийгдэн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. 12. Талийгаач **********эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж багатай. 13.15. Талийгаач **********нь архаг хууч өвчний улмаас буюу зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний дутагдлаар нас баржээ. 16.17.18. Талийгаачийн шарилд хими, биологийн шинжилгээ хийгээгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 125-134 дэх тал),
Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: “Баруун дунд чөмөгний хүзүүний бяцарсан хугарал гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө 14-21 хоногийн дотор үүссэн байх боломжтой буюу 2022.05.13-наас 2022.05.20-ны өдрийн хооронд учирсан байх боломжтой. Тухайн цаг хугацааны шарил шинжсэн тэмдэглэлээс үзэхэд баруун дунд чөмөг хүзүүгээрээ хугарсан ясны хурц ирмэгүүдтэй, үүрмэг бороолсон ясны орчны эдэд цус хуралтгүй байсан. Иймээс уг хугарал нь нас барахаас 14-21 хоногийн өмнө үүсэх боломжтой. Стандарт өндөртэй орноос унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гадны хүчний үйлчлэлээр үүсэх бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3-5 дахь тал),
Гэрч **********гийн: “2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 30 минутын үед ээж залгаад “Яаралтай гэртээ ирээрэй, эмээ нь ухаан санаа орон гаран байна, аав чинь согтуу унтаж байна” гэхээр нь 20 цагийн үед ирэхэд аав том өрөөний газар унтаж байсан. Эмээ том өрөөний буйдан дээр сууж байсан. Ухаан нь орон гаран, юм ярьж чадахгүй, нүүр нь хавдсан байхаар нь би цагдаа, түргэн тусламж руу залгахад ирээд даралт нь хэвийн байна гэхээр нь яаралтай нарийн шинжилгээ өгүүлмээр байна гэж би эмчээс гуйгаад Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Аавыг цагдаа нар авч явсан. ...Эмээгээс хэрхэн юу болсон талаар асуусан чинь юу ч хэлж ярихгүй, дуугарахгүй байсан. Аавыг харсан чинь 2 гар нь маажуулчихсан байдалтай байсан. Ээж надад “аав чинь архи уугаад эмээг чинь зодчихсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55, 57 дахь тал),
Гэрч **********гийн: “2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ байтал хадам ээж ********** 17 цаг 30 минутын орчимд залгаад ********** архи авч ирээд ганцаараа уугаад байна гэж хэлсэн. Би 19 цаг болж байхад ортол ээж ********** том өрөөний буйдан дээр нүүр ам нь хөхөрч хавдсан байдалтай, нөхөр ********** газар суугаад ээжийн хөлийг нь түшээд согтуу, унтчихсан байхаар нь татаж газарт хэвтүүлээд, ээж **********гаас “юу болсон бэ” гэж асуутал нүдээ нээж нэг харчихаад огт юм ярьж хэлэх чадваргүй, ухаантай ухаангүйн дунд байсан. Тэгэхээр нь би охин ********** руу залгаад “аав чинь архи уугаад эмээг чинь зодсон байна” гэж хэлсэн. Охин удаагүй ирээд цагдаа түргэн дуудсан. Гэмтэл дээр ирээд томографт харуултал “Маш хүнд байна, хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирээд ээжийн хувцсыг сольсон чинь өмдөндөө өтгөн, шингэнээ гаргачихсан байсан...
...миний санаж байгаагаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад талийгаач “би босож бие засмаар байна” гэхээр нь “тэргэнцэр аваад ирье” гээд өрөөнөөс гарч тэргэнцэр аваад ирэх хооронд ээж орон дээрээсээ уначихсан байсан. Би хүн гуйж байгаад ээжийг өргөж орон дээр нь хэвтүүлээд маргааш нь эмчлэгч эмч Энхтайванд орон дээрээсээ уначихсан талаар хэлэхэд “хүн харж байж сайн харахад яадаг юм” гэж намайг загнасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-62, 64-65 дахь тал),
Гэрч **********: “Тухайн өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байхад тус дуудлага мэдээлэл 20 цаг 13 минутад ирсэн. Очиход ямар нэгэн хүн байхгүй байсан. Дуудлага мэдээлэл өгсөн дугаар руу залгахад “Манай аав ********** архи уугаад эмээг зодоод аавыг эрүүлжүүлэхээр аваад явсан. Эмээ бие нь маш муу, Гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэхээр нь би Гэмтэл согог судлалын үндэсний төв очиж иргэн Ш.**********тай уулзахад түүний нүүр хэсэг тэр чигтээ хавдаж хөхөрсөн байсан. Болсон үйл явдлын талаар асуухад “манай хүүхэд намайг зодчихсон” гэж байсан. Тухайн үед би өөрийн гар утсан дээрээ дүрстэй бичлэг хийж авсан. **********гаас мэдүүлэг авах гэсэн боловч мэдүүлэг өгөх ямар ч чадваргүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал),
Гэрч **********: “2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр биеийн байдал хүнд, ухаантай орчинд харьцаатай, толгой өвдөнө, хүзүү хөшинө гэсэн зовиуртай толгой хэсэг үстэй, нүүрээр хаван хавдартай, зүүн чихнээс цус гарсан байдалтай ирсэн. Онош нь тархины няцралтын дунд хэлбэр, их тархины 2 талд хатуу хальс доорх цус хуралттай гэмтлийн шалтгаалан аалзан доорх цус харвалт оноштой хэвтэж тархины гэмтлийн эмч нар хамтарсан зөвөлгөөнөөр эмчийн эмчилгээ хийсэн. ы...13 хоног хэвтэн эмийн эмчилгээ хийхэд нийт 10 удаа эмчийн үзлэг тэмдэглэснээс 3 удаа тасгийн эмч нарын зөвлөгөөн хийсэн байна. Эргээд үзлэг болон зөвлөгөөнд давтан гэмтлийн талаар бичигдээгүй өвчтөний үзлэгт дунд чөмөгний хугарал илрээгүй тул давтан гэмтэл аваагүй гэж үзэж байна. Жич түнхний мултралын шинж нь шууд нүдэнд харагдах илэрхий шинж байдаг. Үүнд 1-рт цавь, түнх орчмоор хүчтэй өвдөх, хөхөрч хавдах, 2-рт хөлийн өлмий гадагш эргэж унах хөлийг өрөж чадахгүй байх шинж илэрдэг. Эдгээр шинжүүд өвчний түүхэнд тусгагдаагүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-23), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(1 дэх хавтас, хх-24-28),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтас, хх-37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-159), хохирогч, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (2 дахь хавтас, хх-55, 56), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-58), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (2 дахь хавтас, хх-57) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********тоот гэртээ төрсөн ээж хохирогч **********зодож, эрүүл мэндэд “баруун талын хоншоорын хөндийн гадна хана, зүүн талын хоншоорын хөндийн гадна хана, урд хана хугарал, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх шимэгдэж буй цусан хураа” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хохирогчийн төлөөлөгч ********** мэдүүлэг (1 дэх хавтас, хх-50-51), шүүх эмнэлгийн 832 дугаар дүгнэлт (хх-125-130), шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг (2 дахь хавтас, хх-2-5), шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг (2 дахь хавтас, хх-6-9), гэрч Г.**********гийн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-54-55, 57-58), гэрч Б.**********гийн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-60-65), гэрч ********** мэдүүлэг (1 дэх хавтас, хх-74-75), гэрч ********** мэдүүлэг (1 дэх хавтас, хх-80-81) зэрэг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **********ын ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн эх хохирогч **********зодож хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-39)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн ээж буюу хохирогч **********зодож, эрүүл мэндэд “баруун талын хоншоорын хөндийн гадна хана, зүүн талын хоншоорын хөндийн гадна хана, урд хана хугарал, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх шимэгдэж буй цусан хураа” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч **********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ахуйн хүрээнд архидан согтуурч, архи хэтрүүлснээр төрсөн эх болох хохирогчийг цохиж зодон эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилгүй, орлогогүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **********1 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **********1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг мэдэгдсүгэй.
4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР