| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мандуул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Э.Мандуул,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308029161899 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч **********маргалдаж, нүүрэнд нэг удаа цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, хамарт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд цохисноо мэдэхгүй байгаа. Шинжээчийн дүгнэлт гарсан байгаа тул маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2308029161899 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “2023 оны 9 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед гэртээ хүү ********** болон манайд засвар хийж байсан залуугийн хамт байсан. Тухайн үед хүүгийн утас дуугараад нэг эмэгтэй хүн “машин тэргээ холдуулаач, машин хаагаад тавьчихсан байна” гээд учир зүггүй орилоод байсан. Би тагтан дээрээс харахад манайд засвар хийж байсан хүний машиныг холдуулчихвал гарчих юм шиг харагдахаар нь засвар хийж байсан залуугийн түлхүүрийг аваад гараад холдуулчих гээд хүүдээ хэлээд гаргасан. Тэгээд дээрээс харж байтал хүү засварчин залуугийн машинд суугаад хаалгаа хаатал нөгөө хэрүүл хийгээд байсан эмэгтэйн нөхөр нь бололтой нэг залуу бууж ирээд хүүгийн сууж байсан машины хаалгыг онгойлгоод маргалдаад байгаа бололтой. Хүү машинаас буугаад тэр хоёр заамдалцаж байтал хэрүүл хийгээд байсан эмэгтэй араас нь нуруу хэсэгт цохиод байгаа харагдахаар нь “болиоч” гэж орилчихоод засвар хийж байгаа залуугийн эхнэртэй гүйгээд гарсан. Хүү **********ын энгэрээс саарал өнгийн хувцастай залуу заамдчихсан ноцолдоод байсан. Би салгах гээд дундуур ороод хүүгийнхээ гарыг татахад нөгөө залуу миний нүүр лүү нэг удаа цохиход толгойгоороо ард байсан машиныг мөргөөд зогссон. Намайг цохичихлоо гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд би хүүхдээ салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй. Мөн эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.09.18-ны өдрийн 11585 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. **********тархи доргилт, хамарт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Гэрч **********ын: “...20 цаг өнгөрөөд миний утас руу дуудлага ирэхээр нь ярьтал нэг эмэгтэй хүн орилоод “энэ сэгээ холдуулаач пяздануудаа, машин гармаар байна” гэхээр нь би “уг нь машин хааж тавиагүй дээ, ямар машин яриад байгаа юм” гэтэл “зогсоол дээр байгаа НRV машины жолооч мөн үү” гэхээр нь манайд засвар хийж байсан ********** ахын машин болохыг мэдээд түлхүүрийг нь аваад “би холдуулчихаад ирье” гээд гарсан. Цэнхэр өнгийн “Приус 30” маркын машинтай 30 гаран насны эмэгтэй “энэ сэгээ хурдан зайлуул л даа та нар” гэхээр нь би “та нар шөнө орой хүн рүү залгаж байж аятайхан ярь л даа, ядаж хааж тавьсан машиныхаа жолооч руу уурлаач” гэж хэлчихээд машиндаа суутал тухайн эмэгтэйн нөхөр нь бололтой хар савхин цамцтай залуу бууж ирээд хаалга онгойлгоод буугаад ир гэхээр нь буутал “Чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм” гээд уурлаад цохих гээд ойртоход нь би холдуулаад түлхтэл заамдаад бид 2 зууралдсан. Тухайн залуугийн эхнэр миний нүүр, нуруу, толгой руу цохиод байсан. Тэр үед ээж ********** болон ********** эгч 2 тагтан дээрээс “хөөе та нар хүүхэд яагаад байгаа юм бэ болиоч” гэж орилтол эхнэр нь ээжтэй хэрэлдсэн. Тэр ах намайг заамдаж хажуугийн машин руу түлхэж дарахаар нь би зууралдаж байтал ээж, ********** эгч гараад ирсэн. Ээж намайг салгах гээд бид 2-ын голоор ортол тухайн залуу ээжийн хамар луу гараараа цохиж ээж хойшоо савж хажуугийн машиныг түшээд хамраа бариад зогссон. Би ээжийгээ холдуулж “чи эмэгтэй хүн цохичихлоо шүү дээ” гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Гэрч А.**********ийн: “...21 цагийн үед засвар хийж байтал миний утас дуугараад авч амжаагүй байтал салчихсан. Удалгүй засвар хийж байсан айлын хүүхдийнх нь утас дуугараад спикер дээр тавиад ярихад “наад сэгээ холдуул” гээд эмэгтэй хүн орилж хашгираад байсан. Гэрийн эзний хүүхэд машин холдуулахаар манай машины түлхүүрийг аваад гарсан. Гэрийн эзэн ********** хамт цонхоор доош харж байтал нөгөө утсаар ярьсан эмэгтэй бололтой “сэгээ хурдан холдуул гөлөг минь” гээд орилж хашгираад нөгөө хүүхэд “та хүний машиныг сэг гэж хэлдэг хэн бэ, та өөрөө ч гөлөг биш юм уу” гээд удаагүй байтал нөгөө эмэгтэйн нөхөр бололтой эрэгтэй гарч ирээд “чи эхнэрийг гөлөг гэдэг хэн бэ” гээд тулж ирээд заамдаад араас эхнэр нь үсдээд авахаар бид хоёр гүйгээд гарсан. Хар өнгийн савхи, малгайтай цамцтай залуу дүүг заамдаад салахгүй ноцолдоод байхаар бид хоёр салгаад би нөгөө залууд “жаахан хүүхэд шүү дээ, яасан муухай харьцдаг юм бэ” гэж хэлтэл маргалдаж байгаад намайг янхан гээд дуудаад байсан. ********** нөгөө 2 хүнд хэлэхэд гэнэт “гар утсаа алга болчихлоо, хулгайч минь гаргаад өг” гээд маргалдаж гар утсаа нэхээд “писдануудаа” гээд эгчийг хэл амаар доромжлоод удаагүй ********** өмөөрөхөд нөгөө залуу нь барьцалдаж байхад ********** эгч салгах гэтэл нөгөө залуу эгчийн хамар луу баруун гараараа нэг удаа цохичихсон. Тухайн үед би мөн эхнэрийг нь дайраад байхаар үсдээд холдуулахад нөгөө залуу эгчийг жүжиглээд байна гэсэн. Цагдаа дуудлаа гэж эгч хэлээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Гэрч **********: “...манай машиныг нэг машин хаагаад тавьчихсан байхаар нь цагдаа руу залгаж дугаарыг олж 4-5 удаа залгахад утсаа авахгүй байсан. ...Тэр залуу гарч ирээд “чи одоо юу гээд байгаа пязда вэ” гээд надад хэлтэл манай нөхөр машинаас бууж “машин хааж тавьсан юм бол зүгээр уучлаарай гэж хэлээд машинаа холдуул” гэж хэлтэл нөхрийг маань цохиж барилцаад автал ээж нь гарч ирээд нөхөр бид хоёрыг цохиж авсан. Нөхөр, тухайн залуу 2 барилцаж байх хооронд тухайн хөгшин эмэгтэй голоор нь өөрөө орчихоод манай нөхөрт цохиулсан гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-53) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүхэд хохирогчийн гаргаж өгсөн иргэний нэхэмжлэл болон хүсэлт 2 хуудас,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн 1 хуудас баримт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч **********маргалдаж, нүүрэнд 1 удаа цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, хамарт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ********** “...би салгах гээд дундуур ороод хүүгийнхээ гарыг татахад нөгөө залуу миний нүүр лүү нэг удаа цохиход толгойгоороо ард байсан машиныг мөргөөд...” гэх мэдүүлэг (хх-10-11), шүүх эмнэлгийн 11585 дугаар “1. ********** биед тархи доргилт, хамарт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-24-25), гэрч **********ын “...ээж намайг салгах гээд бид 2-ын голоор ортол тухайн залуу ээжийн хамар луу гараараа цохиж ээж хойшоо савж...” гэх мэдүүлэг (хх-13), гэрч **********ийн “...Н.********** эгч салгах гэтэл нөгөө залуу эгчийн хамар луу баруун гараараа нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хх-15-16), гэрч ********** “...манай нөхөр болон тухайн залуу 2 барилцах хооронд тухайн хөгшин эмэгтэй голоор нь өөрөө орчихоод манай нөхөрт цохиулсан гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-21) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **********“машин хааж тавьлаа” гэх шалтгаанаар бусадтай маргалдаж, маргааныг салгах гэж байсан хохирогч ********** нүүрэнд нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүхийн шатанд хохирогч “Хамрын хагалгааны зардал 4,000,000 төгрөг, нүдний болрын хагалгааны зардал 1,200,000 төгрөг, эм тариа, замын зардал 1,300,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг нэхэмжилж байна” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч холбогдох баримтаа ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Н.********** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Хохирогч Н.********** нь гэмт хэргийн улмаас нийт 443,500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримт (хх-66, 71)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан нь банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдсон тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* байрны гаднах автомашины зогсоол дээр хохирогч **********маргалдаж, толгой, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, хамарт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзаж 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хувиараа тээврийн жолооч хийдэг, торгох ял биелүүлэх боломжтой...” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “машин хааж тавьлаа” гэх шалтгаанаар бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар тухайн маргааныг салгах гэж дундуур нь орсон хохирогчийн нүүрэнд нэг удаа цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч “Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч **********550,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх байдал, хохирогчийн “Гомдолтой” гэх байдал, эмчилгээний баримт гаргаж өгөөгүй хэдий ч Эрүүл мэндийн даатгалаас бусад хохирлыг арилгах талаар санал санаачилга гаргаагүй шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд торгох ялын хэмжээг 550,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ***********ын ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********550,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч ********** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР