Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 2024          ...        ...                                  2024/.../...

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Д.З

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жа

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.О

Өсвөр насны шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Х-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны.. . дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн .... суманд төрсөн, .... настай, халх, ..., ....  боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургуулийн ... дүгээр ангид сурдаг, ам бүл..., ... нарын хамт, Дорноговь аймгийн ... сум ....-р баг... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Х /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь Б.Ө, Б.Ө нартай бүлэглэж 2023 оны 07 сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Өргөн сумын ... дүгээр баг .... тоот хашааны монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж хохирогч И.Э-ийн гэрээс хар түрүүвчин дотор байсан 40,000 төгрөг, хайрцаг дотор байсан 2,500 төгрөг нийт 42,500 төгрөгийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр тус өдөр Б.Ө, Б.Ө нартай бүлэглэж Дорноговь аймгийн Өргөн сумын ... дүгээр баг .... тоот хашааны байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Л-ийн гэрээс Самсунг маркийн утасгүй чихэвч 1 ширхэг, шатар даам 2 ширхэг, сахлын машин 1 ширхэг, төмрийн хөрөө 1 ширхэг, хайрцагтай чихэр, Жи мобайлын гар утас 1 ширхэг, гацуур модны чимэглэл 1 ширхэг, баавгайтай чихэр 1 кг, цайр 20 кг, зэс 1 кг зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж хохирогч Б.Л-д 317,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өсвөр насны шүүгдэгч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Бид нар монгол гэрээс гараад хойд байшинд нь оръёо гээд би гал тогооны өрөөний цонхыг нь өшиглөсөн чинь онгойсон. Тэгээд Ө түрүүлээд орсон тэгээд араас би ороод миний араас Ө орсон. Намайг орход Ө гал тогооны өрөөний хөргөгчийг нээсэн байдалтай байсан. бид хөргөгчнөөс тавагтай чихэр байхаар нь чихрийг аваад хувааж идсэн. Тэгээд том өрөөрүү орход нэг цоожтой авдар нэг цоожгүй авдар байсан. Бид 3 цоожгүй авдраас 3 ширхэг шатар нэг нэгийг авсан, тэгээд цоожтой авдрын түлхүүрийг хайж байгаад цүнхэн дотор байсан түлхүүрийг олж би авдрыг нээгээд дотор нь байсан хайрцагтай чихэр авсан, тэгээд би тухайн байшингаас өөр эд зүйл аваагүй авдрыг буцаагаад цойжилсон. Тэгээд бид нар байшингаас гарцгаасан. Бид байшингийн цонхны доор байсан буйдангийн доор авсан эд зүйлсээ нуусан. Тэгээд бид нар хашаан дотор байсан мотоциклийн рам, машины эвдэрсэн эд зүйл байсныг аваад урд талын захиргааны хашаанд тавьсан. Тэгээд бид нар тоглоомын талбай дээр очиж тоглож байтал Ө, Ө нарын эгч нь ирээд аваад явсан. Тэгээд би ганцаараа гэрлүүгээ харьсан. Байшин дотор жи мобайлын гар утас, 2 ширхэг утасгүй чихэвч, гацуур модны чимэглэл зэрэг эд зүйлийг хэн авсныг би хараагүй. Харин Ө гар утас бариад гарч байсан. /1-р хх-ийн 41-43/

            Өсвөр насны шүүгдэгч Д.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Ө, Ө д гурав Л багшийн хашаан дотор байх гэрийн гадна очтол Ө энэ гэрт орж гоё юм байвал авч идье гэж хэлсэн тэгтэл тэр гэрийн хаалга цоожтой байсан тэгтэл Ө, Ө нар гэр дээр гараад гэрийн тооноор эхлээд Ө орсон. Араас нь би ороод гэрийн хойморт байсан цагаан өнгийн тумбочигноос цагаан өнгийн тортой эд зүйл байхаар нь аваад хажуу талд нь байсан жижиг бор авдраас бэлэн 5.000 төгрөг байсныг би аваад гэрээс гараад явсан. Тэгтэл надтай зөрөөд Ө тэр гэрийн тооноор орж Ө-ын хамт тэр гэрээс эд зүйл авсан. Би тэр гэрийн хойморт байсан цагаан өнгийн тумбочигноос цагаан өнгийн тортой эд зүйл байхаар нь аваад хажуу талд нь байсан жижиг бор авдраас бэлэн 5.000 төгрөг аваад буцаад гэрийн тооноор гарсан тэгээд гэрээс гарч ирээд тэр тортой зүйлээ задлаад үзтэл баахан цаас байхаар нь хаячихсан. Би тэр айлаас өөр юу ч аваагүй. Тэр айлаас Ө, Ө нар яг юу юу авсан талаар би хараагүй. Ямарч байсан намайг гэр дотор байхад Өсөхбаяр хар өнгийн түрийвч байсныг ухаад задгай баахан мөнгө гаргаж ирээд халаасандаа хийсэн тэгээд тухайн гэрээс гарч ирээд тэр мөнгийг нь тоолтол бэлэн мөнгө 2.500 төрөг авсан байсан бөгөөд тэр мөнгийг би өөрийн авсан 5,000 төгрөгтэй нийлүүлээд бид гурав дэлгүүрээс жижиг ундаа болон лада аваад хуваагаад идсэн. Би тэр сахлын машиныг сүүлд нь Л багшид өгсөн. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна би хохирогч нарын хохирол төлбөрийг Ө болон Ө нарын хамт төлж барагдуулна гэжээ. /1-р хх-ийн 95-96/

2023 оны 11 сарын 22-нд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  Ө, Ө бид гурав Л багшийн хашаан дотор байх гэрт орж гарч ирээд тухайн гэрийн ар талд байх Л багшийн байшингийн гадна очтол байшин дотор хүн байхгүй байсан бөгөөд би тэр байшингийн гал зуух хэсгийн вакум цонхыг өшиглөөд онгойлготол тэр цонхоор Ө түрүүлээд орсон араас нь Ө орсон тэгээд би араас нь орсон. Тэр байшин дотор ороод би нээлттэй байсан авдар дотроос 1 ширхэг даам, хөргөгчин дотроос баавгайтай чихэр байсныг авсан, цонхны тавцан дээр байсан гацуур модны чимэглэл авсан, үүдний амбаарт байсан бага хэмжээний зэс байсныг Ө хараад надад хэлэх үед би очиж авсан, тэгээд хашаан дотор байсан цайрыг авсан. Би тэр байшин дотор ороод би нээлттэй байсан авдар дотроос 1 ширхэг даам, хөргөгчин дотроос баавгайтай чихэр байсныг авсан, цонхны тавцан дээр байсан гацуур модны чимэглэл авсан, үүдний амбаарт байсан бага хэмжээний зэс байсныг авсан, тэгээд хашаан дотор байсан цайрыг Ө, Ө нарын хамт авсан. Тэр айлаас Ө утасгүй чихэвч байсныг авсан, даам нэгийг авсан, төмрийн хөрөө, хайрцагтай чихэр, жи мобайлын гар утас, мөн бид гурав хашаанд дотор байсан цайрыг хамт авсан. Харин Ө даам нэг ширхэгийн авсан бөгөөд бид гурав чихрээ хувааж идсэн мөн хашаан дотор байсан цайрыг хамт авсан гэжээ. /1-р хх-ийн 205-206/

            Өсвөр насны шүүгдэгч Д.Х шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.Х нь манай бага дүү. Одоо дүүгээ өөрийн асрамжинд авч хараа хяналтаа тавихаар болсон. Дүү маань үгэнд сайн ордог, гэрээс гардаггүй хүүхэд байгаа юм. Дүүг минь уучилж өгнө үү гэв.

            Өсвөр насны сэжигтэн Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би хэзээ гэдэг цаг хугацааг сайн санахгүй байна. Би дүү Ө, Ж бид 3 явж байгаад хатнаатай эгчийнх нь гэрийн гадаа таарсан. Тэгээд бид нар нууранд сэлэх гээд хөөсөнцөр хайсан Бид нар урьд нь жижгээ багшийн гадаа хөөсөнцөр байхыг харсан тэгээд бид нар дугуйгаа гэрийнх нь гадаа үлдээгээд хөөсөнцөрийг нь авч яваад дэрсэн усны нууран дээр очиж тоглож байгаад Ж тэндээсээ гэрлүүгээ явсан. Харин Х, Ө бид 3 Л багшийн гаднаас дугуйгаа авах гээд очсон. Тэгээд Монгол гэр цоожтой байхаар нь бид 3 тооноор нь орох уу гэж ярилцаад эхлээд би түрүүлж тооноор нь ороод дараа нь Х миний араас орж ирсэн. Тэгээд монгол гэр дотроос Х бид 2 авдарыг нь хамт ухаад дотор нь байсан 10, 20 төгрөг олоод авсан. Тухайн мөнгө нь нийлээд 230 төгрөг байсан. харин Х авдар дотор нь байсан 5000 төгрөг байсныг аваад шууд гэрээс гарсан. Харин зөрөөд манай дүү Ө орж ирээд юм хайсан боловч юм олоогүй харин нэг тамга байсныг манай дүү үзчихээд буцаагаад тавьсан. Тэгээд бид 2 гарсан. Тэгээд бид 3 тухайн гэрийн ард байх байшингийн гал тогооны цонхыг Х хөшиглөж онгойлгоод Ө түрүүлж ороод Хатнаа бид 2 араас нь орсон. Тэгээд бид 3 авдар дотор байсан шатарнаас нэг нэгийг авсан. Би зуухны хажууд байсан шагай харвааны сандал байсныг авсан. Мөн теннисны бөмбөг байхаар нь авсан. Үүдний коридорт байсан атга хэрээний зэс байсныг авсан. Харин манай дүү Ө сампин усан буу, хайрцагтай чихэр авсан. Харин Х халуун цавууны буу цавуутай нь хамт аваад гарсан. Тэгээд бид 3 байшингаас гараад байшингийн урд байсан буйдангийн дор авсан эд зүйлсээ нуугаад авсан чихрээ хувааж аваад бид 3 залуучуудын талбай дээр тоглож байгаад гэртээ харьсан. Хөргөгчинд байсан чихрийг бид гурав байшин дотор нь байхдаа 6-7 ширхэг байсныг хувааж идсэн. Чихэвчийг хэн авсан талаар би санахгүй байна. Жи мобайлын ногоон өнгийн том бүдүүн утас байсныг нь дотор нь буцаагаад байранд нь тавьсан. Гацуур модны чимэглэлийг дүү Ө байшингаас олоод гаргасан. Тэгээд байшингийн урд байх буйдангийн доор орхисон. Бид нар байшингаас гараад явахдаа Х 2 ширхэгийг нь дугуйндаа уяад байсан. Байшингийн зүүн талд байсан зэс цайрыг Хатнаа хараад энийг авч тушаая гэсэн. Тэгээд бид нар тухайн мотоциклийн задалсан мотор, түмпэн, мотоциклийн дугуй зэргийг аваад урд талын захиргааны хашаанд тавьсан. Тэгээд бид нар залуучуудын хашаанд тоглож байсан чинь аниа дуудаад гэрлүүгээ явцгаасан гэжээ. /1-р хх-ийн 29-31/

2023 оны 10 сарын 22-ны 14 цаг 20 минутад Б.Ө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд Монгол гэр цоожтой байхаар нь бид 3 тооноор нь орох уу гэж ярилцаад эхлээд би түрүүлж тооноор нь ороод дараа нь Х миний араас орж ирсэн. Тэгээд монгол гэр дотроос Х бид 2 авдарыг нь хамт ухаад би дотор нь байсан 10, 20 төгрөг олоод авсан. Тухайн мөнгө нь нийлээд 230 төгрөг байсан, харин Х авдар дотор нь байсан 5000 төгрөг байсныг аваад шууд гэрээс гарсан. Харин зөрөөд манай дүү Ө орж ирээд юм хайсан боловч юм олоогүй харин нэг тамга байсныг манай дүү үзчихээд буцаагаад тавьсан. Тэгээд бид 2 гарсан. Гэрийн ханад өлгөөтэй байсан цүнхэн дотор гар утас байсан тухайн утасны дэлгэц нь салсан байхаар нь би үзчихээд буцаагаад цүнхэн дотор нь хийсэн. Харин утасны хайрцагтай мөнгө нь 50, 100 биш 10, 20 төгрөг нийлээд 230 төгрөг байсныг би авсан. Хар түрүүвчин дотор 40 мянган төгрөг байгаагүй харин 5000 төгрөг байсныг Х авсан. Тэгээд бид нар залуучуудын хашаанд тоглож байсан чинь аниа дуудаад гэрлүүгээ явцгаасан гэжээ. /1-р хх-ийн 128-130/

            Өсвөр насны сэжигтэн Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хэзээ гэдэг цаг хугацааг сайн санахгүй байна. Би Ө ах, жижгээ бид 3 явж байгаад Х-тай эгчийнх нь гэрийн гадаа таарсан. Тэгээд бид нар нууранд сэлэх гээд хөөсөнцөр хайсан. Бид нар урьд нь жижгээ багшийн гадаа хөөсөнцөр байхыг харсан тэгээд бид нар дугуйгаа гэрийнх нь гадаа үлдээгээд хөөсөнцөрийг нь авч яваад дэрсэн усны нууран дээр очиж тоглож байгаад Ж тэндээсээ гэрлүүгээ явсан. Харин Х, Ө бид 3 Л багшийн гаднаас дугуйгаа авах гээд очсон. Тэгээд монгол гэр цоожтой байхаар нь бид 3 тооноор нь орох уу гэж ярилцаад эхлээд Ө ах түрүүлж тооноор нь ороод, дараа нь Х ах араас нь орсон. Тэгээд бид 3 монгол гэрээс гараад Х ах гэрийн хойд талд байрлах Л багшийн байшингийн гал тогооны цонхыг өшиглөж онгойлгоод би түрүүлээд орсон. Миний араас Ө ах, Х ах 2 орж ирсэн. Би түрүүлж ороод хөргөгчийг нь нээсэн тэгтэл дотор нь чихэр байхаар нь бид 3 хувааж авсан. Тэгээд том өрөөнд ороод авдарын хажууд байсан гар цүнхэн дотор түлхүүрүүд байхаар нь аваад үзтэл авдарын түлхүүр байсан. Тэр түлхүүрийг Х аваад авдрыг нээсэн дотор нь байсан том хайрцагтай чихэр байхаар нь авсан. Мөн хажуугийн нээлттэй авдар дотор байсан цамцан дээр зүүдэг шинэ жилийн тоглоом, шатар байхаар нь би авсан, өөр усан буу авсан, усан бууг хаанаас авснаа санахгүй байна, тэгээд бид нар буцаад цонхоор нь гараад байшингийн урд байх буйдан доор авсан эд зүйлсээ нуугаад орхисон. Тэгээд бид 3 хашаан дотор байсан баахан төмөр байхаар нь төмөр пүмпүн дотор хийгээд захиргааны хашаан дотор орхисон. Тэгээд бид 3 залуучуудын талбай дээр очоод тоглож байтал анай дуудаад гэрлүүгээ явсан гэжээ. /1-р хх-ийн 35-37/

            2023 оны 10 сарын 22-ны 15 цаг 00 минутад Б.Ө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Монгол гэр цоожтой байхаар нь бид 3 тооноор нь орох уу гэж ярилцаад эхлээд би түрүүлж тооноор нь ороод дараа нь Х миний араас орж ирсэн. Тэгээд монгол гэр дотроос Х бид 2 авдарыг нь хамт ухаад би дотор нь байсан 10, 20 төгрөг олоод авсан. Тухайн мөнгө нь нийлээд 230 төгрөг байсан, харин Х авдар дотор нь байсан 5000 төгрөг байсныг аваад гэрээс гарсан. Харин зөрөөд манай дүү Ө орж ирээд юм хайсан боловч юм олоогүй харин нэг тамга байсныг манай дүү үзчихээд буцаагаад тавьсан, Тэгээд бид 2 гарсан. Гэрийн хананд өлгөөтэй байсан цүнхэн дотор гар утас байсан тухайн утасны дэлгэц нь салсан байхаар нь би үзчихээд буцаагаад цүнхэн дотор нь хийсэн. Харин утасны хайрцагтай мөнгө нь 50, 100 биш 10, 20 төгрөг нийлээд 230 төгрөг байсныг би авсан. Хар түрүүвчин дотор 40 мянган төгрөг байгаагүй харин 5000 төгрөг байсныг Х авсан. Тэгээд бид нар залуучуудын хашаанд тоглож байсан чинь аниа дуудаад гэрлүүгээ явцгаасан гэжээ. /1-р хх-ийн 134-136/  

Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 07 дугаар сарын 24-ний өглөө хөдөө гэрээсээ сумын төвийн гэртээ иртэл манай байшингийн цонх онгорхой байсан. Тэгхээр нь би цонхоороо ороод хартал гэрэл нь асаалттай гэрийн бүх зүйлийг эмх замбараагүй болгосон байсан, тэгхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөө гэрлүүгээ хүүхдүүдээ дагуулаад явсан. Яг хэзээ хулгай орсон талаар хэлж мэдэхгүй байна. Манай гэрээс утасгүй чихэвч, шатар даам 2 ширхэг, сахлын машин, төмрийн хөрөө, хайрцагтай чихэр, жи мобайлын гар утас 1 ширхэг, гацуур модны чимэглэл, хөргөгчин дотор байсан чихэр, мөн байшингийн зүүн талд хураасан байсан 20 орчим килограмм цайр, 1 килограмм зэс байсныг аваад явсан байсан. Утасгүй чихэвч 30,000 төгрөг, шатар даам 2 ширхэг шатар даам нэгийг 15,000 төгрөгөөр авч байсан нийлээд 30,000 төгрөг, сахлын машин 25,000 төгрөг, төмрийн хөрөө 20,000 төгрөг, хайрцагтай чихэр 12,000 төгрөг, жи мобайлын гар утас 60,000 төгрөг, гацуур модны чимэглэл 7,000 төгрөг, хөргөгчин дотор байсан чихэр 10,000 төгрөг, 20 килограмм цайр 60,000 төгрөг, 1 килограмм зэс 10,000 төгрөг нийт 299,000 төгрөг байна. /1-р хх-ийн 14-17/

Хохирогч Б.Л 2023 оны 12 сарын 12-нд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хүүхдүүд манай гэрээс авсан эд зүйлсээ бүгдийг нь буцаагаад надад өгсөн. Тухайн хүүхдүүд манай гэрт байсан хайрцагтай чихэр 1кг /20.000/, Баавгайтай чихэр 1кг /25.000/ зэргийг идэж уугаад дуусан юм шиг байна лээ мөн 1 кг цайр 20 кг /50.000/ огт олдоогүй эдгээрийн нийт зардал болох 95.000 төгрөг мөн тухайн хэргээс болж гарсан шатахууны зардал 126.000 төгрөг нийт 221.000 төгрөг нэхэмжилж байна. Эдгээр зардлыг маань төлж барагдуулбал надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 212-213/

Хохирогч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 07 дугаар сарын 24-ний өглөө хүүхдүүдийн хамт хөдөө гэрээсээ сумын төвийн гэртээ иртэл манай хүүгийн байшингийн цонх онгорхой байсан, тэгээд цагдаад дуудлага өгөөд би гэртээ ороод иртэл манай гэрт бас хулгай орсон байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөө гэрлүүгээ хүүхдүүдтэйгээ хамт явсан. Манай гэрээс хар өнгийн түрүйвчин дотор байсан 40 гаран мянган төгрөг, хайрцаг дотор байсан задгай 100, 50 төгрөг нийлээд 2,500 төгрөг байсан. Миний гар цүнхэнд байсан HUWAI P7 маркийн гар утас байсан аваад явсан байсан. HUWAI P7 маркийн гар утас-2021 онд 1,200,000 төгрөгөөр авч байсан. одоо бол 300,000 төгрөг байгаа байх. Мөн ойролцоогоор 50,000 төгрөг, нийт 350,000 байна. /1-р хх-ийн 115-116/

Хохирогч И.Э 2023 оны 12 сарын 12-нд өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрт орж хулгай хийсэн гэх хүүхдүүд манай гэр дотроос авсан жижиг сажиг эд зүйлсээ бүгдийг нь гэрийн гадна хашаан дотор тараагаад хаясан байсныг би бүгдийг нь түүж авсан. Манай гэрт миний эзэмшлийн Huiwei P7 маркийн гар утас байсныг манай гэрт орж хулгай хийсэн хүүхдүүд аваагүй байсан тэр Huiwei P7 маркийн гар утас одоо надад байгаа харин тэр хүүхдүүд эвдээд гэр дотор тавьсан байсныг нь би авсан тэр хүүхдүүд миний гар утсыг маань эвдсэн байсан бөгөөд хохирлыг маань төлж барагдуулбал би ямар нэгэн гомдол саналгүй. Би тухайн үед андуураад тэгж хэлсэн байсан харин тэр манай гэрт орсон хүүхдүүд миний Huiwei P7 маркийн гар утсыг хулгайлж аваагүй байсан. Одоо тэр Huiwei Р7 маркийн гар утас надад байгаа гэжээ. /1-р хх-ийн 212-213/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 07 дугаар сарын 23-нд 15-16 цагийн орчим гэртээ байж байтал манай гэрийн гадаа хүний хөлийн чимээ гараад хоорондоо юм яриад яваад байсан. Тэгтэл манай гэрт орж ирэх нь дээ гээд байж байтал хаалга өнгөрөөд цонхон дээр хүрээд ирсэн. Тэгтэл цонх нь онгорхой байна гэхээр нь би цонхоороо хартал хүн байна гээд гүйгээд явсан. Би араас нь гараад хартал хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Тухайн үед намайг цонхоор харахад Х гэх хүүхэд надад харагдсан. Хамт явсан хүүхдүүдийг нь бол хараагүй гэжээ. /1-р хх-ийн 20-21/

Гэрч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Х гэх хүүхдийг танина. Би анги удирдсан ангийн багш нь юмаа. Манай анги 9-р анги. Манай ангийн Х нь ангидаа даруухан зантай, ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд байдаггүй, хичээлдээ тааруухан. Би тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар мэдээгүй. Сүүлд цагдаагаас мэдсэн. Х нь айлын эрх дураараа байдаг. Аав нь бол зөв зүйл хэлхээр нь ээж нь маш их өмөөрдөг юм билээ. Гэртээ ямар харилцаа хандлагатай гэдгийг мэдэхгүй. Ээж аавын хараа хяналт сул. Х нь сургуулийн орчимд хүүхдүүдийн эд зүйлийг хааяа авчихдаг зантай. Бага ангийн хүүхдүүдийг дээрэлхэдэг гэж зарим эцэг эхчүүдээс гомдол ирж байсан. Тухайн үед өөрөөс нь асуухаар нь би биш гэж мэлздэг. Хэргээ хүлээдэггүй зантай. Х нь сургууль эхэлснээс хойш ангийнхаа хүүхдийн куртикны халааснаас 2,500 төгрөг авсан, мөн биеийн тамирын хичээл орж байхад хүүхдийн утасны кессэн дотор байсан 10,000 төгрөг авсан байсан. Тэгээд сүүлд нь харин 10,000 төгрөг авснаа өөрөө хүлээж хүүхдэд нь буцаагаад өгсөн байсан. харин 2,500 төгрөг одоо болтол өгөөгүй байгаа гэжээ. /1-р хх-ийн 220-221/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01, 101/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03, 103/

Хэргийн газрыг үзлэг /1-р хх-ийн 05-11, 105-110/

Шүүх сэтгэц гэм судлалын 60 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 44-45/

...-ийн шинжээчийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн ..., 2023 оны 09 сарын 13-ны өдрийн ... дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 55-56, 145-146/

Шүүгдэгч Д.Х-ын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 59/

Шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 60/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 11 сарын 09-ний өдрийн ... тоот тогтоол, 2023 оны 11 сарын 09-ний өдрийн ... тоот тогтоол /1-р хх-ийн 88-90, 199-200/

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын 2023 оны 12 сарын 07-ны өдрийн... дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 100/ 

            Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 222/

            Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2023 оны 12 сарын 07-ны өдрийн ... дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 247-248/

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 2023 оны 12 сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоол /2-р хх-ийн 01-03/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 09-11/

Хохирогч нарт хохирол төлсөн баримтууд /2-р хх-ийн 13-19/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь Б.Ө, Б.Ө нартай бүлэглэж 2023 оны 07 сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг ... тоот хашааны монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж хохирогч И.Э-ийн гэрээс хар түрүүвчин дотор байсан 40,000 төгрөг, хайрцаг дотор байсан 2,500 төгрөг нийт 42,500 төгрөгийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр тус өдөр Б.Ө, Б.Ө нартай бүлэглэж Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг ... тоот хашааны байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Л-ийн гэрээс Самсунг маркийн утасгүй чихэвч 1 ширхэг, шатар даам 2 ширхэг, сахлын машин 1 ширхэг, төмрийн хөрөө 1 ширхэг, хайрцагтай чихэр, Жи мобайлын гар утас 1 ширхэг, гацуур модны чимэглэл 1 ширхэг, баавгайтай чихэр 1 кг, цайр 20 кг, зэс 1 кг зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж хохирогч Б.Л-д 317,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч И.Э, Б.Л, өсвөр насны сэжигтэн Б.Ө, Б.Ө, гэрч Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01, 101/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03, 103/, хэргийн газрыг үзлэг /1-р хх-ийн 05-11, 105-110/, ...-ийн шинжээчийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн ..., 2023 оны 09 сарын 13-ны өдрийн ... дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 55-56, 145-146/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.Х...ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.1 /Хугайлах/ ...-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан. Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн болох нь шүүгдэгч Д.Х-ын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 59/, нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 60/ зэргээр нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь Б.Ө, Б.Ө нартай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр тус хулгайн хэргийг үйлдсэн боловч Б.Ө, Б.Ө нар нь Эрүүгийн хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Д.Х-ыг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцох үндэслэлтэй.

Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зйүлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч И.Э, Б.Л нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдсон. Хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Х-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэн шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэн.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д-ын Х-т ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, мөн хугацаанд зан үйлээ засах албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Х-т хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч төрсөн эгч Н.О-т даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Х нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

5. Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б