Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2416000080008 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ******** аймгийн ****** сумын **** баг, ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ДО********* регистрийн дугаартай, И овогт Б-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 24, 25-ны үеэр Говь-Алтай аймгийн ******* сумын 4-р багт Х гэх газар хамт өвс хадаж байсан хохирогч Д.Ө-н хадлангийн гэрээс түүний шүрэн толгойтой шар халтар манан хөөргийг хулгайлан авсан болох нь:

1.Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би хадуураа гаргаж Ө ахын хадланг нь хадаж өгчихөөд өвсөө тэнцүү хувааж авахаар тохиролцон юм... Ө ах бид хоёр хамт архи уусан юм. Тэгээд надад мөнгө зээлэхгүй болохоор нь би хөөргийг нь авчихсан юм...Хархорин захын хөөрөг авдаг хүмүүс дээр очиход 800,000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь бэлэн мөнгөөр зарсан... Би айлын гэрт нэвтрэн орж эд зүйл аваагүй, тэднийд өвс хадаж цуг байдаг байсан. Шүүгээн дээр нь хөөрөг нь ил байж байдаг байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-61 дүгээр тал/

2. Хохирогч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Б манай хадлан дээр ажиллаж байсан юм. Улаанбаатар хот руу явах гэсэн юм, та надад мөнгө зээлээч гэж надаас мөнгө гуйхад нь би өгөөгүй юм ... Манай хадлангийн талбай дээр байдаг гэрт шүүгээн дээр ил байдаг байсан. Б надтай хамт амьдарч байсан. Б-с хөөрөг алга байна, харсан уу? гэхэд хараагүй гэж хэлсэн юм. Тэгтэл миний хөөргийг хэлэхгүйгээр аваад явсан байна. ... Би өөрийнхөө хөөргийг бүрэн бүтэн хүлээж авсан. Надад гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дугаар  тал/

3. Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Хархорин худалдааны төвийн 1 давхарт мөнгөн эдлэл зардаг. 2020 оноос одоог хүртэл ажиллаж байна ... 2023 оны 09 дүгээр сарын 28-нд би лангуун дээрээ сууж байхад нэг үл таних залуу над дээр ирж хөөрөг авдаг талаар надаас асуусан. Тэгээд би үзэж хараад үнэ тохиролцон худалдан авсан... Би тухайн залууг танихгүй, тухайн үед хөөрөг зарж байсан залуугийн зургийг өөрийн утсан дээрээ дарж авсан. Надад хэлэхдээ Говь-Алтай аймгаас явж байна ийм, тийм асуудал байхгүй, нутаг буцах гээд зардалгүй болчихлоо гээд надад хэлж байсан... Би тухайн залуугаас 800,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

4. Хохирогчийн хулгайд алдагдсан гэх хөөргөний үнэлгээг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-н 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-921/4753 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 45-47 дугаар тал/

5. Гэрч Н.Б-с хавтаст хэрэгт тусгуулахаар хүлээлгэж өгсөн зургийг хүлээн авсан мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/

6. Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хулгайд алдсан гэх хөөргийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө-д 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдагдсан гэх хөөргийг хохирогчид биет байдлаар өгсөн /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, гэрч Н.Б-т 800,000 (найман зуун мянга) төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг ******** аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг ******** аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 7(долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7(долоо) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг ******** аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай

5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА